Өвлийн хүйтэнд дөрвөн бүсгүй ойд төөрч, гэртээ харих замаа эс олно. Яван явсаар ойн цоорхойд нэгэн байшин олж харах бөгөөд яваад орвол аврал эрсэн тэдэнд айлын эзэгтэй зам холгүйхэн байгааг хэлж өгдөг. Гэтэл төд удалгүй тэднийг хачин жигтэй үйл явдал хүлээж байхыг хэрхэн мэдэх билээ...
Энэ бол үйлийн үр сэдвээр бүтээсэн "БУМЕРАНГ" антологи киноны зургаан найруулагчийн нэг Б.Чингүүний "КАРМА" триллер кино юм.
Богино хэмжээний зургаан өөр жанрын /триллер, драм, монодрам, дарк комеди, эротик, романс/ киноноос бүрдэх "БУМЕРАНГ" антологи кинонд найруулагч тус бүр үйлийн үр сэдвээр өөр өөрийн өнцгөөр хэрхэн "дуугарсныг" үзэгч та энэ сарын 26-ны өдрөөс үзэх боломжтой.
Найруулагч Б.Чингүүнтэй "КАРМА" киноны талаар хэсэг хором ярилцлаа.
-"Үйлийн үр" санааг найруулагч кинондоо хэрхэн шингээсэн бэ?
-Би ихэвчлэн драмын төрлийн кино хийж байсан учир триллер жанраар үйлийн үрийг гаргана гэдэг хүнд даваа байлаа. Зохиолоо их удаан бодсон.
Хүн үйл хийгээд түүний үр дагавраас зугтах аргагүй. Ямар ч шашин шүтдэг, ямар ч үзэл бодолтой хүн бай үйлийн үрдээ ороогдож явдаг.
Өшөө авалт бол үйлийн үр юм. Хэн нэгэн чамайг хорлоод, чамд буруу зүйл хийсэн бол эргээд өшөөгөө авч, тэр хүнд муу юм хийх нь өөрөө үйлийн үрийг дууддаг. Тиймээс хэн нэгэн чамд нүгэл хийж, буруугаар хандаж байгаа бол "бурхан өршөөг" гээд өнгөрөөвөл чамд сайн сайхан ирнэ. Хүн зөв үйл хийж, зөв үг амнаасаа гаргаж байвал эргээд бурхан чамайг ямар нэг байдлаар дээрээс дэгээдээд босгоод ирнэ гэсэн утга санааг гаргасан.
Найруулагч Б.Чингүүн
-Дүрүүдийн онцлогийг гаргахад хэрхэн ажилласан бэ?
-Гол дүрийн дөрвөн бүсгүй шинэ үеийн жүжигчид. МУГЖ У.Уранчимэг жүжиг хариуцсан найруулагчаар ажиллаж, тэднийг "эвдэж", дүр, зан араншин дээр ажиллаж байж ялгааг нь гаргаж өгсөн. Мөн туслах дүрд тоглосон жүжигчин Т.Өөдөө, Н.Ялалт хоёр маань бас дүрээ сайн амилуулсан.
"БУМЕРАНГ"-ААС ЗУРГААН ӨӨР МЭДРЭМЖИЙГ...
2018.01.26-ны өдрөөс КИНОТЕАТРУУДЫН ДЭЛГЭЦНЭЭ
Сэтгэгдэл ( 1 )
xaxa yag iim uil yawdaltai gadaad kino bdgshde