Уярал, ухаарал хайрлах гайхамшигт ардын дуунууд

2018 оны 01 сарын 24

 

Монгол ардын дууны гайхамшиг нь дахин давтагдашгүй. Монголын өргөн уудам тал нутаг, сүрлэг алтайн оргилууд нь Монгол хүний хоолойны цар хүрээнд нөлөөлсөн бөгөөд өөрөөр хэлбэл нүүдэлчдийн өдөр тутмын амьдрал дундаас үүссэн аялгуу, аман зохиол гэж хэлж болно.

Монгол ардын дуу нь ард түмний амьдрал дундаас урган гарсан утга агуулгатай байхаас гадна үгийг нь зохиогч, аяыг нь бичигч гэж байдаггүй билээ. Олон зуун жилийг даван туулж өнөөг хүртэл ард түмнээрээ дуулагдсаар ирсэн учраас “Ардын дуу” гэж нэрлэгдсэн байдаг. Монгол ардын дуу нь үндэс, ястнуудын газар нутгийн онцлог, аж байдлаас шалтгаалан утга агуулгын хувьд харилцан адилгүй бөгөөд гүн ухаан, шашин, хайр дурлал, баяр ёслол, хошин шогийн сэдэвтэй байдаг. Монгол ардын уртын дууны үг нь тэр чигээрээ гүн ухаан юм. Иймээс ч Монголчууд ардын дуугаа дуулах дуртай дууч ард түмэн билээ.

Монгол улсын Филармонийн Морин хуурын чуулга нь ардын дуугаа сэргээн толилуулах, сурталчилах, ардын дууны өв болон урын санг баяжуулах зорилгоор жил бүрийн цагаан сараар “Торгоны Хээ” гайхамшигт ардын дууны цуврал тоглолтыг толилуулдаг билээ. Жил бүрийн тоглолт өөрийн гэсэн онцлог, утга агуулгатай бол энэ жилийн тоглолт Монголын өнцөг булан бүрт байрших үндэстэн, ястнуудын ардын дуунаас сорчлон түүвэрлэж үзэгч, сонсогч нартаа толилуулж байгаагаар онцлог болж байгаа юм. Тоглолтонд Морин хуурын чуулга, удирдаач Д.Түвшинсайхан /СТА/, улсын Филармонийн гоцлол дуучин Ш.Чимэдцэеэ /АЖ/, Б.Мөнхбаатар /МУГЖ/, “Түмэн Эх” чуулгын дуучин Г.Бямбажаргал /СТА/, “Сүлд” чуулгын дуучин С.Дуламсүрэн /

СТА/ нар оролцоно. Тоглолт 2018 оны 02-р сарын 08,09-ний 19.00 цагуудад улсын Филармоний тайзнаа тоглоно.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top