Монгол бахархлын өдөр жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр тохиодог билээ. Энэ өдөр ”Чингис хаан“ одонгоор Монгол Улсын төр, нийгэмд үнэтэй хувь нэмэр оруулсан, оруулж буй хүмүүсийг шагнадаг уламжлалтай.
Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж зарлиг гаргаж, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны I байр, Гран при шагналт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, Цагдаагийн "Сүлд" чуулга, Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн театр, Маринский театрын гоцлол дуучин Ганбаатарын Ариунбаатарт Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг гардуулж байсан юм.
Чингис хаан одон хүртсэн Г.Ариунбаатар "Монгол төрийн дээд шагнал "Чингис хаан" одонг гүн хүндэтгэл, нэн баяртайгаар хүлээн авч байгаагаа илэрхийлье. Би өнөөдөр эрдэнэт биеийг минь төрүүлж өгсөн ижий аав, эрдмийн аянд хөтөлж өдий зэрэгт хүргэсэн билэг авьяаст багш нар, бодол огшоож сэтгэл дүүргэсэн түмэн олон, ухаан тэлж хүч хайрласан эх нутагтаа баярлаад, баярлаад барахгүй байна.
Энэ сайхан нутгаа онож төрсөн би их азтай хүн гэж боддог. Миний төрсөн нутаг бол Монгол Улсын маань төв хэсэгт хөндий талд мал сүрэг нь багширсан,айраг цагаа, найр наадам цогцолсон дэлхийд хосгүй уртын дууны шажин төрийн дэг сургуулийн өлгий нутаг Баян бараатын аялгууг үеэс үед өвлөн дуулсан өвгөдийн нутаг аа. Энэ нутгийн эзэн ард, их хөх тэнгэр, уул ус дуучин болох заяаг минь тэтгэсэн.
Би их хувь заяанд өсөж өндийсөн хүн гэж боддог. Дуучин болох хүслийн минь галыг бадрааж дуулахуйн их эрдэм шамдуулан дэлхийн их урлагийн амтыг мэдрүүлж хөлийн минь дөрөөнд сүүн цацал өргөсөн сайн сургууль, сайхан багш нар, ачлалт хүмүүстэй учирсан.
Миний сонгож эзэмшсэн дуурийн дуулаачийн мэргэжил бол хүн төрөлхтний оюуны чадамжийг хөгжмийн эгшигт цогцлоосон аль ч үндэстэн ялгаагүй авьяас билэг хүч чадлаа сорьдог дээд эрэмбийн урлагт өрсөлдөх боломжийг олгодог. Дэлхийн дуучдын эрэмбийг тогтоох олон удаагийн уралдаанд амжилт гаргаж алдарт суутнуудтай нэг тайзан дээр дуу хоолойгоо өргөж яваа минь ачит багш, нутаг ус, ард түмний минь ач ивээл гэж боддог.
Уралдаан тэмцээн, дуурь, концертын тайзнаа дуулахаар гарах тэрүүхэн агшинд тулаанд орж буй эр цэргийн адил "Би Монгол хүн шүү. Би Монголын дуучин шүү" гэж өөртөө хэлэхэд нутгийн минь хөх тэнгэр цэлсхийж хөхөмдөг уулс минь налсхийхийг би мэдэрдэг. Би тэгж хүч авдаг. Хүний газар тайзнаа дуулахаар гарахдаа Монголын дуучин хэнээс ч дутахгүй юм шүү гэж харин өөрийн нутагтаа намайг сонсдог хүн бүрийг баярлуулах юм шүү гэж өөрийгөө зоригжуулж бэлддэг. Монголын сонгодог болон үндэсний урлагийн үе үеийн уран бүтээлчид, судлаачид, дэмжигч, үзэгч сонсогч та бүхэндээ гүн хүндэтгэл илэрхийлье. Сонгодог урлагт сэтгэл зүрх хөлс хүч итгэл хайраа өгсөн олон олон хүний хөдөлмөрийн үр шим юм.
Би Монгол хүн болж төрснөөрөө зүйрлэшгүй ихээр бахархдаг. Миний эх орон уул ус говь тал нь хосолсон дөрвөн цагийн улирал тэгш ээлжилсэн уужуу талбиун ёстой л амьдын диваажин. Эзэн бид хичээж чадвал энэхэн замбуулингийн хамгийн амар амгалан аз жаргалтай хамгийн хүчтэй гүрэн хэвээрээ байна гэдэгт би итгэдэг ээ. Энэ сайхан орныг минь эцэг өвөг Эзэн Чингис хаан минь хувь болгон үлдээсэн. Чингис хаан маань биднийг дэлхийд сүр хүч сүлд хийморь болгон авч явдаг. Тийм эрхэм хүнийхээ мэндэлсэн өдөр түүнийхээ алдрыг дуурсгасан төрийн дээд тэргүүн зэргийн одон хүртэж байгаагаа төр түмний цаглашгүй их ивээл хайр, надад хүлээлгэж байгаа дуусашгүй өндөр найдвар гэж үргэлж сүслэн дээдлэж явах болно.
Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж ардын минь сайхан үг бий. Миний үеийн залуучууд хэн ч бай ямар ажил эрхэлж байгаагаас үл хамааран эвтэй найртай, хүсэл тэмүүлэлтэй, эрхэм шударгаар хичээн зүтгэж чадвал, эх орны минь алдар суу дэлхий дахинаа цуурайтаж, бусдын хүндэтгэлийг олж дэвжин хөгжих дүүрэн боломж байгаад би эргэлздэггүй. Их эзэн Чингис хааны минь суу алдар өргөн тэтгэж, Монгол түмний хийморь сүлд дээшээ байж мандан бадрах эх орон минь мөнхөд орших болтугай" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Сэтгэгдэл ( 0 )