”Миний бүтээл-25” нөгөөдөр нүргэлнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 09

 УГЗ хөгжмийн зохиолч Тогтохын Сэр-Одын “Миний бүтээл-25” уран бүтээлийн цэнгүүн хоёр хоногийн дараа Монгол бөхийн өргөөнд нүргэлэх нь. Хөгжмийн зохиолч Т.Сэр-Од болон тоглолтод оролцох уран бүтээлчдийн төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдийг урьж, цэнгүүний талаар мэдээлэл хүргэлээ.

Т.Сэр-Од:  Миний бүтээлээ туурвиж эхэлсэний хорин таван жил өнөө жил тохиож байгаа юм. Хорин таван жил гэдэг хүний насаар бол нэг мөчлөг шүү дээ. Тиймээс дуугүй өнгөрч болохгүй гэж бодлоо.Тэгэхээр төдийгөөс өдий хүрсэн энэ 25 жилийн ойг тэмдэглэх хэрэгтэй гэж санасан. Энэ хугацаанд би амьдралынхаа дийлэнх хэсгийг дууны бүтээлд зарцуулж. Тиймээс би дуунаасаа хорин таван бүтээл шилж, дөрвөн үеийн хамарсан хорин таван уран бүтээлч оролцуулахаар төлөвлөсөн. Тоглолтын маань нэр “Миний бүтээл-25”... Билетийн үнэ хүртэл 25 000, мөн 25 дуутай хос цомог худалдаанд гарч  байгаа. Та бүхэн урилгыг минь хүлээн авч, хүрэлцэн ирсэнд баярлалаа. Нэг зүйл нэмж хэлэхэд, “Монголын үнэртэй салхи” дууны шинэ клипний тухайд хүмүүс олон янзын ойлголттой байх шиг байна. Энэ дууг анх дуулсан Жавхлан өнөөдөр УИХ-ын гишүүн болсон. Миний цэнгүүнд оролцох дуучдын төлөөлөл өөр өөрийн өнгө аясаар дахин амилуулсан. Энэ дуу дуулагдаад 13 жил болж. Дахин ингэж дуулсан нь үзэгчдээ, уран бүтээлчдээ хүндэтгэсэн нэг хэлбэр юм. Жавхлан дуучин маань өөрөө шинэ клипийг саанчлагчдын нэг юм. Үүнийг зөвөөр ойлгоорой...

УГЖ Ц.Түвшинтөгс: Бид хоёрын хамтын уран бүтээл гэвэл 16-17 орчим дуу бий. Бидний анхны бүтээл Төрийн шагналт яруу найрагч Бавуудоржийн “Бөхөн шарын нуруу” дуу юм. Хамгийн сүүлд саяхан Азийн тэргүүн яруу найрагчаар өргөмжлөгдсөн Урианхай ахын нэгэн сайхан шүлгийг хүрэгж өгч, аялгуу хийлгэн “Морин хуур”-т дуулсан. Хорин таван дуу, хорин таван дуучин гээд сайхан цэнгүүн болно. Энэ 11 сарын 11-нд юм байна. Боломж нь байсан бол 11 цагт эхлүүлэх байсан байх. Морь цагтаа... Харин орой 19 цагт юм байна...

УГЖ У.Далантай: Сэр-Одтой олон сайхан уран бүтээл дээр хамтарч ажилласан байна. Хайрын дууны уралдаанд Оюунчимэгийн шүлэг “Сэтгэлийн булаг” дуугаар оролцож, тэргүүн шагналыг хүртэж байлаа. Тэр дуу одоо хамгийн их хандалттай буюу тавансая хүн орж үзсэн гэсэн үзүүлэлттэй байна. Сэтгэлд хүрсэн олон сахйан дуу төрүүлээрэй. Сэр-оддоо амжилт хүсье...

Яруу найрагч Н.Баянмөнх: Бид хоёр 40 гаруй дуу бүтээсэн байна. Амжилттай сайхан дуулагдаж байна. Энэ сайхан уран бүтээлчтэй нэг цаг үед төрөөд, уран бүтээлээрээ хамтарч, найз нөхрийн хүрээнд зам нэг явна гэдэг сайхан байна... гэлээ.     

Л.Ган

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top