“Хаалганы цаадхи намар”-т тухалсан тэмдэглэл

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 06

Түүхч, яруу найрагч На.Батболдын “Хаалганы цаадхи намар”-т очоод магадгүй их түүхийн жимээр алхаж, үзэж хараагүй сонин хачинд төөрөлдөх вий гэсэн чанад бодол надаас салаагүй ч түүний бүтээсэн намрын босго давахад миний эрх биш гадарлах орчин угтлаа. Тодотговол, Монгол ахуй дундаас сэрж өндийсөн мэдрэмжүүд угтсан нь намайг төдийгүй уншигч олныг баясгасанд эргэлзэх хэрэггүй. Яагаад гэхээр түүхч хүмүүсийн уран бүтээлд он цагийн дараалал, мартагдаж устсан нэр ус элбэг тохиолдож энэ хэрээр уншигчид төөрөлдөх нь бий. Өөрөөр хэлбэл, мэдлэг мэдээллээр зодсон тийм уран бүтээл байдаг учраас би “Хаалганы цаадхи намар”-ын босгоор давахдаа ийн бодсон бөлгөө.

Харин яруу найрагч На.Батболдын номын хуудсыг эргүүлэхэд “Уйтгарт намрыг үл үдмээр” хэмээх шүлэг уг баринтагийн туг, түүчээ болон сэтгэлд уйтайгаар намирна. Тэр тусмаа

“Сэтгэлийн гунигийг барлах шиг зүс бороо үргэлжилж

Санаа алдахыг минь зурах мэт манан буусан намрын

Тулгандаа суусан ч жиндэж мэдэхээр өдрүүдэд

Тэнгэр хаяарахыг харуулдан шувуудын нүдэнд өнжив” хэмээхэд сэтгэлд хангай нутгийн үргэлжилсэн их усан намар, тэр өдрүүдийн уйт дүр зураг тэр чигтээ ургана. Үүнээс гадна энэ мөртүүд нь найрагчийн зүрхнээс гарч буй цэвэр мэдрэмж гэдэгтэй маргах аргагүй. Санаа алдах манантай хэрхэн холбогдож, чухам юуны тулд “шувууны нүдэнд өнжив” гэхээр аргагүй л мэдрэмжээс төрсөн мөртүүд бөгөөд гагцхүү яруу найрагч л “шувууны нүдэнд өнжих”-өөс өөр хэн чадах юм.

 

Үүнээс цааш “Өрх дэвэргэх салхины уйтгар эмээгийн чанасан цайны өнгөтэй” гэснээс харахад яруу найрагч эхэлж төрсөн торгон мэдрэмжээ бүр лавшруулж, тэр намрын уйт өдрүүдийг уншигчийн сэтгэлд бүр хүйт оргиулан, дал мөрөө хөдөлгөн чичрүүлэхийг зорьсон нь илт. Энэ нь нэг талдаа алдаа болж, нөгөө талдаа эрэлхийлэл болж байна. Алдаа юу вэ гэвээс “эмээгийн чанасан цай” гэдэг бол намрын хүйт даасан тэр уйт өдрүүдийн энд дүйж очихгүй тансаг зүйл гэж бодном. Миний мэдэх Монгол ахуйд шүү дээ. Тэгэхээр би алдаа хэмээж байна. Оноо гэвээс яруу найрагч өөрөө шүлгээ улам төгс төгөлдөр амьтай байлгахаар, уншигчийн ойн тойнд итгэл төрүүлэхүйц байлгахаар “салхины уйтгар эмээгийн чанасан цайны өнгөтэй” хэмээн эрэлхийлсэн байх магадлалтай. Оносон бол оносон алдсан бол алдсан л биз, хэнд хамаатай билээ. Яруу найрагт мөрдөж дагадаг яг таг хууль үгүй, тооны хүрднээс бүр ч  өөр учраас уншигч таны оюун санаанд хэрхэн морилж байгаагаас шалтгаалан орон зайгаа тодорхойлж болох ийм зүйл болов уу. Үүнээс цааш өгүүлэхдээ

“Ногтны зангилаа дэвтэж хүлгийн толгой амрах зүс бороонд

Ноцож дүрэлзсэн галын илч хойморт үл хүрээд

Норсон гэзэгнээс дуслууд үзэсэглэнг зөөсөөр дуусахад

Нойрмог үдшийн аниргүйг айрагтай хамт туулнам” хэмээн угтана. Зүсэн бороонд дэвтсэн ногт үнэхээр л агтны толгой амраадаг даа гэсэн бодол зурасхийж, харин бороо зогсож нар гарсны дараа алд алдаар ногтны сурыг хатаахгүйн тулд элдэх гэдэг бас л их том ажил байж дээ хэмээн идэр багын дурсамж сэтгэлд бууна. Түүгээр зогсохгүй гарын алга халуу дүүгэн хөлс, сурны үнэр ханхийх шиг болно. Ямартай ч уншигч миний бага залуугийн дурсамжийг цээжинд өрдөж байна гэхээр уншигчдын оюун сэтгэхүйд буусан нь дамжиггүй гэж найднам.

 

Цахим орчны хөгжил хэтийдэж агаараас хальсан энэ цаг дор мэдэх мэдэхгүй цэцэн мэргэд төрж, буй бодьгалаасаа ихэд алсарсан сэтгэхүй давамгайлах болжээ. Ийм уншигчдын орон зайд, гадны хөнгөхөн орчуулга дор, хагас дутуу англи хэлтний хийрхэл дээр монголын уран зохиолын амин сүнсийг таслах гэсэн харийн оролдлого байхыг ч үгүйсгэх аргагүй. Болгоомжлол хэрэгтэй цаг дор туурвиж байгаа учраас дурдсан хэрэг. Авьяасын галгүй нэг нь үүгээр далимдуулан их уран зохиолын халуун бүлд хоймор эзлэх гэсэн санаархал ч байж мэдэхээр ийм цаг санж. Ийм ээдрээт цаг дор монголын их утга зохиолд олон На.Батболд байх нь хэзээд хэрэгтэй. Тэр тусмаа монгол ахуй дундаас ургаж гарсан ийм бүтээл зайлшгүй шаардлага болчихоод байна. Гагцхүү зохиолч, яруу найрагчид л цагийн цагт эх хэлээ манаж ирсэн түүхтэйг хаа хаанаа санахад илүүдэх юун.

 

На.Батболд нь намраар ихэд гунигладаг, эсвэл намарт их хайртай тийм найрагч гэдгийг “Хаалганы цаадхи намар”-ын босгоор давсан хэн боловч мэдрэх байх. Магадгүй энэ залуу хангай нутгийнхаа уйт намраар нэг их хайртай учирсан байх. Нөгөө бол нэг их хайрыг нурааж орхисон ч байж болно. Ямартай ч түүний сэтгэл хөдлөл хийгээд түүний дотоод давалгаа сэрэл мэдрэмж нь намарт илүү төрж байгааг л би ажиглаж сууна. Хайрлаж дурласан ч намраар, ижий ааваа санасан ч намраар, энэ орчлонг бүтээсэн ч намраар гээд намраас салгаж ойлгомгүй нэг ийм ертөнцийг На Батболд гэж тодоохойлж болмоор.

Болж өгвөл намрын төлөө эд эсээ шатаачих гээд байгаа нь анзаарагдах бөгөөд энэ залуугийн номонд “Бодлын намар” хэмээх шүлэг буй. Түүнд

“Тэнгэрийн өвөрт нар зүүрмэглэж намар болдогсон

Тэрэгний арал дээр ааруул бодлогширч амтаа олдогсон

Элээ ганц хоёрыг зөөгөөд элэнц рүү минь зөөдөгсөн

Ингэж бодоод шувуудыг цуглуулахад намар болдогсон” гэсэн мөртүүд бий. Энд ерөөсөө ахуйн утга уянгын шалтгаан бий. “Тэнгэрийн өвөрт нар зүүрмэглэж” учиртай уянга бол “тэрэгний арал дээр амтаа олж буй ааруул” ахуйн уянга, харин “элээ шүүрээд элэнц рүү зөөнө” утга учрын уянга юм гэж надад санагдлаа. 

Энэ мэтчилэн “Хаалганы цаадхи намар”-т өөр өөрийн утгыг агуулсан, өнгийг илэрхийлсэн олон олон намар бий. Энэ л олон намрын ай дотор яруу найрагчийн өөрийнх нь орон зай, мэдрэмжүүдийг илтгэсэн шүлэг, мөртүүд олон бий. Түүний “Үрэл түүсэнгүй” шүлэгт

“Үрэл зүүсгэлтэй Сэлэнгэ ижийгээс

Үлдсэн гоёлыг нь авчих юм шиг санагдаад

Үрэл түүсэнгүй” гэсэн нь байгаль хүний шүтэлцээ, тэр тусмаа яруу найрагчийн эмзэглэлийг харуулсан сайхан шүлэг байна. Эс бөгөөс ээждээ үлдсэн ганц гоёлыг нь хүү нь авч зүрхлэхгүй орхиж байгаа дүр зураг ч бууж болно. Яруу найргийг хэн хэрхэн яаж ойлгохоос шалтгаалдаг болохоос хэн нэгэнд өмчлөн зориулагддаггүй.

 

Ерөөсөө На.Батболдын эмзэглэлээс төрөн гарсан мөртүүд ийм бөлгөө. Тийм дээ ч Их Д.Намдаг “Авьяас бол эмзэглэл” хэмээн дуун алдсан биз ээ.

“Хаалганы цаадхи намар” бол цэл залуу найрагчийн бүтээл учраас хайрын шүлгүүд энэ номд бас цөөдөөгүй. “Дурлалгүй зохиол давсгүй хоолтой адил” хэмээсэн нэгэн суутны хэлсэн нь ч санаандгүй хэрэг биш. Тиймээс “Хаалганы цаадхи намар”-т “Чиний эзгүй нутаг” хэмээх шүлэг байх. Түүнд

“Нулимс шиг уулын шүүдэр хавар эртийн яргуйг санан

 Надад эрхлэх чамайг байхгүй болохоор уйлаад ч байх шиг” хэмээн намар цагаас хавар цагийг хайн суугаа нь найрагчийн эмзэглэл. Тэр “намрын уулын шүүдэр хаврын яргуйг санасан” хэрэг огт биш На.Батболд л намар дотор хаврыг бүтээж ядан сууна. Тэр тусмаа хайртай бүсгүй нь эзгүй намраар хаварт тэмүүлж байгаа хүний сэтгэлийг л бүтээсэн хэрэг. Магадгүй тэр бүсгүй хавар ирнэ гэх уянга ч энэ шүлгэнд нуугдаж байгаа нь “хонгор минь чиний эзгүй нутагт намрын өнгө санаанд ингэж л бууна” гэсэн төгсгөлийн мөртөөс харагдана.

 

“Хаалганы цаадхи намар”-ын уламжлалт ахуйгаас урган гарсан мэдрэмжит мөртийг харан баясаж суухад сэтгэлгээний чанад руу яргасан, тийш тэмүүлсэн шүлэг, мөртүүд ч элбэг тааралдах нь залуу ран бүтээлчинй хувьд бас нэг олз мөн. Түүний хувьд өөрт буй ахуйгаас ихэд алсран чанадын эрэлхийлэлд хатаж явааг нь зарим шүлгүүдээс нь анзаарч болно. Энэ бол дэвшил. Үгүйсгэх аргагүй зүйл. Уран бүтээлчийн жаргал зовлон эдлэх өчнөөн олон жилд зөвхөн ахуйтайгаа зууралдаад дуусч болохгүй учраас шинийн эрэлд дөрөө авах нь зүйн хэрэг гэж зөвтгөх байна. Эрэлхийллийн зам дардан байдаггүй. Тэр тусмаа уран зохиолын эрэлхийллийн зам маш бартаатай учраас түүнд алдаа бас олон байна. Үүнийг нуух хэрэггүй ч би эгэл жирийн уншигч учраас энд номоо мутарлаж өгсөн найрагчийн алдаа оноог дүгнэж цэгнэх гэсэнгүй. Гагцхүү надад төрсөн сэтгэгдлээ уншигч тантай хуваалцах гэж хорхойсож байгаагаа дуулгах нь зүй байх. Тэгэхээр На.Батболдын номонд

“Сарны гэрээс би ус хулгайлав

Салхины цангааг тайлах л гэж оролдов

Сарны гэрээс би ус хулгайлав

Өвсний цангааг арилгах гэж зүтгэв” гэх сайхан мөртүүд бий. Энэ бол “дэлгэцтэй ааруул”, “норсон ногт”, “хүлгийн толгой амрах”-аас гэнэт алсран буй найрагчийн өөрийнх нь зөнгөөрөө эрэлхийлэл бололтой. Мөнхүү

“Дэрсний гуниг залгилж сарны дор суухад

Дээдсийн одсон харгуйгаас

Охин минь ирсэн шиг санагдана

Дэнслэн ингэж бодоод сарны гэгээг тэмтрэхэд

Дэндүү аниргүй талаас

Дэггүй хүү шиг шувуу ниснэ” гэсэн шүлэгт орчлонгийн ирж буцахын шалтагийг нэгэн дор өгүүлэхдээ зүгээр нэг хэлчихээгүйд найрагчийн мөн чанар оршиж байна гэж би бодлоо. Гагцхүү яруу найрагч л “дэрсний гуниг залгилж”, “дэрсний гэгээ тэмтэрч” мэдрэх байх. Тэр дэрс, дэрсний гэрэл, гунигаар дамжуулан хүний орчлонгийн өчигдөр, өнөөдөр, маргааш, нөгөөдрийг багтаасан санагдана, надад. Бас түүний шүлгүүдэд этгээд гэмээр зүйрлэл ч тааралдана. Тухайлбал, “дээс тоглож буй охины хөлийн мөр шиг амьдралд” гэх ч юм уу “Зотон улаан бяруу” гэх мэт зүйрлэл нь өөрөө өөрийгөө эрэлхийлж байгаагийн нэгэн сануулга байхаас зайлахгүй.

 

Миний хувьд судлаач шүүмжлэгч бус На.Батболдын адил үзэг түшиж, шүлэг тэрлэдэг л хүн. Тиймээс уншигчийн үүднээс “Хаалганы цаадхи намар”-т зочлоод номын төгсгөлд буй

“Хавар намрын хооронд өөрийгөө

 Хачин их сануулах гэж

Чи намайг зурсан

Би чинийх” хэмээсэн шүлгээр сэтгэгдлээ өндөрлөхийн зэрэгцээ өөрийнх нь шүлэглэсэн дагуу  

“Уран бүтээлчийн жаргал зовлонд шаналанг

Хачин их сануулах гэж

Хаалганы цаадхи намрыг уншсан

Хүн бүхэн чинийх байх болтугай” хэмээн эрхэм дүүгийн уран бүтээлийн уртын урт замд үгийн утга хөвсөн сүү дусаав.

 

С.Ууганбаяр

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уншигч(103.229.123.156) 2018 оны 02 сарын 06

ойрд уншаагүй бүтээл, ойрд үзээгүй намар байлаа. Хаалганы цаадах намар

0  |  0
mb(202.9.40.0) 2018 оны 02 сарын 06

Saihan bna a

0  |  0
нутаг(202.9.41.185) 2018 оны 02 сарын 06

Сайхан шүлгүүдтэй дүү байгаа юм.

0  |  0
12(180.149.93.14) 2018 оны 02 сарын 06

гэгээн юм

0  |  0
би(66.181.160.96) 2018 оны 02 сарын 06

олж уншина

0  |  0
Top