Монгол улс Цөмийн энергийн тухай хуультай болсоор хоёр оныг ардаа орхилоо. Уран, цөмийн энергийн салбарыг хөгжүүлэх утга бүхий тус хууль УИХ-аар батлагдмагцаа анхны зорилго нь хазайж эхэлсэн гэж энэ удаагийн зочин өгүүлж байна. Дээрх хуулийг ёсчлон хэрэгжүүлэх үүрэг бүхий “Мон-Атом” төрийн өмчит ХХК-ийн орлогч захирал Г.Цогтсайхантай салбарын зарим асуудлаар яриа өрнүүлсэн юм.
-“Мон-Атом” компани Монгол улсын Засгийн газар хийгээд салбарын зүгээс өндөр итгэл хүлээн байгуулагдаж байсан. Тэр ч утгаараа үүрэх хариуцлага, амжуулах ажил олонтой. Компанийн хоёр жилийн ажлын үр дүнгээс яриагаа эхэлье?
-“Мон-Атом” компанийн үйл ажиллагаа манай улсын хууль, эрх зүйн хүрээтэй шууд холбоотой. Цөмийн энергийн тухай хууль 2009 оны долдугаар сард батлагдсан. Хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй Засгийн газрын гол байгууллагуудын нэг нь “Мон-Атом” компани л даа. Гэтэл тус хуульд орсон хэд хэдэн заалтаас болж бидний үйл ажиллагаа удаашрахад хүрээд байна. Миний хувьд ч тэр Цөмийн энергийн тухай хууль дэлхийн зах зээлийн өнөөгийн зарчимд төдийлөн нийцээгүй гэж санагддаг юм. Яагаад гэвэл, гадны хөрөнгө оруулагчдад нэлээд таатай бус хандсан гэж үздэг. Жишээ нь, тус хуулийн 5.2, 5.3 гэсэн заалтууд бий. Монгол улсын уран, цөмийн эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа гадны компаниудын хувьцааны 34-51 хувийг төр үнэгүй эзэмшинэ гэсэн заалт байгаа. Ийм заалт хуульд орчихсон учраас эхэндээ нэлээд эрчимтэй явж байсан ажил удаашрахад хүрсэн юм.
Өнгөрсөн хугацаанд бид гадна талаасаа түншүүд олоход гол анхаарал хандууллаа л даа. Яагаад гэвэл манай уран, цөмийн эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байсан туршлага маруухан, мэргэжилтэй боловсон хүчин огт байхгүй. Үүнийг бид бий болгох хэрэгтэй. Маш нарийн технологитой салбар учраас бид нэлээд нухацтай хандах учиртай. Ер нь ураны үйлдвэрлэл дотор уул уурхайн бизнес 10-20 хувийг нь л эзэлдэг юм шүү дээ. Үлдсэн хэсэг нь маш нарийн технологиор бүтдэг гэсэн үг. Жишээ нь, атомын цахилгаан станцад хэрэглэж байгаа түлшийг бэлтгэхэд уурхай өөрөө 20 хувь, үлдсэн буюу 80 хувийг нарийн технологиор дамжиж эцсийн бүтээгдэхүүн гаргах хэсэг нь эзэлж байгаа юм. Тэр бүгдийг хөгжүүлэхэд Монголд одоо юу ч байхгүй учир бид түүн рүү анхаарч байна. Боловсон хүчнээ бэлтгэх хэрэгтэй, бусад бааз суурийг бий болгохоор ажиллаж байна.
2013 ОНООС УРАН ЭКСПОРТОЛЖ ЭХЭЛНЭ
-Манай Цөмийн энергийн тухай хууль ураны салбарт хөрөнгө оруулах хүсэлтэй олон улсын сонирхлыг үргээж байна гэж ойлголоо. Хөрөнгө оруулагчид энэ бодлоо албан ёсоор илэрхийлсэн үү?
-Гадны хөрөнгө оруулагчдын хувьд хүлээлт үүсчихээд байна гэж хэлж болно. Монгол улс энэ хуулиа хэзээ эргэн харж, засч залруулахыг хүлээгээд байж байгаа. Гадны компаниуд дээрх заалтуудыг зах зээлийн нөхцөлд зохицоогүй, ашигт малтмалын хуулиасаа өөр юм байна гэсэн байдалтайгаар хүлээн авч байна л даа. Засгийн газар үнэ төлбөргүй эзэмшинэ гэдэг чинь ерөөсөө л хүний хөрөнгө мөнгийг шуудхан хэлэхэд дээрэмдэх гэж байна гэсэн ойлголттой байгаа. Тиймээс бид хуулиа сайжруулах ёстой. Алдаа дутагдлаа засаж залруулах хэрэгтэй байна. Түүний дараа зөв газар, зөв улсаа олж хамтарч ажиллах ёстой.
-Зөв газар гэдэг нь?
-Манай уран, цөмийн эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж хамтран ажиллах хүсэлтэй олон орон бий. Гэхдээ бид бүгдтэй нь мэдээж хамтарч чадахгүй. Зах зээл хөгжсөн, өндөр хөгжилтэй, ялангуяа энэ салбарын хамгийн тэргүүний, сүүлийн үеийн технологийг эзэмшсэн улс оронтой нь бид хамтрах ёстой.
-Ер нь Монгол улс дахь уран олборлолтын өнөөгийн байдал ямар байгаа вэ?
-Ураныг байгалийн баялгийнх нь хувьд олборлохоор эрж хайж байгаа гадны 6-7 компани Монгол улсад үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн дунд дэлхийн томоохон компанийн төлөөлөл ер нь байгаа гэж болно. Тухайлбал, уран олборлолтоороо дэлхийд нэгдүгээрт ордог Канадын Cameco, Францын Арева болоод ОХУ, БНХАУ-ын компаниуд бий.
Харин өнөөдрийн байдлаар Монголоос уран экспортлоод мөнгө олчихсон компани алга байна. Ойрын хоёр жил буюу 2013 оноос экспортод гаргаж эхлэх байх.
-Манай ураны нөөцийг сонирхож буйгаа хойд хөршийнхөн ил тодоор илэрхийлэх боллоо. Тус улстай хамтрах талаар ямар нэг алхам хийгдсэн үү?
-Зөвхөн ОХУ-тай хамтарна гэдэг ч юм уу ямар нэгэн шийд, урьдчилсан яриа байхгүй. Бид одоогийн байдлаар ураны салбарт хамтран ажиллах санамж бичгийг зургаан улстай зурчихсан байгаа. Үүнд, АНУ, ОХУ, Япон, Франц, Энэтхэг, БНХАУ багтана. Миний хувийн бодлоор бол, бид бүгдийнх нь эрх ашиг, сонирхлыг хангаж хамтран ажиллаж чадахгүй. Тэгэхээр дотроос нь нэлээд сайн шилж сонгох хэрэгтэй. Өндөр технологитой, манай нөхцөлд тохирох эсэхийг нь судалж байж сонгох нь чухал гэж боддог.
МОНГОЛ УЛС 62 МЯНГАН ТОНН УРАНЫ НӨӨЦТЭЙ
-Ер нь манай улс дахь ураны нөөц баялгийн талаарх тодорхой судалгаа бий юү?
-Монгол улсын ураны нөөцийн тухай одоо дэлхийд тархсан нэг тоо байдаг юм. Тэр нь манай газар нутаг 62 мянган тонн ураны нөөцтэй гэж үздэг. Энэ нөөцөөрөө дэлхийн улсуудаас 15 дугаар байрт жагсдаг гэх 2008 онд хийсэн тооцоолол бий.
-Мэдээж энэ нөөцийг боловсруулалгүй экспортлох нь бидний хэтийн зорилго биш?
-Тэгэлгүй яахав. Энэ том зорилтыг ажил хэрэг болгох нь манай компанийн үүрэг юм. Зөвхөн ашиглах биш, цааш нь боловсруулж цөмийн цахилгаан станцад хэрэглэдэг түлшийг бий болгох нь бидний гол зорилт. Яваандаа Монгол улсад атомын цахилгаан станц байгуулах тухай Засгийн газрын төлөвлөгөө байгаа. Энэ зорилт Монгол улсыг хөгжүүлэх 2021 оныг хүртэлх төлөвлөгөөнд багтсан.
-Эхний үр дүнг хэдийнээс харж болох вэ?
-Уранаа экспортолж, Засгийн газрын дансанд мөнгө орохыг эхний үр дүн гэж ойлгож байна. Тэр үе нь хоёр жилийн орчим буюу 2013 оноос эхлэх байх гэсэн бодол, зорилготой ажиллаж байгаа. Гэхдээ гадны компаниуд миний дээр хэлсэн хуулийн заалтаас болоод хүлээгээд байгаа юм.
Монгол улс Цөмийн эрчим хүчний тухай хуульдаа хэзээ өөрчлөлт оруулах нь уу гэсэн бодлоор хүлээзнэх янзтай болчихоод байна. Ерөөсөө л хууль батлагдсаны маргаашаас эхлээд л тийм бодолтой болчихсон юм.
НЭГ ФАУНД УРАН 70-75 АМ.ДОЛЛАРТ ХҮРНЭ
-Одоо уран дэлхийн зах зээлд 55.50 ам.долларын ханштай байгаа. Салбарын хүнтэй уулзсаных ураны үйлдвэрлэл, үнэ ханшийн ойрын жилүүдийн төлөв байдлыг сонирхмоор байна?
-Ураны ханш энэ оны нэгдүгээр сард салбарын хэмжээнд ажиллаж байгаа бүх хүнийг баярлуулж байсан юм. Учир нь 2010 оны сүүлийн хагас жилд үнэ нь 12-13 хувиар өсч, улмаар 2011 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр нэг паунд боловсруулсан уран 73 ам.долларын ханштай байсан юм. Гэтэл Япон улсын атомын цахилгаан станцад үүссэн дэлбэрэлтээс болж 10 гаруй доллараар уначихаад байна.
Үнийн чиг хандлагын хувьд 2015 он хүртэл 70-75 ам.долларын түвшинд байна гэсэн судалгаа бий. Энэ нь уран кг тутамдаа 150 орчим ам.долларын ханштай байна гэсэн үг.
-Ер нь Япон улсад тохиолдсон гамшиг дэлхийн ураны зах зээлд хэр хүнд нөлөө үзүүлсэн бол?
-Фүкүшима бол дэлхий дээр байгаа 430 атомын цахилгаан станцын дөнгөж нэг нь шүү дээ. Гамшиг ураны зах зээлд тодорхой хэмжээгээр цохилт үзүүлсэн ч гэлээ бид энэ байдлыг удаан үргэлжилнэ гэж бодохгүй байгаа. Энэ бол цаг хугацааны л асуудал. Дээр хэлсэн 430 атомын цахилгаан станцын тоо ирэх жилүүдэд маш олноороо нэмэгдэх тооцоолол бий. 2013 оноос эхлээд 50, 50-иараа буюу тоо нь маш хурдтай нэмэгдэх гэж байна. Тэгэхээр ирээдүйд ураны үнэ ч өснө, атомын цахилгаан станцын эрэлт хэрэгцээ ч нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Mining.mn
Ярилцсан Э.Сайхантуяа
Сэтгэгдэл ( 0 )