Т.Насанбуян: Нисгэгчийн тухай дуу бичих гэж бараг онгоц жолоодож ч үзлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 23

 

"Зохиогчийг нь урьж байна" цувралын энэ удаагийн дугаарт УГЗ хөгжмийн зохиолч Т.Насанбуян уригдлаа. Тэрбээр дууны урлагийн тухай: "Хүмүүсийн амьдрал, зүрх сэтгэл, хүсэл тэмүүлэлд хамгийн их гэрэл гэгээ өгдөг, хүмүүст аз жаргалыг, үнэнийг авчирдаг хамгийн сайхан яруу эгшиглэн бол дуу юм. Дуу бичдэг, дуу зохиодог, дуу дуулдаг, дуунд тэмүүлдэг бүх хүмүүс бол гэгээн хамгийн ариун нандин хүмүүс байдаг. Миний ээжээс эхлээд Монголын бүх ээжүүд эмэгтэйчүүд үр хүүхдээ бүүвэйн дуугаар өсгөдөг. Тиймээс би энэ дууны ертөнцөд төрсөнөөрөө өөрийг азтай, бас мөнхийн хүн гэж бодож явдаг даа." хэмээн тодорхойлсон юм.


-Таныг алдаршуулсан анхны уран бүтээлийн тань тухай эхлээд ярьвал ямар вэ?

-Намайг алдаршуулсан нэлээд хэдэн дуу бий. Би залуухан оюутан гал дөл шиг дүрэлзэж явлаа. Урлаг ч маш сайхан, алтан үеийнхэн ч амьд сэрүүн байлаа. Нэг өдөр Соёлын яаман дээр Лодойдамба гуай дуудлаа. Тухайн үед Сайдын өрөөнд дуудагдана гэдэг нэр хүндийн хэрэг байлаа. Өрөөнийх нь үүдэнд очоод өвдөг чичирч, ямар хэргээр дуудсан юм бол гэж битүүхэн айсаар орсон. Тэгтэл гадаадад сурч байгаа Монгол оюутнуудыг Завхан аймаг руу  тоглолтоор авч яваад ир гэлээ. Би ч үнэнээ хэллээ. Би сугууль соёлоо төгсөөгүй оюутан хүн чадах болов уу гэлээ. Лодойдамба гуай, санаа зоволтгүй би танд итгэж байна та чадна. Тийм учраас өөрт чинь үүрэг өгч байгаа юм гэж хэлсэн. Тэгээд гадаадад хөгжмийн сургуульд сурч байгаа болоод төгссөн хөгжмийн залуустай Завханд очиж маш гоё тоглолт зохион байгуулсан. Буцахдаа бид онгоцоор ирэх болсон доо. Онгоцонд ортол, үйлчлэгч бүсгүй ирээд, таныг онгоцны дарга уулзья гэж байна гэлээ. Зулын Юра гэж дэслэгч цолтой залуухан нисгэгч угтлаа. Монголын Залуучуудын Эвлэлийн алтан медаль энгэртээ гялалзуулсан, нисгэгчийн гоё дүрэмт хувцастай. Миний анхны дуу “Миний жаргалан”-г тэр залуу дуулаад танилцсан. Тэгээд намайг экпажийнхандаа танилцуулж, энэ залуу бидэнд зориулж дуу зохиож өгнө гэлээ. Тэрнээс хойш би тэдэнтэй нөхөрлөж, нисгэгчийн тухай дуу бичих гэж тэдэнтэй хамт нисэж, нисгэгчийн дэргэд сууж бараг онгоц жолоодож ч үзлээ. Судалж байгаа ухаантай. Гэхдээ санаанд юу ч орж ирдэггүй. Нөгөөдүүл маань ч шантарч эхэлсэн. Та энэ дууг бичиж чадахгүй юм байна гэж хэллээ. Би ч мөн шантарсан. Тэгээд буцаад автобусандаа суугаад буцлаа. Автобуснаас буугаад гадаа сандал дээр сууж байтал онгоц хөөрлөө. Онгоц хөөрч байгаа тэр агшин миний сэтгэлрүү зурсхийгээд л ороод ирсэн. Тэгээд л...

...Хөнгөн цагаан хөлөг минь дүүлж явнаа хө

Мөнгөн цагаан хөлгөө бариад дуулж явнаа би... гээд л тэр дор нь зохиосон.

Түүнээс гадна хүн төрөлхтөнөөс анх тэнгэр огторгуйг нэвтлэн ниссэн Юри Гагаринд зориулж хүртэл дуу зохиож явсан удаатай. Шүлгийг нь яруу найрагч нэрт зохиолч миний дотны эрхэм нөхөр Соёлын гавьяат зүтгэлтэн Гомбожавын Мэнд-Ооёо бичиж, “Үүрийн туяа”  хамтлаг дуулж байсан. Тэр үеэс эхлэн миний хөгжмийн аялгуу тэнгэр тийшээ тэмүүлэх болсон. Ж.Гүррагчаа баатартаа зориулж  мөн олон уран бүтээл хийсэн дээ.

-Янжиндулам гуайн дуулсан, Жамцын Бадраа гуайн шүлэг “Орь залуу нас” хэмээх сайхан дуу таных. Хэрхэн зохиогдсон бол?

-Миний тэнгэрлэг их хувь заяаг нээж өгсөн уран бүтээл дээ. Энэ дууныхаа нэрээр уран бүтээлийнхээ номыг бүтээсэн. Намайг мөнхийн залуу болгосон дуу. Бадраа багш их хөгжимлөг, маш их мэдрэмжтэй, ухаалаг хүн байлаа. Тийм гоё залуу насыг яруусгаж өгч оргилуун сайхнаар бичигдсэн шүлэг байлаа. Би багшийгаа мөнхөд дурсаж явдаг юм. Намайг дуун гайхамшигт яруу найргаар хөтөлсөн миний гайхамшигт таван багшийн нэг.


-Дуучнаа хэрхэн сонгож байв?

-Янжиндуламыгаа би өөрөө сонгосон юм. Тухайн үед “Аавдаа” гэдэг дуу дуулдаг байсан. Ардын дуу гэдэг байсан юм. Янжиндуламыг Монголын хөгжмийн зохиолчдын хурлаар хот хөдөөгийн бүх хөгжмийн зохиолчид шүүмжилж байлаа. “Аавдаа” гэдэг дууг их сонин дуулсан. Анх сонсоход надад хүртэл эвгүй сонсогдож байсан л даа. Гэхдээ би тэр үед өмөөрч, шинэ хэв маягийг эрэлхийлж байна гэж хэлж байлаа. Тэгээд Янжиндуламд “Орь залуу нас”-ыг өгөөд, чи үүнийг дуул гэсэн. Энэ дуутай одоо Янжиндуламын нэр ч хамт явж байна шүү дээ.

-“Мичид шүргэх Алтай” дуугаар яриагаа үргэлжлүүлье. Энэ дууны бүтсэн түүх сонин байх болов уу?

-Би 1970 онд Говь-Алтай аймгийн Алтай чуулгад томилолтоор очлоо. Тэр үед хөдөөгийн театруудад авьяастай л хүмүүс байдаг байсан. Одооных шиг мэргэжлийн уран бүтээлчид ховор. Ачааны машин дээр суучихаад тоглолтоор явна. Бигэр сумаас гараад явж байтал нар яг хажууд байшингийн хана шиг мандсан. Ер бусын гайхамшигтай. Алтай нутаг Монголын ер бусын ертөнц шүү дээ. Шүлгийг нь тэдний чуулын дуучин Дамдин гэж хүн зохиосон юм. Тэр шүлэг нь уг нь их сайхан. Гэтэл үзэл сурталын харгайгаар хөдөөгийн уран бүтээлчдийг тогтвор суурьшилгүй гэх шүүлмжлэлд өртөөд болсонгүй. Ирээд тэр үгээр нь Ардын жүжигчин Жаргалсайханаар дуулуулаад сонсготол хүлээж аваагүй, хэн ч тоогоогүй. Дараа нь Хөгжмийн зохиолчдын холбоонд байсан Батсүрэн гэж шүүмжлэгч, зохиолч шүлгийг нь бичиж, Дашнямаар дуулуулсан.

-Сүүлийн үеийн дууны уран бүтээлүүдийн тань нэг “Ээж минь” гэж сайхан дууг Номинжин дуулж байна. Түүнд анхнаас нь зориулж энэ дуугаа зохиож байв уу?

-Ер нь ойрын үед олон дуу зохиож байгаа. “Нисгэгчийн гэргийн дуу”-г маань УГЖ Энхзул дуулж байна. “Хүлгийн дагина бүсгүй” дууг маань залуу дуучин Эрдэнэжаргал маш гоё дуулсан. Номинжинг “Үлэмжийн чанар”-ыг дуулахыг нь анх сонсчихоод, ийм сайхан дуулах гэж гээд дотроо омогшиж байсан юм. Хэр баргийн хүний дуулж чаддагүй дууг тэр нялх охин 16-хан насандаа дуулсан байгаа юм даа. Сүүлд зам хөндлөн гараад явж байтал Нийслэлийн нэгдүгээр арван жилийг төгссөн Алтантуяа гэж шавьтайгаа таарлаа. Дуу хөгжимд дуртай хүүхэд байсан юм. Би тус сургуулийн дуу хөгжмийн зөвлөх багшаар ажиллаж байлаа. Тэгээд Алтантуяатай ярьж байтал миний охин Номинжин шүү дээ гэлээ. Номинжин дандаа гадаад дуу дуулсан Монгол дуу бараг дуулаагүй гэж байна. Одоо ч олон Монгол дуу дуулаагүй. Би тэгээд Номинжингийнхээ ээжид зориулж тэр дууг зохиож, Номинжингээр дуулуулан “Морин хуур” хөгжмийн наадамд оролцож шинэ залуу дуучин төрүүлсэн гэж өргөмжит шагнал хүртэж байлаа.

-“Дэлгэцэнд гэрэлтэх бүсгүй” гэж дуу зохиожээ. Өмнө нь хэн ч ийм дуу зохиож байсан гэж дуулаагүй юм байна. Хэнд зориулж тууривсан  уран бүтээл юм бол?

-Ээжийн минь эгч СГЗ Рагчаа гэж хүн байлаа. Монголын анхны эмэгтэй нэвтрүүлэгч хүн шүү дээ. Эрэгтэй эмэгтэй хоёр Рагчаа нэвтрүүлэгч байлаа. Эгчийгээ ажлаас нь тосч авдаг хүүхэд байлаа би. Миний эгч их сайхан хүн байлаа. Жинхэнэ Монгол дүр төрхтэй, дэлгэцээр гарахыг нь хараад баймаар гоё хүн байсан даа. Тэр сайхан эгчдээ зориулж, “Дэлгэцэнд гэрэлтэх бүсгүй” гэж дууны шүлгийн нэвтрүүлэгч шавиараа зохиолгож, гавьяат  Үнэнхүүгээр дуулуулж байна даа. Энэ дуу нэвтрүүлэгч болгоны хайртай дуу болох байх гэж найдаж байна даа.

Ярилцсан Н.Болортунгалаг

Л.Ган

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.91.115.43) 2018 оны 05 сарын 25

Мундаг хүн шүү. Олон олон хит дууны эзэн шүү та. Урт наслаж удаан жаргаарай.

0  |  0
Ganaa(178.72.71.175) 2020 оны 05 сарын 15

Nisgegchin gergin duu ni ch neg ih hol yavahgui baihaa.barag 14 jil bolj bna.Harin NISGEGCHIN DUU BOL UNEHEER GAIHALTAI.Ue uuein nisgegch narin suld duu .chadsan ch chadaagui ch bugd ayaldag.dahiad tim duu garah ch ugui Dashnyam shig hen ch duulahgui

1  |  0
Huu ni (66.108.108.186) 2020 оны 12 сарын 29

Iim saihan aavtai hun dee bi

3  |  0
Jigvvr(139.5.217.41) 2017 оны 11 сарын 24

Saihan bna engej tvvhtei ni tvmend taniltsuulj baimaar bna medehgvi ni ih yumda daruuhan saihan uls ih baihiinmaa chadah yum chine manaihan

0  |  0
tol bichgees(59.153.114.167) 2017 оны 11 сарын 23

TAGNUUL HUN HURDAN CH BISH UDAAN CH BISH YAVJ TAGNADAG YUM ES TEGVEES ZORILGGUI HUN SHIG HARAGDANA

0  |  0
Zochin(203.91.115.37) 2017 оны 11 сарын 23

Sodon aviyas.Khovorkhon khun.

0  |  0
Зочин(212.248.24.208) 2017 оны 11 сарын 23

Аз жаргал хүсье.Урт наслаж удаан жаргаарай.Олз омог ихтэй байг.

0  |  0
Top