“Алтан бөмбөрцөг”-ийн шилдгүүдийн дунд өрсөлдөөн ширүүн өрнөнө

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 13

 Дэлхийн кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Алтан бөмбөрцөг” наадам ирэх сарын 7-нд АНУ-ын Калифорниа мужийн Беверли-Хиллсд болно. 75 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг”-ийг хошин шогийн жүжигчин Сэт Майерс хөтлөн явуулж “NBC” телевиз шууд дамжуулна.

Энэхүү наадмын шилдэгийн төлөө нэр дэвшээд байгаа онцлох уран бүтээлүүдээс хүргэе. Гадаад хэл дээрх шилдэг кино номинацид Анжелина Жолигийн найруулагчийн ур чадвараа гарган бүтээсэн “First They Killed My Father” кино нэр дэвшээд байгаа нь олны анхаарлыг татаж байна. Камбожид хийсэн энэхүү киноныхоо нээлтийг Жоли өнгөрсөн намар Азид ирж хийсэн билээ. Гадаад хэл дээрх шилдэг кинонд түүнчлэн Чили улсаас “Гайхамшигтай бүсгүй”, Германаас “Aus dem Nichts”, Оросоос “Хайр үгүй” кино, Шведээс “Квадрат” гэсэн уран бүтээлүүд нэр дэвшжээ.

Мексикийн кино найруулагч Гильермо дель Торогийн “Усны хэлбэр” кино энэ жил нийт долоон төрөлд нэр дэвшээд байгаа юм. Хамгийн гол төрөл болох “Шилдэг кино”-нд Их Британийн кино найруулагч Кристофер Ноланы дэлхийн хоёрдугаар дайны тухай өгүүлэх “Дюнкерк” , Италийн найруулагч Луки Гуаданьиногийн “Намайг өөрийнхөө нэрээр дууд”, Америкийн найруулагч Стивен Спилбергийн “Нууц баримт”, Мексикийн кино найруулагч  Гильермо дель Торогийн “Усны хэлбэр” зэрэг кино нэр дэвшээд байгаа нь өрсөлдөөн хүчтэй өрнөхийг харуулж байгаа аж.


О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top