Эрмитаж дахь Монголын түүх, соёлын өв дурсгалуудын үзэсгэлэнг гаргана

2017 оны 10 сарын 13

Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Эрмитажийн музейн дорно дахины хэлтсийн тэргүүлэх зэргийн эрдэм шинжилгээний ажилтан, “Алтан орд”-ны куратор М.Г. Крамаровскийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч уулзан, Эрмитажийн музейд хадгалагдаж буй монголын түүх, соёлын холбогдолтой өв дурсгалуудын үзэсгэлэнг Улаанбаатар болон ОХУ-ын зарим хот, цаашлаад  Зүүн Европын улс орнуудад гаргах тухай асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр үзэсгэлэнг 2019 оны хоёрдугаар улиралд зохион байгуулах,  бэлтгэлийг эртнээс хангах, үзэсгэлэнгийн үеэр монголын хувийн цуглуулагчдын холбогдох цуглуулгаас дэлгэн үзүүлэх зэрэг асуудлыг хөндөн ярилцав.

Монголын уран бичлэгээр (калиграф) бичиж үлдээсэн хамгийн эртний дурсгалын нэг болох “Чингисийн чулууны бичиг”, алтан, мөнгөн “Гэрэгэ” зэрэг манай улсын түүх, соёлын нэн ховор өв, дурсгалууд хадгалагдаж байдаг Эрмитажийн музейтэй хамтран ажиллах, хамтарсан үзэсгэлэн гаргах  нь хоёр улсын соёлын харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой арга хэмжээ болохыг уулзалтын үеэр сайд Ц.Мөнх-Оргил тэмдэглэв.

Түүнчлэн, Эрмитажийн музейд хадгалагдаж буй Монгол Улсын гадаад харилцааны түүхтэй холбогдох архивын материал, үзмэр зэргийг хуулбарлан ашиглах, “Казанийн Кремль” музейгээс санаачлан 2018 оны 11 дүгээр сард зохион байгуулах Алтан орд ба Крымийн түүхийн сэдэвт үзэсгэлэнд монголын тал хамтран оролцох зэрэг асуудлуудаар санал солилцов.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top