“Өгсөн үүргийг ял биш, өөрийгөө таниулах боломж гэж хүлээн авсан нь гялалздаг” гэсэн мэргэн үг бий. Бэрхшээлийн өмнө сөхөрч, гачигдал зовлонд нугараагүй, гайхамшигт алдар суутнуудын амьдралын алтан хуудсыг энэ номд баринтаглав. Хүний гар харж, хэн нэгнээс тусламж гуйж суухын оронд биеэ дайчлан, эрслэн тэмцсэн хүн түүнийхээ үр шимийг хүртэж, алдрын оргилд гардгийн бодит жишээг харуулсан жишээ бол суутнуудын түүх юм. Алдарт барималч Б.Микелонжело 89 настайдаа урлах ажлаа хийсээр л байж.
Заналт дайсны хүйтэн илд, хоолой дээр нь бууж байхад 75 настай буурал эрдэмтэн Архимед: -Зургийг минь, зургийг минь бүү балла… гэж халагласан гэдэг.
Одон оронч Г.Галилей 98 настайдаа шашны шүүхэд дуудагдан, шинэ нээлт хийх гэж тэмцэлдэн туурвиж л байж. Гэтэл зарим нь тавь гараад л “Хөгширсөн би, одоо юугаа хийх билээ” гээд тэтгэвэр горьдож суудаг. Г.Галилейтэй харьцуулбал 4О жилийн өмнө тэтгэвэрт гарах нь байна.
Биеийн тамираар байнга хичээллэдэг Сократ 73-тайдаа өглөө эртлэн босож гүйн, савлуурт суниахдаа 27-той залуугаас дутахгүй байсан гэдэг.
Ж.Байрон багадаа эмгэг өвчтэй, сул биетэй, доголон хүүхэд байсан ч биеийн тамирын дасгал сургууль тасралтгүй хийсний үрээр өвчнөөсөө салж, чилгэр сайхан эр болж, Дарданеллийн хоолойг хөндлөн сэлж гараад олныг шагшуулж байжээ. Хатуужил тэвчээр амжилтад хүргэдгийг эндээс харж болох юм. Хэрэв тэр өөртэй ингэж анхаараагүй бол XIX зуунаас хойш алдар нь цуурайтсан их зохиолч болох байсан гэж үү?
Бальзак шөнөжин сууж ажилладаг байсныхаа хүчээр “Хүн төрөлхтөний комеди” хэмээх хоорондоо холбоо бүхий 96 роман, бусад зохиолуудаа бичиж, алдар нэрээ дуурсгажээ.
Арабын үгсийн сангийн талаар эрдэмтдийн ярианд оролцож суусан хэл шинжээч нэгэн ихэмсэг хүн нэвтэрхий тольч Авиценнд хандан,
-Чи гүн ухаантан, эмч болохоос бус, үгсийн сангийн талаар ярих чиний үг яахин жин дарж чадна гэж дайран өгүүлжээ. Энэ үгийг Авиценн тайвнаар сонсоод, дуугүй өнгөрөөв. Тэр гурван жилийн турш арабын үгсийн сангийн талаар толгой өндийхгүй судалж, гурван боть ном гаргаж олныг шагшуулав. Арабын үгсийн санг судлагчдаас хэн ч Авиценны өндөрлөгт хүрч чадаагүй гэдэг.
“Ажлаа хурдан амжуулъя гэж бодож байвал, бушуу явж өөрийн гараар хий” гэдэг үг байдаг. Тийм болохоор сайхан амьдрал хүсэж байгаа хүн, сайхан хөдөлмөрийг хүсэхээс өөр аргагүй.
Өнчин дүү нараа тэжээх гэж өдөржин ажиллаж байсан Л.Бетховен зөвхөн шөнийн цагаар уран бүтээлээ туурвиж дэлхий дахинд нэрээ алдаршуулсан түүхтэй. Эзгүй арлын эрэг дээр хаягдсан залуу далайчин А.Селькирк 1500 гаруй шөнийг ганцаараа өнгөрүүлсэн юм. Бүтэн дөрвөн жил, дөрвөн сар ганцаар амьдарсан түүний тэвчээр бас л сургамжтай.
Алдарт жуулчин Р.Пири Умард туйлыг нээхийн тулд 27 удаа оролдож, Арктикийн цас, мөсөн дунд 18 жил амьдарсан байдаг. Мөсөн ангал, хүйтэн жавар, цасан шуурганаас шантралгүй Гренландын хамгийн өргөн талбайтай хойд захын цэгүүдийг тодорхойлж, томоохон мөсөн оргилуудыг нээж, Арктикийн олтригийн хамгийн хойд зах болох Грантын газраас мөсөн дээгүүр Умард туйл руу нохой хөллөсөн чаргаар аялалд гарч, хөлөө хөлдөөж, долоон хуруунаасаа салсан ч тэр шантраагүй юм. Хамгийн сүүлд 53 настайдаа 30 гаруй нохой хөллөсөн чаргаар гарч, элдэв түмэн бэршээл туулсаар зорьсондоо хүрч, Арктикийн мөсийг тодорхойлж, Америк, Гренланд, мөн Умард туйлын хооронд хуурай газар байхгүй, далайн их хэмжээний ус байдгийг анх тогтоожээ.
Ф.Шиллер эзэрхэг хатуу дэглэмтэй цэргийн академийн анагаах ухааны ангид сурч байхдаа гүн ухаан судалж, зохиолоо бичиж л байж.
Ажиллахын зэрэгцээ эрдэмд суралцаж, 6 цагаас илүү унтахгүй, тогтмол бичиж шаргуу туурвиж, Английн бүх хэвлэлийн газар луу зохиолоо явуулж цөхрөөд, сүүлдээ Австрали, Канадын хэвлэлийн газарт илгээгээд ч амжилт олоогүй Б.Шоу шантрахгүй бичсээр л байсныхаа шимийг хүртэж Нобелийн шагналт зохиолч болсон билээ.
Н.Гоголь Италид цөллөгт байхдаа алдарт “Амьгүй албат” зохиолоо бичжээ.
Т.Кампанелла 20 жил шоронд суухдаа зурхайн ухааныг судалж нээлт хийж байжээ. М.Ганди Африкийн шоронд тамил хэл, Иервадын шоронд урду хэл сурч, гүн ухаан судалж байжээ.
Юуг ч хийсэн шалтаг тоочиж суух хэрэггүй нь жишээ энэ юм. Энэ ч болохгүй, тэр ч бүтэхгүй гэх нь өөрийгөө л мохоож байдаг болохоос биш, тэмцэл зүтгэл дандаа хишиг, буян дэлгэрүүлдгийг дээрх суутнууд харуулсан мэт санагдана.
Номхон далайг нээж, дэлхийг анх удаа тойрсон алдарт жуулчин Ф.Магеллантай хамт аялж явсан хэсэг нөхөд шантран замаасаа буцжээ. Эргэж ирснээ зөвтгөхийн тулд тэд түүнийг урвасан гэж хэлээд, ар гэрийнхнийг нь өлбөрч үхэхэд хүргэжээ.
Алдарт хөгжимчин Н.Паганинийг тайзан дээр гарах үед нь хорон санаатнууд хийлийнх нь нэг утсыг хэрчиж орхисон байжээ. Гэвч тэр ганц утсан дээр төвөггүй тоглож олныг шагшруулж явжээ. “Эхнэрийнхээ өлөн гэдсээр хийлийнхээ утсыг хийсэн”, “Чөтгөр шүглэсэн хийлтэй” гэх мэтээр атаачид Н.Паганинийг насан туршид нь гүтгэж байсан ч тэр гайхалтай аялгуугаа үлдээж чадсан юм.
У.Гарвей цусны эргэлтийн хуулийг нээхийн тулд эхлээд өөр дээрээ туршиж байсан гэдэг. Гэтэл худал хуурмаг явдал гэх хүн цөөнгүй байсан аж.
Америк тивийг нээсэн алдарт жуулчин Х.Колумбыг шинэ арал нээчхээд байхад нь “юу ч хийсэнгүй” гэж баривчилж, “Харьцагуйн онол”-ыг судалж байсан их эрдэмтэн А.Эйнштейнийг “залхуу” гэж байсан хүмүүс ч байдаг.
Хийж бүтээхэд энэ мэт саад, тотгор бишгүй ч гэсэн түүнийг даван туулсан хатан зориг л амжилтын алтан жолоог атгах ажгуу.
М.Сервет 4 настай бичиг үсэг сурч, 14 настайдаа эзэн хааны “итгэлт” нарийн бичгийн даргын албанд томилогдож байжээ.
В.Моцарт гуравтайдаа төгөлдөр хуур сурч, дөрөвтэйдээ анхны хөгжмөө бичиж, наймтайдаа анхныхаа симфони болон хийлийн сонатуудаа бичиж, арван хоёртойдоо дуурь зохиосон байдаг.
Б.Паскаль бүхэл өдөржингөө геометрийн дүрсүүд зурж, гурвалжин, параллелограмм, тойрог гаргаж, шулуун замыг “саваа мод” тойргийг “дугуй” параллелограммыг “урт дөрвөлжин” гэх мэтээр өөрийнхөөрөө нэрлэдэг байжээ. Ийм замаар гурвалжны өнцгийн нийлбэрийн тухай теоремд хүрч, томъёолсноор барахгүй түүнийг өөрийнхөө аргаар баталсан байжээ. Тэгэхэд Паскаль 9 настай байж.
Цахилгаан цэнэг нээж, аянга, цахилгаан, гэрлийн үзэгдэл, металлын дулаан дамжуулах чанар, усан доторх дуу чимээний үзэгдлийг судалж, аянгаас хамгаалагч, хотын гэрэлтүүлэг зэрэг олон зүйлийг шинээр санаачилж, АНУ-ын анхны үндсэн хуулийн төслийг зохиосон Б.Франклин таван наснаас эрдэм сурч эхэлсэн бөгөөд ажил хийхийн зэрэгцээ боловсорч байжээ.
Математикч Д’Аламбер сүмийн үүдэнд орхигдсон хүүхэд байсан болохоор бие султай дорой биетэй байсан ч 3 настайгаасаа сурч эхэлсэн байдаг.
Алдарт физикч А.М.Ампер 13 настайдаа “Дугуйн квадратурын бодлого” хэмээх анхны эрдэм шинжилгээний бүтээлээ Лион хотын академид хэлэлцүүлж байжээ.
Эрэлхэг жуулчны тухай ном уншсан бяцхан хүү, туйлчин болоход эрэлхэг зориг, эрүүл чийрэг бие бялдартай байх хэрэгтэй гэдгийг ойлгож, биеэ чийрэгжүүлэхийн тулд мөстэй усанд орж, хүйтэн шөнө цонхоо нээж унтдаг болжээ. Гүйх харайхад дургүй байснаа больж, зундаа хөл бөмбөг тоглож, өвөлдөө цанаар гулссаар удалгүй Норвегийн шилдэг цаначдын нэг болсон байна. Энэ хүү бол Өмнөд туйлыг нээсэн алдарт жуулчин Р.Амундсен байсан юм.
Эдний түүхээс харвал: “Миний хүүхэд нялх байна. Юм ойлгох болоогүй, том болоод ойлгоно” гэж суух нь хүүхдийнхээ өсөлт хөгжилд саадтай юм даа гэж бодогдмоор.
Их удирдагч Ж.Неру, арван хэдэн настай байсан охин Индира Гандигаа түүхийн өргөн мэдлэгтээ болгохын тулд “Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл” номоо гяндангаас захидал хэлбэрээр бичиж, хэсэг хэсгээр нь явуулдаг байж. Охин нь хожмоо Энэтхэгийн ерөнхий сайд болтол дэвшсэн том сэхээтэн болсон билээ.
Арван долоон настай охин Жанна Д’Арк партизаны дайныг удирдаж ялалт байгуулж явжээ. Математикч эмэгтэй С.В.Ковалевскаягийн үед дээд сургуульд эмэгтэй хүүхэд элсүүлдэггүй байж. Арга буюу Берлинд очиж сураад докторын зэрэг хамгаалсан боловч шинжлэх ухааны ажилд эмэгтэйчүүдийн эрх хязгаартай байсан учир Москвагийн их сургууль, Парисын эмэгтэйчүүдийн дээд курсийн аль нь ч түүнийг ажилд авсангүй. Швед улсад очиж эрдэм шинжилгээний бүтээл хийж, Францын шинжлэх ухааны академиас зарласан уралдаанд тэргүүн байр эзэлжээ. Ингэж Софья хэзээ ч эмэгтэй хүнийг ажиллуулдаггүй байсан Оросын шинжлэх ухааны академийн хаалгаар хүч түрэн орж иржээ. Урт үстэй богино ухаантай гэдэг үг үнэн биш болжээ. Эрэгтэй эмэгтэйдээ биш, сурч мэдсэн, хийж бүтээсэн нь дэвжин дээшилдгийн жишээ энэ юм. Энэхүү гайхалтай хүмүүсийн тухай сонирхож байвал “Зовлон туулсан суутнууд” номонд багтсан байна.
Энэхүү номд хорвоогийн хамгийн шударга, мэргэн ухаантны нэг хэмээн алдаршсан Эртний Грекийн гүн ухаантан Сократ, домогт Спартак, өлөн зэлмүүнхэн насыг элээсэн аугаа их хөгжмийн зохиолч Ф.Шуберт, Ромын цэцэрлэгт хүрээлэнд амьдайраа шатаагдсан Ж.Бруно, мөн Аристотель, Фалес, Ли Бо, Ж.Г.Байрон, Л.Бетховен, Ж.Лондон, Б.Микелонжело, А.Навои, Наполеон I Бонапарт, А.Нобель, И.Ньютон, Н.Паганини, В.Г.Белинский, М.Ганди, Н.Гоголь, Б.Франклин, Ф.Достоевский, А.Эйнштейн, М.Саади, Ф.Кастро, Марко Поло зэрэг дэлхийд алдар нэрээ дуурсгасан 120 гаруй алдартны намтар, зурагтайгаа багтсан. Тухайн хүн ямар газар нутагт амьдарч байсныг нь уншихад дөхөм болгохоор тэдний аж төрж, хэрэн бэдэрч, бичиж туурвиж явсан нутаг орны тухай бас бичиж хавсаргав.
Жанна Д’Арк 19, Галуа 21, Ш.Петефи 26, М.Ю.Лермонтов 27, С.А.Есенин 30, Ф.Шуберт 31, В.Моцарт 35, В.Ван Гог 37, В.Г.Белинский 37, В.В.Маяковский 37, Ж.Байрон 37, А.С.Пушкин 38, Р.Бёрнс 38, Б.Паскаль 39, Че Гевара 39 , А.Сандино 39 настайдаа хорвоогоос хальсан, дөчийн босго алхаалгүй боловч хийсэн бүтээсэн нь хэмжээлшгүй их. Цагаасаа түрүүлж сэтгэдэг, хүний, үнэний, эх орныхоо төлөө зүтгэж, оройлон явсан манлайлагчдын тухай дэлгэн харуулсан ном болсон. “Бурангуй нийгэм олон алдар суутнуудыг цэл залуугаар нь залгиж байсан гашуун түүх битгий давтагдаасай гэж хүсэхдээ үүнийг сануулга болгож, бас хайрлан дурсаж “Зовлон туулсан суутнууд”-ыг эмхтгэлээ. Тэдний туулсан замнал, бүтээсэн туурвисныг уншихад өнөө үеийн бидэнд үлгэр дуурайлал болох аугаа их бодит сургамж юм. Тэдний түүхэн замнал он удах тусам тодрон гэрэлтсээр байх биз ээ” хэмээн эмхтгэгч номынхоо өмнөх үгэнд бичжээ. Энэ ном сөхөхөд л хорхой хүргэм сонирхолтой хүмүүсийг түүвэрлэжээ. Номыг эмхтгэгч “Нэгэн үед нүд үзүүрлэгдэж явсан хүмүүсийг нэхэн дурссан хэрэг. А.Гитлерийн ухааны магтаж, Садам Хусейны хөшөө сүндэрлэх цаг ирнэ гэдэгт би огтхон ч эргэлзэлгүй итгэдэг. Үүн шиг олон зуун жил адлагдаж явсан хүмүүс энд олон бий” гэсэн нь үнэн аж. Энд ёстой л зовлон туулсан, түүнийгээ сөхөрч шантралгүй даван гарч, алдар нэрээ үлдээсэн хүмүүс юм.
Тал бичээч: Да.Жаргалсайхан
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
Том сургамж боллоо
БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээл дээр хамгийн бага үнийг тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Өөрийн моргейжийн барааг зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com
зүйтэй үнэхээр сургамж авах хүмүүс шүү