Алтайн даваа давж, Бодончийн хавцал туулсан хөгжлийн түүчээ
Өвлийн адаг сар цулбуураа эвхэж, урин цагийн үзүүр айсуй цаг дор алдарт Алтайн даваагаар давж, Бодончийн хавцал хэгжин давхихад сүрлэг Алтайн өвөл өнгө, өмсгөлөө тасхийлгэн гайхуулна. Гайхуулахаас ч аргагүй. Монгол Алтайн их уулст орших тус аймагт Мөнх, Хөхсэрх, Баатар, Сутай, Мянган гэх цуут хайрхнууд үүл манангаар эелдэн уулздаг нутаг учраас тэр.
Бодончийн хавцлын сүр хүчийг нэмэн буй нэг зүйл нь зун цагт бол эргээ хэмлэн байгаа даа гэж бодогдмоор Бодончийн голын мөс эрэг хөвөөгөө түрэн хөлдсөн байх нь замын уртад харц ариулан зурайна. Догшин голоор чимсэн Бодончийн хавцал нь 100 орчим километр үргэлжлэх бөгөөд засмал зам тавихаас өмнө цаг орчны байдлаас шалтгаалан 12-24 цаг туулж гаталдаг дагшин газар байжээ. Орчин цагийн моторт хүлгээр шүү дээ. Ийнхүү сүрлэг их уулсын эх нутгийг зорих болсон шалтгаан, зорилго бас бий. Улаанбаатараас 1855, Ховд аймгаасаа баруун тийш 385 километрт орших Булган сум өнөө жил ажил үйлсээрээ аймагтаа тэргүүлсэн их амжилтыг нь баталгаажуулахаар буухиалсан нь энэ. Мэдээжийн хэрэг, торгууд ястны өлгий булганчуудад энэхүү баяр хөөрийг тэврүүлэх тэргүүн үүрэг хүлээсэн хүн бол Баруун бүсийн зөвлөлийн дарга, Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, түүний бага хамт олон. Аян замын жолоо сунгаж зуузай холбосон эр хүмүүс юу эсийг ярихсан билээ.
Манжийн засаглалын үед амбантны морилж асан шавар хэрэм, гунигт түүхтэй гудамж, эх орон элгэн түмнийхээ төлөө цуцашгүй тулалдаж насан эцэслэсэн Галданбошигтоос эхлээд уул сүрийн сайхан нутагтаа мал сүргээ адуулан суугаа ажилч зоны тухай гээд яриагүй сэдэв тун ховор. Ийнхүү Д.Галсандондог даргын багийнхан говь талын хүнд сонин болгож, төрж өссөн нутгийнхаа байгал цаг уурын онцлогоос эхлээд хүн зоны араншин, амьдрал ахуйг ярих нь уулын урт замыг хоромхон зуурт эвхэх шалтгаан үүдэж Булган сумнаа аяны дөрөө амасхийлгэлээ. Биднийг ийнхүү очиход торгууд зоны олон олон баяр хөөрийг хуваалцахаар УИХ-ын гишүүн О.Батнасан ирсэн учраас сумын иргэд тэр чигтээ Соёлын өргөөндөө морилон байхтай тааралдав.
Олон амжилтаар нохой жилээ угтаж буй булганчууд
Энэхүү баяр хөөрийн арга хэмжээг түүчээлсэн Засаг дарга Д.Галсандондог аяны богцоо задалвал Булган сум нь ажил үйлсээрээ тэргүүлээд зогсохгүй тус сумын Алагтолгой баг аймгийнхаа хэмжээнд мөн ажлаараа тэргүүлж, торгууд зоны дундаас “Улсын аварга тариаланч” тодорсон гээд тоочоод барахгүй баяр хөөр тээж ирснийг тэрхэн агшинд л мэдэв. Учир нь олон өртөө замын гудаст бидний яриа амттай байж Засаг даргын ганзагыг сонирхох зав өгөөгүй бололтой. Монголын өнцөг булан бүрт л ийм баяр хөөр байдаг ч Булган сум шиг ийм олон амжилтын эзэд тун ховор, тэр тусмаа хүн амаа өсгөж, 10 мянга хүрснээ тэмдэглэж байгаа сум бүр ч ховор байх. Монголчууд бид нийгэм эдийн засгийн чамгүй бэрхшээл дунд сүүлийн хэдэн жилийг үдэснийг нуух хэрэггүй.
Ийм л бэрхшээл гэтлэх, зах зээлээ дагах гээд амьдрахын эрх даган хөдөө орон нутгаас шилжилт хөдөлгөөн хүрээ рүү давалгаалсаар байсан билээ. Хүн ам нь цөөрсөн сум суурин гэж сонссоноос хэдэн мянгаар өсгөөд баяраа тэмдэглэж байгааг дуулсангүй. Сум суурин газарт хүн ам өсөж байгаа нь аймаг орон нутгийн удирдлагуудын оновчтой зөв бодлого, ард түмний хөдөлмөрч хичээнгүй байдал гээд дурдаад барахгүй олон шалтгаан байдаг биз ээ.
Олон баяр давхацсан арга хэмжээний цуурай намжаагүй байхад бид уулын замыг эвхэж эгэн довтолголоо. Ийн явахад аймгийн Засаг дарга Д.Галсандондог “Арван гурван ястантай аймгийг удирдах гэдэг амаргүй, галтай ажил бөгөөд энэ гал дээр тос нэмдэг нэг зүйл нь улстөржих, намаар талцах хандлага” гэдгийг өгүүллээ. Тиймээс олон ястнууд дундаас сонгогдсон гишүүдээс эхлээд сум багийн дарга нар хүртэл энэ байдалд анхааралтай хандаж, улстөржих, намаар талцах байдлаас аль болох зайлсхийх учиртай юм байна хэмээн бодож амжив. Нөгөө талаар тойрог бүрт бизнесмэн түшээдийн ашиг сонирхол байдаг нь улстөржих, бүлэглэн талцах гол өдөөгч нь болдог болов уу ч гэж бодож үзэв. Тус нутгаас сонгогдсон түшээд бүгд л хувийн бизнестэй учраас орон нутагт зарлагдсан тендер, хөрөнгө оруулалтыг хувийн хэвшилдээ татах сонирхол давамгайлах, энэ нь талцах үндэслэлийг тавьдаг байх магадлалтайг анзаарч явлаа. Олон ястны нутагт улстөржилт газар авах нь яавч сайнаар нөлөөлөхгүй учраас тус аймгаас сонгогдсон түшээд ч анхаарч, эв эеийг хичээх цаг нь болжээ гэж бодлоо.
Бидний яриа улстөр рүү хальт налсан боловч өнөөх л торгууд ястны аж байдал, тэдний онцлог руу өөрийн эрхгүй орчихов. Энэ ярианаас анзаарвал булганчуудын өөдтэй өнгөтэй өсөн дэвжиж яваа нь өөрсдийнх нь ажилч хичээнгүй аж байдлаас юуны өмнө хамааралтайг олж мэдлээ. Нөгөө талаар аймгийнхаа төвөөс, баруун хил рүүгээ гээд 400 гаруй километр хатуу хучилттай замаар холбогдсон нь ч тэдний ажил үйлсийн галыг өрдөж өгсөн нь зүй ёсны хэрэг. Хөгжлийн хурдыг авчирсан энэ замыг Азийн хөгжлийн банкны урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр барьснаас 110 километр замыг нь Азийн хөгжлийн банкнаас бэлэг болгон барьж өгсөн сайхан өглөгийн тухай ч Засаг дарга дурдаж явав. Үүнээс гадна Булган сум нь Байтаг, Ярант хэмээх хоёр ч боомтоор хил гаалын худалдаа эрхэлж, газар тариаланг хөгжүүлсэн эх нутаг. Ерөөсөө хүнсний ногооны тариаланг утгаар нь хөгжүүлсэн бүс нутаг бол Ховд, тэр дундаа Булган сум. Тэр ч бүү хэл сумынхаа хэмжээнд өөрсдийнхөө бренд үйлдвэрлэл эрхлэхийг зорин ажиллаж, тэр нь гайгүй үр дүнтэй байгааг ч тус сумын Засаг дарга Б.Амгаланбадрах аймгийнхаа Засаг дарга, УИХ-ын гишүүндээ уламжилж байсан нь сонор шүргээд авав. Б.Амгаланбадрах дарга бол манай уран зохиолчдоос хөдөө орон нутагт нэгэн насаараа уран бүтээлээ туурвин сууж, “Ховд”-ын хэмээн алдаршсан Ж.Буяндалай зохиолчын хүү юм.
Олон амжилтаар нохой жилээ угтаж байгаа булганчууд дундаас нэрт мэс засалч, Хөдөлмөрийн баатар Ж.Хайрулла нарын гурван ч Ардын эмч төрөн гарсан. Мөнхүү баруун хилийн тулгаралт, Гомданий эсрэг удаа дараа баатарлагаар тулалдаж, элгэн түмэн, эх нутгаа хамгаалж байсан эх оронч хөвүүн Улсын баатар Б.Бадам, Э.Шийлэг энэ нутгийнх гээд бод. Хөдөлмөрч байхын шалтгаан ч тус нутгаас төрөн гарсан Б.Баадай, Р.Лувсан нарын олон хөдөлмөрийн баатруудын арга туршлага, удам угсаа ч үүнд туйлын хамаатай. Монгол Улсын шинжлэх ухаан, соёл урлаг, спортын гээд нийгмийн бүхий л салбарт энэ нутгаас төрсөн эрдэмтэн мэргэд, авьяас билэгтнүүд амжилтыг буухиалж байгааг бүгдийг нь дурдах арга алга, болгооно буй заа. Хамгийн наад зах нь бизнесийн салбарт гялалзаж яваа “Таван богд”-ын Ц.Баатарсайхан, “Номин” холдингийн А.Шагдарсүрэн нарын тэргүүтэй бизнесмэнүүд гээд дурдаад барахгүй. Булганчууд бол үнэхээр ажилласаг, өвөрмөц ард түмэн гэдгийг аяны дөрөө амраагаад мордсон нь хэнд ч тодорхой юм билээ.
Таван эрдэнэ таван төрөл дээр өссөн нутаг
Ховд аймагт өвөлжилт хүндхэн байсны ул мөр оршиж, жаврын үзүүр зөөлрөх зөөлрөхгүйн завсарт хацар нүүр чимхэж, цасны будан манарна. Иймээс бууж мордсон зочны хувиар “Цас зудтай байна шүү, мал хэр оров доо” хэмээн Засаг даргаас хариу нэхвэл “Өвөлжилт хүнд талдаа байсан ч малын хоргодол гайгүй, төл бүрэн шүү. Бүр таван төрөл дээр 168 мянгаар өсч манай мал сүрэг 3.4 сая тоо толгойд хүрсэн” хэмээх бахархалтай хариуг өглөө. Бидний багийн нэг хүлээсэн үүрэг бол Алтай сумын малчин Б.Машбатын “Улсын аварга малчин” цол тэмдгийг гардуулан өгөх учиртай. Тиймээс бид хөгжилд хөтөлсөн замаасаа багахан хазайж шинэхэн аварга Б.Машбатынд буулаа. Улсын том цол хүртэж байгаа малчныд ахан дүүс, амраг садан, нутаг зон олон, сум орон нутгийн удирдлагууд бүгд цуглаж хот айлыг хөл дараад авчээ. Б.Машбат нь сүүлийн жилүүдэд мал сүргээ таван төрөл дээр өсгөсөн төдийгүй нийгмийн хариуцлагаа ухамсарладаг нэгэн бололтой. Үүнээс гадна хэд хэдэн айлыг малжуулсан тухай ч хүмүүс ярьж байсан юм. Хурсан олны үгийн салхийг чимээлэхнээ Б.Машбат нь Увс аймгийн уугуул Алтай суманд ирж сууршсан нэгэн гэнэ. Сүрлэг их Алтайн уулс Б.Машбатыг ивээлдээ сайтар авсан нь гаднаа хотлуулсан мал сүрэг, аж байдлаас нь төвөггүй харагдана.
Идэрхэн насандаа “Улсын аварга малчин” цол хүртсэн айлаас жолоо сунгасан бид засмал замаас ахин хэдэн саахалтын зайд хазайж, Цэцэг нуурын манан буданг алсаас хараалж давхисаар энэ жил аймагтаа хамгийн олон буюу 379 тэмээ тоолуулсан Цэцэг сумын малчин А.Амархүүгийнд аяны дөрөө мултлав. Манж, хаад ноёдтой тэмцэл өрнүүлж, Манжийн есөн эрүү шүүлтийг дааж гарсан “Ард” Аюушаар нь, алдартай Цэцэг нуураар нь, түүхэнд үлдсэн Цэцэг нуурын дугуйлангаар нь энэ сумыг монголчууд бүгд мэдэх болсон билээ. Ийм алдартай сумаас хамгийн олон тэмээ тоолуулсан аж. Говь тал нутгийн надад бол энэ их уул, хадан хясаан дунд тэмээн сүргийг хагас мянгад дөхүүлэн өсгөнө гэдэг нэг л санаанд буусангүй. Мэдээжийн хэрэг, Алтайн уулсын өвөр говь түшиж өссөн сүрэг байж таарна, гэхдээ л санаанд багтаагүйг нуух юун. Тиймээс бид олон тэмээтийнхээс мордох зуурт үүнийгээ тэсгэлгүй хэлээд авлаа. Д.Галсандондог дарга “Ерөөсөө манай нутгийн энэ хатуу ширүүн уур амьсгалтай уулархаг нутагт мал сүрэг өсгөнө гэдэг маш хүнд хөдөлмөр. Ёстой л ясны хөдөлмөрч хүмүүсийн хийж чадах ажил, амаргүй шүү” хэмээн малчдаа хайрлаж бахархасан өнгөөр хариу өгөв. Сүрлэг тэх янгир дүүлж явдаг тэр цавчим нүцгэн уулсын эх оронд бэлчээрийн мал аж ахуй эрхэлнэ гэдэг яаж ч бодоод амаргүй, бүр хэцүү санагдана. Тэгэхээр энэ нутгийнхан аргагүй орчин цагийн баатарлаг түмэн. Магадгүй олон ястны өлгий нутаг нь эртнээс дайн дажны хөлд удаа дараа талхалагдаж байсан нь ч зон олныг хаттай болгосон байх талтай. Манжийн хаад ноёд голомт төвөө суурьшуулан дарлаж байсан нутагт хожмоо баруун хилийн тулгаралт, Гоминданий халдлага, Осмоны дээрэмчид гээд дурдвал чамгүй бэрхшээл тоочиж болно. Дашрамд дурдахад “Улсын аварга малчин” хэмээх цолыг Дуут сумын Хөх бэлчир багийн малчин М.Батхүү нарын арав гаруй хүн хүртэж, олон хүнийг малжуулсан гэдгийг ч энэ үеэр дурдаж байсан.
Есөн алдартан, есөн төрөл
Ховд аймгаас төрөн гарсан олон алдартан бий. Үүнийг дурдах нь илүүц хэрэг болно. Ямартай ч тус аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын зөвлөлийн шийдвэрээр өнгөрөгч 2017 онд ажил хөдөлмөр, мэргэжлийн ур чадвараараа онцгой амжилт гарган, аймаг, сумын болон улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан аймгийнхаа есөн алдартанг шалгаруулдаг жамтай аж. Москвагийн олимпийн мөнгөн медальт Р.Даваадалай тэргүүтэй гайхамшигт тамирчид, олон хүчитнүүдээрээ алдартай нутгийн “Спортын салбарын алдартан”-аар “Ич Монгол” таеквондо клубын багш, дасгалжуулагч Р.Сайханжаргал шалгарсан бол туулийн өлгийн нутаг гэж болох тус нутгийн “Соёл урлагийн салбарын алдартан”-аар “Болор цом-35” яруу найргийн наадмын тэргүүн байрын эзэн, яруу найрагч М.Отгонбаяр тодорчээ.
Туулийн эх орон гэснээс “Болор цом”-ын эзэн М.Отгонбаяр нь яах аргагүй туульчдын өлгий Дуут сумын Хөх бэлчир багт төрж өссөн найрагч. Дуут нутагт манхайх үүрийн гэгээнээс маралын гурван од тэнгэрээс ширтэх хугацаанд хэдэн мянган шад тууль хайлдаг билэгтнүүд бий. Үндэсний энэ гайхамшигт ёс заншил урлагийг хэдэн зуун жил хадгалж ирсэн түмэн бол Дуутынхан. Тиймдээ ч Ховд аймгаас хоёр “Болор цом”-ын эзэн төрсөн нь билэгт найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатар, отгон цомын эзэн М.Отгонбаяр нар юм. Бүр хоёр цомтон маань Хөх бэлчир хэмээх нэг багаас төрөн гарсан нь санаандгүй хэрэг биш байх аа. Тэгээд ч алдарч цуурч П.Наранцогт, “Онцгой эрх”-ийн зохиогч Лха.Дарьсүрэн, яруу найрагч Д.Чинзориг нарын олон авьяас билэгтнүүд төрөн гарсан нутаг. Нутаг усны учир шалтгаан, зүй тогтол гэж гайхамшигтай зүйл байдгийг батлан харуулсан хэрэг байх. “Есөн алдартан” тодрох үеэр Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан болж сумын залуу заан аймгийн арслан, заан, начин хэмээх хүчитнүүдээ орхин түрүүлж байгаа нь өсөх ирээдүй бүхий залуу хүчтэн гэдгээ харуулна билээ.
Тэгвэл Д.Занданшарав, Х.Бадамсэд нарын гавьяатуудыг төрүүлсэн Ховдын Боловсролын салбарын алдартнаар Жаргалант сумын Цаст-Алтай сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Г.Эрдэнэчимэг, Ж.Хайрулла нарын гурван Ардын эмчийг төрүүлсэн Ховдын Эрүүл мэндийн салбарын алдартнаар Жаргалант сумын Бугат өрхийн эрүүл мэндийн төвийн эх баригч, бага эмч Л.Гэрэлчулуун тодорсон. Түүнчлэн Барилга, дэд бүтцийн салбарын алдартнаар “Зорчигч тээвэр” ХХК-ийн жолооч Х.Энх-Амар, Төрийн захиргаа, хууль зүйн салбарын алдартнаар аймгийн Цагдаагийн газрын Эргүүлийн цагдаа Т.Өнөрбаатар, Санхүүгийн салбарын алдартнаар аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга М.Отгонханд, Бизнесийн салбарын алдартнаар “Бадамлах оюун” ХХК-ий захирал Н.Энхтуяа, Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн салбарын алдартнаар Хар нуур Ховд голын сав газрын захиргааны дарга Р.Энхсүрэн нар аймгийн “Есөн алдартан” болж, зон олноо хошуучилсан юм. Энэ мэтчилэн аймгийн Засаг даргын захирамжаар шилдэг сурагчаас эхлээд шилдэг байгууллага, хамт олон хүртэл шагнал урамшууллаа гардаж, нэгэн өдрийг бахархалтай өнгөрүүлэв.
Хамгийн хамгийн хамгийн....
Мал сүргээ таван төрөл дээр өсгөж гурван сая хол давуулсан ховдчууд энэ жил арав гаруй “Улсын аварга малчин” төрүүлсэн бол “Аймгийн аварга малчин”-аар 44 малчин шалгарч, хошой аварга ч хэд хэд төрсөн байна. Мөнхүү “Аймгийн алдарт уяач”-аар 22 уяач шалгарсан бол хамгийн олон буюу 379 тэмээ тоолуулсан Цэцэг сумын малчин А.Амархүү, хамгийн олон буюу 480 адуу тоолуулсан Буянт сумын харьяат Монгол улсын аварга малчин Д.Отгонням, 332 үхэр тоолуулсан Дуут сумын малчин А.Бакий, 2328 хонь тоолуулсан Дарви сумын малчин Г.Ганбаатар, 1620 ямаа тоолуулсан Ховд сумын малчин Х.Асхар нарын амжилт нь аймгийнхаа мал сүргийг өсгөхөд ихээхэн түлхэц болсон нь дамжиггүй. Үүнээс гадна аймгийн Засаг даргын захирамжаар зарласан “Цэвэрч Ховдчууд” болзолт уралдааны шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай аж. Тухайлбал, “Шилдэг сум” номинацийн нэгдүгээр байранд дээр дурдсан Булган сум, хоёрдугаар байранд Жаргалант сум, гуравдугаар байранд Эрдэнэбүрэн сум шалгарсан бөгөөд Жаргалант сумын шилдэг багаар Алагтолгой баг, Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар Ховд телевиз, Шилдэг байгууллагаар Цэргийн 123 дугаар анги, Ховд их сургууль, мөнхүү өнгөрч буй жилдээ ажил үйлсээрээ тэргүүлсэн олон алдартнуудаа бахархан шагнасан билээ.
Аялал жуулчлалаас эхлээд хөгжин буй салбар олон
Монгол Улсад газар нутгаа хөндүүлэлгүй ариун дагшнаар нь авч ирсэн нутаг бол Ховд аймаг. Бидний сайн мэдэх Хөшөөтийн уурхай үйл ажиллагаа явуулдаг ч нөхөн сэргээлтээс эхлээд байгаль экологид тун эвлэг ханддаг аж. Тиймээс Хөшөөтийн хилийн боомт руу уурхайгаасаа тавьсан замыг нутгийн иргэд “Нүүрсний зам” хэмээн нэрлэн зорчдог байна.
Хөшөөтийн уурхай нь 1000 гаруй ажилчидтай бөгөөд орон нутагтай байгуулсан гэрээний дагуу нийт ажилтан ажиллагсадын 75 хувийг орон нутгийн иргэдээр бүрдүүлсэн нь амьжиргааны түвшинд эерэг нөлөөлөл үзүүлдэг байна. Ховд бол зөвхөн аймгийнхаа төвд 40 гаруй мянган хүн амьдарч буй хүн ам олонтой газар. Энэ хэрээр жижиг дунд бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид олон байдаг учраас мөн орон нутагтай хамтран ажиллах хүрээнд Хөшөөтийн уурхайн хүнсний хэрэглээг орон нутгийн үйлдвэрлэгчдээс авахыг шаардан ажилласан нь үр дүнд хүрч өнгөрөгч 2017 онд Ховдын бизнесмэнүүд, үйлдвэрлэгчид тус уурхайд 10 гаруй тэрбум төгрөгийн хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн нь чамгүй хөрөнгө оруулалт мөн. Засаг даргын хувьд ч энэ тал дээр чамгүй мөрдлөг болгон, шахаж ажилладгаа дуулгаж байсан.
Ховд аймаг нь эртнээс газар тариалан, мал аж ахуй эрхлэхээс гадна загас, ан агнуурын аж ахуй ч Хар ус гээд олон ус мөрнөө даган үйл ажиллагаа явуулдаг нь өнөөдөр хөгжингүй шатандаа байгааг надад дуулгасан. Дээр дурдсанчлан байгаль орчноо ариун дагшин байлгаж байгаагийн цаад учир нь баруун бүсийн тулгуур төвд аялал жуулчлал хөгжих өндөр боломжтой. Тиймээс жилээс жилд жуулчдын тоо өссөөр байгааг албан баримтаас харж болно.
Тэмдэглэл жаргаах тэргүүн үгс
Бид тэмдэглэлээ домогт Алтайн даваа давснаар эхлүүлсэн болохоос биш уг нь дуунд мөнхөрч, тэр аялгуугаар монголчуудын зүрхэнд эгшиглэн урсах болсон Тунгалаг Буянт голын хөвөөнөөс аяны дөрөө авч, мөнхүү дуунд мөнхөрч түмний сэтгэлд цалгих болсон Хар ус нуурын эрэг хөвөөгөөр олон мод газрыг өртөөлөн Алтайн давааны өвөр энгэрт ирсэн юм шүү. Харин өдгөө энэ хоёр их усны ай сав, хөвөө эргээс Улаанбаатарын зүг эгэж байна. Тодотговол, домогт Алтайн уулсын орон Ховд аймагт сул зоргоор тавьсан аяны жолоогоо эвхэн байгаа нь энэ. Хөх тэнгэрийн дор догшин уулс, их мөрөн, усныхаа ай савд 13 үндэстнийг оршоосон Ховд аймгийн хувьд ирж буй нохой жилээ ажил хөдөлмөр их бүтээн байгуулалтын амжилтаар угтаж байна. Тиймээс айсуй жилдээ амжилтаа бататгаж, айсуй цагт арвин их амжилтын цуурай дор эргэн уулзахын ерөөл тавьж энэхүү тэмдэглэлээ жаргааж байна.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 10 )
сайхан шүү энэ нутаг
tiim shvv vneheer uulsiin svr hvchtei nutag shvv
nutgiin mini hugjil debshil haragdaj ba shvv ochih yumsan
saihan bichjee nutgaa sanachihlaa
uuchlaarai setgegdelee obog ner hoerooroo taslaad bichchihlee
uuls tsabchim nutgaa sanachihlaa
hobd nutag ch olon yastanii saihan nutag daa goe bichij bayarlalaa
Alban tushaaliin heneetei amgalanbadrah ichdeggui yum bolob uu tugssun surguuli ch baihgui baij anugiin ith n Darga bolon ch geh shig tenegteed 2020 on udahgui irne tegeed chamaig harnaa .
Сайхан нутгаа санаж байна даа. Ай сайхан Ховд нутаг минь, Алтайн уулсдаа амархан сайн сууна уу. Удахгүй очиж ураг садандаа золгоно доо. С.Ууганбаярт баярлалаа
Ус нутгийн минь тухай урсган сайхан бичжээ