Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Дамбын Төрбатыг олон цуврал романаар нь уншигч олон сэтгэлийнхээ хойморт залдаг билээ. Ерээд оны “Болор цом”-ын тайзнаа “Халаасны өрөө”, “Сүү” тэргүүтэн олон шүлгээрээ уншигч сонсогчдыг байлдан дагуулж явсан зохиолч маань сүүлийн 20 гаруй жилд үргэлжилсэн үгийн бүтээлд анхааралаа хандуулж ирсэн юм.
Тэрбээр 12 цуврал роман тэргүүтэн олон үргэлжилсэн үгийн бүтээлийг уншигч олноо хүргэсэн учраас уншигчид бараг яруу найрагч гэдгийг нь мартсан бололтой. Гэтэл нэрт зохиолч маань сүүлийн үед яруу найргаа орхиогүй гэдгээ харуулж “Эх хэл” хэмээх шүлгийг уншигчиддаа хүргэжээ. “Эх хэл” шүлгийг Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол”-оос хойш гарсан оюун санааны их тунхаг хэмээн утга зохиолын зүтгэлтнүүд үнэлсэн байна. Тиймээс Д.Төрбат зохиолчийн “Эх хэл” шүлгийг уншигч та бүхэндээ хүргэе. Дашрамд дурдахад тэрбээр өнгөрөгч хугацаанд туурвисан шилдэг бүтээлийнхээ дээжээс түүвэрлэн яруу найраг, өгүүллэг, роман, жүжиг, киноны гээд утга зохиолын бүхий л төрлөөр бичсэн найман боть хэвлүүлээд байна.
Эх хэл
Хүй тасарч хүн болохын цагт
Хөг аялгуу хөлөглөж ирсэн эх хэл минь
Хөрст дэлхий тамгалаж хөлд орохын үед
Хөдсөн өлгийнөөс хөтөлж босгосон эх хэл минь
Морин хуурын татлагатай элбэж
Энэ биеийг эгшиг болгосон, эх хэл минь
Монгол бичгийн цацлагатай холбож
Эгэл намайг эрхэм болгосон, эх хэл минь
Өлзий хээтэй хорвоогийн гэгээн бараа
Өвгөдийн шившиж хэлсэн омог-эх хэл минь
Өлгийн дуутай ертөнцийн цагаан бороо
Эмгэдийн шивнэж ярьсан домог-эх хэл минь
Оршин байхуйн тунхаг сүлд юм
Оюун сэтгэлийн тусгаар тогтнол юм
Атга дүүрэн нөжтэй чарлаж төрсөн Тэмүжинг
Аргадаж эгшиглэсэн бүүвэй, эх хэл минь
Нулимс цус хоёроор бэхээ зууран бичиж үлдээсэн
“Нууц товчоо”-ны хоёр зуун наян хоёр бүлэг-эх хэл минь
Хасбуу тамгаа ханцуйлж, харанхуй шөнө зугтсан
Хаан Тогтоонтөмөрийн гэмшиглэн, эх хэл минь
Хөлгөн түүхийн эрхи болон имрэгч, эх хэл минь
Элгэн түмний зүрх болон оршигч, эх хэл минь
Халуут эгчээ санагалзан яруу гэгээн дуулаараа
Халхын Цогт хун тайж, хад амилуулсан, эх хэл минь
Дуулим даяарыг гайхуулж, дуурьсан байдаг шүлэг нь
Дуутын хар хаднаас, цуурайтаж л байдаг, эх хэл минь
Оршин байхуйн тунхаг сүлд юм
Оюун санааны тусгаар тогтнол юм
Гал болон дүрэлзсэн Эрдэнэ-Зуугийн нурман дунд
Галдан Бошгитын хөл доор гасалж үлдсэн-эх хэл минь
Өвгөн манжийн өмнө өвдөг сөгдөн залбирсан
Өндөр гэгээний гар дээр өнчирч үлдсэн-эх хэл минь
Манж хэлэнд түрэгдэж, мартагдахын ирмэгт очсон ч
Малчид л малтайгаа хариулж үлдсэн, эх хэл минь
Төвд хэлэнд түрэгдэж, сүмийн гадаа үлдэхэд
Төрийн мэргэд галын дэргэд авчирсан-эх хэл минь
Тунхаг ариун төрийн эх орны тушаал авсан эр цэрэг
Тугаа үнсэж өргөдөг тангараг юм, эх хэл минь
Алтан медаль хүртсэн аваргууд дэлхийн дэвжээн дээр
Амандаа аялаж зогсдог төрийн дуулал юм эх хэл минь
Оршин байхуйн тунхаг сүлд юм
Оюун ухааны тусгаар тогтнол юм
Уургын цээл хуйванд нь ургах наран дүрэлзсэн
Удмын сайн адуучны уртын дуу-эх хэл минь
Адбиш монгол удмын ариун голомт бадраасан
Аргалчин ижийн аяласан ардын дуу-эх хэл минь
Бүлээн сүүтэй цуг амссан, эх хэл минь
Бүүвэйн дуутай цуг сонссон, эх хэл минь
Оройн цагаар оньсого болон одтой түгсэн билээ
Үдшийн цагаар үлгэр болон үүлтэй цуг нүүсэн билээ
Ээжээ гэж дуудахад босоод ирдэг, эх хэл минь
Ааваа гэж дуудахад тосоод ирдэг, эх хэл минь
Үүсэхийн цагтаа дуу мэт сонсох, эх хэл минь
Үхэхийн цагтаа сүү мэт амсах, эх хэл минь
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 6 )
Чааваас социалист реализм дууссан гэж ухаардаггүй албан ёсны мангууу чинь, ийм толгой холбосон хөгийн шүлсэнцэр зөндөө л бий, ямар ч авьяасгүй мал аж ахуй
Энийг яруу найраг гэхгүй юм бол өөр юуг яруу найраг гэх юм бэ. Гайхалтай. Таны нөөц шавхагдаагүй шүү. Өөр олон сайхан уран бүтээлээрээ уншигч биднийгээ гэгээрүүлээрэй.
Юу гээд худлаа рекламдаад эхлэв.архичин хүүхдүүдээ хүн шиг байхыг сурга.соц хөгийн юм
Goe shvleg ba
мундаг хүн шүү
Гайхамшигтай сайхан бичижээ.