МЭНД ЭГЧ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 06

  Та бүхний сэтгэл оюуны алжаалыг тайлахад зориулан Төрийн шагналт, Ардын уран зохиолч Балжирын Догмидын нэгэн сайхан өгүүллэгээр бэлэг барьж байна. Зохиолч маань утга уянгын шинэ шинэ өгүүллэгээ туурвин оюуны өргөөндөө тухлан буй билээ. Түүний энэхүү өгүүллэг шинэхэн хэвлэгдсэн  "Туулайн тал" номонд нь багтжээ.


Гониогийн манай хоёр олон жил хаяа хатган айлсч, хүн малгүй ижил дасал болсон байлаа. Ганц удаа салж нүүсэн чинь нохой маань хүртэл хоёр гэрийн хооронд гүйгээд сүүдэрт хэвтэхээ больсон тул дахин эргэж айлсав.

Өгүүлэх нь:
Гонио гэдэг маань дуу цөөтэй, үргэлж ямар нэгийг хайж, түүнийгээ олохгүй байгаа юм шиг өлөн атлаа цөхрөнгүй нүдтэй өвгөн. Орос дарь шиг цоохор нүүр нь чийгтэнэ гэж үгүй. Хөгшнийг нь Цэзэнбадам гэх. Цаг ямагт будаатай цай ууж, хөлс нь гоожоод ундрам хөөрөг шиг гялтганаж суудаг бүдүүн хүрэн авгай. Гэрт, гадаах бүхий л ажлаа Цэзэнбадам гуай амжуулах бөгөөд Гонио хүн хүнээс эрт босовч ёсоор хувцаслаж малгайгаа хүртэл өмсчихөөд л орныхоо хөлд чавганц суудлаар сууж тамхи нэрээд өдрийг өнгөрөөнө. Өдөржин гадаа уяатай байдаг номхон ухаа морь дөрвөн хөлийг нь хүүхэд сүлжин тоглоход ялаархахаа хүртэл больчихоод сүүлээ шарваж байдаг буянтай амьтансан. Мэнд эгчийг байхад уяанд нь морь тасардаггүй, жашин хаалганы нь суран түгжээ тэсдэггүй байснаа түүнийг Баянтүмэн рүү цэргийн дарга дагаж явснаас хойш тэдний хаалгыг нь шөнө байтугай өдөр татах хүн бараг үгүй болжээ. Гэртээ хүн орохгүй болохоор Гонио бас өшөөнд нь айлд орохгүй гэж тангараг тавьсан юм шиг хаашаа ч үл хөдөлнө.
Нэг өдөр нууран дээрээс ирвэл Гониогийн гадаа "штонх" хэмээн хурдан ногоон тэрэг хурц наранд улайдаж, хигээс төмөр нь гялтганан зогсоно. "Мэнд ирсэн" гэж ээжийн хэлсэн үг цагаан сар болсон шиг санагдахуй санд мэнд Гониогийнд гүйж орвол нээрээ л чихрийн цаас, хөх пүүшигний иш хоёр тоймгүй. Нэг их хол газрын үнэр, нар шингэх үеийн зээргэнэт хөндийн салхи сэнгэнэнэ. Мэнд эгч зүүн орон дээр гараа хумин цомцойн суух бөгөөд нэгдүгээр ноолуур шиг сэмбэгэр цагаан малгай тавьж сумыг нь хүртэл гурав эмжсэн үзмэн ягаан пүүсүү дээлтэй нь манай энд ганган гэгддэг сургуулийн багш Үрлээгээс хэд дахин гоё. Хоёр хөлөө ээлжлэн ачиж суухад ултай торгон савхи нь мөсөн чихэр идэж байгаа юм шиг чихран дуугарна. Царай нь ихэд зөөлрөн баруун хацар дээр нь шинэ мэнгэ ургажээ.

Гониогийнх зүүн талынхаа орыг банз нэмэн өргөсгөж, тэдний л авчирсан бололтой эрээн бүтээлгээр бүтээсэн нь хацраа наагаад баймаар зөөлөн сэвсгэр, ер Гониогийн зүүн тал гантай жилийн баян бүрд шиг элбэг дэлбэг өнгө хуар хосолжээ.

Мэндийн нөхөр галпийтай өмд, хромон гуталтай, тэвхгэр бор хүн гэрийн баруун талд гарч зогсоод цэрэг цамцныхаа энгэрийг задгайлан сэвж салхи урин исгэрнэ. Мэнд ухасхийн босоод баруун зүүн гараар ээлжлэн унь тоолсоор гарч нөхрийнхөө дэргэд ирээд гэдсээ татан цээжээ түрж суниав. Мэнд эгч намайг ирсэн өдрөө таньсангүй.

Тэр орой хонио нартай хотлуулж, хоёр гэрээр хонь гарган айл саахалтын хүмүүс бууж, эсгий хийхийн дайтай наадам болов. Гонио согтчихоод нөгөө дуугүй хүн хаа байх вэ, Пунцаг баяны хурдан хээрийг дахиад наадамд түрүүлж чадахгүй гэж хүртэл зориглон хэллээ. Үүнийг сонссон хүмүүс ичсэн могойд өвөл хатгуулсан юм шиг жигтэй хачин болцгоож уурлах, инээхийн аяыг олохгүй сандарцгаав.

Маргааш өглөө нь Мэнд нөхөртэйгээ эрт босч хамаг торхтой усаар нүүр цээжээ угаасан тул Цэзэнбадам гуай манайхаас цайны ус авлаа. Буцахад бензин тос хүрэхгүй болуужин гэхдээ хурдан ногоон тэргээ бараг унахгүй, гэрийн гадаа сүүдэр дагуулан тавих бөгөөд цай уумагц л нуурын зүг шүхэр барьж явгаар одно. Маашинтай даавуун шүхэр сархийтэл дэлгэгдэхэд нуурын шувууд үргэн нисэлдэж номхон ухаагийн нүд хүртэл хоромхон сэргэдэг байлаа. Халуун болоод ч тэр үү, аль эсвэл хурц наранд гандаж зэврэхээс хамгаалсан ч юм уу, нөхөр нь алтан ногоон одон тэмдэгтэй дарга цамцаа өмсөх нь ховор. Үргэлж л ханын толгойд өлгөөтэй байх цамцыг би тэднийг нуур луу явсан хойно л одон тэмдгийг нь дураараа үзэж арынх нь дугуй эргэдэг юмыг эргэдэн суллаж үзээд буцаан чангалдаг байлаа. Би дайчин ялалт, цэрэг хүний хатуу амьдралыг жаахан зүрхэндээ багтааж ядан мөрөөсч гэрийн сүүдэрт бензин ханхлуулан зогсох хурдан ногоон "штонх"-ыг харахаараа нойрмог нүдтэй номхон ухаа моринд шал дургүй хүрнэ.

Мэнд нууран дээрээс ирэхдээ хонинд яваад ирсэн мэт их л ялархуу байдалтай байх бөгөөд мах өшиглөж нурман дээр тавьсан цайнаас уугаад орон дээрээ цомцойн сууж, саахалтын айлаас надаар авчруулсан мандолиндаа ямар нэгэн хөөрхөн ая оруулж ядна. Тэр орж ядан байгаа аяыг нь чагнаад байхаар "штонх" тэргэн дээр харайлгах гэж байн байн ирээд ямагт шилбүүрдүүлэн хөөгддөг эрх хөх ишиг санаанд орно. Нөхөр нь хромон гутлаараа хана дөрөөлөн эхнэрийнхээ цаагуур хэвтээд ном уншина. Мэндтэй багадаа хонь хурганы бэлчээр, худгийн довцог дээр тоглож явсан харцуул хааяа давхин ирэвч хүүхний тоомжиргүй харц, ханын толгойд өлгөөстэй ширэн савтай гар буу хоёроос дөлсхийн мордоно.

Ирсэн хүнийг явмагц Мэнд:
-Саяын нэг хөгшин хар юм намайг ширтээд байхад чи тэнэглээд л ном шагайгаад хэвтэх юм. Би наад номноос чинь долоон дор байна уу? Чи ер нь надад хайргүй байх аа гэж тунирхан эрхэлнэ. Тэгэхэд нөхөр нь, 
-Ширтээд байгаа хүнийг чинь би яах юм бэ? Ямар нүдийг нь боолтой биш гэнэ. Мэнд, 
-Энэ муу оронд нь ядаж хөшиг ч байхгүй юм... гэж арга ядсан байдалтай хэлээд толио авч нүүрээ харна.

Манай Арслан нэрт малгайн чинээ сэгсгэр хавыг танимхайран давхиж очиход Мэнд эгч ихэд айн орилж чарлах бөгөөд орж гарахдаа надаар хориулан шанд нь чихэр өгөх нь зугаатай. Өдөр хэрд тэр хоёр нуур руу мориор явах болж, Гонио гуай номхон ухаагаа эмээллэв. Мэнд багын унаа, номхон мориноосоо гэрэвшсэн юм шиг нөхрийнхөө араар орж алчуурынхаа сэжүүрээр амаа таглаж, тээнэгэлзэнгүй алхан очиход цэргийн дарга сэвхийтэл өргөөд эмээл дээр тавьчихав. Мэнд гэнэт их айсан мэт сормуусаа сэрвэлзүүлэн,
-Хүүеэ, энэ чинь эмгэн догшин морь байна, бууя аа, намайг аваач ээ гэж уйлагнахад нөхөр нь ?Яаж байна гэж гайхав. Мэнд, 
-Харахгүй юу? Чих нь хөдөлж байна гээд үг сүггүй ухасхийн нөхрөө хүзүүдэж, дөрөөгүй буулаа.

Нэг өглөө аав минь нууранд ингэ оруулж яваад ирэхдээ их л ууртай бололтой, байн байн тамхи татаж байснаа гаансаа тогшин түрийлээд, 
-За, та нар нүүхэд бэлдэж байгаарай, би урд говь руу тэмээнд явлаа гээд босч ирлээ. Ээж, 
-Юу? гэж лавлав. 
-Нүүнэ гэж байна аа гэж аавыг зандрахад, 
-Танд юу шүглэв ээ? Үүнээс илүү нуур ногоогоор яахав гэж гонгинов. Аав, 
-Нуур ногоо ч яах вэ? Амны усгүй болчихоод байна... Мэндээгийн дагуулж ирсэн тэр нэг хар юм чинь нууранд орчихсон чармай нүцгэн зогсож байна. одоо мэдэв үү?!... гээд гарч одлоо. Би ээжийн дуранг нууж аваад хойд овоон дээр гарч харвал нээрээ л нуурын дунд ганц хонгор адуу шиг юм үзэгдэж, Мэнд эгч шүхрээ барьж, хормойгоо шуун нуурын захад лаг шаварт шигдсэн хөлөө дээр дээр өргөж явах нь цэн тогоруу шиг байлаа.

... Ийнхүү Гониогийнх манайх хоёр нэг удаа салж үзсэн боловч арваад хоногийн дараа тэднийх манай араас нүүн ирж айлсав. Гонио, Цэзэнбадам гуай хоёр их л гэм хийсэн юм шиг харц буруулж дорой дугарах нь өрөвдмөөр...

Гэрийг нь эвсэн дэвсэн барьж тохижуулбал нөгөө чихрийн цаас, тамхины иш, хацраа наагаад баймаар зөөлөн бүтээлэг, одон тэмдэгтэй дарга цамц, хурдан ногоон "штонх" тэрэг цөм үгүй. Гагцхүү гэрт нэмэгдсэн зүйл гэвэл хоймрын улаан авдран дээр байдаг утаанд дарагдсан жижиг гүнгэрвааны шилний цаана Бумцэнд гуай, маршал хоёрын зурагны дунд Мэндийн нөхөртэйгээ авахуулсан патиар шив шинэхнээрээ дурайж харагдана.

Би тэр зургийг удтал ширтэн суусаар бараг л дээлний нь нугалааны тоог мэдэхээр болсон билээ. Нөхрийнхөө дэслэгч погооныг хайрлан илж байгаа мэтээр мөрөн дээр нь гараа хөнгөхнөөр тавьж ард нь эрх энхрий нүдээрээ ялдамхнаар инээслэглэн зогссон Мэнд урт хормойтой хошмог эмжээртэй ханцуйгүй дээл өмссөн нь шалнаа дэвссэн алшаа хивснээс ургасан юм шиг одоо ч миний нүднээ харагдсаар байдаг юм

.

 

Төрийн шагналт зохиолч Балжирын Догмид

 

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дэлгэрмаа(66.181.161.93) 2023 оны 05 сарын 05

Үнэн гоё болсон байна талагдалаа

0  |  0
SHAA(150.129.143.42) 2023 оны 05 сарын 05

iim lalriiin ym

1  |  1
jui(41.85.161.171) 2024 оны 02 сарын 21

Хувь хүн Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Санхүүгийн асуудалтай байгаа, Банкинд хориг тавьдаг, Файлууд, эсвэл танай төслүүдийг холбох санхүүгийн хэрэгцээ байгаа бол,  гэрийн зээл. Бид хувь хүн, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

1  |  0
albaker(93.65.89.201) 2018 оны 01 сарын 06

Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

0  |  0
Top