П.Ганбат: Светланагаас биш Ичинхорлоогоос төрсөн чинь онож, гэсэн...

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 02

"Зохиогчийг нь урьж байна" цуврал үргэлжилж байна. Монгол улсын гавьяат жүжигчин дуучин Х.Болормаагийн дуулсан Пүрэвдоржийн Ганбатын хөгжим, яруу найрагч Чимэдравдангийн Мягмарсүрэнгийн шүлэг “Үнэний хорвоо” гэж сайхан дуу бий. Хөгжмийн зохиолч Пүрэвдоржийн Ганбатын 19 насандаа аялгууг нь зохиож олонд хүргэсэн дуу билээ.  Хөгжмийн зохиолч П.Ганбаттай уншигчдаа уулзуулж байна.

-Гавьяат Түвшинтөгсийн дуулсан “Зүүдэнд уяатай уул”, Ширмэнтуяагийн дуулсан “Бодол”, Түвшинтөгс, Эрдэнэцэцэг нарын хамтран дуулсан “Хэнзлэн хэнзлэх хайр”... гээд дандаа гавьяатуудын дуулсан дуунуудыг зохиожээ?

-Тэр үед зарим нь гавьяат болоогүй байсан юмаа. 

-“Үнэний хорвоо” дууны шүлгийг нэргүй шүлэг байхад нь олж дуу болгож байсан гэдэг?

.-Тийм, тэр үед оюутнуудын дунд бэсрэг хэмжээний “Морин хуур” наадам болдог байлаа. Ер нь бол багш нараа хараад, дуу зохиох юмсан гэж бодож явдаг байсан л даа. Тэгээд яруу найрагч Мягмарсүрэн ахын номыг олж энэ шүлэг их таалагдаад, дуу болгосон доо.

Төрүүлээд өсгөсөн ээжий юм

Төөрүүлж орхидог нь хорвоо юм даа хө... гэж, ерөөсөө хүний амьдрал биз дээ. Тэгээд дараа нь өөр нэг номноос нь “Бодол” гэж шүлгийг нь авч дуу болгосон. Түүний дараагаар өөрт нь хэлсэн л дээ. Таны номноос л би дуу хийж байна. Одоо хоёулаа шинээр дуу хийе, гэж. Тэгсэн чинь, -Өө тийм үү. Тийм овоо юм бол долоо хоногийн дараа яриарай гэж байна. Долоо хоногийн дараа гэр рүү нь ярьсан чинь дөнгөж саяхан бурхан болчихлоо, гэсэн гашуун мэдээ сонссон доо. Хэрэв амьд байсан бол Мягаа ах бид хоёр Шарав гуай, Загдын Түмэнжаргал гуай хоёр шиг олон дуутай болох ч байсан юм билүү гэж би боддог. Бид хоёр нийлж хоёр дуу л зохиосон.

-Дараагийн дуу нь “Бодол” дуу юм байна шүү дээ.  “Бодол” дуу төрсөн түүх сонин байх болов уу?

-Ер нь ээж гэдэг хамгийн эрхэм хүн шүү дээ. Би хоёр ээжтэй. Төрүүлсэн ээж маань бурхан болсон. Өсгөсөн ээж минь бий л дээ. Уран бүтээлчид ер нь ээж аавдаа зориулсан бүтээлээр эхэлдэг байж магадгүй гэж би боддог юм. Дахилт нь байхгүй байсан юм. Дуу зохиож эхлээд хөгжим өрнөх болсон чинь үг дутаад болдоггүй.

Ирэх буцахын ганзаганд

Эхийн хэвлийд шилжсэн болохоор

Бүүвэй аяласан ээжийдээ

Бүрэлдсэн минь онож дээ... гэсэн бадагны араас дахилтны үг нэхэгдээд болдоггүй. Тэгээд ахыг би сургууль дээрээ дуудаж дуугаа сонсгоод, гэрт нь очиж, гал тогооных нь өрөөнд сууж байгаад аялаж өгнө.

...Олжээ олжээ ээжийгээ

Онож төржээ ээжийгээ

Бүүвэй аяласан ээжийдээ

Бүрэлдсэн минь онож дээ... гээд биччихлээ. Тэгээд авч яваад "солгой" Төмөрхуяг ахад аваачиж үзүүллээ. Тэгсэн чинь, -Энэ “олжээ, олжээ” гэдэг чинь ер бууж өгөхгүй байна. Сонин юмаа... гэхээр нь, энэ том хүн тэгж хэлж байхад, гэж бодоод  буцаагаад найрагчруугаа бариад очлоо. Энэ “олжээ, олжээ” чинь ерөөсөө биш байна. Энийгээ зас... гэлээ. Ах аваад суулаа. Засах гэж үзлээ. Тэгсэнээ ерөөсөө зөв юм байна. Нааш ир дээ Ганбат аа. Чиний ээжийг хэн гэдэг билээ?

 -Ичинхорлоо.

-Ерөөсөө чи Светланаагаас биш Ичинхорлоогоос төрсөн чинь онож. Бурхан багш атга арвай цацахад зүүний үзүүр дээр онож, тогтож үлдсэн ганц нь хүн болдог гэсэн биз дээ. Зарим нь ч хүн болдоггүй биз. Оножээ гэдэг үг яахаараа муухай байдаг юм. Би ерөөсөө засахгүй, гэлээ. Надад ч бас тэгж санагдаад аваад гарсан. Тэр үед Ширмэнтуяа оюутан байсан юм. Надад нэг ийм дуу байна гэж өгөөд л дуулуулсан даа.  

-МУГЖ Түвшинтөгс, Эрдэнэцэцэг нарын хамтран дуулсан “Хэнзлэн, хэнзлэх хайр” дуугаар үргэлжлүүлье. Хайрын дууны наадамд тэргүүн байр эзэлж байсан байх аа?

-“Хайрын сүлд дуу-2000” наадамд оролцож түрүүлж байсан юм. Тэр үед эхнэр хол байсан. Эхнэртээ зориулж нэг дуу хиймээр санагдаад, бас хайрын дууны наадам ч ойртчихсон байлаа. Бие жаахан өвдөөд хоёр гурав хоног гэртээ хэвтэж байсан юм. Тэр хугацаанд хийсэн аялгуу. Аялгуугаа хийчихээд  хөгжмийн зохиолч Г.Төвшинтөр рүү утасдаж, танай нутгийн хоёр яруу найрагчийг хэн гэдэг билээ, гэсэн чинь Нямлхагва, Баянмөнх хоёр уу, гэж байна. Аль нь авьяастай юм бэ? гэлээ. Дууны шүлгэнд бол Баянмөнх нь арай дээр байж магадгүй гэж байна. Баянмөнх рүү утасдаж, би хөгжмөө аваад гарлаа. Чамд нэг аялгуу сонсгоод орхиё гээд яваад очсон. Тэгээд л Баянмөнхөд дууны зохион байгуулалтыг хэлж, ярилцангаа бичсэн дээ.

Ярилцсан Н.Болортунгалаг

Л.Ган


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.9.41.244) 2017 оны 11 сарын 02

tsaash n urgeljluulen yarisan yariag buulgaach, tal dutuu, hagas yum tavij bhiin

0  |  0
зочин(103.87.255.66) 2017 оны 11 сарын 02

цааш цаашдаа олон сайхан бүтээл туурвихыг хүсч амжилт

0  |  0
Top