Нарс найгаад л
Навчис хийсээд л
Уулын оройд будан суугаад л
Усны шувуу буцаад л
Хяруу унаад л
Тал шарлаад л
Мал холхиод л
Сэтгэл догдлоод л
Салхи сэвээд л
Өрх сэвээд л
Өлөн хийсээд л
Өвсөн толгойд цан буугаад л
Айлууд нүүгээд л
Амрагууд холдоод л
Аяа хөөрхий нүүдэлчний намраа гэж... Бэгзийн Явуухулангийн шүлэг бодолд буух.
Уйтай намрын цагаан бороо гадаа зүсэрнэ. Бодлын гүнд ухаарлын бороо шаагих. Сэтгэлд асгарах тэр л бороо хөгжмийн эгшиг болон хөвөрнө.
Аяа, намар цаг аялгуу юм
Аяа, намар цаг хөг юм.
Галуун цуваа хөвөрсөн
Голын ус нь мэлтэлзсэн
Ганган байгаль хосолсон
Гоёхон намрын өнгө юмаа
Намрын цагаан бороонд сэтгэл дэвтэнэ. Намрын бороо зөөлөн шиврэхэд...
Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай
Насыг нь зөөж буцсаар байгаа шувуудад хайртай
Өөрөө өтлөвч, орчлонд үлдэнэ наддаа хайртай
Өдрөөс өдөрт холдсоор байгаа аавдаа би хайртай...
Нутгийнхаа уулстай хамт намайг нөмөрлөх аав минь. Мөнх бусын орчлонд мөнх л юм шиг таныгаа бодох. Томоогүй л явна даа, тормогор үр чинь...
Томоогүй явж боллоо ээжээ.
Тогоруу буцаж зэгс шаргалтлаа.
Хорвоод намар ирдгийг мартсан.
Хонгор хүүгээ уучлаач ээжээ
Үхтэл үрийн төлөө зүрх нь цохилох эхийн сэтгэл. Элбэрэл хайр, энэрэл нигүүлсийн тэнгэр ээж минь. Насыг тань нэмэн одох намар цаг таныг минь ямар их бодогдуулна вэ. Ээжийгээ үргэлж залуу явах юм шиг сэтгэж яваа гэнэн үрээ өршөө та минь...
Ургацын талбайд хөгжөөн тасрахгүй
Уудам бэлчээрт шуугиан татрахгүй
Алтан намар он жил улиравч дуурсгалтай
Аяны шувуудыг дагаад нисчихгүй нь сайхан
Ай даа намар цаг
Алтан сайхан цаг
Ай даа намар цаг
Амьдрал тэтгэх цаг
Бодлын минь алс хол руу дэвж байна. Оюутан цаг, анхны хайр. Он жилийн уртад сэтгэлийг минь гуниглуулж, бас хөглөж ирсэн тэр жилийн мартагдашгүй намар.
Хавар нь ороогүй бороо
Намартаа яагаад шаагина вэ
Хавар нь дэлбээгүй дэлбээ
Намартаа яагаад дэлгэрдэг юм бэ
Оройтсон бороо цэцэг нэхнэ үү
Оройтсон хайр цэнгэл нэхнэ үү
Тиймээ, намар цаг аялгуу юм
Тиймээ, намар цаг хөг юм.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Төгсгөлийн д үсгийг бичихгүй ээ. Гол нь тэр хэллэгт л хамаг амин сүнс нь байгаа юм. Амрагууд холдоол...