/Зүүн гар талаас/ Ч.Батбаяр, Б.Чингүүн, Б.Ганболд, Ш.Доржсүрэн, Ч.Ганзориг, П.Дэлгэрбаяр
Зургаан найруулагч нэгдэн тус бүр "Карма буюу Үйлийн үр" сэдэв дор богино хэмжээний уран сайхны кинонуудыг нэг бүтээл дор нэгтгэн антологи кино хийх гэж байна. Кино төслийн санаачлагыг "Ноён Капитал" ХХК-ийн захирал О.Намжимбаатар гаргасан бол төслийн продюсераар "Монгол Контент" ХХК ажиллана.
О.НАМЖИМБААТАР: ХЯЗГААРГҮЙ ҮНЭН ХУДЛЫН ДУНД ГАГЦХҮҮ ҮЙЛИЙН ҮР ОРШИНО
/Кино Төслийг Санаачлагч /
-Та яагаад ийм сэдвээр төсөл санаачлах болсон бэ?
-Үйлийн үр бол өргөн сэдэв. Зургаагаар тогтохгүй 60 найруулагч хийсэн ч том сэдэв. Гэхдээ зургаан найруулагч тус бүр 15 минутын кино хийснээр зургаан өөр өнцгөөс хийсэн бүтээлийг нэг бүрэн хэмжээний киноны цаг хагасын хугацаанд үзэх боломжтой. Бид "Хязгааргүй үнэн худлын дунд гагцхүү үйлийн үр оршино" гэсэн үгээр төслийнхөө санааг илэрхийлж байна.
Киноны хугацааг 15 минут гэж өгсөн ч хэлэх гэсэн санаагаа заавал энэ хугацаанд багтаа гэхгүй. Найруулагчийн санааг энэ хугацаагаар цензурдэх ёсгүй гэж бодож байна. Бид киногоо шинэ жилээр гаргахаар төлөвлөж байна.
Найруулагч Ч.Ганзориг
Ч.ГАНЗОРИГ: РОМАНСЫГ ДРАМААС ЯАЖ ЯЛГАХ ВЭ ГЭЖ БОДОЖ БАЙНА
/Сугалсан жанр-РОМАНС/
-Та яагаад энэ төсөлд нэгдсэн бэ?
-Энэ нэгдэл эрт орой хэзээ нэгэн цагт болох л байсан. Бид хоорондоо ярьж, энэ аргачлалаар уран бүтээл хийхийг хүсдэг байсан ч хэрэгжүүлж байгаагүй. Миний хувьд "Карма буюу Үйлийн үр" төсөлд оролцох болсон нь завшаантай хэрэг. Учир нь төслийн үр дүнд өөрийгөө хаана яваагаа мэдэх боломжтой.
-Та сугалсан жанртаа сэтгэл хангалуун байна уу?
-Би инээдмийн ч кино, романс ч хийх гэж оролдож байлаа. Энэ удаа романс надад бусад найруулагч нарын сонгосныг бодвол арай хөнгөн туссан болов уу. Гэхдээ романсыг драмаас яаж ялгах талаар бодож байна. Өөртөө маш хариуцлагатайгаар айдастай хүлээж авсан нь үйлийн үр сэдэв дор романс жанрыг хослуулж, санаагаа 15 минутад сонирхолтойгоор ойлгуулах ёстой.
Богино хэмжээний, бүрэн хэмжээний, олон ангит кино гээд хэлбэр нь өөр ч ялгаагүй их хөдөлмөр ордог. Энэ салбарт голдуу 10-20 жил ажилласан мэргэжлийн найруулагчид оролцож байна. Бид өөрийн гэсэн хэлбэр хийцтэй байхаас гадна давхцуулалгүйгээр хэрхэн хийх вэ гэдэг дээр бодол санаагаа уралдуулж байна. Үйлийн үр сайн ч бай, муу ч бай хүний эхлэл цэг, төгсгөл цэгийг аль болох сонирхолтойгоор харуулахыг зорьдог.
-Үйлийн үр шашинтай холбоотой юу?
-Холбож болно нээлттэй. Их өргөн утга агуулгатай ойлголт.
Найруулагч Ч.Батбаяр
НАЙРУУЛАГЧ Ч.БАТБАЯР: ТРИЛЛЕР ЭСВЭЛ ЭРОТИКИЙГ СУГАЛЧИХГҮЙ ЮМ САН ГЭЖ БОДОЖ БАЙЛАА
/Сугалсан жанр-Биограф/
-Таны бодлоор үйлийн үр гэж юу вэ?
-Хүний амьдралын алхам тутамд байнга дагаж явдаг юмыг үйлийн үр гэдэг. Энэ төсөл надад их сонирхолтой, таалагдсан учраас итгэлтэйгээр орсон. Хүмүүс нэг дор зургаан өөр хүний бүтээлийг нэг дор базаад үзчихнэ гэдэг их сонирхолтой. Ийм шинэлэг байдлаар нэгдэж чадсанд баяртай байна.
-Та өмнө нь био буюу намтарчилсан жанраар кино хийж байсан туршлагатай байх аа?
-Урьд нь би бодит хүний тухай "Зүүдний үргэлжлэл" гэж кино хийж байсан. Мөн өнгөрсөн зун Монголд амьдардаг Солонгос хүний тухай киноны зохиол бичиж дуусгасан. Ер нь био жанраар кино хийх бодол ч байсан, иймэрхүү зохиолууд бичиж байсан учраас надад ойрхон санагдсан. Энэ жанрт заавал бодит хүний тухай байх албагүй л дээ.
-Та ямар жанрыг битгий сугалаасай гэж бодож байсан бэ?
-Триллер, эротик хоёрыг сугалахгүй байх юм сан гэж бодож байсан.
Найруулагч Ш.Доржсүрэн
Ш.ДОРЖСҮРЭН: БИД НИЙГЭМД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨГӨӨ НЭГДҮГЭЭРТ ТАВЬЖ БАЙНА
/Сугалсан жанр-КОМЕДИ/
-Монгол 3 сая хүн амтай хэрнээ кино үйлдвэрлэл хөгжиж байгаа орон. Энэ дундаа найруулагчдын ур чадвар хөгжиж байна. Үзэгчдэд зургаан өөр өнцгөөр харсан зургаан талстыг нэг дор сэдвийн дор үзэх боломж нээгдэж байна. Сугалааны дагуух жанраар хийнэ гэдэг найруулагчдын хувьд сорилт.
Кино бизнесийн талаа агуулдаг ч бид нийгэмд үзүүлэх нөлөөгөө нэгдүгээрт барьж байна.
-Комедиг танд яг таарсан жанр гэж хүмүүс харж байгаа байх?
-Найруулагчийн хувьд инээдэм гэсэн сонголтыг хийхгүй байгаасай гэж бодож байлаа. Гэтэл надад тэгээд таарчихлаа. Би насан туршдаа "инээдмийн" хүн явах юм байна л даа. Гэхдээ үзэгчид мэдэх байх. Сүүлийн 10-аад жилийн хугацаанд манай "ДОЗ энтертаймент" инээдмийн төрлөөр ажилласангүй. Гэхдээ үйлийн үр гэдэг сэдвийг инээдмийн байдлаар үзүүлэх нь их хүч хөдөлмөр, оюун ухаан сорих байх.
Найруулагч Б.Ганболд
НАЙРУУЛАГЧ Б.ГАНБОЛД: ҮЙЛИЙН ҮР БОЛ ТУЙЛЫН ШУДАРГА. ҮНЭН БА ХУДАЛ ГЭЖ БАЙДАГГҮЙ
/сугалсан жанр-ЭРОТИК/
-Танд үйлийн үрийг өмнө нь ямар нэг байдлаар илэрхийлэх юмсан гэсэн санаа байсан уу?
-Үйлийн үр гэдэг асар том сэдэв. Хүн төрөхөөс эхлээд үйлийн үртэй учирдаг. Сайн, муу, хар ба цагаан гэсэн хоёр талтай. Хүн төрснөөрөө үйлийн үрийнхээ эхний алхмыг хийж байна. Магадгүй үйлийн үр хүний ар дагзан дээр магнай дээр дагаж явдаг.
Жанр сугалах нөхцөлд би нэлээн эмээж, комеди битгий сугалчихаасай гэж бодож байлаа. Комеди ирвэл үйлийн үр. Гэтэл эротик сугалсан. Энд баярлаад дэвхцээд байх нь хаашаа юм. Нэг ийм мэдрэмж төрсөн. Эротик хийхээр үйлийн үрээ яаж харуулах уу, үйлийн үрээ хийхээр эротикоо яаж харуулах уу гэж. Хоёуланг нь хослуулах ёстой.
Би заавал юмыг ил гаргаж тавих ёстой юм уу, хүнд бодогдуулах ёстой юм уу. Энэ бол миний тархины хэмжээ. Хүн тархиныхаа хэмжээгээр сэтгэж бодож, ариусдаг. Магадгүй тэр чинээгээрээ хүн хөлөө олдог гэж ойлгодог. Амьдрал гэдэг өөрөө үйлийн үр.
Хүн хүнтэй эвцэлдсэнээрээ ямар үйлийн үрийг дараа нь эдэлж болох вэ? Сайн юм уу, муу юм уу? Үйлийн үртэй учирна гэж хүн ханилдаггүй байх. Гэтэл тэр нь эргээд нэг сайхан хайрын үйлийн үр болдог ч юм уу.
-Таны үзүүлэх 15 минут их ээдрээтэй эсвэл таамаглашгүй байх болов уу?
-Би юу хийхээ ч мэдэхгүй байна. Бодвол миний санаанд нэг юм орж ирэх байх. Надад үүнийг аль өнцгөөс хийвэл эвтэй вэ, ур чадвар шаардах вэ гэж бодож байна.
Их сонин юм мэдэрсэн. Би "Намаг" гэж нэртэй эротик киноны зохиол гаргасан. Тэгсэн чинь тэнгэр намайг эхлээд чи үүнийг хийгээдэх гэж надаар эротикийг сугалуулсан байна шд. Сонин байгаа биз. 15 минутад эротик жанрын богино хэмжээний кино яаж хийхийг чинь харъя гэж тэнгэр намайг зааж, миний гарыг тийш нь явуулсан байна. Би сонин өнцгөөс хийх гэж, гайхалтай найруулагч болох гэж оролдож байгаа юм биш. Хүнд хамгийн ойрхон юм ямар эвгүй хүрдэг юм бэ гэдгийг харуулах гэж хичээж байна.
-Б.Ганболд найруулагчийн онцлог яг юун дээр илрэх вэ?
-Мэдэхгүй ээ. Тухайн үед миний тархинд ямар мэдрэмж сууна. Тэр мэдрэмж хэрхэн цаашаагаа хувилагдаж, тэрийг зохиол дээрээ олж харж байгаа онцлог л тэр байх. Наана нь би яг энэ өнцгөөр хийнэ гэсэн сэтгэл, мэдрэмж, уран бүтээлчийн эрэл хайгуул, яг энэ зөв гэсэн юм байхгүй. Н.Жанцанноров гуай "Үйлийн үр бол туйлын шударга. Үнэн ба худал гэж байдаггүй. Сайнаар ч бай муугаар ч бай шударга" гэж хэлж байсан.
Энэ төсөлд хамрагдаж байгаа найруулагчдад амжилт хүсье. Дор дороо бид хичээж ажиллах болно. Бид гайхамшиг бүтээх гэж байгаа биш. Оюун ухаан, мэдрэмж, тэр бүгдээ энэхүү төсөл дээр цогцлоох байх гэж бодож байна.
Найруулагч Б.Чингүүн
Б.ЧИНГҮҮН: НИЙГМИЙН СӨРӨГ ТАЛЫГ ХАРУУЛСНААР ЭЕРГЭЭ ӨНДИЙЛГӨДӨГ БОЛОВ УУ ГЭЖ БОДДОГ
/Сугалсан жанр-ТРИЛЛЕР/
-Миний үеийн шинээр гарч ирж байгаа өөрийн гэсэн арга барилтай, үзэл бодолтой найруулагч олон байна. Тэр дундаас энэ төсөлд таван найруулагчтайгаа зэрэгцэн "Карма буюу Үйлийн үр" төсөл дээр орж байгаа нь залуу хүний хувьд маш том шалгуур. Туршлагатай таван найруулагчтай мөр зэрэгцэхүйц сайхан бүтээл хийж, карма гэсэн сэдвийг өөрийн өнцгөөс харуулах ажилд ханцуй шамлан орохдоо тодорхой хэмжээний айдастай байсан боловч баяртай байна.
-Сүүлийн үед хүчирхийллийн гэмт хэргүүд гарах болсонтой холбоотойгоор хүмүүс уран бүтээлчдийг их цус нөж, хүчирхийлэл харуулах юм гэж шүүмжлэлтэй хандах болсон. Хүчирхийлэл харуулахгүйгээр энэ зүйлийг хийж болдоггүй юм уу гэсэн шүүмжлэлийг юу гэж хүлээн авч байна вэ?
-Цус нөж алаан хядаан харуулахгүйгээр хийж болно. Гэхдээ сөрөг талыг харуулснаар эергээ өндийлгөдөг болов уу гэж боддог. Уран бүтээлчид, найруулагчид, кино урлаг, дуу хөгжим бүх юм дандаа нийгмээсээ урагшаа тав алхаж явах ёстой. Тэр утгаараа бидний хийж байгаа энэ төсөл нийгэмд тодорхой хэмжээний мессеж өгөх болов уу. Триллер жанр бусад найруулагчдын бүтээлийг бодвол хүчирхийлэл харагдаж болно. Гэхдээ хэлэх гэж байгаа санаа нь яг л бусдын адил аливаа муу юмнаас сэргийлсэн, ийм байж болохгүй шүү гэдэгт оршино.
-Та урьд нь богино хэмжээний триллер хийж байсан туршлагатай. Тэгэхээр сугалсан жанртаа сэтгэл хангалуун байна уу?
-Бид зургаан найруулагч 12 жанраас сугалах даалгавар авсан. Түүхэн, экшн гэх мэт үүнийг л битгий сугалаасай гэсэн жанрууд байлаа. Азаар триллер таарсан. Энэ жанртаа би сэтгэл хангалуун байгаа. Найруулагч болгон өөрийн өнцгөөс харуулна. Миний сугалсан жанрт юу тарина тэрийгээ хурааж авна гэдэг шиг хүн муу юм хийвэл өөрт нь муу юм болдог гэдгийг триллер хэлбэрээр харуулна. Жанраасаа шалтгаалаад цус, аллага гэх мэт үзэгдлүүд орох байх.
-Үйлийн үрийг та өөрийнхөөрөө тайлбарлавал?
-Үйлийн үр хүн болгон амьдралд заяадаг. Өөрийнх нь тарьсан үйлийн үр ч байж болж байна, эсвэл эцэг өвгөд, ээж аавынх нь ч үйлийн үр байж болно. Байгаль дэлхий, адгуус амьтанд буруу хандахаас эхлээд олон янзын үйлийн үр бий. Энэ нь тухайн хүнд эсвэл хүүхдэд нь ирж болно.
Миний 15 минутын кинонд зургаан жүжигчин тоглоно. Дөрвөн гол дүр, хоёр нь туслах дүрийн жүжигчин.
Туршлагатай, кино урлагт хийсэн бүтээсэн юмтай, сайхан уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн оролцож байгаадаа баяртай байна. Бусад найруулагчдын хажууд залуу үеийн ургаж яваа найруулагч ч гэсэн богино хэмжээний олон кино хийсэн. Бараг 10-аад жил богино хэмжээний кино хийж түүгээрээ туршлагажиж, өөрийнхөө арга барилыг мэдсэн. Тэр утгаараа сайхан уран бүтээл гарна гэдэгт итгэлтэй байна.
Найруулагч П.Дэлгэрбаяр
П.ДЭЛГЭРБАЯР: НАДАД ТӨРТ ЁСНЫ ТУХАЙ ДУУГАРЪЯ ГЭСЭН САНАА ОРЖ ИРСЭН
/Сонгосон жанр-ДРАМ/
-Саяхан та "Илд цэцэг" киноныхоо нээлтээ хийлээ. Залгаад шинэ уран бүтээлд орж байна?
-Шинэхэн уран бүтээлтэй найруулагч нь би байх. Яг энэ халуун дээрээ надад төрт ёсны тухай дуугараад үзье гэсэн санаа орж ирсэн. Киногоо драмын хэлбэрээр 15 минутад багтааж хийх ёстой. Энэ хугацаанд өөрт байгаа туршлага авьяасаа шавхаад уран бүтээл дээрээ ажиллана гэж бодож байна. Энэ төсөлд сонгогдсондоо их баяртай байна.
Богино хэмжээний кино гэдэг хугацаанаас нь хамаарч нэрлэсэн нэршил болохоос биш бүрэн гэдэг нь бүтэн болчихсон, нөгөөх нь дутуу гэсэн утга бол биш. Энэ бол маш богинохон хугацаанд бүрэн хэмжээний кино хийх асуудал. Мэдээж нэг үйл явдалд нэг санааг ойлгуулахын тулд тэр хугацаанд ажиллаж байгаа хэлбэр.
"48 цаг" кино наадамд түрүүлж байсан. Олон улсын кино наадамд оролцож байсан гэдгээрээ зарим найруулагч нараас туршлагатай байж магадгүй. Түүнээс уран бүтээл болгон шинэ байдаг. Дандаа туршлагатай найруулагч нар орсон байна. Бид сарын хугацаанд хийнэ. Өдөр тутам хугацаа нь багасаж байна. Миний хувьд зохиолоо боловсруулах ажил дээр явж байна. Хэзээ зохиолын үр маань задарч бичигдэхийг тааж хэлэхэд хэцүү. Жүжигчдээ дотроо бодчихсон. Иймэрхүү дүр ийм үг хэлэх юм байна гэдгийг одоо л харж байна.
Сэтгэгдэл ( 1 )
ayro sudlaachaas medleg olj buteelee hii