Соёл, урлагийн газар, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран “Соёлын өвийн өмчийн эрхийн хамгаалал” уулзалт, арга хэмжээг 2017 оны 12-р сарын 18- нд Соёл урлагийн газрын хурлын танхимд зохион байгууллаа.
Соёлын өвийн өмчийн эрхийн хууль эрх зүйн ойлголтыг нэмэгдүүлэх, соёлын өвд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг өмчийн эрхээр баталгаажуулан үндэсний болон олон улсын зах зээлд сурталчлах, нийлүүлэх чадавхийг дээшлүүлэх зорилготой ”Соёлын өвийн өмчийн эрхийн хамгаалал” уулзалт ярилцлагад музей болон номын сангийн мэргэжилтнүүд, соёлын биет бус өвийн төрийн бус байгууллагын төлөөлөл 50 орчим хүн оролцсон бөгөөд арга хэмжээг нээж Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат үг хэлж, Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Г.Батхуяг хурлыг удирдсан юм.
“Соёлын өвийн өмчийн эрхийн хамгаалал” уулзалт, арга хэмжээнд Даатгалын эрх зүйч Ш.Батчимэг “Соёлын өв дүрслэх урлагийн бүтээлийг олон улсын үзэсгэлэнд зээлдүүлэх гэрээний асуудал” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд уулзалт, арга хэмжээнд оролцогчид олон улсын гэрээ байгуулахад анхаарах асуудал, соёлын өвийн үнэлгээг хэрхэн хийх, соёлын өвийн даатгалын асуудлаар холбогдох асуултуудыг тавьж харилцан санал солилцсон юм.
Мөн Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Зохиогчийн эрхийн газрын дарга Д.Мягмардорж “Соёлын өвийг бүтээгдэхүүн болгох түүний зохиогчийн эрхийн асуудал” сэдвийн хүрээнд зохиогчийн эрх түүнд хамаарах хуулийн талаар нарийвчилсан ойлголтыг өглөө.
Отгонтэнгэр их сургуулийн багш, хуульч Д.Эрдэнэчимэг “Соёлын өв, түүний өмчлөх эрхийн тухай” сэдвийн хүрээнд илтгэл тавьж Соёлын өв түүний ангилал, Эх сурвалж, Соёлын биет бус өвийн өмчлөх эрх, Музейн оюуны өмчийн эрх, Оюуны өмчийг гэрээний үндсэн дээр ашиглах зэрэг тулгамдсан чухал сэдвүүдээр ярилцаж оролцогчдын тавьсан асуултанд хариулав.
Уулзалт ярилцлагаас:
Энэ сургалтын үр дүнд соёлын өвийг олон улсын арга хэмжээнд оролцуулахад байгуулах гэрээ, үнэлгээ, даатгал, соёлын өвийн оюуны өмчийн эрхийн хамгаалалт зэрэг салбарын нэн тулгамдсан асуудлаар соёлын өв хариуцдаг ажилтнуудад хууль эрх зүйн мэдлэг олгосоноороо үр дүнтэй ажил болсон.
Сэтгэгдэл ( 0 )