Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ болон Краков дахь Монгол Улсын Өргөмжит консулын газрын санаачилгаар энэ оны 10 дугаар сарын 26-ны өдөр Краков хотод байнгын ажиллагаатай Монголын Соёлын төв үүдээ нээлээ. Соёлын төвийн нээлтийн арга хэмжээнд Варшав дахь ЭСЯ-ны төлөөлөл, Өргөмжит консул Ц.Уртнасан болон Малопольска муж, Краков хотын удирдлага, хотын Боловсрол, соёлын газрын төлөөлөл, Краковт суугаа гадаад орны Өргөмжит консулууд, Краковт ажиллаж, амьдарч, суралцаж байгаа монгол иргэд өргөнөөр оролцов.
Тус арга хэмжээг Өргөмжит консул Ц.Уртнасан нээж үг хэлсэн ба Краков хотын их, дээд сургуульд суралцаж байгаа манай оюутан залуус хүрэлцэн ирсэн төлөөлөгч, зочдод өөрсдийн бэлдсэн урлагийн тоглолт, монгол үндэсний загварын үзүүлбэр үзүүлж монгол хоолоор зочдоо дайлав. Түүнчлэн Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны гишүүн, гэрэл зурагчин Б.Баяр уг нээлтийн ажиллагаанд оролцож „Үзэсгэлэнт монгол орноор” гэрэл зургийн үзэсгэлэнгээ нийтэд толилуулсан нь олны таашаал, хүндэтгэлийг хүлээлээ.
Монгол Улсын Өргөмжит консулын газрын дэргэдэх Монголын соёлын төв нь тус хотын иргэдэд эх орныхоо түүх, соёлоос өргөнөөр сурталчлан таниулах ажлыг зохион явуулахын зэрэгцээ Польш улсад сурч, амьдардаг монгол оюутан залуусын дунд алсын зайны сургалт явуулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд таатай боломжийг олгоход анхаарч ажиллах юм байна.
Эх сурвалж. Варшав дахь ЭСЯ
Сэтгэгдэл ( 0 )