”Эрхэмсэг” хамтлагийн ХУВЬСАХУЙ бүжгэн үдэшт УРЬЖ БАЙНА

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 05

 

Үндэсний урлагийн их театрын дэргэдэх "Эрхэмсэг" бүжгийн хамтлагийн "Хувьсахуй" нэртэй тоглолт арванхоёрдугаар сарын 06-нд 19:00 цагаас "Corporate convention center"-д болох гэж байна. "Эрхэмсэг" бүжгийн хамтлаг 2012 онд байгуулагдсан. Нийт долоон гишүүний бүрэлдэхүүнтэй. Харин энэ удаагийн тоглолтод таван бүжигчин оролцоно.

"Хувьсахуй" тоглолтод урилгаар Гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн, Үндэсний урлагийн их театрын дуучин Ц.Түмэнжаргал, тус театрын эрэгтэй бүжигчид болон жазз дуучин Н.Наранбаатар нар оролцоно.


Тоглолтын талаар "Эрхэмсэг" хамтлагийн ахлагч С.Цэцгээ  "Тоглолтоо илүү мэргэжлийн түвшинд хийхийг зорьж байна. Учир нь манай хамтлагийн бүжигчид бүгд мэргэжлийн бүжгэн жүжигчид. Өмнөх тоглолтууд илүү шоу, энтертаймент тал руугаа байсан бол энэ удаа мэргэжлийн тоглолт тавихаар бэлтгэж байна. Тоглолтын 90 хувь нь миний өөрийн дэглэсэн уран бүтээл байгаа. Тоглолтоо бид “Хувьсахуй” гэж нэрлэсэн учир нь бид бүх л талаараа хувьсан өөрчлөгдсөн гэдгээ харуулахыг зорьж, нэг хэв маяг, нэг загвартай байхаас зайлсхийсэн гэдгээ харуулахыг хүссэн. Бас бүжгийн олон төрлөөс оруулж, өөрсдийгөө өөрөөр харуулахыг хичээнэ" гэлээ.

"Хувьсахуй" тоглолтын дасгалжуулагч, багш А.Хосбаяр "Би “Эрхэмсэг” хамтлагтай танилцсанаас хойш 4-5 жил болж байна. Өмнө нь үзэгчийн байр сууринаас үздэг байсан. Хамгийн анх үзэж байхдаа залуучуудын зоригоор бахархаж, хийсэн бүтээлийг нь үнэлж, нүд баясаж байв. "Эрхэмсэг" хамтлагийнхан яг л нэрэндээ таарсан эрхэмсэг, дээд зэрэглэлийн, олон жилийн туршлагатай бүжигчид. Эрхэмсэг бүжгийг эрхэмсэг төрх, байдлаар илэрхийлнэ гэдэг тухайн уран бүтээлчдээс чадвар, гоо зүйн мэдлэг, мэргэжлийн өндөр ур чадвар шаарддаг. "Хувьсахуй" тоглолтын дасгалжуулагч багшаар ажиллах саналыг "Эрхэмсэг" хамтлагийн ахлагч С.Цэцгээ тавьсан. Хамтлагийн гишүүдийн ихэнх нь миний шавь нар ч гэлээ шинэ хамт олон дунд орж ажиллана гэдэг шинэ л зүйл байдаг юм байна. Дасгалжуулагч багш хийсэн уран бүтээлийг нь жигдрүүлж, цэвэрлэж, чанартай болгох тал дээр ажиллах ёстой болохоос биш зохиогчдын бүтээсэн бүтээлийг халж, солих эрхгүй. Бүжигчид маань миний хэлсэн зөвлөмж, саналыг маш хурдан өөрсдөдөө тусгаж авч, ажиллаж байгаа. Арванхоёрдугаар сарын 6-нд болох тоглолт сайхан болно гэдэгт итгэлтэй байна" гэж тоглолтын бэлтгэл ажил, хамтлагийн талаар сэтгэгдлээ хуваалцлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top