ТОГЛОЛТЫН ТОЙМ | ТӨГС амжилт, одоо л ЖИНХЭНЭ ТУЛААН ЭХЭЛЖ байна

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 27

Н.Төгсцогт яллаа. Тэр мэргэжлийн боксын эхний 11 тулаанаа ялалтаар үргэлжлүүлэв. Мэргэжлийн боксын спортод бол энэ төгс амжилт. Гэхдээ болоогүй. Мэргэжлийн гурван том холбооны нэг WBC холбооны бүсийн төлөөх тоглолт түүнийг хүлээж буй. Barclays-д цугларсан 300 гаруй монголчууд уухай хадаан дэмжихэд King Tug итгэл алдалгүй бүтэн 12 үе тулалдаж, ийнхүү ялалт байгууллаа. Ийнхүү 11 тулааны хоёр нь л шүүгчдийн шийдвэрээр бүтэн 10-12 үе тулалдаж, дийлэнх нь гуравдугаар үед шийдэгдсэн гэхээр түүний ур чадварыг бэлхнээ харуулах биз ээ.

 

Хоёр тамирчин жингээ үзүүлж, хэвлэлийн бага хурал зарлах үеэс л "тулалдаж" эхэлсэн. Хэвлэлийн бага хурлын үеэр энэ тоглолтын дүр зураг ерөнхийдөө тодорхой болсон гэхэд болно. IBO холбооны бүсийг өмнө нь хоёр ч удаа эзэмшиж, WBC холбооны бүсийн төлөө хоёр ч удаа гарч байсан Клаудио Марреро хэвлэлийн бага хурлын үеэр сандрангуй байв. Харцаа хоёр ч удаа буруулж, хөмхийгөө бага зэрэг зуусан нь түүний нууж байсан айдсыг ил болгосон юм. Мэргэжилтнүүд тэдний тулааныг бүтэн 12 үеийн турш үргэлжилнэ гэж таамаглаж байсан бол Монголын боксчид зургаагаас наймдугаар үед шийдэгдэнэ гэж таамаглаж байв.

 

Шүүгч эхлэх дохиог өгмөгц хоёр тамирчин рингэн дээр бодсоноо хийх гэж байгаа нь илт байлаа. Хэн хэн нь биенээ ажсаар эхний гурван үе дууссан. Энэ хооронд манай тулаанч өрсөлдөгчөө эвгүй байдалд оруулахуйц хэд, хэдэн удаа оновчтой цохилт хийснээр тулааны хувьд илүү, ялах бүрэн боломжтой гэргээ мэдэрч, сэтгэл зүйн хувьд давуу болж ирсэн. Улмаар тоглолтын наймдугаар үе хүртэл үндсэндээ манай тамирчин илүүрхсээр байлаа. Есдүгээр үед дутуу гэдгээ мэдэж байсан Клаудио Марреро илүү идэвхтэй байх гэж хичээсэн боловч нэг л болж өгсөнгүй. Аравдугаар үед шүүгч хоёр тамирчин хэтэрхий ойртсоныг мэдрэн салгах үед Клаудио Марреро цохисон нь торгуулах үндэс болов. Торгуулсныхаа дараа Марреро хэт их шатаж, улмаар Н.Төгсцогт цэнэсэн байдалтай тулааныг үргэлжлүүллээ. Ингээд 10-12 дугаар үед техникийн хувьд илүү гэдгээ, илүү их бэлтгэл хийсэн гэдгээ нотолж, шүүгчдийн шийдвэрээр ялалт байгуулж чадлаа.

 

Болж өнгөрсөн тоглолтыг товчоор дүгнэвэл Н.Төгсцогт өрсөлдөгчөө өөртэй нь тулалдуулсан гэхэд болно.

 

Тоглолтын явцад манай тамирчин мэргэжлийн боксын арга барил суусан нь илт харагдаж байв. Тэр илүү үйлдэл ер хийсэнгүй. Боксын тогоонд чанагдаж буй эрхмүүд түүний баруун гарын бэртэл бүрэн илааршаагүй болохоор өрсөлдөгчөө цэнэж тоглолоо гэж дүгнэж байв. Магад ч үгүй юм. Мэргэжлийн боксын спортод хөл тавьснаасаа хойш баруун гарын бэртэл нь удаан хугацаанд бэрхшээлтэй байсан талаар Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Э.Бадар-Ууган манай цахим хуудаст ярилцлага өгөхдөө хэлж байсан удаатай.

 

“Тоглолтын хувьд илүү байсан ч надад боломж байсан. Би ямар ч байсан дахиад Н.Төгсцогттой тулалдаж даагаа нэхнэ” гэж Клаудио Марреро тоглолтын дараа ярьсныг Box Rec цахим хуудас мэдээлжээ.

 

Өнөөдрийн тулаанд Н.Төгсцогт 509 удаа цохисноос 119 нь оновчтой болсон бол хүнд цохилт болохуйц цохилтыг 411 удаа гүйцэтгэж, нь өрсөлдөгчөө ямар нэгэн хэмжээгээр оножээ.

 

Ийнхүү IBO буюу Олон улсын боксын холбооны алтан бүс монгол тулаанчид ирлээ. Энэ бол Монголын мэргэжлийн тулааны спортын түүхийн хуудсыг шинээр эргүүлсэн үйл явдал юм. Энэ тулаан монгол тулаанч ямархан хэмжээний авьяастай болохыг АНУ-д, цаашлаад дэлхийд таниулсан тоглолт болж өнгөрлөө. Тэр сонирхогчдын боксоор олимп, дэлхийгээс зүгээр ч нэг мөнгөн медаль аваагүй гэдгээ баталсан энэ цагийн баатар юм.

 

Н.Төгсцогтын тулаан үүгээр дуусахгүй. Цаашид мэргэжлийн боксын гурван том холбоо, цаашлаад Мени Пакьо шиг найман холбооны аварга болох хэцүү ч гэсэн  бахархалт зам түүнийг хүлээж буй.  

 

Түүний дараагийн зогсоол WBC. Үүндээ тэр нэг алхам ойртлоо. WBC буюу Дэлхийн боксын зөвлөлийн аваргын бүсийг 2015 онд хүртсэнээсээ хойш гурван тоглолт дараалан хамгаалсан Гари Рассель бол тийм ч муу тамирчин биш. Мэргэжлийн боксын ертөнцтэй 2009 онд амьдралаа холбосноос хойш арван жилийн хугацаанд тэр 30 тулаан хийж, нэг л удаа шүүгчдийн шийдвэрээр ялагдан, үлдсэн 29 тоглолтод ялалт байгуулжээ. Үүнээс 17 нь цэвэр ялалт байсан юм.

 

“Н.Төгсцогтод бүрэн боломж бий. Монголын эрс тэс уур амьсгал, эгэл борог амьдралыг туулсан гээд мэргэжлийн боксчин хүнд байх ёстой бүх чадварууд түүнд бий. Эхний дөрөв, таван тулаанд сонирхогчдын боксын хэв маягтайгаа байсан бол зургаа дахь тулаанаас эхлээд яг л мэргэжлийн боксчны чадварыг гаргах болсон” гэж Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Э.Бадар-Ууган ярьж байсан юм.

 

Тийм ээ. Одоо түүнд тулаанч бүрийн тэмүүлдэг ноён оргилд нь гарах том зорилт бий. Дэлхийн боксын зөвлөлийн алтан бүсийн төлөө Америкийн боксчинтой тулна. Тэр дараалсан олон ялалт байгуулсан. Гэхдээ WBC-н бүсийн төлөө тулалдахад энэ бүгд хамаагүй. Тэр энэ бүсийг авч байж өөрийнхөө шүтээн болсон Мени Пакьогийн замналаар замнана.

 

King Tug. Баяр хүргэе. Чи чадлаа. Гэхдээ одоо л бүх зүйл эхэлж байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Н.ТӨГСЦОГТТОЙ ТУЛАЛДАХ КЛАУДИО МАРРЕРО ГЭЖ ХЭН БЭ?  

KING TUG | ИХ ТУЛААНЫ ӨМНӨХ УУЛЗАЛТ

Н.ТӨГСЦОГТЫН ДАРААЛСАН 10 ЯЛАЛТЫН ТҮҮХ

Н.ТӨГСЦОГТ, КЛАУДИО МАРРЕЙРО НАР ЖИНГЭЭ ҮЗҮҮЛЭВ

Э.БАДАР-УУГАН: Н.ТӨГСЦОГТ  ЗУРГАДУГААР РАУНДАД БАГТАЖ ЯЛАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ 

Н.ТӨГСЦОГТЫН АНХНЫ БАГШ А.ГАНТУЛГА: ШАВЬДАА ИТГЭЖ БАЙНА 

Д.ОТГОНДАЛАЙ: Н.ТӨГСЦОГТЫН ДАВУУ ТАЛ НЬ ЦОХИЛТЫН ХҮЧ 

Б.ЧИНЗОРИГ: НАЙЗЫГАА АВАРГА БОЛОХЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА

Э.ЦЭНДБААТАР: БОКСЧИД ТАНЬТАЙ СЭТГЭЛЭЭРЭЭ ХАМТ БАЙГАА ШҮҮ

АВАРГУУД "АЛТАН БҮСИЙН ТУЛААН"-ЫГ ЗОРИЛОО

ДЭЛХИЙН АВАРГА Д.ЛХАГВА Н.ТӨГСЦОГТОД АМЖИЛТ ХҮСЭВ

ТУЛААНЫ ӨМНӨ: Н.ТӨГСЦОГТЫГ ДЭМЖИХЭЭР ОЧСОН МОНГОЛЫН ҮЗЭГЧД 

 

ШУУРХАЙ: Н.ТӨГСЦОГТ МЭРГЭЖЛИЙН БОКСЫН IBO ХОЛБООНЫ АВАРГА БОЛЛОО

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hum(182.160.0.11) 2019 оны 01 сарын 27

Belteglee sain hii.togsogliig sain hiij sur.dalchignaad bailgui

0  |  0
өмдөндөө тууцан аята(66.181.180.37) 2019 оны 01 сарын 27

Төгсцогт үнэндээ маш муу тоглож ялсан ухаантай л юм боллоошт_ Ийм байдлаар цааш томчуудтай тогловол алуулна шүү

1  |  0
Uranaa(103.57.93.65) 2019 оны 01 сарын 27

Tulaaniig n haanaas uzeh we?

0  |  0
Толеу Картенбай(2.132.32.15) 2019 оны 01 сарын 27

KING TUG баяр хүргэе, нэг дэхь бүсээ авлаа, одоо бүсийн тоог ахиулах хэрэгтэй. Чиний зам өнөөдрөөс эхэлж байна. Бид чамд итгэдэг.

1  |  0
Zochin(73.140.167.214) 2019 оны 01 сарын 27

Mergejiliin boxed golduu ene delhiin egel borchuudiin huuhduud nudeltsej bgaa daa

0  |  0
Top