“Зиндаа” сэтгүүл цаг үеийн хамгийн нөлөө бүхий эрхмүүдийн тухай өгүүлдэг “Гол тоглогч” буландаа энэ удаа Хорлоогийн Чойбалсанг онцолж байна. Тэрээр Монгол Улсын их сургуулийг үүсгэн байгуулагчийн нэг юм. Энэ утгаараа XXI зууны Монголын хөгжил дэвшил XX зууны суут удирдагчтай шууд холбоотой.
НАМТАР
Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, өрлөг жанжин, маршал Хорлоогийн Чойбалсан. Халхын Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошууны харьяат. 1895 оны 2 сарын 8-нд төрсөн. 1912 онд Нийслэл хүрээнд ирж хөлсний ажлаар амь зууж, 1913-1914 онд Хүрээний Оросын консулын сургууль, 1914-1917 онд Эрхүү хотын “Реальное” гимназийг төгссөн. 1917-1919 онд Цахилгаан мэдээний хороонд ажилчин, орчуулагч, 1923-1924 онд Москва хотноо Цэргийн академийн бэлтгэл курст суралцжээ. Консулын бүлгийн гишүүн, Зөвлөлт Орос улсаас тусламж хүсэх анхны төлөөлөгчөөр С.Данзангийн хамт явж Эрхүүгийн уулзалтуудад оролцон тус хотноо Д.Сүхбаатар, Д.Лосол нарын хамтаар ажилласан. 1921 оны эхээр умард хошуудаас цэрэг элсүүлэх ажлыг хийж, 3-7 дугаар сард Ардын намын суртлыг номлогч, АТЗГ-ын гишүүн, Цэргийн яамны түшмэл, Бүх цэргийн комиссар, Баруун замын тусгай ангийг захирагч, Ардын журамт цэргийн дэд жанжны тушаалыг хүлээн цагаантныг устгах үйл хэрэгт оролцсон. 1921 онд Монголын Бошгыг халах залуучуудын эвлэлийн Түр цагийн Төв хорооны анхны даргаар сонгогдсон. 1922 онд “Д.Бодоогийн хэрэг” гэгчид холбогдон Бүх Цэргийн Зөвлөлийн гишүүнээс огцорч, ЗХУ-д цэргийн сургуульд жил гаруй сурсан. 1924 онд Бүх цэргийн жанжин, МАН-ын Төв хорооны тэргүүлэгч гишүүн, 1930-аад оноос Мал тариалангийн яам, ГЯЯ, ДЯЯ, ЦЯЯ-ны сайдын албыг хашиж, 1939 оноос Ерөнхий сайдаар ажиллажээ. Халхын голын дайн, Чөлөөлөх дайнд БНМАУ-ын зэвсэгт хүчнийг удирдан эх орноо батлан хамгаалах, тусгаар тогтнолоо бэхжүүлэн олон улсад хүлээн зөвшөөрүүлэх үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсан. Түүний гавьяаг үнэлэн 1936 онд БНМАУ-ын өрлөг жанжин цол, 1941,1945 онд БНМАУ-ын баатар цол олгож, Сүхбаатарын одонгоор 4, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор 5 удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, ЗСБНХУ-ын Лениний одон, Байлдааны улаан тугийн одонгоор тус бүр 2 удаа, Суворовын 1-р зэргийн одон, медалиудаар шагнажээ. Тэрээр Г.Дэмид, Д.Лосол нартай хамтран бичсэн зохиолоос гадна ”Ардын хувьсгалын түүх”, “Хатанбаатар Магсаржав” ном, Ардын журамт цэргийн түүхийн өгүүллүүдийг хэвлүүлсэн. Үүний хамт Х.Чойбалсан нь үлэмж их эрх мэдлийг гартаа төвлөрүүлэн тахин шүтэгдэж, ХХ зууны Монголд аймшигт хэлмэгдүүлэлтийг явуулсан ДЯЯ, Онц бүрэн эрхт комиссыг толгойлж байсны хувьд олон мянган хүнийг хэлмэгдүүлсэн хэргийн буруутан гэгддэг юм. Тэрээр 1952 оны 1 сарын 26-нд насан эцэслэжээ.
-"Эх орон тусгаар тогтнолын төлөө эрсдэхгүй амь, урсахгүй цус гэж үгүй. Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нартаа үлдээв."
БНМАУ-ын маршал, улсын баатар, Ерөнхий сайд асан Хорлоогийн Чойбалсан-
Цаг үе нь түүхэн хүнээ хамт төрүүлдэг билээ. Чингис хаан, Хубилай хаан, Батмөнх даян хаан, Занабазар, жанжин Д.Сүхбаатар, Хатанбаатар ван Б.Магсаржав, Манлайбаатар ван Ж.Дамдинсүрэн, Ю.Цэдэнбал, С.Зориг нарыг тухайн цаг үе нь төрүүлсний адил Х.Чойбалсанг Монголын хамгийн эгзэгтэй түүхэн нөхцөл гаргаж ирсэн юм.
Түүний түүх бол монголчуудын тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн баатарлаг, бас эмгэнэлт түүх юм. Тэр 1946 онд нэг сая таван зуун жаран дөрвөн мянган ам.километр нутгаа тусгаар тогтнуулж, юун түрүүнд хоёр хөршөөрөө, цаашлаад дэлхийн улсуудаар хүлээн зөвшөөрүүлж, дэлхийн хамтын нийгэмлэгийн нэр хүндтэй гишүүн болгож чадсан билээ. Энэ тусгаар тогтнолын төлөө хэдэн мянган ард иргэд, хэдэн арван удирдагч амь бие, халуун цусаа өргөсөн. Нийтлэлч Б.Баабар энэ талаар “Монгол Улс тусгаар тогтнох үйл хэрэгт Богд хаан, Д.Намнансүрэн, Д.Ханддорж, Цэрэнчимэд, Хайсан, Бадамдорж, Найдан ван, Цэвээн тэргүүн, Б.Магсаржав, Ж.Дамдинсүрэн, Данзан, Бодоо, Сүхбаатар, Гэндэн, Дэмид, Амар зэрэг олон түүхэн хүний оролцоо, чармайлт зүтгэл хавсарсан ч чухамдаа Чойбалсан л эцсийн барианд хүргэсэн” гэж бичжээ. Түүх үүнийг баталдаг.
1946 оны нэгдүгээр сарын 6-нд Хятад улс, мөн оны хоёрдугаар сарын 28-нд ЗХУ Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхийг олон улсын жишгээр хүлээн зөвшөөрсөн. Х.Чойбалсангийн бүхий л амьдралынх нь тэмцэл, утга учир ингэж биеллээ олсон юм. Энэ баярт өдөр тэрээр Москвад И.Сталинтай уулзаж, шөнө дөл болтол ярьж суусан гэдэг. Үүр цайж байхад Монголын Элчин сайдын яамандаа орж ирсэн Х.Чойбалсангийн царайнд баяр хөөр, омог бахархал, ялсан хүний бардамнал нэвт гэрэлтэж байжээ. Тэрээр Элчин сайдын яамны залуу ажилтан Далхжавыг онцгойлон дуудаж англи хэл хэр сурч байгааг нь лавлаад “Англи хэлээ улам шамдан сур. Бид удахгүй Америктай холбоо тогтоон тэнд элчин сайдын яам байгуулна. Чи тэнд очиж ажиллах болно” хэмээн догдлон өгүүлжээ.
Тэрээр Зөвлөлт, Хятадын дараа дэлхийн бусад орноор, түүний дотор АНУ, Их Британиар өөрийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхийн ач холбогдлыг маш сайн ойлгож байсан нь хэр алсын хараатай улстөрч байсны баримт юм. Монгол Улс тусгаар тогтнох нь нэг хэрэг, тусгаар тогтнолоо улам баталгаатай болгох нь түүнээс ч дутахгүй чухал хэрэг гэдгийг сайтар ухамсарлаж байж дээ.
Тиймдээ ч шинээр байгуулагдсан НҮБ-д Монголыг гишүүнээр элсүүлэхээр дайны дараагаас зүтгэж эхэлсэн. 1946 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ли Трю-д хаягласан өөрийн гарын үсэгтэй элсэх хүсэлт бүхий өргөдлөө төлөөлөгчийн хамт Нью Йорк руу явуулж байлаа. Харамсалтай нь зөвлөлтийн Гадаад явдлын сайд Молотов, НҮБ-д суух Зөвлөлтийн төлөөлөгч А.Громыко нар Монголын төлөөлөгчдийг замаас нь буцаажээ. Магадгүй энэхүү өргөдөл нь Х.Чойбалсангийн “тойрох хуудас”-ыг зурсан ч байж мэднэ. Онц бөгөөд бүрэн эрхт сайд, дипломатч Пунцагийн Шагдарсүрэн "Манай улсын гадаад харилцааг хөгжүүлэхэд хамгийн их үйлс бүтээсэн хүн бол маршал Хорлоогийн Чойбалсан. Тэрээр ЗХУ-тай зохицсон бодлого баримталж, туурга тусгаар Монгол Улсыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэхэд бие сэтгэлээ дайчлан жинтэй хувь нэмэр оруулсныг манай ард түмэн төдийгүй гадаадынхан ч сайн мэдэх билээ” гэж дурсан бичжээ.
Их хэлмэгдүүлэлтийн өмнөхөн Монголоос зугтаан АНУ-д дүрвэн гарсан Дилав хутагт хүртэл Х.Чойбалсангийн гавьяаг хүлээн зөвшөөрч байлаа. 1961 онд Монгол Улс НҮБ-д элсэж төрийн далбаагаа мандуулахад өвгөн лам нүдэндээ нулимстай харж суусан. Дилав хутагтыг Монголд тогтсон коммунист дэглэмийг эсэргүүцэхэд оролцооч гэж гуйхад “Хагарсан ваар арай гэж эвлэлээ. Үүгээр оролдвол дахиж хагарна, эргээд эвлэхээ больж магадгүй” гэсэн гэдэг. Монгол гэх ваарыг энд тэндээс нь хагачиж, эвдэж, хэлтэрхийг нь тарааж, цөмөж, цөлмөж, түүхийн тавцангаас шороо тоос мэтээр арчиж хаяхын эгзэг дээр Х.Чойбалсан их үнэ төлж байж, энэ ваарыг авч үлдсэн юм.
Х.Чойбалсан Монгол Улсын тусгаар тоггнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө тууштай тэмцэгчээс гадна улсаа тэлэх тун их хүсэлтэй нэгэн байжээ. И.Сталины бүрэн хүчирхэгжилт, эзэрхийллийн ид он жилүүдэд тэрээр Монгол туургатныг нэгтгэж, хүчирхэг их Монгол Улсыг байгуулах санаачилга гаргаж байсан байх юм. 1945 онд Өвөр Монголыг чөлөөлмөгцөө тэднийг Ар Монголтой нэгдэхийг уриалсан ухуулах хуудас монгол бичгээр олон мянган хувь хэвлүүлэн Өвөр монголын нутаг дээгүүр онгоц нисгэн тарааж байсан удаатай. Маршал энэхүү саналаа БНХАУ-ын удирдагч Мао Зе Дунд хүртэл албан ёсоор тавьжээ. Хариуд нь Мао дарга "Өвөр Монгол нь манайхыг тэжээж байгаа гол үндэстэн болох тул зөвшөөрөх боломжгүй” гэсэн гэдэг. 1940 онд намын 10-р хурлын үеэр маршал X.Чойбалсан Тувагийн ерөнхийлөгч Шалчиг Тогоотой ярилцахдаа Туваг Монголтой нэгдэхийг санал болгосон. Харин цаадах нь Оростой нэгдэх бодолтой байгаа гэж хэлэхэд нь маршал ихэд уурлаж, Тогоог бүр алгадаад авсан гэх. Энэ явдал Ленин клубийн тайзан дээр болсон юм гэж түүхийн Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, доктор О.Пүрэв баталдаг.
Мөн халимагуудыг өөрийн улсын харьяанд авахыг ч санаархаж байсан баримт бий. И.Сталин бага ард түмнүүдээ урвагч гэж цоллон, хүйтэн Сибирь, халуун Дундад Ази зэрэгт орнуудад цацан цөлсөн юм. Тэр тусмаа халимагчуудад онцгой хатуу ханджээ. Тиймээс халимагчууд И.Сталины үед хамгийн их үхэж үрэгдсэн байдаг. Гэтэл И.Сталины шийдвэрийг сөрж, Х.Чойбалсан урвагч халимагуудад элэгтэй хандах нь тэр. Халимагуудыг Сибирь рүү биш, харин Монголд цөлөх хүсэлтийг албан ёсоор тавьжээ. Үүнийгээ тайлбарлахдаа "Ингэх нь хүн хүчээр дутмаг Монгол Улсад социализм байгуулахад их хэрэгтэй байна, хэл ус нэгтэй болохоор ойлголцож, тэднийг хүмүүжүүлэхэд ч тустай байх болно” гэж ятган, Сталиныг том эргэлзээнд оруулж байсан гэдэг.
Гэвч Сталин бол Сталин шүү дээ. Чойбалсангийн цаад санааг ойлгосон тэрээр халимагуудыг дандаа Монголоос өөр газар нутгуудад цөлж орхисон билээ. Тухайн үеийн Монголын нөлөө бүхий зарим хүмүүс Монголыг ЗХУ- ын бүрэлдэхүүнд оруулах гэсэн санал, санаачилга гаргаж байсан. Үүнийг эрс хатуу эсэргүүцэж, няцааж байсан хүн бол Х.Чойбалсан. Энэ үйлдлийнх нь тухай доктор А.Нямаа “Х.Чойбалсан бол Японы түрэмгийллийн эсрэг тэмцэж, БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүнд нөхцөлийн дунд дэлхий дахинаар хүлээн зөвшөөрүүлсэн. ЗХУ-д дагаар орох саналыг тас цохиж, 2000 жил тусгаар улс явж ирсэн юм, та нар битгий дураар загна” гээд гаргасан гавъяатай” хэмээн онцолжээ.
Зарим хүн Х.Чойбалсан Оросын эсрэг сөргөлдөж байсан удаагүй, хүлцэнгүй дагагч байсан мэтээр үнэлдэг. Чойбалсангийн хувьд И.Сталины үгэнд орж байж л арай гэж дэнжигнэж байгаа Монголын Де факто тусгаар тогтнолыг хадгалах төдийгүй түүнийг албан ёсоор олон улсын түвшинд зөвшөөрүүлэн баталгаажуулж болно гэдгийг гүнзгий ойлгосон байсан нь үнэн.
Гэвч энэ нь Тувагийн Салчиг Тогоо гэгчтэй адил Оросын хүлцэнгүй боол байсан гэсэн үг биш ээ. 1944 онд Тагна Тува СССР-ийн "ариун гэр бүлд" нэгдэнэ гэснийхээ төлөө Х.Чойбалсангаас ухамсрын шанаа хүртэж явсан тэрээр Иосиф Сталиныг үхэхэд нь гашуудан уйлж "Бид их Сталины ачийг яаж хариулах вэ? Бид тусдаа улс байгаад яах юм бэ? ЗХУ-д нэгдэж Их Сталины ачийг хариулъя" гэх зэргээр авирласан. Харин Чойбалсан ямагт тусгаар тогтносон улсын удирдагч гэдгээ оросуудад илэрхийлж, зарим талаар бие даасан гэдгээ батлан харуулахыг хичээдэг байжээ. Монголд байрлаж байсан 17 дугаар армийн командлагч А.И.Даниловт Чойбалсан нэг удаа хатуухан сануулга өгчээ. “Генерал та манай оронд дээрэмчин маягаар аашилж байна. Яг л колоничлогч шиг!” гэж үг нэг бүрээ маш чанга тодоор салган дуудаж, их л нухацтай анхааруулсан гэдэг. Мөн Зөвлөлтийн эмч нарын гаргаж буй бүдүүлэг авир, Монголд ямар ч туршлагагүй эмч нар илгээсэн зэрэгтэй холбогдуулан Чойбалсангаас Эрүүлийг хамгаалахын ерөнхий зөвлөхийг буруушаасан баримт архивт хадгалагдаж буй.
Чойбалсан хятадуудад огт итгэдэггүй нэгэн байлаа. Энэ үл итгэл нь түүний амьдралаас буй болсон туршлагатай холбоотой. Тэрээр хятад цэрэг Монголыг эзлэхийг нүдээр харсан, тэднийг Монголоос зайлуулахын тулд хувьсгалд оролцсон, хятадууд Гадаад Монголын тусгаар тогтнолыг үргэлж үгүйсгэн өөрийн алдагдсан нутаг гэж гомдоллож байхыг насан туршдаа биеэр үзэж өнгөрөөсөн нэгэн. Өмнөд хөрш нь социализмын замаар замнах болсонд магнай тэнийсэн Цэдэнбал Чойбалсантай баяраа хуваалцахаар ортол, өнөөх нь огт баярлаагүйгээр барахгүй хятадууд хэн ч байсан итгэж болохгүй гэж зөвлөжээ. Хятадын хувьсгалын баяраар уригдсан боловч өөрийнхөө оронд Цэдэнбалыг явуулж байв.
1945 онд маршал Х.Чойбалсан 50 насныхаа ойн хурал дээр хэлсэн үгэндээ "Манай орны хөгжил дэвшил, амжилт ялалт бүхэн гагцхүү миний гавъяа биш, Монголын ард түмний хичээл зүтгэлийн үр дүн мөн” гэж тун даруухнаар мэдэгдэж байв. Түүнд өөрийгөө тахин шүтүүлэх, нэг хүний дарангуйлал тогтоох ямар ч сонирхол, хэрэгцээ байгаагүй. Гагцхүү Монголыг тусгаар улс байхад хэрэгтэй байсан тэр тогтолцоо л түүнийг дарангуйлагч болгож түүхэнд үлдээсэн билээ.
Х.Чойбалсанг улс төрийн хэлмэгдүүлэлтийг зохион байгуулсан гэж хойч үе нь ялладаг. Б.Баабар “Чойбалсан бол ял, гавьяа хоёроо хойч үедээ үлдээсэн” гэж тодорхойлсон. Улс төрийн хэлмэгдүүлэлтийг үндсэндээ тэр чигээр нь тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсаас удирдан, зохион байгуулж, үүнийгээ Монголын улс төрийн өндөр албан тушаалтнуудад дарамт үзүүлэх замаар хэрэгжүүлсэн. Х.Чойбалсан нь Сталины нөлөөнд хэт автсан байсан нь түүхэн үнэн юм. Гэвч тусгаар тогтнолоо олж авахын тулд үүнээс өөр арга түүнд байгаагүй гэж олон түүхч нотолдог. И.Сталины ая тал, ааль араншинг дагасны хүчинд Монголд тусгаар тогтнол гэх үнэ цэнэтэй зүйл хүрч ирсэн нь гашуун хэдий ч хатуу үнэн. ЗХУ-ын тулгалтыг хүлээн аваагүй бол Х.Чойбалсан болоод Монгол Улсын хувь заяанд ямархан хохирол, учрах байсныг хэн ч үл мэднэ.
Хэлмэгдүүлэлт хэрхэн эхэлсэн бэ. Тэмдэглэгдэж үлдсэн түүхэн хуудсыг сөхье.
1937 оны намар ЗХУ-ын Дотоод яамны орлогч сайд М.П.Фриновский, Батлан хамгаалах яамны орлогч сайд С.Миронов хоёр Сталины онцгой даалгавраар Монголд ажиллахаар иржээ. Тэдний шифрэлсэн цүнхэнд «Заговор» хэмээх гарчигтай баривчлах ёстой 115 хүний нэрс байжээ. Баривчилгаа 1937 оны 9 дүгээр сарын 10-ны гүн шөнөөр эхлэж, цааш үргэлжлэн нийт гучин мянган хүнийг хомроголон хядсан билээ. Хядлагыг Х.Чойбалсангаар удирдуулсан мэт болгож, Фриновский, Миронов нар өөрсдөө биечлэн залж зохион байгуулж байв.
Гурван жилийн дараа их хядлага намжиж, Фриновский, Миронов хоёр мөн л яаралтай дуудагдаад буудан хороогджээ. Харин Хорлоогийн Чойбалсан дахин арван хоёр жил улс орноо удирдсан юм. Гэхдээ тэрээр өөрийн биш ч өрөөлийн хүслээр анд нөхөд, элгэн саднаа хядсандаа шаналан зовж, хязгааргүй харуусч байсан нь илт байдаг.
1930-аад оны сүүлч буюу улс төрийн хэлмэгдүүлэлтийн ид үед улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн ард иргэдийн нэр хүндийг сэргээх ажлыг Х. Чойбалсан өөрийн биеэр эхлүүлсэн нь их хачирхалтай. Тэрээр 1939 онд "Улс төрийн хэрэгт шийтгэгдсэн хүмүүсийн хэргийг дахин хянан үзэх" үүрэг бүхий тусгай комисс байгуулах шийдвэр гаргаж, энэхүү комисс нь Дотоод явдлын яамны доод шатны байгууллагуудын алдаатай үйл ажиллагаанаас болж хилс хэрэгт буруутгагдсан 2015 хүнийг цагаатгасан байдаг.
1937 оны тэр шөнө баривчлагдсан эрчүүдээс 14 хүнийг сонгож урьдаас төлөвлөсөн шүүх хурал гэгчид оруулж хилсээр шийтгэсэн нь “Анхны 14- ийн хэрэг” гэж түүхэнд үлджээ. Сталины махны машин Монголд ийнхүү нижигнэн хөдөлсөн түүхтэй. 1937 оны долдугаар сард БНМАУ-ын Ерөнхий сайд асан П.Гэндэн Крымд, наймдугаар сард нэрт эрдэмтэн Цэвээн Жамсранов, Мэргэн гүн М.Гомбожав нар Ленинградад, тагнуулч Ц.Өлзий Улаанбаатарт, ЦЯЯ-ны Тагнуулын газрын дарга асан Б.Очирбат Дорнодод тус, тус баривчлагджээ. М.П.Фриновский мөн БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Бүх цэргийн жанжин, маршал Г.Дэмидийг Сибирийн Тайга өртөөнөө угтаж устгах даалгаврыг гүйцэтгэсэн ажээ. Анхны 14 хүнийг ялласан шүүх хурлаас УБХ-ын тэргүүлэгч гишүүн Ламжав (циркчин ах дүү Нацаг, Ванган нарын аав)-т 10 жилийн ял өгч, амийг нь өршөөжээ. Х.Чойбалсан, Д.Лувсаншарав нар “Ламжавыг битгий алаарай. Олон өнчин хүүхэд хэцүүднэ шүү” хэмээн ярилцаж байсныг Д.Лувсаншаравын эхнэр М.Даариймаа гэрчилсэн нь бий. Мөн жүжигчин Ичинхорлоо хүүхний тухайд “Энэ хүүхэн надад их дургүй юм. Нөхрийнхөө амийг өршөөхийг надаас гуйж байсан, даанч надад тийм мэдэл байгаагүй. Уг нь би хөөцөлдсөн юм. Тэрийг энэ ойлгохгүй л дээ” гэж Чойбалсан өөрөө хожим хүнд ярьж байжээ. Мөн олон тооны сүм хийдийг устгахад ч дуртай биш байсан бөгөөд Эрдэнэ зуу, Чойжин ламын сүм, Богд хааны ордон, Гандангийн дуганууд, Амарбаясгалант, Дорнод аймгийн Булган сумын нутаг дахь Чингисийн Тугийн сүм, Санбэйсийн хойд хүрээнд багадаа шавилан сууж байсан "Мянган бурхан”-ы сүм зэрэг хүрээ хийдийн сүмүүдийг нурааж устгахгүй байхыг онцлон санал болгож байжээ.
Академич Б.Ширэндэв "Түүхэн хүнд хандахдаа хийсэн бүгдийг нь үгүйсгэж болохгүй. 1930-1940 оны хэлмэгдүүлэлт гэгч нь маршал Чойбалсангийн мэдлээс хэт хол давсан асуудал байсан юм билээ” гэж дүгнэсэн нь бий. Үнэхээр ч олон лам хувраг, сэхээтнүүдийг гадаадын тагнуул, хувьсгалын эсэргүү хэмээн зохиомол хэргийн хилс материал бүрдүүлж, орос монгол нийлсэн 11 хүн гарын үсэг зураад, сүүлд нь маршалыг гарын үсгээ зурахыг тулгадаг, заримдаа гарын үсэг зуруулалгүй далдуур гүйцэтгэдэг байсан ажээ. Тэр бичигт маршап гарын үсэг зурахгүй бол эсэргүү хэрэгтнийг өмгөөлөн хамгаалсан ялд холбогдон толгойгүй болох нөхцөл байдалд байж. Маршалын гарын үсгийг дууриалган зурсан, мөн цөөн хүний нэр бичээд маршалаар гарын үсэг зуруулсаны дараа түүн дээрээ онцгой комиссынхон өөртөө таалагдаагүй зарим хүмүүсийн нэрийг нууцаар нэмж бичдэг байсан зэрэг цөөн бус баримт бичиг эдүгээ архивт бий.
Ямартай ч их хэлмэгдүүлэлт Х.Чойбалсангийн хүсэл зоригоос гадуур болсон гэдэг нь маргаангүй.
Кремлийн гарт хөнөөгдсөн монгол удирдагчдын хувь тавилан Х.Чойбалсанг ч тойроогүй юм. 1952 оны өвөл Х.Чойбалсан Москвад эмчлүүлэхээр яваад, түүний амьгүй болсон цогцос эх орондоо эргэж иржээ. “Ведемости” сонинд гарсан мэдээнд “БНМАУ- ын бүх ард түмний жолоодогч Маршал Х.Чойбалсан 1952.01.26-нд таалал төгслөө. Түүнийг таалал төгсөхөд ЗХУ-ын удирдлагууд, нөхөрсөг ард түмэн бүгдээр галт тэрэгний буудлаас эх орных нь зүг гашуудан үдэв. Монголчууд түүнийг насан эцэслэсэн ч тахин шүтсээр бунхлав. Тэр өдөр цас хялмаалсан, бүрхэг өдөр байв” гэжээ. Түүний үхэлд ямар нэг ээдрээ, нууц байгаа гэж монголчууд итгэдэг.
1950-иад оны эхээр тасралтгүй олон жил төрийн ажил хийсэн маршалын бие чилээрхэхэд түүний хувийн орос эмч болон бусад шадар туслах нь ЗХУ-д очиж эмчлүүлэхийг яаран шаардаж байжээ. Энэхүү шаардлагад маршал өөрөө дургүй байсан ч ЗХУ-ын Кремлийн нэгдсэн эмнэлэгт мэс засал хийлгэн, өвчнөө дийлэлгүй өөд болсон. Үхлийн шалтгаан нь “бөөрний дээд булчирхай хайлах” өвчин.
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, нэрт түүхч, Сүхбаатар судлаач, доктор Отгоны Пүрэв хэлэхдээ “Бөөрний өвчтэй гээд эм тан уугаад хэдэн жил амьд явж байгаа хүмүүс бишгүй бий. Маршал бөөрний мэс засал хийлгээд, тэр дороо нас барсныг монголчууд их л сэжигтэй гэж үздэг. Ялангуяа Маршал Өвөрмонголыг өөрийн улстай нэгтгэх хүсэлтийг Сталинд хэдэн удаа тавьсан боловч тэрбээр зөвшөөрөөгүйн улмаас санал зөрөлдсөн зэрэг нь үхлийн бас нэг шалтгаан болсныг үгүйсгэх аргагүй” гэжээ.
Х.Чойбалсангийн нарийн бичгийн дарга, Гадаад явдлын яамны сайд асан П.Шагдарсүрэн өгүүлэхдээ “Одоо бодоход И.В.Сталины бүх муу юмыг хамгийн сайн мэддэг учраас ЗХУ руу тулгалтаар явуулсан. Учир нь тэр И.В.Сталины дараа амьд үлдвэл юу ч дэлгэж мэдэх хүмүүсийн нэрсийн жагсаалт дунд бүртгэлтэй байсан. Мэс засалд орохын өмнөх өдөр нь намайг уулзахад надад бөөрөө үзүүлээд “Энэ өндөр мэргэжилтэй, мундаг доктор профессоруудад миний өвчин өргөс авахтай адил байх биз. Би гайгүй болохоороо мэс заслын дараа чамайг дуудаж уулзана” гэж хэлж байсан. Тэгтэл маргааш нь мэс засал хийлгээд, оройхон нь ямар ч туслалцаа авч чадалгүй өнгөрсөн” гэж ярьжээ.
Түүний шарилыг ЗХУ-аас Монгол Улс руу зөөвөрлөн авчирсан гэдэг ч зарим эх сурвалжууд одоог хүртэл үүнд итгэдэггүй билээ. Х.Чойбалсан нас барахаасаа өмнө “Намайг Сүхбаатар жанжны хажууд индрийн бунханд оршуулаарай" гэж гэрээсэлсний дагуу тэнд оршуулжээ. Гэвч төв талбайдаа бунхлан залсан Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын шарилыг хожим Ерөнхий сайд асан Ц.Элбэгдоржийн шийдвэрээр Алтан өлгийд зөөж байрлуулсан билээ.
Х.Чойбалсангийн засгийн эрх барьсан хугацаанд Монголын түүхэнд үлдсэн эдийн засаг, соёлын олон чухал үйл явдлууд болсон юм. Эдгээр дундаас онцгойлох гавьяа нь, анхны 10 жилийн дунд сургуулийг байгуулж сургуулийн насны бүх хүүхдийг бага сургуулийн боловсролтой болгох зорилтыг хэрэгжүүлсэн нь боловсролын салбарт гарсан үсрэнгүй ололт байлаа. Мөн Монгол Улсын Их Сургуулийг байгуулсан нь онцлохоос аргагүй хөгжил дэвшлийн замыг нээсэн үйл явдал байсан юм.
Өдгөөгөөс дал гаруй жилийн өмнө тулганы галаа бадрааж, өндөр үүдээ өргөсөн МУИС-ийн түүх болон, үүсгэн байгуулагчдын тухай төдийлөн ярьдаггүй, ярихыг хүсдэггүй байсан цаг өнгөрчээ.
Эх орондоо шаардагдах дээд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх үйлсэд өнөөдөр ч асар их хувь нэмрээ оруулж буй МУИС-ийг байгуулсан нь ХХ зууны Монголчуудын соёл боловсрол, шинжлэх ухааны салбарт олсон томоохон дэвшил болсон юм. Их сургууль байгуулж, цаашид хөгжүүлэх ажил харьцангуй богино хугацаанд хэрэгжүүлсэн нь архивын баримтаас харагддаг. Арван жилийн боловсрол ч олигтой хөгжөөгүй, бичиг үсгээ мэддэг хүн ч ховор байсан, дайны хүнд үед ихээхэн сэтгэл, хүчин чармайлт гарган их сургууль байгуулсан нь үнэхээр холын хараатай алхам байв. Тэр тусмаа “Бүхнийг фронтод” гэх уриа лоозон бүхий дайны жилүүдэд шүү.
Х.Чойбалсан улс орныхоо соёл боловсролыг хөгжүүлэх, хүн ардаа соён гэгээрүүлэх, өсвөр үеэ дэлхийн жишигт хүрсэн өндөр боловсролтой иргэд болгон хөгжүүлэх таатай орчин нөхцлийг бүрдүүлэхэд ихээхэн анхаардаг хүн байв. Өдгөөгийн Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт лаборатори 1-р дунд сургуулийн 4 давхар барилгыг маршал анх санаачлан бариулж, 1940 онд ашиглалтанд оруулсан нь сургуулийн зориулалттай анхны барилга болжээ.
1941 онд ЗХУ-д фашистын Герман довтлон дайн эхэлж, үхэх сэхэхээ үзэлцэж байсан хүнд хэцүү үе болох 1942 онд маршал Х.Чойбалсангийн санаачилгаар Монголд анх удаа МУИС-ийг үүсгэн байгуулсан гавъяат үйлсийг монгол түмэн эгнэгт санан дурсаж, түүнд хүндэтгэл үзүүлж байх учиртай. Дээрх хоёр сургууль нэг үе маршал Х.Чойбалсангийн нэрэмжит байсан үе бий.
МУИС-ийн хичээлийн төв байрыг барьж байхад маршал Х.Чойбалсан үе үе ирж, ажлын явц байдалтай танилцаж, заримдаа морин тэргээр авдар тамхи авчруулан сайн ажиллаж байгаа хүмүүст нэг хайрцаг "Бөхт” янжуур, 5 төгрөгийн хамт өгч урамшуулдаг байсан ажээ. Маршалыг махлагдуу, хүрэн бор царайтай, эелдэг зөөлөн байрын инээмсэглэж явдаг хүн байсан гэж хүмүүс дурсдаг.
Маршал баганат барилга бариулах дуртай, барилгын зураг төсөлтэй урьдчилан танилцаж, саналаа нэмэрлэж хэлдэг. Тухайлбал МУИС-ийн төв байрны барилгыг барих үед холбогдох мэргэжлийн хүмүүст нь 100 жил хоцрогдохгүй өнгө үзэмжтэй уран гоё барилга барихыг бодоорой гэж онцлон захиж, ажлын явцад эргэж тойрч, зүйл бүрээр тусалдаг байсан ажээ. Иймд МУИС-ийн хичээлийн төв байрны барилга нь одоо ч гэсэн манай нийслэл хотыг чимж байгаа уран барилгын нэг байсаар байна.
Тухайн үед Х.Чойбалсанд зарим яамдын сайдын албыг хавсарган гүйцэтгүүлж, төр засгийн эрх мэдлийг нэг хүнд төвлөрүүлэх болсон нь улс орны цаг үеийн нөхцөл байдлын онцлогоос шалтгаалсан байж болохыг үгүйсгэх аргагүй. 1930-1940-өөд онд манай орны гадаад дотоодын байдал туйлын эмзэг байсан. Хэрвээ тэр үед одоо үе шиг олон толгойтой байсан бол тусгаар тогтнолоо тавиад туух байсан гэдгийг ойлгоход хэцүү биш. Засгийн эрх мэдэл тархай бутархай, эв нэгдэлгүй, хувиа хичээн, дур зоргоороо аашлан, хэрэлдэж суудаг улстөрчдийн эрхшээлд байгаагүй нь Монголын зол болсон юм.
Манай улсын хил рүү цөмрөн орж эзэгнэх гэсэн оролдлогыг няцааж чадсанаараа маршал Х.Чойбалсан Монгол төрийн чадварлаг удирдагч төдийгүй цэргийн гарамгай жанжин гэдгээ баталсан юм. Х.Чойбалсанг БНМАУ-ыг удирдаж байх хугацаанд Монгол Улс 1939, 1945 оны хоёр томоохон дайнд оролцон ялалт байгуулсан.
Дэлхийн II дайн эхэлсэн өдрөөс БНМАУ нь ЗХУ-ын талд баттай зогсож, фашистуудтай тулалдаж байсан Зөвлөлтийн арми, ард түмэнд эд материал болон сэтгэл санааны ихээхэн дэмжлэг үзүүлсэн юм. Дайны төгсгөлд Холбоотон гүрнүүдийн цэргийн ажиллагаанд идэвхтэй оролцож, Зүүн хойд Азийг чөлөөлөх үйл хэрэгт оройлон зүтгэсэн байдаг. Энэ бүхэн нь тусгаар тогтнолоо их гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэхэд зохих нөлөөгөө үзүүлжээ. Өдгөө Монголын зэвсэгт хүчин энхийн төлөө үйл хэрэгт оролцож байгаатай адил энэ нь Х.Чойбалсангийн геополитикийн мэргэн алхам байсан юм. ЗХУ, түүний удирдагч И.Сталин Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэхээр бусад их гүрнүүдийг ятгах хэмжээнд хүртэл нь нөлөөлж чадсан улстөрч бол Х.Чойбалсан.
Түүгээр ч зогсохгүй, И.Сталин “Тусгаар тогтносон Монгол Улсын төлөө” гэж хундага тулгаж байлаа. Тэрээр “Монголд хоёр чиглэл байсан. Түүний нэг нь япончуудтай нөхөрлөхийг эрмэлзэх, нөгөө нь ЗХУ-тай нөхөрлөхийг эрмэлзэх байв. Би ЗХУ-тай нөхөрлөж, сайн нөхрөө олсон Монголын удирдагчдын төлөө энэ хундагыг өргөж байна” гэж Х.Чойбалсантай ихэд хүндэтгэн харьцаж байсан билээ.
Х.Чойбалсан бага залуудаа сүм хийд, мөргөлийн газар хэсэн бадарчлах хагас хуврагын сурталтай зуйгуул эр явлаа. Удаад нь нийгэм, улс төрийн амьдралд ихэд шимтэх болж, завшаан тохиолоор засаглалын оройд гарч ирсэн улстөрчийн замналыг туулжээ. Гэвч улс орны эмзэг хувь тавилан, харь улсуудын эзэрхий бодлого түүнийг жинхэнэ монгол удирдагч болгон түүхийн шаргал хуудсан дээр тодруулж тавьсан юм. Түүхийн хуудсыг сөхвөл, Чойбалсангийн эх Хорлоо нь хоёр хүү, хоёр охин төрүүлжээ. Хамгийн том хүү Шарав нь 1885 онд төрөөд 1946 онд, охин Нэрэн нь 1887 онд төрөөд 1944 онд хотод нас баржээ. Гурав дахь хүүхэд нь багадаа эндэж, отгон хүү нь Чойбалсан аж. Чойбалсанг эцэггүй бутач хүүхэд тул ээжээр нь овоглосон гэдэг. Гэвч түүний эцгийн талаар түүхийн ухааны доктор Бат-Очир судалгааны бүтээлдээ “Нутгийн хүмүүсийн яриагаар бол Чойбалсанг төрөхөөс хэдэн жилийн өмнө Манжуур дахь Дагуур Монголын газраас Суврагачин отогт цагаачилж ирсэн Жамц гэдэг хүн Хорлоогийнд орж суусан байжээ. Гэвч отгийнхон түүнийг хавчин гадуурхаж, нутаг уснаасаа хөөсөн бололтой. Жамц арга буюу тэндээс буруулан зайлж өөрийн тахиж шүтдэг Турагтай уулнаа очиж ан гөрөө хийж, ганц биеэр амьдрах болсон байна” гэж бичжээ. Хорлоо удалгүй Жамцын хойноос Турагтай уулыг зорин нүүж очсон ч удалгүй хоёр тийш болсон гэдэг. Х.Чойбалсан ч хожим “Миний эх намайг багад нэгэн хүүрийн газар хүндэтгэл хийлгэж, өөрөө их уйлж байсан билээ. Бодоход миний эцэг тэр биз” гэж гэргий Гүндэгмаадаа ярьж байсан гэдэг. Чойбалсан бол Гэлэгжамц гэдэг маарамба хүний нууц хүүхэд нь юм гэж ах лам Шарав нь сүүлд бас ярьсан байдаг аж.
Хорлоо хүүгээ эх барьж авсан эмгэн Дэлгэрэхэд түр үрчлүүлж, гурван нас хүрмэгц буцаан авч, төрсөн дүү Нэрэндээ өргүүлжээ. Чойбалсан багадаа Дугар нэртэй байж. Багадаа их дүрсгүй хүүхэд байсан тул “Оодогийн чоно” хэмээх хочтой явжээ. Дугарыг долоон настайгаас нь төвөд ном үзүүлж, есөн настайд нь нийслэл хүрээнээ дагуулан ирж Богдод мөргүүлсэн байна. Хийдэд сууж, сахил хүртсэнээр Чойбалсан нэртэй болжээ. Чойбалсангийн залуу халуун нас хүрээний ганган бүсгүйчүүд хийгээд бор дарсны дэргэдүүр эргэлдэж өнгөрсөн түүх бий. Хүрээний ганган хүүхнүүдийн нэг Бортолгойтой танилцан гэр бүл болжээ. Бортолгой их шүтлэгтэй, мөн Богд гэгээний оёдолчин хийдэг байсан тул гэрийнхээ ханаар дүүрэн бурхан ном өрдөг байжээ.
Чойбалсан 1929 онд хувийн хашаа байшингаа намд сайн дураар хандивлан, түүний шан харамжаар бусдад тавьсан өрөө төлж, өөрөө албаны орон сууцанд суух тухай Намын төв хороонд өргөдөл гаргаж байжээ. Тэр үед Чойбалсан нам төрийн өндөр албанд очоогүй, сэтгэл санааны гутралтай, хааяа уудаг хэцүү үе байсан гэдэг.
Энэ үеэс Чойбалсан жүжигчин хүүхэн Дэвээтэй эр эмийн холбоотой болжээ. Дээрх явдлыг Бортолгой мэдсэн ч Чойбалсанг хаяж явсангүй. Чойбалсан Бортолгойн үгнээс гаждаггүй байсан нь бас сонирхолтой. Чойбалсан Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчоор томилогдсоныхоо дараа Бортолгойгоос албан ёсоор салж, өрх тусгаарлажээ. Энэ нь 1935 он аж. Бортолгой хэлэхдээ “Чойбалсан чи бол нам төрийн өндөр хариуцлагатай албан үүрэг хүлээсэн хүн. Над мэтийн шашин мөргөлд автагдсан энгийн дорд хүүхнээр юу хийх вэ. Үзэл бодол таарахгүй бол чи бид хоёрын хэн хэнд нь сэтгэлийн зовлон. Би чамайг нэг сайн эмэгтэйтэй танилцуулъя” хэмээн Б.Гүндэгмаатай танилцуулсан гэдэг. Өмнөх эхнэр нь эр нөхөртөө хань олж өгсөн ийм тохиолдол тун ховор биз. Чойбалсан ч Бортолгойг өөр эрийн эхнэр болсон хойно нь ч тусалж тэтгэсээр байсан гэдэг. Салахдаа өөрийн өмссөн хувцас, бичиг дэвтэр, буу зэвсгээ аваад, үлдсэн хашаа байшин, бүрэн тавилгатай гэр, бусад хогшил хөрөнгийг Бортолгойд өгчээ. Үүний зэрэгцээ “ГАЗ” маркийн суудлын машиныг өмч болгон өгчээ.
Улс төрийн их бартаа, ээдрээ ихтэй зам дунд Х.Чойбалсан хувь амьдралаа орхигдуулсан талтай. 1930 оны үед Х.Чойбалсан “барууны үзэлтэн”, архичин гэгдэж нэг хэсэг ажилгүй болж явжээ. Мөн 1934 онд Москвад очиж жил шахам болохдоо "Лхүмбийн хэрэг" гэгчид нэр холбогдсон байдаг. Харин Москвад өнгөрүүлсэн жил шахмын хугацаанд чухам юу хийж байсан нь тун учир битүүлэг байдаг бөгөөд зарим судлаачид архины эмчилгээнд явсан байх гэж таамаглах авч олонх нь Зөвлөлтийн тусгай албад түүнийг тусгайлан бэлдсэн хэмээн үздэг. Ямартай ч 1935 оны гуравдугаар сард ЗХУ-аас суудлын 20 автомашин түүнд бэлгэнд ирж, мөн оны эцсээр И.Сталины заавраар Х.Чойбалсанг Ерөнхий сайдын орлогчоор томилжээ. Ийнхүү ХХ зууны Монголын харуусал болоод бахархлыг хамтад нь төрүүлсэн удирдагч албан ёсоор мэндэлсэн түүхтэй.
Нийтлэлч Д.Дамдинжав
2017 он 10 сар "Зиндаа" сэтгүүл ТУСГАЙ ДУГААР №01/506
Сэтгэгдэл ( 26 )
Чой бол алуурчин өөртэйгөө хамтран хувьсгал байгуулсан бүх хүмүүсээ тарчлаан тамлаж алсан баримт тодорхой үлджээ. Маш их атаач өс санаж заавал муу буюу өөртэй санал зөрсөн ялангуяа өөрийг нь үл тоомсролсон хүнийг үзэж чаддаггүй байжээ. Дэмид жанжинд байнга атаархаж явсан энд тэнд муулсан хорон үг тараасан байдаг Үүнийг бурханчлан шүтүүлэхийг орлдогч Дамдинжав гуай та ямар холбоотой бололтой үг хайрлахгүй магтжээ Тэр тусгаар тогтнолоо үлдээв гэдгийг архивт байхгүйг О.Пүрэв хэлж хаанаас хэн ямар эх үүсвэрээс олж авсныг мэдэхгүй гэсэн бхайх юм Дамдинжавта Пүрэв гуайг гүтгэжээ
Цэдэнбал нар 1946 онд Нью Йорк очоод ирсэн шүү дээ. Тэр талаар арй ташаа бичжээ.
Ийм жирийн бус хүнийг одоо цагийн бид шүүнэ гэдэг боломжгүй зүйл. Монгол улсын түүхэнд цөөхөн төрсөн гавъятан хүн шүү. Энэ хүний эр зориг, ухамсар, итгэл үнэмшил, эх орноо гэх чин сэтгэл одоо цагийн улс төрчдөд түй ч байхгүй нь л үнэн.
КРЕМЛЬ ӨӨРСӨДӨӨ ОЛЖ ТАВЬСАН УТСАН ХҮҮХЭЛДЭЙГЭЭ ӨӨРСӨДӨӨ Л МЭДСЭН ДЭЭ ЧОЙ БАЛ ХОЁР .
Тэр бол эхэндээ улаантнуудын Эрхүүд бэлтгэсэн хүн нь байсан. Өөрөөр хэлбэл коминтерний даалгавар авсан төлөөлөгч. Нэг ёсондоо тагнуул. Өөрөө дуугүй бүрэг талдаа хүн учир намын нөхдийн дунд жин дарж чадахгүй байсан. Үүнийг нь анзаарсан коминтернийхэн хэд хэдэн удаагийн оролдлогууд нь бүтэлгүйтэж, итгэл үзүүлсэн хүмүүс нь засгийн эрхэнд гармагц өөрсдөөс нь урваж байсан тэр үед Чойг зориуд хүчлэн дэмжиж бусдыг нь толгой дараалан хорьж, цагдаж, буудаж байгаад түүгээр засгийг тэргүүлүүлэх болсон. Үүнийхээ хариуг ч Чой биечлэн төлж их хилмэгдүүлэлтийг гардан явуулсан. Гэвч нөгөөх л эрх ашигийн парад
Ай хөөрхий энэ үеийн улс төрчид бол эх орноо худалдах байлаа ум маани бад мэ хум
Aguu janjin ih udirdagch H. CHoibalsan Mongokiin TUSGAAR TOGTNOL 2 ueiin ued MANDAN BADRAH boltugai hurai
ТҮҮХЭЭ ГЭЖ
Mongolchuud oros ah nar min geed l morgoh n holgui bdag hunii sain saariig yalgaad ooriin tolgoigooroo chiiddeg baigaasai.Orsuud buyan hiisen ch nugel bas hiisen.Ovogdiig min ih hyadsan, ov horongo alt erdenes gazar nutgiig min tonoson uls
АРАЙ Л ИХ ХҮН ХЯДСАН ЮМ БИШ ҮҮ?ИЙМ ОЛОН АХ ДҮҮСЭЭ ЖУРМЫН НӨХДӨӨ АЛАХАД ХАРААД ГАРЫН ҮСГЭЭ ЗУРЖ БАЙСАН ГЭХЭЭР...ТЭГЭХЭД АМАР ГЭНДЭН ЯАЛАА.
Урвагч лам Занабазар энэ монголчуудыг манж хятадад дагуулж боол брлгоонүй бол өдийд монголчууд 30 сая болчихсон байх байсан . Занабазар бол түүхэн урвагч лам .
ter ih hetsuu ued uls ornoo avj garch chadsan l ba muu zuil hiisen bailaa ch uuruus ni100 huvi hamaarch bgaagui bhaa ymar ch l gesen gaviya ni ylaasaa huvi iluu bh
Чойбалсан оросын гахай Элбэгдорж ринчиног давж гарч чадсан 14 Нэг шуу дээ?! Энэ монголчуудыг Нэг улс болгон авч улдэж чадсан торийн зутгэлтэн!!! Элбэгдорж2 Харин миний монголын хувь заяаг эргэлзээтэй болголоо!!!Энэ хунтэй УТТ-ны гишуудийг шуусэнтэй адил шуух хэрэгтэй гэж шаардаж байна!? Хулгайч шоронд л байх естой!!!
Муучлах, магтахдаа биш, иймэрхүү маягаар юмыг олон талаас нь харж эрэгцүүлж үр дүнг нь шүүн хэлэлцэх чадвар өнөө монголын иргэн бүрт шаардагдаж байна. Хэтэрхий хуумгай, худал юмаар уллаад байхаар орчин цагийн учраа мэдэхгүй их хөл толгойгоо сольсон орооцолдоон, замбараагүйтэл бий болж байна. Ийм байдал газар авах тусам аливаа хүн амьдралын бодит чанарт хайнга хандаж худал хуурмаг, хийсвэр зүйлийг тахин шүтэж амьдралыг зугаацаж өнгөрүүлэх зорилготой болдог. Өнөөдөр ганц монгол ч биш бүх дэлхийгээрээ иймэрхүү хандлагатай болжээ. Энэ нь тийм мундаг дэвшил биш төөрөгдөл болох нь тодорхой.
Ёстой сайхан бичжээ. Түүхэн хүмүүсийн гавьяаг энгийн хүмүүс шүүдэггүй юм даа
одоо ардчилсан хужаа нар бага хуц дөө
Түүхийг шүүнэ гэж юу байхав Тэр хүнд хэцүү цагт улс орныг аваад гарсан байгаа юм даа
муу хүн
Их гоё бичсэн байна даа.....Х.Чойбалсан гуайг муулах ёсгүй гэж бодож явдаг даа....Зарим хүн их муулах юм билээ....