Аавдаа

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 08

Аавуудын өдөр гэнэ. Миний аав эгэл, зөөлөн хүн байв. Цагаан сэтгэл, олон таван үггүй, хүнд туслах л гэж төрсөн мэт сэтгэлтэй хүн байв. Аавынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэн энэ өдөр тэрэллээ...

         

Мартагдсан цаг хугацаа цээжин цаанаас сэрж

Манан дундаас аавыг минь надруу давхиулах хорвоо

Сарны тэргэлд дуулсан миний л ардын дууны

Салхинд чиргүүлэн алдсан аялгуу доторх орчлон-миний аав

Цавьдар халзан морио тэнгэрийн сүрэгтэй ижилсүүлж

Цаг хугацааны мандал дээр адуу хурааж яваа

Тэрэг тэрэг түлээ бурхадын хаяанд буулгаж

Дэнхэн данхан шарныхаа дөрийг эвхэж зогсоо...

Бүрхэг тэнгэрийн цаантаа аав минь байгаа

Бүлээхэн сэтгэл дэлгээд бурхантай ярьж суугаа

Гүймхий өдрүүдийн хөлд чөдөр зангидаж байгаа

Гүн  тунгалаг хорвоог дээрээс ажиж байгаа

Цэцэг цэцгийг өхөөрдөн нэр хайрлах аавынхаа

Энгэр өөдөө асалгүй хичнээн оныг хийсгэв дээ

Чихэр жимсхэнээр хуураагүй цагаан үнэн аавынхаа

Зэмийн харцанд өртөлгүй яасан ч их удав даа

Дэглий цэнхэр өдрүүд тоонон дээгүүр нисэлдэж

Нэг л мэдэхэд би аав болсон байнам

Дэргэж, бусгах цаг хугацаа мөнх бусыг үзүүлэвч

Нэгэн шөнийн зүүдийг ч аавгүй үл үднэм

 

 Яруу найрагч Лхамсүрэнжавын Ганзул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
х(66.181.161.64) 2024 оны 07 сарын 15

Цавьдар халзан морио тэнгэрийн сүрэгтэй ижилсүүлж\n\nЦаг хугацааны мандал дээр адуу хурааж яваа\n\nТэрэг тэрэг түлээ бурхадын хаяанд буулгаж\n\nДэнхэн данхан шарныхаа дөрийг эвхэж зогсоо...\n\nБүрхэг тэнгэрийн цаантаа аав минь байгаа\n\nБүлээхэн сэтгэл дэлгээд бурхантай ярьж суугаа\n\nГүймхий өдрүүдийн хөлд чөдөр зангидаж байгаа\n

0  |  0
Top