“Дэлхийн болон Чингисийн хүүхдүүд” чихний чимэг болно

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 11

 

 Саяхныг хүртэл Монголын кино урлагийнхан Холливудад гарахын мөрөөсөлд автаж, тийш хүрэх нь саранд хүрэхээс ч алс мэт санаж, ярьж, бичиж байв. Мөрөөдөл эхнээсээ биелэх болов. МУСТА жүжигчин Б.Амарсайхан “Марка Поло” цувралд Аригбөх хааны дүрийг мөнхөлсөнөөр түүний араас хэд хэдэн жүжигчин мөрөөр нь замнах эрхийг олсон билээ. Харин кино урлагийн хувьд найруулагч Д.Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны  кино  нь АНУ-ын Кино ассоциациас /MOTION PICTURE ASSOCIATION OF AMERICA/ АНУ-д гаргах лиценз болох GENERAL AUDEINCE буюу “Бүх насныхан” ангиллыг албан ёсоор авсан Монголын анхны уран сайхны кино юм. "Чингисийн хүүхдүүд" гэхээр түүхэн кино мэт төсөөлж байж болох. Гэвч таны төсөөлж буй сэдэв хараахан биш билээ.

 Хурдан морь унаач гурван хүүгийн тухай өгүүлсэн, уянгын сэдэвтэй уран сайхны кино юм. Тус киноны хөгжмийн зохиолчоор өнөө цагийн хөгжмийн зохиолчдын дунд  өөрийн байр суурийг хэдийн олсон МУСТА хөгжмийн зохиолч Шатарын  Өлзийбаяр ажиллажээ. Монгол, ОХУ-ны улсад хөгжмийн боловсрол эзэмшсэн тэрээр Итали улсад зохиогдсон Морис Реавелийн нэрэмжит дан хөгжмийн бүтээлийн  олон улсын уралдаанд шалгаран оролцож дэлхийн шилдэг 20 хөгжмийн зохиолчийн нэгнээр шалгарч байв. Мөн ОХУ-д Морин хуурын концертоо толилуулан дуулиан тарьж байсаныг нь мэдэх бизээ... Тиймээс түүнийг дэлхийн хөгжмийн зохиолчдын хүрээнд танина гэсэн үг. Мөн түүний бүтээлийг үнэлж, УИХ-ын гишүүн Л.Болд “С.Лувсанвандан сан”-аас оны шилдэг нэг бүтээлд олгодог нэрэмжит шагналаараа шагнаж байсан нь саяхан.

  Нийт арван зохиолоос бүтсэн тус хөгжмийг дангаар нь сонсох боломжийг Улсын филармоний уран бүтээлч хамт олон бидэнд олгоод байна. Хөгжмөөр сэтгэл оюунаа баясгагч хэн хүний хувьд энэ үнэхээр ховор боломж гэлтэй. “Дэлхийн болон Чингисийн хүүхдүүд” концерт хоёр хэсэгтэй аж. Эхний хэсэг нь дэлхийн шилдэг, сэтгэлд хоногшсон кинонууд болон монголын нэрт киноны хөгжмөөс бүрдэх гэнэ. Харин түүний дараагаар “Чингисийн хүүхдүүд” дангаараа дуугарна.  Тус хөгжмийг дээрх кинонд Морин хуурын чуулга тоглосон бол энэ удаад Улсын филормоны симфони найрал хөгжимтэй зохируулан хамтарч толилуулахаараа нэн онцлог юм. Ер нь нэг байранд, нэг байгууллагад харьяалагддаг тус хоёр хамлагийн хувьд киноны хөгжмийг бүтнээр нь анх удаа хамт тоглож байгаа гэнэ. Ямартаа ч 200 гаруй уран бүтээлчийн хөгжмөөр дамжин үзэгчдэд хүрэх сэтгэлийн хөг эгшиг, гэрэл гэгээт аялгуунд саатах цорын ганц үдэш мөдхөн ирэх нь байна. "Цоо шинэ дуугаралт өвөрмөц өнгө аяс, ховор тохиох боломж" гэдгийг Улсын филамоний марктенгийн албаны дарга Г.Алтан-Од гэх залуу онцлоно лээ.


 Тоглолтын үеэр “Чингисийн хүүхдүүд” УСК-ны хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр хөгжмийн зохиолоо хэрхэн бүтсэн тухай ч үзэгчдэд танилцуулах аж. Монгол Улсын филармонийн 45 жилийн ой, Морин хуурын чуулгын 25 жилийн ойн баярын хүрээнд тавигдах киноны хөгжмийн бүрэн хэмжээний концертыг аравдугаар сарын 5-нд Corporate Convention Centre-ийн 1086 хүний суудалтай Концертийн их танхимд очиж сонирхож болох нь. Хөгжмийн их яруусал, хөгжимчдийн сэтгэлийн их түрлэгийн дор нэгэн үдшийг өнгөрөөх гэгээн үдэшт таныг урья. “Чингисийн хүүхдүүд” таны чихний чимэг болно гэдэгт эргэлзээгүй итгэнэм би...

Л.Ганзул

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top