Монголын хөгжмийн зохиолч, дууны уран бүтээлчдийн жил бүр чих тавин догдлон хүлээдэг наадам бол оны шилдэг дуу, дууны уран бүтээлч шалгаруулах “Морин хуур” наадам. 2017 онд бүтээж тууривсан уран бүтээлээрээ өрсөлдөж буй тус наадмын эхний шатны шалгаруулалт өндөрлөжээ. Аливаа уралдаан наадмын ард багаахан гомдол тунирхал цухалзаж л байдаг. Тэр л ёсоор хөвөрч байгаа бололтой. Нэгдүгээр шатанд бүдэрсэн нэгэн “хамаг уран бүтээлээ урагшаа гаргаж зарна...” тухай өвчигнөж байхад, ахиж дууны уран бүтээл хийхгүй тухай олонд зарлан суух нэг нь ч таарах. Өөр нэг нь уран бүтээлийг нь борлуулж өгөх тухай пост илгээж тэднийгээ дөгөөх жишээтэй. Энэ бол гэгээн атаархал гэдэгт найднам. Уран бүтээлчийн цээжинд хорсол атаархал цаг мөнхөд үүрэлдэггүй л билээ. Энэ бүхнийг түр хойш тавья.
Үндэсний хөг эгшиг, өв соёлоо дээдлэх, монгол дууны урын санг баяжуулах, төрөл хэлбэр, агуулгыг өргөжүүлэх содон бүтээлээр баяжуулах зорилготой “Морин хуур” наадмын энэ жилийн эхний шалгаруулалт мэдээж мэргэжлийн уран бүтээлчдийн шүүлт шалгуурын дор дараагийн шатанд оролцох эрхээ олсон. Тодруулбал, эхний шатанд өрсөлдсөн уран бүтээлчдийг Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа, Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач М.Булган, УГЗ хөгжмийн зохиолч Ж.Шараа, Д.Цэцэрлэг, Р.Энхбазар Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгийг гүйцэтгэх захирал Ү.Хүрэлбаатар, Соёлын гавьяат зүтгэлтэн И.Болоож, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Бархас, УГЗ Н.Халиун, ҮДБЭЧ-ын ерөнхий удирдаач Н.Буянбаатар, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн багш, хөгжим судлаач Э.Зулцэцэг, Үндэсний төв номын сангийн захирал, МЗЭ –ийн шагналт, Болор цомын эзэн яруу найрагч Б. Ичинхорлоо, “Морин хуур” наадмыг санаачлагч Х. Нарангэрэл, дууны шүлгийн нэрт мастер, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Алтангэрэл нарын нэрт уран бүтээлчид шүүжээ.
31 дэх жилдээ эгшиглэж буй “Морин хуур” наадмын шилдэг бүтээлийг нийтийн, эстрадын, мэргэжлийн дуу гэсэн гурван төрлийн хүрээнд шалгаруулж буй юм. Мөн гурван шатны түвшинд уралдуулан дүгнэх уг наадамд оролцож буй чансаатай, мэргэжлийн түвшинд бичигдсэн бүтээлүүдээс чанар, хийц, агуулгаараа онцгойлон тодорсон бүтээлийг алдаршуулдаг. “Морин хуур 2017” наадмын шагналтнууд болон дууны төрөл бүрийн Тэргүүн шагналтнуудаас оны шилдгийн шилдэг Гранпри шагналтан хөгжмийн зохиолч тодруулах аж.
Дашрамд өгүүлэхэд хөгжмийн зохиолч, дуучдын тухайн жилийнхээ шилдэг бүтээлийн чансааг сорьдог Морин хуур наадмын хүрээнд улаан хивсний ёслол зохион байгуулах аж. Энэхүү ёслолын ажиллагаанд он оны “Морин хуур” наадмын шагналтнууд, хөгжмийн урлагийн салбарын сод авьяастнууд, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны тулгын чулууг тавьсан үе үеийн нэрт зүтгэлтнүүд, яруу найрагчид, дуучид оролцож, хагас жарны түүхтэй наадамдаа хүндэтгэл үзүүлэх юм. Уралдааны II шатны шалгаруулалт ирэх сарын 10-нд болно.
Энэ жилийн наадамд Ардын жүжигчин А.Долгор, Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа, У.Далантай, Ө.Уянга, Соёлын тэргүүний ажилтан Т.Дэлгэрмөрөн... зэрэг олны танил уран бүтээлчдээс гадна шинэ залуу уран бүтээлчид, олон улс дэлхийн хэмжээнд нэр алдар түгсэн мэргэжлийн уран бүтээлч, дуучид өрсөлдөж байна.
Наадмын гуравдугаар шатны шалгаруулалтад тунаж үлдсэн 15 дууны уран бүтээлч ирэх сарын 12-нд болох Гала концертод оролцож, дуунд хайртай ард түмнийхээ сонорыг мялаана. “Морин хуур” наадмын энэ оны бай шагнал урьд жилүүдээс онцлог болохыг Монголын хөгжмийн зохиолчдын холбооны дууны албанаас тодруулсан юм. Мөн Монгол Улсын төрийн өндөрлөгүүд, УИХ-ын гишүүд, Монгол Улсад суугаа гадаад орны Элчин сайдын яамны дипломат ажилтнууд улаан хивсний ёслолд оролцохоор болжээ.
Өнөө жилийн морин хуур наадмын хоёрдугаар шатанд шалгарсан бүтээлүүдийн нэрсийг танилцуулья. Уран бүтээлчдийн нэрсийг нууцлан? Уран бүтээл тус бүийг кодлон шалгаруулсаныг доорх шалгаруулалтын дүнгээс харж болно. Тэгэхээр шалгаруулалтанд ямар нэг хөндлөнгийн нөлөө ороогүй гэдэгт найдаж болох юм. Харин тухайн жилд төрсөн уран бүтээл учир хэдийн олны танил болсон дууны нэр таарах нь гарцаагүй.
Л.Ганзул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Балай хогнууд, ийм балай юмаа Баянөлгийд очиж хийж бай