Нийслэлийн хөгжлийг дэмжиж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалж, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор байгуулагдсан Улаанбаатар хотын худалдааны танхим гишүүн байгууллагуудаа хооронд нь холбох, тэдгээрийн санал санаачилгыг хотын удирдлагуудад хүргэх зорилгоор гишүүдийн уулзальаа сар бүр хийдэг билээ. Энэ удаагийн уулзалтын зочноор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НИТХ-ын төлөөлөгч Р.Дагва зэрэг хүмүүс оролцлоо.
Уулзалтын эхэнд тус танхимын Ерөнхийлөгч Ж.Оюунгэрэл өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа гишүүддээ танилцуулснаас гадна “Улаанбаатар хотын ногоон сан”-г санаачлан байгуулсан талаар мэдээлэл өглөө. Энэхүү сан нь нийслэлийн агаар, хөрсний бохирдол, хүлэмжийн хийг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон технологид суурилсан бүтээгдэхүүний эцсийн хэрэглэгч, бизнес эрхлэгч болон уг бүтээгдэхүүний худалдаа, үйлдвэрлэл, угсралт суурилцуулалтын үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилготой байна.
Мөн хотын дарга С.Батболд 2018 оны төлөвлөгөө, төслүүдийн талаар танилцууллаа. Ирэх онд нийслэлийн иргэдийн ая тухтай, аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлсэн ажлуудыг үргэлжлүүлэн хийнэ. Тухайлбал, эмнэлгийн гадна тохижилт, ногоон байгууламж нэмэгдүүлэх, сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг ажлууд хийгдэх талаар хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )