Б.Лхагвасүрэн ”Хаврын сар гарангуут ижий минь намайг хүлээнэ”

2018 оны 03 сарын 03

Та бүхний сэтгэл оюуныг цэнгүүлэх “Зиндаа найраг” булангийн энэ удаагийн дугаараар Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэн "Хаврын сар гарангуут ижий минь намайг хүлээнэ" шүлгийг сонордуулъя.

 

 Хаврын сар гарангуут ижий минь намайг хүлээнэ

Галуун дууг

Газар сонсоход

Өвсний үндэс хөөнө .

Гадаа гарч ижий минь

Гараараа униар сөхөж

Намайг харуулдана .

Хагацал учрал зөрж салхилсан

Харгуйн магнайг нүдээрээ аргадна .

Айсан дэлэн шиг ягаан зам

Бараа хайрлахгүй зовооно .

Алсын цэнхэр уулсын

Хэнэггүйд гомдон гэртээ эгнэ .

Урам нь мухсан ижий минь

                             сэтгэл чангалан

Уураг ханхалсан цайгаа үйнэ .   

 Энэ цайг зөөхийдөхөөс өрсөж

Ирнэ ! гэж битүүхэн зөгнөнө .

Алмайрч зогсох тэрхэн хооронд

Араар минь ороод ирээгүй

          байгаа гэж

Гэнэн сэтгэл сэрхийж

Гэр дотроо намайг эрнэ .

Ангир дуугарахад

Нуур амарлаа гэж баярлана

Агь нүдлэхэд

Тал амарлаа гэж баярлана

Хаврын овилгогүй салхин дунд

Ижий минь дандаа гадаа

Хүйтэн шөнийн оддын дор

Зүүд нь бас гадаа.


Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tumruu(66.181.183.187) 2018 оны 03 сарын 06

Buural ahiin mine nairag ch saihan daa saihan.End baigaa buh shulguudiig sonsloo unshlaa Zindaagiin zaluust bayrallaa amjilt

0  |  0
Отгон(122.201.22.28) 2018 оны 03 сарын 04

Өвгөн найрагч минь таны үнэн үг бидэнд хэрэгтэй хэвээр байгаа шүү. Урт наслахыг чин сэтгэлээсээ хүсье

0  |  0
зочин(202.179.26.155) 2018 оны 03 сарын 04

ай хөөрхий Хавар болж газар гэсэхийн цагаар Өвгөд хөгшчүүл минь Хадан гэртээ очихыг тэгтлээ юунд яарнам вэ, Цаг нь болоогүй Үхэлрүү юунд тэгтлээ яарнам, Царайгаа харуулаад цаадуултайгаа байж л байна биз дээ, Хэнд ч Гай болоогүй байна шүү дээ, Өвгөн Ах минь,

0  |  0
эгэл(103.212.118.234) 2018 оны 03 сарын 04

Хорвоогоос уйдсийм болов уу яасийм бол? Эсвэл өвчин нь найдваргүй болсийм болов уу. Ямар ч байсан энэ хүн хадан гэртээ харих тухай бодох болжээ.

0  |  0
mongol(98.228.96.94) 2018 оны 03 сарын 04

aguu aguu xurdan eejdee ochoe doo

0  |  0
Top