Монгол Улсын Ерөнхийлөгчийн шашин соёлын зөвлөх Ц.Хулан Монгол эх орондоо зочилж ирээд буй 85 настай Дашийн Лувсанхайдавыг өчигдөр хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ. ХХ зууны Монгол Улсын шашин, улс төрийн нэрт зүтгэлтэн Дилов хутагт Монголоос одохдоо дэргэдээ дөрвөн шаваа аваад явсны нэг нь Лувсанхайдав ламтан юм.
Тэрбээр Дилав хутагтын үнэнч шавь Намжилдорж Да ламын урилгаар 1964 онд Америкт очсон байна. Лам нарыг хоморголон хөнөөж эхэлсэн 1930-аад оны сүүлчээр Дилов хутагт нутаг орноосоо дүрвэн Сөнөд, Алшаа, Хөхнуур, Түвдээр дамжин Энэтхэгт хүрчээ. Хамт дүрвэж гарсан Намжилдорж багш нь хожмоо Берклэй дахь Калифорний их сургуульд монгол хэл соёл, шашны гүн ухаан заах болсноор Лувсанхайдав гуай хойноос нь Америкт очсон байна.
Лувсанхайдав гуай одоо гурван хүү, эхнэр Санчирмаагийн хамт Берклэй хотын ойролцоо амьдардаг. Далай лам 1979 онд АНУ-д анх айлчлахдаа Лувсанхайдав гуайнд саатаж байжээ.
Ерөнхийлөгчийн шашин соёлын зөвлөх Ц.Хулан Лувсанхайдав гуайд хүндэтгэл үзүүлж, эрүүл энхийг хүссэн байна.
Т.Түвшин
ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )