А.Энхтайван: Би эмч болох гэж зүтгэдэг, бүр бэлдэж байсан хүн

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 16

 

“Зохиогчийг нь урьж байна” цувралын энэ удаагийн зочноор  Ардын жүжигчин Агваанцэрэнгийн Энхтайваныг уригдлаа. Түүнийг дуурийн дуучин гэдгээр нь мэдэхийн дээр “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Чингис хааны дүрээр хүмүүс таних билээ. Харин энэ удаад түүнтэй аялгууг нь зохиож олонд хүргэсэн дууных нь уран бүтээлүүдийн талаар ярилцлаа.

 

- Ардын жүжигчин Энхтайваны хөгжим, яруу найрагч Жүмпэрэлийн Саруулбуяны шүлэг “Балжийн гол” дууг сонсож байна. Энэ дууны түүхээс гэвэл?

-“Балжийн гол” дуу бол 1985 оны 11 сарын 14-ний өдөр мэндэлсэн дуу л даа. Миний багын анд Жүмпэрэлийн Саруулбуян гэж яруу найрагч, зураач хүн бий. Бид хоёр дуу төрөхөөс хоёр хоногийн өмнө уулзсан юм. Тэгээд надад нэг дууны шүлэг бичиж өгөөч, аялгуу хиймээр байна гэж хэлсэн. Саруулбуян маань хоёр хоногийн дараа бариад ирсэн. Би ч тэр дор нь суугаад аялууг нь зохиосон доо. Тэр өдөржингөө энэ дууны маань аялгуу эгшиглэж, би энэ дуугаа өөртөө зориулж хийж дээ гэж бодсон. Учир нь би тэр үед Уралын Хөгжмийн дээд сургуулийг дөнгөж төгсөж ирээд ДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаж эхлээд байлаа. Тэгэхэд надад дуулах монгол дуу гэж байгаагүй. Байсан дуунууд нь бүгд эзэнтэй байсан учраас өөрөө концертонд дуулах дуутай болъё гэж бодож зохиосон дуу. Дөнгөж сургууль төгсөж ирээд байсан болохоор хөгжмийн зохиолчид намайг танихгүй, шинэ дуучин болохоор аялгуу зохиож өгөх хүн олдохгүй байх гэж бодоод тэр л дээ.

-Ж.Саруулбуян гуайтаа хамтарч олон дуу зохиожээ. Тэр дундаа мэргэжлийн дуулаачдын дуулахыг хүсдэг, сургалт судалгаанд ашиглагддаг “Ононы шугуй”, “Хан Хэнтий уул”... зэрэг дуунуудыг зохиосон байх юм?

-1993 онд бид хоёр дууны уран бүтээлээрээ хамтарсан тоглолтоо сонсогч, үзэгч олондоо өргөн барьж байлаа. “Балжийн гол” тоглолтонд ДБЭТ-т ажиллаж байсан алтан үеийн ихэнх сайхан дуучид оролцож, тэдэнд зориулж дуу зохиож байсандаа баярлаж явдаг. Саруулбуян бид хоёр хамтарч 40 гаруй дуу зохиосон байна. Би 400 гаруй дуу, таван киноны хөгжим бичиж. Казах Монголын хамтарсан “Хүмүчи мэргэн” киноны хөгжим маань ЯпоныТокио хотын кино наадмаас гранпри шагнал хүртсэн түүхтэй. 1994 онд бичсэн хөгжим л дөө.

-Та Хэнтий нутгийн уугуул хүн. Таныг “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Чингис хааны дүрээр сайн мэднэ. Дуучин гэдгийг чинь ч сайн мэднэ. Харин хөгжмийн зохиолч гэдгээр тань тэр болгон мэдэхгүй байж магадгүй. “Хан Хэнтий уул минь” хэмээх сайхан дуу бий дээ. Хэрхэн төрсөн бол?

-Энэ дууг би 1989 онд зохиож байлаа. Саруулбуян 1989 оны хавар дөрөвдүгээр сард “Хан Хэнтий уул” нэртэй шүлэг авч ирж үзүүлсэн юм.

Үзүүр мөчир нь шаширласан хөхөл хөвчийн тэргүүндээ... гэсэн мөрөндөө олон үгтэй шүлэг байна. Үгнээс нь хасах гэхээр хайран санагдаад, тэр чигээр нь авч үлдсэн. Тэгээд ч том дуу болгоё гэж бодсон. Энэ дуу төрөх гэж төрсөн дуу. Саруулбуян ч хэлж байсан, би энэ шүлгийг зохиох гэж зохиолоо. Шүлгийг нь нэг л агшинд суугаад биччихлээ. Багаасаа бодож явсан шүлэг маань, гэж байсан. Аялгуу нь шүлэг авсаны маргааш л төрсөн. Тэр ондоо Монголын радио, Хөгжмийн зохиолчдын холбооноос хамтран зарласан Нийтийн дууны уралдаанд оролцож гуравдугаар байрт шалгарсан түүхтэй. Энэ уралдаанд УГЖ дуучин Гантөмөр ах анх дуулж байсан. Түүний дараагаар гавьяат Эрдэнэбат бид хэд дуулсан. 2000 онд Хэнтий аймгийн Иргэдийн хурлаас аймгийн хүндэтгэлийн дууны уралдаан зарлаж, “Хан Хэнтий уул” дууг хүндэтгэлийн дуугаар шалгаруулж авсан юм билээ.

-Урлагийн хүн болох гэж багаасаа мөрөөдөж, бэлдэж байв уу?

-Үгүй үгүй. Би эмч болох гэж зүтгэдэг, бүр бэлдэж байсан хүн. Аравдугаар анги төгсөөд Ангаах ухааны их сургуулийн маань хуваарийг өөр  хүн луйвардаад авчихаж байсан. Хармааны оноо гэдэг нэрийдлээр шүү дээ. Тухайн үед би гомдож л байсан. Очиж, очиж миний хуваарийг аваад байхдаа яахав дээ гэж. Зарим нэг хүн надад гай болох гээд тус болчихсон юм болов уу, гэж боддог юм шүү дээ. Хүүхэд байхдаа ганц нэг хүүхдийн дуу дуулдаг байсан л даа.

-Урлагийн сургуулийн хуваарийг хэрхэн авч байв?

-Тэгээд хотод орж ирээд Хөгжим бүжгийн дунд сургуульд шалгуулж орсон. Том эгчийн маань нөхөр тэнд шалгуулах санал тавьсан л даа. Ээждээ хэлж, ээж намайг дагуулж очиж шалгуулж оруулсан. Хөгжим бүжигт байх дөрвөн жилийн хугацаанд хөгжмийнхөө суурь боловсролыг, урлагийн хөлөө олсон гэж боддог юм. Хайдав багш дээрээ дөрвөн жил хичээллэж, Оросын мэргэжилтэн багш нараар хөгжмийн онол хичээл заалгаад, Уралын Хөгжмийн дээд сургуульд явсан хүн шүү дээ. Тэндээс л урлагийн амьдрал эхэлсэн.

-“Ээжийнхээ ачийг яалаа даа” гэж ардын дуу шиг болсон дууны аялгууг та зохиожээ. Энэхүү сайхан дууны түүх?

- 1989 оны дуу юм штээ. Тухайн үед Бавуугийн Лхагвасүрэн гуайг таньдаггүй байлаа. Нэг өдөр “Залуучуудын үнэн” сонины арын нүүрэн дээр Лхагвасүрэн гуайн “Ээжийнхээ ачийг яалаа даа” гэсэн шүлэг байна. Үнэхээр сайхан шүлэг. Нөгөө шүлгээ урж аваад, маргааш өглөө нь Дуурийн театр дээр эртээ ирлээ. 1989 оны намар арван сард, манай театр нээлтээ дөнгөж эхлээд, “Учиртай гурван толгой” дуурь хоёр, гурав дахиа тоглогдож байсан үе. Өрөөндөө суугаад, шүлгээ гаргаж ирээд, шууд л энэ аялгуугаа бичсэн. Нүдэнд Уртнасан эгч маань харагдаад, дотор хоолой нь сонсогдоод л, сунагар аялгуу бичиж байлаа. Уртаа эгчийн оргил байсан үе л дээ. Аялгуугаа бичиж дуусаад л нотныхоо дэвтрийн голоос авч шугамдаад л клавериа бичлээ. Яагаад клаверь бичсэн бэ гэхээр, энэ дууны шалдан аялгууг бариад орвол би шууд хөөгдөнө. Клаверь гэдэг маань төгөлдөр хуурчийн тоглох нот шүү дээ. Үүнийг бичихгүй бол ямар ч сайн дуу байсан намайг, “наадахыгаа дуусгаж ир” гээд л хөөнө. Үдээс хойш 17 цагт Уртнасан эгч ирэх ёстой. Хүлээж байгаад л өрөөнд нь яваад хүрлээ. Ирчихсэн хоолойгоо халаагаад дасгалаа уншаад зогсож байна. “Учиртай гурав”-ын Нансалмаагийн дээлийг нөмөрчихсөн толинд хараад зогсож байна.

-Орж болох уу, гэлээ.

-Ор ор, яах гэж явна гэж байна.

-Нэг юм сонсгох гэсэн юм гэлээ.

-Дуу юу, хэний шүлэг юм бэ?

-Бавуугийн Лхагвасүрэн гуайнх гэвэл.

-Өөрөөс нь аваа юу? гэнэ.

-Үгүй сонин дээрээс... авлаа гэвэл. За тогло гэж байна. Тоглолоо. Өөрөө дуулаад л, хагас өнгөөр бус бүтэн хоолойгоор дууллаа. Тэгэхгүй хагас хоолойгоор дуулах юм бол бас загнана. Биднийг тэд нар хуурамчаар юм хийхийг хэрхэвч зөвшөөрөхгүй. Хоёрдугаар бадгийг нь дуулж байсан чинь ард ирчихсэн аялж байна. Дуулаад дууссан чинь, тэвэрч авч үнсээд, миний бурханы хишигтэй хүүхэд гэж хэлж байсан. Одоо ч тэр үг нь чихэнд сонсогддог юм шүү дээ. Тэгээд л, авлаа би дуулна гэсэн дээ. Уртаа эгч тэр дууг үнэхээр сайхан амилуулж, маш олон тоглолтонд дуулж олонд хүргэсэн. Тэр жилдээ “Алтан намар” уралдаанд Уртнасан эгчтэй дуулж, хоёрдугаар байрт шалгарч байсан. Миний энэ дуу болон “Балжийн гол”, “Ноён Сэврээ” зэрэг дуунуудыг маань дуулаачийн сургалттай сургуулиуд сургалтандаа ашиглаж байдаг юм.

-Сүүлийн үеийн уран бүтээлүүд гэвэл?

-Энэ жилийн хувьд Математикийн ухааны доктор Пүрэвийн Лхагвасүрэнгийн шүлэг “Жаргах учиртай хорвоо” дууг Төрмандахаар дуулуулаа. ДБЭТ-ийн гурван тенор Батжаргал, Шижирболд, Гомбо-Очир гурав “Балжийн гол” дууг маань дуулсан байсан. Тэдэнд зориулаад Лхагвасүрэн ахтай “Бор толгодын хавар” дуу бүтээж өглөө. Мөн Лхагвасүрэн ах бид хоёр “Үгүйлэн санахын романс” гэж дуу хийж Ардын жүжигчин Долгороор дуулуулсан. Тайз дэлгэцийн нэрт мастер Цэрэнпагма эгчдээ зориулсан бүтээл л дээ. Далимд хэлэхэд, ах нь 2008 оноос “Этүгэн энтертаймент” гэж студти байгуулаад киноны урлагт хүч сорьж байна. Хоёр гурван жил дууны клип энэ тэр хийж байгаад 2008 онд “Мойлхон” гэж уран сайхны кино хийлээ. Өвөр Монголчуудтайгаа хамтраад баруун баргынханы түүх болсон “Үхэрт хүйтэн” гэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн ардын дуугаар уран сайханы кино бүтээлээ. Манай гэр бүлийн хүн Баярмагнай гэж кино зохиолч хүн бий. Ихэнх кино зохиолууд нь дэлгэцэнд гарч байна. Хөвсгөл аймгийн зууны манлай Дамдин зайран гэж хүний түүхэн амьдралыг харуулсан ”Тэнгэрийн хүү” нэртэй кино бүтээлээ. Мөн төрлөө олоогүй сүнс буюу бардо-гийн тухай кино бүтээсэн. Төвдөөр төрлөө олоогүй сүнсийг бардо гэдэг юм байна л даа.

-Борхүүгийн Батболдын дуулсан “Олонтой явсан аав” дууны хөгжмийг та зохиожээ?

-Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат яруу найрагч Амартайван гэж сайхан авьяастай залуугийн шүлэг. Бид хоёр 2004 оноос нөхөрлөж анх “Олонтой явсан аав” дуугаа зохиосон. Тэгээд дуучин Батболдыг Төмөр замын дуу бүжгийн чуулгад дуулж байх үед нь сонгож дуулуулсан. 2005 оны Морин хуур уралдаанд оролцолж тэргүүн байрыг эзэлж байлаа даа.

-Ярилцсанд баярлалаа

Ярилцсан Н.Болортунгалаг

Л.Ган

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top