“Ижил хоёр ботго” хүүхдийн дуулалт бүжгэн жүжиг нээлтээ хийнэ

2017 оны 10 сарын 31

Үндэсний урлагийн их театрын 2017 оны хүүхдийн шинэ уран бүтээл “Ижил хоёр ботго” хүүхэд зориулсан  уран бүтээл 2017 оны 11 сарын 3-нд 11:00 цагаас нээлтээ хийх гэж байна.

  • Энэхүү уран бүтээл нь “Өнчин цагаан ботго” болон тэмээ, 12 жилийн  тухай Монгол ардын домгуудаас сэдэвлэсэн хүүхэд багачуудад зориулсан Дуулалт бүжгэн жүжиг юм. 

Өнчин цагаан ботгыг өөр ботготой ингэнд авхуулснаар  ихэр хоёр ботго болж  баярлан бүжиглэж дуулснаар жүжиг эхлэх бөгөөд ээжийгээ хааяа уулын орой харан уйтгарлан гуниглахыг харсан хоёр ботго, эхийгээ баярлуулахаар аян замд гарж байгаагаар жүжгийн үйл явдал өрнөнө.

Хоёр ботго зам зуураа олон амьтантай тааралдан хөгжилтэй адал явдалуудтай учран явсаар Лусын хаанд бараалхах бөгөөд   эцэст нь  ээжийнхээ   /ингэ /эвэр  сүүлийг  авч чадаагүй, 12 жилийн тоонд багтаагүй ч  гэсэн “Элсэн говийн эзэн” хэмээн хүндлэгдэн дээдлэгдэж буй зэрэг хүүхдэд багачуудын сонирхолыг татах олон үйл явдалаар дүүрэн юм.

Монгол  ардын үлгэр домог, “Өнчин цагаан ботго” хэмээх уртын дуу, ингэнд ботго авахуулах эртний монгол уламжлалыг харуулсанаараа хүүхэд багачуудад монгол өв уламжлалаа таниулах, монгол ёс заншлаа дээдлэх, байгаль дэлхий, ан амьтнаа хайрлан хамгаалах ухааныг хүүхэд ахуй цагаас нь сэтгэл зүрхэнд нь суулгадаг байсан эрт үеийн уламжлалыг сэргээхэд нэмэр болох өргөн их ач холбогдолтой билээ. 


Энэхүү жүжигт Үндэсний урлагийн их театрын Үндэсний хөгжмийн их найрал, Зууны манлай уртын дууч, ХБ, ТШ, АЖ. Н.Норовбанзадын нэрэмжит дуучид, Зууны манлай Бүжиг дэглээч ТШ, АЖ. Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид зэрэг 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлчид оролцон бүтээн туурвиж байна.

Уран бүтээлийн зохиогчид:

Зохиолч: МЗЭ-ийн шагналт Г.Батаа

Хөгжмийн зохиолч:  М.Бирваа  /МУСТА/

Ерөнхий найруулагч: Д.Ганболд /МУСТА/

Бүжиг дэглээч: О.Ууганбаяр /МУСТА/

 , Х.Хашхүү /МУСТА/

Хувцасны зураач:   Д.Амаржаргал

Тайзны зураач: Ч.Батболд

Хормейстр:  Б.Бямбачулуун /МУСТА/

Удирдаач: Б.Ганбат /МУСТА/

Туслах найруулагч: Х.Отгончимэг /МУСТА/ , Х.Хашхүү /МУСТА/

Уран бүтээлийн гол дүрүүдэд:

Өнчин цагаан ботго  М.Болорчимэг

Найз ботго:  П. Мөнхцацрал  /МУСТА/

Ээж ингэ : Ж.Мандухай  /МУСТА/

Ботгочин охин:М. Мишээл

Лусын хаан:  Д.Эрхбилгүүн

Үндэсний урлагийн их театр нь  таван хошуу төл малаар хүүхдэд зориулсан цуврал уран бүтээлүүд хийж буй бөгөөд “Ишиг хөөрхөн нэр”  хүүхдийн дуулалт жүжгийг 2010 онд, “Цуутын цагаагч гүү” үлгэрээс сэдэвлэсэн “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт бүжгэн жүжгийг 2013 онд тайзнаа тавьж байсан билээ.

ЕБС-ийн сурагчдын амралтанд зориулан энэхүү “Ижил хоёр ботго” хүүхдийн шинэ уран бүтээл 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр нээлтэй хийсний дараа 2017 оны  11 сарын 5,6,7,8,9-нд тус тус 11:00 цагаас 5 өдөр дараалан тоглогдохоор боллоо.

ҮУИТ-ын маркетингийн алба


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top