МЗЭ-ийн шагналт яруу найрагч Бямбажавын Энхтуяа "ОХИН ҮРЭЭ ХАЙРЛА" шүлгээ гомдлоо зангируулж бичсэн юм аа гэж нэгэнтээ өгүүлжээ. Тэгвэл энэхүү шүлэг хэрхэн бүтсэн түүхийг уншигчтайгаа хуваалцъя.
"-Манай бага охин тэр үед 9-р ангид сурч байлаа...", "...Нэг орой кино үзье гэхээр нь тасалбарын мөнгө өгөнгөө ангийнхаа хүүхдээр хүргүүлж ирээрэй гээд явуулав аа. Төд удалгүй аав нь ороод ирлээ. Идэрмөрөн хаачсан гэж байна. Оройн кино үзэхээр явсан гэлтэй биш "Одоо ороод ирнэ ээ” гэлээ. Нэлээн орой бөөн баяр орж ирсэн охиноо аав нь "Хаачаад ирэв” гэж байна. Охин ч үнэнээ л хэллээ. Гэтэл Хүрлээ уурлаад "Чи яахаараа хар нялхаараа байж оройн кино үзэж явдаг юм. Замаа алдах нь уу” гээд л загнаж гарахгүй юу. Дэлхийн хамгийн муу охиноор тодруулж, мөнгө өгсөн би ч бас буруутлаа. Бид хоёрыг баахан загнаж, хоёуланг нь хүмүүжүүлчихлээ гэж тайвшраад өрөөндеө ороод унтаад өглөө. Охин уурлаад, уйлаад болдоггүй. Би ч бас гомдол төрөөд...", "...Хүүхдүүд аавтайгаа ярихаас илүү надтай их санал бодлоо хуваалцана. Тэгээд л гомдол зангираад байхаар "Охин үрээ хайрла” гээд л бичиж эхэлсэн дээ. Бичээд л байсан, бичээд л байсан. Тэгээд нэг дууссан. Гомдол ч тайлагдаж байна. Охиныхоо өрөөнд ортол уйлж байна. Аргадаад, "Миний охин, маргааш өглөө аав нь цай чана гэвэл битгий босоорой, за юу” гэж хэлсэн. Тэгээд л унтлаа. Өглөө манай хүн "Цайгаа чана” гээд нударч байна. Хариуд нь би "Өө, би гоё зүүд зүүдэлж байна. Зүүдээ дуусгана. Та өөрөө чанахгүй юу. Крант онгойлгохоор ус байж байгаа. Плитка залгахаар гал байж байгаа. Эмэгтэй хүн очдогтой адил эрэгтэй хүн очсон ч асна” гээд буруу хараад хэвтчихсэн. Мань хүн "Болихгүй юу, чи. Би цайгаа чануулах охинтой, мэдэв үү” гээд охиныхоо өрөө рүү орлоо. Бас л "Чадахгүй ээ, мэдэв үү” хариу сонслоо. Бүр уурлаад "Энхтуяа чи хар. Хүүхэд нэг удаа оройн кино үзэхэд ингэж эвдэрч байна шүү дээ” гээд л амандаа үглээд гал тогоо явлаа. Тэр хооронд нь би дугхийчихэж. Сэрсэн чинь Хүрлээ нэг гартаа халуун савтай сайхан цай барьчихсан, нөгөө гартаа миний гал тогооны ширээн дээр бичээд орхисон шүлгийг барьчихсан инээгээд зогсож байна. Тэгснээ "Чамайг уурлуулбал овоо юм гарах юм байна. Дажгүй шүү” гэж байна. Тэгж л "Охин үрээ хайрла” шүлэг маань төрсөн дөө."
Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла
Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо
Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана
Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр ньтөрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана
Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна
Охин үрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Үүл усаа хураадаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла
Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл
Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй
Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла
Сэтгэгдэл ( 16 )
Saihan shuleg zarim humuus ig emzegeer hulewj avdag yum shig bn
Гаахамшигтай! Нулимас урсаад.
Хүн хүний тавилан өөр. Ер нь бол үнэн шүү дээ. Амьдралд эмэгтэй хүн л илүү ачаа үүрдэг. Заавал өөртөө тусгаж онцгүйг гайхах хэрэггүй. Чи өөр амьдарсан бол өөртөө таарах шүлгээ унш. Бүгд нэг их шүүмжлэгчид.
Утгагүй тэнэг шүлэг. ”Насаараа...” Хадамд гарахыг гэж харьд боол болгож зарагдааас ч доогуур тавилан хүлээж байгаа мэтээр хараагаад байгаа ч юм уу хар, бараанаар зөгнөөд байгаа ч юм уу ...хальж болохгүй шүү дээ.
Үнэхээр агуу шүлэг. Ийм сайхан шүлэг бичсэнд баярлалаа. Бурханы орондоо жаргадаа ум сайн амгалан болтугай
ontsgui shuleg sanagddag. muuhai ugtei.orchlongiin zovlond tsadah tsagtaa ch geh shig. er ni bol er em 2 hanilaad jargadag ch zovdog ch. jargal bga bolohoor l zovlong tuulj bardag. ene shulgend erchuudiig arai l aimaar muuhaigaar haruulsan. amidral deer muu ehner avaad zovj yavaa erchuud bj l bdg. emegteichuud biden shig gomdollood bdggui l bh. er ni bol ohin huuhdee haraagaad bga yum shig muu huntei suuna zovno geed erlood bga yum shig estoi ontsgui shuleg
Нэр нь хүүгээ битгий хайрла өөрөө өсөөд амьдраад яваг гэдэг санаа илэрхийлсэн онцгүй шүлэг.
Ухаарал дүүрэн, бас ухаарвал утга дүүрэн л шүлэг дээ.
Зарим хэсэг нь муу ёртой санагддаг. Сайн хүнтэй суугаад жаргалтай амьдарч болно ш дээ. Насаараа л зовох юм шиг
saikhan shuleg unshih bolgondoo uilnaa gekhdee l unshmaar sanagdaad bdag yum
Uhaaral hairlasan mash saihan shuleg.Enhtuya nairagchiin shulgiig huuhed baihaasaa l unshdag baila.Tsog setguul deer ih hevlegddeg baisan da.
Olon myangan eej aaviig ene l murtvvdeeree hvmvvjvvlsen hvndee.
Гоё мэдрэмж төрлөө. Сайхан шүлэг байна.
uneheer saihan shuleg shuu. nulims garch bna
Би Энхтуяагаа санаж дурсаад уйлж сууна даа.даанч эрт явчих лаа даа.