"Z Hair Salon"-ы маркетингийн менежер, сүүлийн үед сошиал ертөнцөд “рекламны мангас” хэмээгдэх болсон реппер СААГА буюу М.Сандаг "Facebook Live-чин" нэртэй анхны бие даасан цомгоо гаргажээ. Цомгийн нээлт өнөөдөр /2018.12.15/ "Z hair salon"-ы байранд 12 цагаас эхэлсэн бөгөөд оройн 21 цаг хүртэл үргэлжлэх юм. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Шинэ цомгоо өлгийдөн авсан танд баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаад, цомгийнхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхгүй юу?
-Баярлалаа. Намайг М.Сандаг гэдэг. Би мэргэжлийн дуучин биш л дээ. Багаасаа дуулах сонирхолтой, авьяасдаа хөтлөгдсөн хүүхэд байлаа. Одоо сошиал маркетингийн чиглэлээр ажилладаг. Хүмүүс “Азтантай Live” хийдгээр маань мэдэх байх. Тэгээд жилийн өмнөөс өөрийнхөө мэргэжилтэй уялдан “Фэйсбүүк Live”-чин гээд уран бүтээл хийсэн. Энэ уран бүтээл маань хүмүүст нэлээд хүрч, дахиад уран бүтээл хийгээчээ гэсэн санал нэлээд ирж байсан. Мөн би өөрөө ч бас цомогтой болъё гэж бодож байлаа. Тэгээд л ажил мэргэжилтэйгээ уяад, өөрийнхөө хүсэл зорилгыг биелүүлье гээд цомгийнхоо ажилд идэвхтэй орсон. Цомог найман дуутай. Дуу болгон нь өөрийн гэсэн түүхтэй, өнгө аястай хүнд зориулагдсан байгаа.
-Цомгоо “Фэйсбүүк Live-чин” гэж нэрлэсэн нь сонирхолтой санагдаж байна. Дуу болгон маань өөрийн түүхтэй, зориулагдсан хүнтэй гэж та хэллээ. Цомогт орсон дуунуудаа танилцуулаач?
-Цомгоо яагаад ингэж нэрлэсэн гэхээр фэйсбүүк лайв бол сүүлийн үед маш их эрчийг авч байгаа, сошиал ертөнцийн хамгийн хүчтэй контент. Лайв хүмүүс хоорондын коммуникацийг үүсгэдэг утгаараа хэрэглэгчдийг хамгийн их татдаг, хэрэглэгчдэд үнэ зөв, бодитой мэдээлэл өгч чаддаг контент. Цомогт маань найман уран бүтээл багтсан гэж би хэлсэн. Тэгэхээр дарааллаар нь танилцуулаад явъя гэж бодож байна. Эхэнд бичигдсэн “Christmas day” гэж дуу миний хамгийн сүүлд хийсэн уран бүтээл. Шинэ жилийн өнгө аястай. Энэ дууг маань хүмүүс “Сайхан болсон байна, таалагдлаа” гэсэн урмын сэтгэгдлүүдээр мялааж байгаад баяртай байна. Дараагийнх нь хайртай ханьдаа зориулж хийсэн “Миний гүнж” гэж дуу байгаа. Энэ бол ханьдаа зориулж хийсэн миний хоёр дахь уран бүтээл. Гурав дахь нь “Сошиал давалгаа” буюу сошиал ертөнцөд хүнд ямар контент хүрдэг юм, сүүлийн үед ямар мессеж явж байгаа юм бэ гэдгийг өөрийн өнцгөөс харж хийсэн уран бүтээл. Дөрөв дэх дуугаа “Z hair” салоныхоо сүлд дуу болгож, “Z style” нэртэйгээр хийсэн. Дараагийнх нь “Монгол баатар”, тэгээд “Saaga man” гээд ерөнхийдөө би хэн бэ гэсэн дотоод ертөнцөө харуулсан дуу оруулсан. Мөн хайртай ээждээ эмэгтэйчүүдийн баяраар зориулж бичсэн шүлгээ цомгондоо орууллаа, хамгийн сүүлд цомгийн нэр болсон “Facebook live-чин” гэсэн дуу багтсан. Тиймээс өнөөдөр Саагагийн бодож, бяцхан мөрөөдөж байсан ажил биелэлээ оллоо гэж хэлмээр байна.
-Цомгийн дуунууд ямар төрөл, жанрт хамаарагдах вэ?
-Хүмүүс ямар төрлөөр дуулдаг юм бол гээд гайхаж байж магадгүй. Цомогт R&B, поп, хип хоп дуунууд бий. Шүлэг байна. Яг тэр энэ гэж баригдахгүй, тухайн үед ямар жанрын дуу гаргамаар байна, тэр бодлоор гаргасан найман уран бүтээл бий дээ.
-Уран бүтээл гаргахаас гадна цомог бүтээнэ гэдэг бол асар их ажиллагаа, хөдөлмөр шаардсан ажил шүү дээ. Тэгэхээр цомгоо хэдий хугацаанд, ямар студиэр бүтээлгэсэн бэ. Мөн дууны үг, аялгуун дээр хэн ажиллав?
-Сайхан асуулт байна. Дуу бичлэг, цомгийн ажил дээр “Студи 15”-ын хамт олон ажиллалаа. Тэр дундаа дууны инженер Uzican найз маань мастер, миксин гээд бүх зүйл дээр нь ажилласан. Дууны шүлгэн дээр Билгүүн гэж дүүтэйгээ хамтарч ажиллалаа. Цомгийн хэвлэл, дизайн, контентууд дээрээ “N design” буюу Нацагаа, Мөнхцацрал нарын найзуудтайгаа хамтарч ажилласан байгаа. Цомгийн зураг авалтан дээрээ “IKEA photo studio”-той хамтарсан гэх мэтчилэн маш олон хүний хамтын хүчээр биелэлээ олоод байж байна. Нийт 200 ширхэг хэвлэгдсэн. Миний бодсоноор Саагаг дэмждэг 200 хүн бол байгаа. Эхний байдлаар худалдан авалтаа хийгээд явж байна. Өнөөдөр /2018.12.15/ цомог авсан хүн бүртээ маш гоё бэлгүүд барьж байгаа. Юуны төлөө Саага “Азтантай Live”-аараа хүмүүст танигдсан билээ, цомог худалдан авсан хүмүүстээ “Iphone 6 PLUS”, “Жордан 13” пүүз, Christmas цамц, Спиннинд явах эрх гээд олон зүйлсийг бэлэглэхээр бэлдчихээд гэнэтийн бэлэг барихаар төлөвлөсөн байгаа.
-Азтанаа яаж шалгаруулах вэ?
-Цомог авсан хүмүүс сугалаа авч байгаа, сугалааны тохирлыг оройны 22.00 цагаас явуулна. Ямар нэгэн байдлаар дугаар давхардаагүй гэдгийг шалгаж харуулж байгаал сугална, азтануудаа тодруулна. Энэ бол хамгийн шударга сонголт гэж бодож байна.
-Цомог худалдаж авсан хүмүүс оройн 22.00 цагийг сэтгэл догдлон хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Таны цаашдын уран бүтээл, ажилд тань амжилт хүсье.
-Баярлалаа, та бүхний ажилд ч мөн амжилт хүсье. Цомгийн ажил болоод уран бүтээл, ажилд маань байнга тусалж, дэмжиж байдаг найз нөхөд, ханьдаа, гэр бүлдээ үргэлж талархаж явдгаа илэрхийлье. Орой 22.00 цагаас LIVE-аар уулзацгаая.
Г.Энх-Уянга
Сэтгэгдэл ( 0 )