Шүлгээ би чам дээрээ хүн чулуу шиг орхиод...

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 02 сарын 06

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын уран зохиолч , “Болор цом” наадмын гурван удаагийн тэргүүн найрагч Бавуугийн Лхагвасүрэн хорвоогийн мөнх бусыг үзүүлж, түүний мөн чанар, хүн чанар, суу их авьяас, уран бүтээлийг дээдлэн хүндэлдэг Монголын ард түмэнд хүнд гарз тохиолоо.

 

Нэрт уран бүтээлчийн олон арван шүлэг найраг, зохиол, түүгээр зогсохгүй энэ амьдралын утга учир, жаргал, зовлонгийн тухай өгүүлэн ярьсан бүхэн нь үнэ цэнэтэй билээ.

 

Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн "Цагаан тэнхлэг", "Ангир уураг", "Гашуун өвс" зэрэг шүлгийн ном хэвлүүлж, 4,000 мөр шүлэг бүхий "Тамгагүй төр", "Чимээгүй шөнө", "Бөртэ чоно", "Алтан шонхор" жүжиг, "Бүлээн нурам", "Араатан" зэрэг кино зохиол бичсэнийг бид мэднэ. Мөн түүний "Чи бидэн хоёр", "Үүлэн цэнхэр хангай", "Чамайг тойрон эргэлдэнэ", "Эр хүнийг хайрлаж яваарай" зэрэг олон дууны шүлэг нь дуунд дуртай ард түмний сонсох дуртай дуу болжээ.

 

Монголын ард түмний зүрх, сэтгэл, оюун ухаанд мөнхрөн үлдсэн түүний шүлэг, найргаас түүвэрлэн хүргэе.
 

***
 

БОРЖИГОНЫ БОР ТАЛ

 

Санаа алдахад 
Эхийн сүү тагнайд амтагдаж 
Салхины үзүүр залгихад 
Агь хоолойд аргасан 
Боржигины бор тал минь Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог 
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь 
Таанын цагаан толгойноос өөр 
Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь 
Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл 
Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь 
Тэнгэр тийчиж намайг төрөхөд тал минь 
Торго шиг зөөлөн байсан чи 
Жаргал зовлон хоёрыг амсаж эдэлж 
Чулуун дээр чинь баяр гунигийн нулимс унагахад 
Эр хүн шиг нуруутай бай гэсэн шиг 
Эргүүлж над руу цацан хатуугаас хатуу байсан чи 
Сайран дээр чинь өдөлсөн жигүүртэн тэнгэртээ нөгчихөд 
Салхи хөлөглөсөн өд нь чам дээр эргэж буудаг 
Ботго нь үхсэн ингэний 
Борвио хагартал савирсан цусны туяатай сүүг 
Чи л залгиж зовлонг нь хугасалж 
Чинэсэн хөхийг нь амирлуулсан 
Дээдсийн шарил харваж унасан тэнгэрийн солирыг 
Дэлхийн төвтэй чи л нийлүүлсэн 
Чиний шарх 
Зүрхний шархнаас хождож анина тал минь 
Тугалын бэлчээрээс эхлэн 
Тоглоом дэлгэсэндээ чи 
Намайг эрх болгосон 
Туулсан зуунуудын гашуун сургамжийг 
Хэлж зүрхлээгүйдээ чи 
Намайг гэнэн болгосон 
Газрын нүдэн булгийн чинь 
Хад цоолсон догшин цамнаа 
Намайг эрэмгий болгосон 
Хөрөөний ир шиг алсын намхан уулсын чинь орой 
Хөх галын чинь урт улаан дөл 
Намайг бадрангуй болгосон 
Сайхан чинийг гандах элэгдэх хоёр 
Сартай шөнийн чинь чимээнд зангирах цагаан аялгуу 
Намайг уяхан болгосон 
Нутаг усны минь хаяа өлзийтэй түмэн 
Нуур тойрмын ширхэг чулуу хүртэл 
Намайг хүн болгосон 
Байдуу мянганы уулсаа дууриан 
Толгойд буурад сууж 
Багадаа хөхсөн эхийн сүү 
Гадагшлахын цагт 
Шүлгээ би чам дээрээ 
Хүн чулуу шиг орхиод 
Сүүдрээ дарж унахдаа 
Элгий чинь цөмлөн шингэнэ 
Боржигины бор тал минь

 

***

МИНИЙ ГУРВАН ҮЕИЙН ТҮҮХ

 

Өргөдөл

Эх орон танаа
Өвгөд шиг ханхайсан
Уулсын чинь үрчгэр бэлийг
Ноолж өслөө, эх орон минь
Үелэн шаргалтах нарны хайлш
Манхны чинь хээг
Сандааж өслөө, эх орон минь
Онгон саранг ергүүлсэн
Гол горхийг чинь усыг
Цацан залгилж өслөө
Эх орон минь
Он жилүүдийг дагаж туулсан
Хал хайрын чулуунд бүдэрч
Ойчиж босож өгслөө
Эх орон минь
Ээжийгээ тосон тэнцэж ядсан алхааг минь
Лимбийн эгшгээр дэмнэсэн
Эхэлж анх хэлсэн дуун хэлгий үгийг минь
Эргэл хадны цуурай
Дагаж хөөрөн тэгшилсэн
Хөглөрөн цагаан үүлээрээ
Нулимсыг минь арчиж
Хөлд орооцолдсон цэцгээрээ
Нарны инээд далласан
Эх орон минь
Би таны
Бүрд тойрон зээглэх уулс чинь намсах
Тэр газраас
Үргэлж ургасан гүвээ толгод
Бүрэгхэн шанд чинь эцэж шургасан
Тэр үзүүрээс
Залгаж ургасан далд урсгал
Гүрвэлийн хөлд эмзэглэж нурсан манхны
Өлмий доороос
Өгсөж нүүсэн элсний чинь үйрмэг
Гүнд чинь хангинасан дууны цуурай зангирах
Тэр цэгээс
Залгаж чарласан нялххан дуу
Асаж байгаа галын
Одод хайрсан дөлтэй
Ар хөвчийн унаганы
Задгай суман хатираатай
Ардын сайхан дууны
Аргадаж зэмлэсэн эгшигтэй

 

 

Аргамгийн толгойтой хуурын
Суунаг татсан татлагатай
Аялгуут сайхан шүлэг бичиж
Ардынхаа сэтгэлийг баярлуулъя гэж
Арвайн чинээхэн авяъяасаа
Алган дээр чинь тавья гэж
Намрын шөнийн тэнгэр доор
Од хэлхэн зөгнөсөн
Насны сайн хүлгээ
Олмоо чангалж мордсон
Наран саран хоёрыг
Гэрлээр уулзуулж бодсон
Найман ганзагат эмээл дээр
Салхи хөглөж эгээрсэн
Эмээлийн дууны эзэн намайг
Эх орон минь та яруу найрагчаараа авна уу
Үзэл бодлын дайчин хорооны
Жагсаалын цэргээр бүртгэж аль
Үр утгын дуугаа амьддаа хэрвээ хураавал
Үгүйд намайг тооц.
Цэрэг хүн, танд хэрэгтэй цаг ирвэл
Бэхэнд нялхарсан гэлгүй намайг дуудаарай.
Цэнхэр оронд минь дайсан халдвал
Цэцэн буугаа надаар сумлаж буудаарай.
 

 

Миний өвөг эцгийн түүх
 

Өвөөгөө би үзээгүй
Өрөөлийн амнаас дуулснаас цаашгүй
Бүрэг бүдэгхэн түүх
Бүтэн үеийн түүх
Түрхрэн эргэх цусны минь цөм
Түүхэнд бичигдэх өвгийн нэр Равжир
Түшээт хан аймаг, Зоригт вангийн хамжлага
Тэртээд улирсан өвөг удмын минь дамжлага
Өнгөрсөн зууны сүүл дарж өсөөд
Өнөөгийн зууны босго дэрлэж унасан
Үдшийн гэгээг морьтойгоо аргамжиж
Үүртэй золгуулсан гэрлийн илч
Үрийнхээ заяаг маргааштайгаа аргадаж
Үнэнийг хайсан гэрийн эзэн
Хөх талын бүргэд
Хөдөөгийн буурал өвгөн
Цахиур бууны аагинд дарь цахиж
Үрт амьтны эхийг хагацаагаагүй
Цам майдар хоёроор нүд төдийхөн тайлсан ч
Урт амьдралыг хуураагүй
Билгийн дөрвөн улирал дунд усны чулуу шиг элж
Билүүдсэн хутга шиг ирлэгдэж
Бэрхийг таньсан зовлон, жаргалын дэнчин
Бие сэтгэлийн бөхөөрөө гайхуулж явсан бэнчин
Бэлчээр даган нүүсэн эгэл боргил малчин
Өдөр, өдрийг хонь шиг холбож
Өнгөрөх мөчийг хурга шиг хөгнөж
Урын ханшийг хавраар нээж
Улирлын ханшийг өвлөөр хааж
Насыг элээсэн цагийн хэлхээ
Мөрий нь гандтал өмссөн цайны дээл
Мөлүү бүүрэгтэй боржигон эмээл
Хазаар, ногтхон, айргийн хөхүүр, хүүхдийн өөжин
Хажууд нь зүүгдсэн хоёр хөөрхөн хүү
Гаднаа майлах хэдхэн хонь, ямаанаас өөр
Гайхуулж сайрхах хөрөнгө чинээгүй
Сөөм, сөөмөөр, өсөх үрийнхээ төлөө
Сөртөнгөө сөнөтөл зүтгэсэн түшиг
Эсгий үнэг хайчилж
Эмээлийн жирэм сүлжиж
Эргэх дөрвөн улирлыг улан доороо өнхрүүлсэн
Эрлийн уртыг морин дэл дээр эвхэж
Хорвоогийн нэгэн гүдэсхэн эр хүн
Хойд, урд Өнжүүлээр нутагланхан суусан...
Жинд явсан хүнээс
Дэлхйин сураг сонсдог
Жил, жилийн шинийн нэгэнд
Дээлээ нэг сольдог
Айлын найранд очоод
Аминдаа хөөрхөн халчихдаг
Алиа саарлаа дуулаад
Асгартал нэг уйлчихдаг
Арав таван малаа байн байн
Алба гувчуур, жасын санд юүлсэн
Үгүйдээ гуталгүй, дутуу жаргасан
Үрээн хараад бүтэн жаргасан
Зул дальдраасан салхин гарвал
Тэнгэртээ мөргөдөг
Хувин хагсаасан нар гарвал
Хур гуйж сөгддөг
Бал, хор хоёрын алийг ч
Балгууллаа гэхэд мөрөөрөө дуугүй
Байгаль, амьдрал хоёрын алганд
Барьцгүй бөмбөрсөн мөлгөр шахам явж...
Хүйтэн шуургатай өвлийн шөнө
Пайтан Жанамын малыг дагаж яваад

Хойд Өнжүүлийн сархиаг дунд
Хоргоож дийлэхгүй малын захад
Хунгар дотор амьсгаа хурааж
Хонгор дэлхийг өвлөөр орхиж
Мөрөөрөө явсан амьдралаа бэртээж
Мөнхөрдөггүй хорвоогийн горыг амссан
Зузаан хөр доороос өрөөсөн гар нь цухуйж
Заадас нумлах тэнгэрийн од тосож царцсан...
Тэнгэрийн муухай арилахад
Баяны хонин сүрэг
Тэр чигээрээ бүтэн
Гарз үгүй хотлоход

Хөөрхий, малд хайртай амьтан гэж
Хөх Жанам үнэн үгийг аргагүй унагаж
Зуданд өеөдсөн цагаан ингээ нутаглуулахад нь өгч
Зул өргөөрэй гэж булан шар тос нэмж
Өсөхөөс аваад үхтлээ малыг нь хариулсны
Өгөө авааны дансыг хойно нь ингэж дугуйлсан
Тоостын хажууд бөхжин зангирсан
Торойж үлдэх амьдралын учиг
Тоглож өссөн газар шороондоо
Шоглуулж байж шингэдэг учир
Жаргал, зовлонгийн горыг даасан
Жамтай хорвоогийн ёсыг дагасан өвөө минь
Ардын хувьсгалыг үзэх
Аз нь нэг жилээр дутсан
Ааш хатуу цагийг
Аргадаж, зовж туулсан
Эрдэм номыг гэгээгүй ч
Их амьдралын ухаантай
“Бэлчээр бүтэн бол мал бүтэн” гэж
Биеэ нэвчин ухаарсан
Учир нарийн амьдралын
Ураг алтан хэлхээ
Уламж, хойч хоёрын
Удам залгасан холбоо
...Галаа битгий таслаарай
Өвөг дээдэс даарна
Газраа битгий хуураарай
Голомт зэвэр даана гэж
Захиж суусан өвгөн
Заяа манасан буурал
Бүдүүлэг тэр цагийн
Бүүргийн дөрөөн дээр ноцсон
Галтай цагаан цахиур
Эртний монгол түмний
Эгэл нэгэн зураг
Эгнээ шүлгийн шадаар
Миний зурсан хөрөг.
 

Миний эцгийн түүх
 

Эцэг минь
Шар морин жил төрсөн
Хөдөөний хүн
Хуурын эгшиг хүнгэнэсэн
Уулсаа түшиж хөлд орсон
Хурганы хошуу эргүүлж
Ижийгээ баярлуулж ганзаганд хүрсэн
Үлгэрт гардаг “нусгай бор”
Үнэнд дэмтэй “тустай хүү”
Сэвлэгэн ширэлдээгий нь самнасан
Сэлүүн хээрийн салхийг
Сэтгэлд анх шингэсэн
Мал малынхаа ухааныг
- “Энэ миний амьдрал” гэж
Эс бүхнээрээ ойлгосон ухаарал
Эр хүн болохын хүсэлд
Эрвэлзэж ассан төсөөлөл
Татсан солонгыг сэтгэлээрээ элдэж
Унасан оддыг алгаараа тосож

Шилбүүрийн нуруун дээр бага насаа үдэж
Шинэ төрийн наранг магнайдаа мандааж
Дөнгөж зургаан настайдаа
Хурдан морин дээр гийнгоолж
“Дөмөн” хангинах талдаа
Чулуун гэрээ дугуйлсан алдрай
Ядмаг нялхын дуугаа
Ян хаданд хадааж
Яргуй нүдлэх энгэрт
Яруу бодол дэлхээж
Бие сэтгэл бүхнээрээ
Бэлчээр, гэр хоёртоо хэлхэгдсэн
Ураг улаан галын тэнгэр
Уул талын “Морьтой” дуу
Эргээн хэлбэсэн ус
Элж бууралтсан уулс
Эцэг минь
Энх цагийг тосож төрсөн
Амны хишигтэй эр хүн
Эгэл малчин эцгийнхээ сэтгэлийг
Ацаглаж үлдсэн аавын хүү
Сайн ханиасаа хагацсан эхийнхээ
Санаанд нь хүртэл байгаагүй ч
Худгийн асгарын дэргэд
Ховоо татахын дэмтэй
Хувь заяаны дэнсэнд
Хүү өссөний түшигтэй
Хэцүү амьдралд байсан
Хэрсүү суусан ч эрт
Эргэх хорвоогийн жамаар
Эндүү гэндүү хүүхэд
Энх үүрийн туяаг
Морин дэл дээр тоссон жаал
Эцэг нь унасан гэрийнхээ
Хоймор нь ханхайсаг “Тэргүүлэгч”
Сумын зангийн цуглуулсан
Багийн хурлын төлөөлөгч
Суртал дэлгэрүүлэгчийг дагаж давхисан
Багачуулын нэгэн морьтой “хараацай”
Мандах нарны туяанд эгшиг холбон
Нацагдоржийн шүлгийг хуулсан бичигтэн
Манай сумнаас эрдэм амссан
Найман сурагчийн нэг сэхээтэн
Алдсан олдсон амьдрал дундуур
Туучиж явсан эгэл ард
Алдах учиргүй эх орныхоо
Тугийг барилцсан төрийн эс
“Монголын үнэн” сониныг хүн бүхэнд дуудаж өгч
Монгол трансын гарах амыг морьтой тосон давхиж
Гуравдугаар хуралын шийдвэрийг ардад таниулж
Гуйвалтгүй намынхаа бодлогыг түгээж явсан нэгэн
Хорин зургаан онд Үндсэн хуулийг
Хотлоор хэлэлцхэд батлалцсан ард
Цэнхэр орныхоо дархан хилд
Цэргийн алба хаасан
...Онгон хилийн харуулын...
Овоотын ... дугаар заставын байлдагч
Таван жил гэрээсээ захиа авалгүй
Там тумхан сургаар сэтгэлээ баярлуулсан цэрэг
Эгнэсэн жагсаалын шинельтэй амь
Эгэл түмнийхээ итгэлийн манаа
Эр цэргийн албыг
Эсэн мэнд хаасан
Ижил олон нөхөдтэйгээ
Инээж наадсан халуун давалгаа
Их хавын хөх тэнгэрт
Нумлаж татсан идэр солонго
Энгэртээ одонгүй, цэргээс ирсэн ч

Удалгүй сумын дарга болсон
Халин нисэх жигүүрээ
Эрийн бяраар дэлгэж
Хайрын сайхан бурмыг
Цэцгэн дундаа амсаж
Тоонот гэрийнхээ ханыг эрсэлж
Тотгот тулгандаа галаа уугалсан
Айлын хөөрхөн бүсгүйн хань
Амьдралын өртөөний ноён нуруу
Хосоороо болж ганганасан
Хонгорын бүрдийн ангир
Удаах жил нь гурвуулаа болон
Урин шувуу шиг ниссэн жаргал
Эрдэм мэдлэгийнхээ дутууг
Зүтгэл хөлсөөрөө нөхөж
Энэ төрийн төлөө үнэнч бай гэж
Эргэшгүй зарлиг зүрхэндээ буулгасан
Эд эрхэндээ харам нэгэнд ташуурдуулж
Эмээлийн салхинд зайдлуулж, хээр явгарч зовсон
Эцэстээ хүрсэн хорслоор илгээсэн бууны сумнаас
Эрхий дарам зайд зүрхээ зөрүүлж үзсэн
Хатуу жилүүдэд
Хат суусан хориод оны намын гишүүн
“Халимаг хар” гэж цуу дуунд шоолуулж
Хавчигдаж, занагдаж явсан
Халуун омголон залуу нас
Дайн, зуд хоёр
Давхар нэрмэсэн жилүүдийн
Дайчин ар талд
Холын гэлээ ч
Хамгийн ойрын...
Сэтгэлд сунадалсан тэр сүүдэрт
Сэлүүн талын цэцэгс даарч
Сэргэлэн хонгор ааль даажин
Сайхан инээд нүдэндээ хярсан
Дайны жил
Оёсон нэхий бээлийд эхийн сэтгэл нүүлгэж
Олны номхон нүдэнд хорсол нүүгэлтэж
Цайгаа
Цавьдар нараар сүлж
Цагийн байдлыг
Чихээрээ биш зүрхээрээ сонсож байсан
Миний нутаг дээгүүр
Тахтай адгуус шиг дайн
Эцгийн минь сэтгэл дундуур
Хоньны нэхий өлгий дундуур минь
Тачигнаж өнгөрсөн хорвоо донсолсон тэр жилүүдэд
Хотол олонтойгоо хамт
Бие ухаанаараа дайтсан
Битүү дотуураа шархадсан дайчин
Эцэг минь
Бүтэхгүй нь их хэцүү үед
Хүртэхгүй юмгүй хатуу цагт
Хонь хяргаж, худаг гаргаж
Утасны модны нүх ухаж
Улаан буланд ухуулах хуудас бичиж
Хувьсгалыг бэхжүүлэх үйлсэд
Хувиан оруулж явсан
Ялалт биднийг тойроогүй
Яг л өөдөөс
Яралзтал инээмсэглэж ирсэн
Дөмөн хүлгийнхээ дэлэнд
Баярын нулимсаа шүүдэрлүүлж
-Дайн дууссан гэж
Бахардталаа хашгирч явсан гэнэлээ
Эцэг минь
Ялалт хүн болгонд инээд өгч
Ямаатсан тогоонд идээ орхиж
Цангасан үзгэнд бэх уулгаж
Цагийн магнайд нар буулгасан

ххх

 
НҮБ-ын тэнгэрт
Монголын далбааг мандуулахад
Нүдээрээ дүүрэн
Баярын нулимстай
Бүх дэлхий
Бүгд найрамдах
Монгол ард улсыг зөвшөөрлөө гэж
Догдолж хөөрч
Долоон товчтой дээлэндээ
Багтаж яданд суусан...
Азтай эр
Азай бахархал
Сансарт монгол хүн нисэхэд
Сэтгэл нь бас долоо хоног гаригийн гадаа нисэж
Шилэн хорготой харж зогсохдоо
Сэтгэлд багтаагүй үнэнийг шогширч
Түүхийн гараас хөтөлж дагасан
Түмнийхээ адил жаргаж дэлгэрсэн
Миний буурал аав
Тэмцэж олсон хувьсгал
Төр түмнийхээ ачаар
Тэтгэвэрт гарсан өвгөн
Тэгтлээ бас зүгээр сууж чадахгүй явна.
-Хүн юм болхоороо би
Хорвоод юм нэмсэн, бас элээсэн
Чадалтай байхдаа хийж амжилгүй хагас орхиж
Чамд үлдээсэн хувь бий.
Хураагаагүй тарна
Бариагүй байшин
Бичээгүй шүлэг
Хагалаагүй атар
Дуулаагүй дуугаа
Ирээгүй ирээдүй
Үнсээгүй ачийнхаа хувь заяаг та нартаа өгнө
-Та нар бүтээн босгоорой гэж захиж сууна.
Учир нарийн амьдралын
Ураг алтан хэлхээ
Уламж хойч хоёрын
Удам залгасан холбоо
Хотойж ер үзээгүй
Он жилүүдийн хүн гүүр
Хожмийн миний үр
Хорвоод өргөх нэр- нүүр
 

Миний түүх
 

Би гэдэг
Эхийнхээ хэвлийд арван сар
Уруугаа урган ургаж
Эх газарт хүрүүтээ
Дээшээ урган ургасан
Цаг тооны үргэлжлэл
Цагаан сүүний ургамал
Мичин жилийн зудны
Намхан хар үүлэн доор чарласаар...
Миний төрснийг дуулсан эцэг минь
Өвлийн балчир есийн жавар дундуур
Өртөө газар жолоо хумхилгүй давхиж ирэхэд
Даахьт морины нь үс бүхэнд мөс шаргиж
Даргисан цай шиг уур савсаж
Цомбон туурт нь цас товууцаж
Зогсож чадахгүй бөмбөлзөж байсан гэлцдэг
өглөөний гэгээ хүлээж тэвчээгүй эцэг минь
Үрээ үзье гэж банзан шүдэнз зурахад
Өөдсийн чинээхэн миний улаан нүүр
Үрчилзэж байсан гэнэлээ.
Аавын зурсан шүдэнзний галаас
Үүрийн туяа залган хаяарч
Амьдын сайхан хорвоогийн
Гэрэл гэгээ намайг тэвэрсэн
Эрдэмгүй балар харанхуйг би үзээгүй
 

Эрүүл сэтгэл эмтэлсэн дайны харанхуйг үзээгүй
Гуниг баярын хорвоод хүн ирсний учир
Гурав хоноод намайг угаахад
Айл хунарынхан минь
Чадах ядахаараа хөл алдаж
Атга атга гурил өгсөөр
Зургаан жин гурил
Зулыг халсан хоёр хугархай лаа
Нэг харандаа цугласан гэдэг...
“Хөлтэй нар” шиг өөдөөс нь дэрвэсэн
Хөгтэй бага насаа би
Хөгшдийн өвөр дээр үдсэн
Алга, алга дамжсан
“Амьсгалдаг тоглоом” би
Аавын голомтын тэнгэр байсан
-Май, гэж хэлд орсон юм гэж
Манайхан намайг ухаангүй өхөөрдөж
Өтлөх насны минь хөл түшиж
Өвөр дээр минь жаргал асгана гэж бэлэгшээсээр...
Нялх биетэй эх минь
Бэлгийн бээлий оёж
Намхан буурал морио
Миний нэр дээр фронтод өгсөн.
Миний нэртэй тэр морь
Мэнд л явсан бол Берлинд хүрсэн
Унаж хөлд орсон шигээ
Эвдэж хүн болсоон би...
Эмээлийн бүүргэнд хүрүүтээ
Давхихын өвчинөөр өвдсөн...
Эцгийн өврөөс гаруутаа
Хайрын өвчнөөр өвдсөн...
Энэ сайхан өвчнөө
Жаргал болтол архагшуулсан
Эмээгийн лүнтэн эрхийг эрхэлж байгаад хаячихаад
Эцэг минь намайг зэмлээгүй мөртлөө
Ингэ хөөсөлж байхад
Инээлээ чи гэж
Эр суран чөдрөөр
Гувруу таттал ороолгосон
-Үгэнд ордог болно гэж
Ижий минь бодсон...
-Үхрээ туугаад ир, гэхэд
Тоглоомондоо хорогдоод нэг яваагүй
-Үхэхэд хөл хучна гэж
Ижий минь санасан
Үнэний хорвоог орхиход нь
Томилолтоор яваад эзгүй байсан
Өнгөт энэ орчлонгоос
Өгснөөсөө авсан минь их...
Нүгэл баярын хорвоогийн
Нүүдлийн их замд
Өлгий, авс хоёроос
Өөр шагналгүй үхсэн ч
Өмөлзөж гунихгүй эр хүн
Өрөө барахгүй
Үрлэгэн үр
Төрөө барьдаг
Түмний нэг ээ, би
-Амьсгалъя гэж гуйхад нь
Утаа тогтоогүй араар өгсөн
Тэр эх орных байсан...
-Алхъя гэж гуйхад
Хотойж үзээгүй газар шороо өгсөн
Тэр эх нутгийх байсан...
Алгаан дэлгээд гуйхад
Морины цулбуур өгсөн
Тэр, найргийн ажнай байсан
-Ааваа гэж дуудахад эцэг минь
Асаах галын чинь зөн гэж
Хэт өгсөн

Тэр, өвөөгийнх байсан...
Үүл нүүсэн хөх тэнгэр
-Үлгэр хэлж өгье гэж гуйсан
Үндэс сүлжээлсэн ангирт нуга
-Дуулж өгье гэж гуйсан
Эрхэм төр минь
Эрх өгсөн, үүрэг өгсөн
Эх орон минь
Гэр өгсөн, нэр өгсөн
...Учиргүй битгий давхи
Морин туурайд нутгийн чулуу төөрдөг гэж
Өвөөгийн минь хэлсэнийг
Өөрт минь шивнэсэн...
Залуу модны оройд
Үүрээ засах шувууг харалгүй
Жамын хорвоод тэрсэж
Үндэс салааг нь хөрөөдөж үзсэн ч
Гэм зэм тэнцүү хорвоод
Гэрэл, сүүдэр алгассан дэлхийд
Арван тавны тэргэл саран доор
Аавы нь үнсэлт эгшээгүй
Хацраа хонхойтол инээж
Адгаж хүссэн захидлын чинь хариу гэж
Алган дээр минь хуруугаараа гэр зурж
Гэзгээрээ оролдсон улаан хацартай охин
Гэргий минь болж зүрхий минь налсан
Анхныхаа үрийн дууг сонсох гэж
Амаржих газрын цонхон доор хөлсөж
Одтой тэнгэрийн доор нэгэн бие үржин
Олныхоо дэмэнд нэр, мөр бүтэн явнаа...
Анирт талын цээлд дуу бидэртэхийг сонсож
Айцын цагаан хөтлөөр морьд яралзахыг харж
Зүрхэндээ нэрсэн баярын нулимсаа
Зүлэг согттол унагалж, уярч яваа юм бол
Энэ зууны хөгжил дэвшил
Эхийн бүүвэй, хагацалын цурхираан
Алинаас нь ч би хол байгаагүй,
“Амсаж эдэлж” явсны нэгэн,
Он цагийн гараас зуурч
Оддын зүг, эв хамтын зүг тэмүүлэн
Хөгжил дэвшлийн их сунгаанд
Хөлөө олох гэж яваа эр хүн,
Адуу тургилсан ногоон тал
Аргаль зулрах ян халил,
Хүслийн бурантаг, зам харгуй
Хүүхдийн зулай шиг нойтон нуга,
Бэлчээрт гээсэн алчуур шиг цэнхэр зэрэглээ
Бүртийх бараа, хот айл, адууны үнэр
Зуун зууны буурал түүх
Зулай шүргэх үүлэн зардас
Зуллаж буусан газрын одод- хот, суурин
Хөллөж боссон үйлдвэр, уурхайн цогцолбор
Учраагүй зөрсөн азгүй бороо
Улирал билгийн дөрвөн тохироо
Ирэх цаг, одох мөч,
Инээд гуниг миний зүрхний өмч
Бор талынхаа хялганын толгой сэвэлзэх
Бодол, ухаарлын шүлэг бичвээс
Миний хариулах ач.
Ойд багтамгүй гэрлийн хурд
Орчлонг хувьсгасан сансрын эринд
Дутуу юмгүй эр хүн
Дуу зохиож явна...
Үүр цайхаас өрсөн
Одтой шүлэг бичнэ.
Үдэш болохоос түрүүлж
Нартай шүлэг бичнэ.
Өтлөх наснаас өрсөж
Хайрын шүлэг бичнэ.
Үхэл ирэхээс өрсөж

Дэлгэр монголоо дуулна.

 

***

 

ИЖИЙТЭЙГЭЭ БАЙХАД БИ БАЯН БАЙСАН
 

Хагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггүй шиг
Yнэнээ хэлье
Нулимсаараа зуурч хэлье
Хагацахын цагт үхэл давж уулздаггүй шиг
Yнэнээ хэлье
Амьсгалаа зангидаж хэлье
Ижийтэйгээ байхад би баян байсан...
 

Орилсоор ижийдээ очин нулимсаа арчуулахад
Одод бүгдээрээ миний нүдэн дотор л түгдэг байсан
Ижий минь инээгээд над руу ирэхэд
Энэхэн замбуутивийн наран над дээр л асгардаг байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан
Араг үүрсэн ижийнхээ ар өвөрт гүйхэд
Аараг толгодын элс алтаар нурдаг байсан
 

Бөртөн бөртөн зэрэглээ хормойтой минь орооцолдож
Бүжин бор хөлийн минь сайрыг долоодог байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан
Судас нь лугшиж халуу дүүгсэн
Бурханы өвөр дээр тоглодог байсан
Сүнс зайлам харанхуйн дунд
Сүү нөмөрч унтдаг байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан
 

Уул уулын орой уулздаггүй шиг
Yнэнээ хэлье
Эсээ шатааж хэлье
Урсгал усан эргэж урсдаггүй шиг
Yнэнээ хэлье
Цусаа буцалгаж хэлье
Ижийгээ амирласнаас хойш би гуйлгачин болсон
Гэхдээ...
Энэ хорвоогийн үхлээс бусдыг тоож гуйхгүй гуйлгачин болсон
 

Ижийтэйгээ байхад би баян байсан
Чилтлээ ширтэх,харчуудын нүдэнд хордсон
Чиний үзэсгэлэнд өөрийн чинь юм нэг ч байхгүй
Төөрөг заяа чинь тэнгэр эцгийнх
Төрсөн бие чинь газар эхийнх
Нулимс чинь хөх булгийн ус
Инээд чинь хөөрүү хадны цуурай
Эрвэлзэх сормуус чинь хиаг өвснийх
Элбэг сөвх чинь харвасан ододынх
Илүү зангүй дөлгөөн чинь уулынх
Их тунгалаг зүс чинь сарных
 

Өнгө, сүүдрийн хорвоогоос булааж авсан үзэсгэлэн чинь
Өгсөн юм болохоороо буцааж чамаас авна
Гайхуулж яваа үзэсгэлэнгээс чинь
Ганц ч юм чинийх бишээ амраг минь

 

***

ИЖИЙТЭЙГЭЭ ҮЗСЭН ТЭР ЖИЛИЙН НААДАМ

 

Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Цэцэг нар хоёртоо бахардсан наадам
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам
 

Наадамчдын зулай дээр
Нар голлон халуун байсан ч
Элбэг дээл шиг
Ижийнхээ сүүдэрт хярахад сэрүүхэн
Дан эмжээртэй
Даалимбан дээлнээс минь
Даавууны шинэхэн үнэр
Сэнгэнэх нь даанч сайхан.
 

Над шиг гоё хүнгүй
Тэр жилийн наадам
Нар хур тэнцсэн
Тэр жилийн наадам.
 

Долоогийн даваа
Нар хэвийлгэн шувтарч
Даага ирлээ! гэсэн шуугиан
Наадмьiн хөндийг дүүргэсэн сэн...
 

Тосон ирсэн хоёр тоос
Бичигтийн хөндийд томолдож
Тоос тоосньi дундаас
Зургаан даага сугарсан сан...
 

Хошуу сүүл даран
Хоорондоо их ойрхон
Барианьi газар
Бараа саахалтьiн хэртэй
 

Бэлчээрт хүрсэн нь л түрүүлнэ гэсэн аархал
Эмээл бүхэн дээр ноцож байхад
Бичигт хадны сүг зураг
Татвалзаж байх шиг санагдсан...
 

Хөтөлгөө гүүтэй өвгөн уяач хажууд байсньiг
Хөөрч догдлохдоо би хараагүй байж...
Зөв талын дөрөөн сэнж хан хийлгэн
Жингэнэтэл үүрсэн хөтөлсөн гүү ньтэлүүлэв.
 

Зургаад нь явсан буурал даага
Зуузай даран янцгааснаа сүүл нь годойж
Хаанаас гарсан ид шид нь энэ вэ гэлтэй
Хар хурдаараа яралзан барианд магнайлав.
 

Хөлсий нь хусахын зав өгөлгүй
Хөхөө хөхөх гэж эх рүүгээ шунгав.
Эхийнхээ дууг сонссон
Эсгэл даага сут юм билээ.
 

Ингэдэг гэдгий нь мэддэг
Хашир уяач нум юм билээ.
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Цэцэг нар хоёртоо бахардсан наадам
 

Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам

 

***

ЦЭЦГЭН ЭРХИ 

 

Ээжээ
Ээжээ таны цаст цагаан
Гантиг өлмийд тань Цэцгэн эрх өргөе гэж
Цэцэг түүлээ
Таны Сайхан сэтгэлээ олдог байсан Номин талаас
Сайн мууг ялгалгүй сэрүүцдэг
Үүлэн сүүдэр дороос
Эзгүйд минь миний дууг сонсдог
Эрх танхай Цэнхэр горхины хөвөөнөөс
Цэцэг түүлээ
Цэцэг түүхдээ би Уйлж түүлээ
Унасан харууслын нулимс
Оньсон цэцэг бүрийг олж түүлээ
Тандаа Цэцгэн эрх өргөе гэхэд
Нэгэн зуны байтугай
Нэгэн зууны цэцэгс ч үл хүрэлцэнэ
Сайхан ижий минь
Санчигандаа өнчин хяруу бий
Эх минь Орчлонгийн өнө мөнхийн шүүдэр дор
Одлоо гэж зүүдэллээ
Одод хийссэн үхлийн хар шуурганд
Осголоо гэж хайллаа
Ээжээ би таныгаа
Мянган үндэсний үзүүр бүхэнд шингээж
Мандах нарны зүг урганаа гэж уужирлаа
Ирэх шаргал үрээ
Эртэшгүй цагаан цолмон болж
Эхлэл бүхний манлайд
Гялалзана гэж тайтгарлаа
Ижий минь та
Хагацлаар чулуужсан аялгуу
Халуун нараар царцсан сүү
Ээжээ Би таны үргэлжлэл...

 

***

ХҮҮДЭЭ УНШИХ ШҮЛЭГ

 

Аав нь хүүгээ согтуу явахыг үзлээ
Азгүй хүнээ би...
Аманд багтдаг байсан тэр хөөрхөн хөл нь
Агуу орчлонг онож ядан тэнчигнэнэ.
Залуу насны багтаж ядсан аагинд
Заамны товч нулимс шиг унаж
Дээл битгий хэл
Дэлхий багадсан чиний насыг аав нь
Үүл хуйлартал янцгаах морьдын
Дэл сүүлний салхин дунд
Үнэн дүнжгэр уулынхаа
Дэнж бэлийн цэцгэн дунд
Бүрэг номхон зантай нь
Бүдрэхдээ гутдаггүй зоригтой нь орхисон сон.
Аав нь хүүгээ согтуу явахыг харахад
Алтан ургын багана ганхаж байх шиг уйтай
Аавыгаа чи лав хоёр болгоно үзэж байгаа.
Нэг нь үхэхэд
Нэг нь үлдэх юм шиг дэвэрч байгаа.
Чи бидэн хоёр хэн хэндээ ганцхан шүү үр минь

 

***

 

ҮР МОГОЙ

 

(Домог дууль)

“Устай чулуу тааралдвал үмхэж битгий тоглож байгаарай” могойны өндөг байгаа юм гэнэ лээ…

Дивангарт нэг хүнээс…..
(Эмээгийн захиас)

Эрт урьдын цагт гээд
Үлгэр эхэлдэгггүй байсан үеийн
Амар сайхандаа жаргав гээд
Үлгэр дуусдаггүй байсан цагийн
Элин домог
Алсын хатавчинд ургаж
Айзам шүлгэнд минь яргав....
Зохиогч
Домгийн цагаан азарга
Над руу айсуй...
Дороос нь манарсан тоос ану
Үүл ажуу...
Дээрээ эзэнгүй эмээлийн
Гөлөм нь хийсэж айсуй...
Дэрвэж буйн шалтаг ану
Салхи ажуу...
Буруу талын дөрөө нь
Хадтай харшин ханхийхүй
Бие жихүүцсэн домог шивнэсэн ину
Энэ ажуу...

 

 

Овоохойн дотор орилох дуун
Овоохой тойрон орчих олон
Цаашаа наашаа холхих хөлөнд
Цас ёолно
Цалалзах жаврын үзүүрт
Хад улина
Омгийн зайран цамнан бууж
Одтой тэнгэрийг зүхэн дуудна
Олон шигшрэг шаргин дуулж
Онго шүтээнийг жиргэн даллана
Хоёр амь салж ядсан эгшинд
Хорвоогийн хормой чичирч
Билүүнд ирлэсэн хутга шиг нүд
Хоргодохын “амь” царайчилж
Бэргэсэн тэнэмэл “бурхад”
Хатавчны завсраар шагалзана
Гадаа “Цагаан ороолон” маналзаж
Гал руу нулимчин шуурга шарвалзана
Туг галын төөнө бараадан
Тулгар эх төрөх гэж
Гурван шөнийн од дамжин
Гурван өдрийн үүл дамжин
Гуниг зовлонгийн үйл дамжин
Гурван хөтлийн онь дамжин өвдөв.
Төрдөггүй үр заяасанд
Төрлийн сэтгэл үймж
Ась үлдэх эсэхийн
Азын төлөг төөрөв
Хөдлөх тоолонд нь
Хөх толбо гардаг байсийм...
Хөөрхий минь...гэсэн
Хөгшдийн уулга гал тойрно
Хөх нь уурагласан ч
Хэвлий нь тэлээгүй дээ
Хачин юм... гэсэн
Хүмүүсийн гайхах оромж тойрно

 

 


Омгийн зайран цамнан бууж
Оочин хадыг үйртэл бөөлж
Тэнгэрийн заадсыг мурийтал дуудаж
Тэнхлээ баран муужран унав.
Зэгэл үдэш шөнөтэй залгах
Зөнөсөн нохой хий боргох
Зэвүүн совин дээстэй ороолдох цагаар
Зээрийн хонгор арьсан дээр эх төрөв.
Амсхийсэн сэтгэлийн амьсгаа
Айдсын сүүдэрт хахаж
Хүссэн баярын тайлал
Хүрэн эрээнээр эргэв
Хүлээсэн бүхний нүд
Духан дээрээ үсрэн гарч
Хөөрхий зовсон эх
Дөнгөж төрөөд ухаан алдав.
Халуун хэвлээс нь тасарч унасан
Хар эрээн могой арьсан дээр цагираглаж
Сул асгарах халуун цусны тунараанд
Сүвэгч нь сохор тэвнэ шиг толгойгоо дүрнэ
Сүү нэхэх шиг хэлээ гозолзуулан
Сүүтийсэн болгоныг бараалан мурилзана.
Үзээгүй ёрын сүрд дарагдсан
Үр минь ирнэ гэж хүлээж ядсан эцэг ину:
- Тэнгэр үр хайрлана гэсэн чину
Лус надад могой хайрлалаа...
Идэр янгир уулнаас нь хагацаан намнаж
Илчийг нь бодож зэхсэн өлгийгөө яанам...
Эр хүн төрнө гэж битүүхэн дотроо бэлэгшээж
Илд давтаж гурван голын усанд хатааснаа яанам?
Амь зуулгын “улаан” хүнсээ татрааж
Амьд амьтан руу нум эвшээлгэлгүй хүлээснээ яанам
Хүйтэн чулуу дэрлэн биеэ орхихын цагт
Хүү минь тонгойж үлдэнэ гэж итгэсэн минь яахав? Гэж
Ховор гардаг эр нулимсаа
Энгэрээ хөлдтөл урсгаж
Хорвоогийн цаашаа харсан өсгийд
Эвхрэн эвхрэн сөгдөв....
Хорвоод мэндэлсэн “эрээн үрийнхээ”
Хортой хоргүйг мэдэхгүй...
Холдуулж тууя гэхнээнэ
Хоргодоод хөдөлж өгөхгүй...
Эх нь нэгэнтээ ухаан орохдоо
Энэ л миний лай даа... хэмээн
Төрөхдөө эгшсэн сүүмэн биенээсээ
Төгрөг төгрөг нулимс нэрж
Цээж дарах хөхөө хөнгөлж
Цэгээн сүүг нь амсуулъя даа
Ирвэгнэн ирвэгнэн
Хэвлийд хөдлөхөд мину
Чимчигнэн чимчигнэн
Чинэсэн лээ...
Үр мину, үр мину гэж
Дотогшоо амьсгалан
Өдий болтол нь
Тээсэн лээ...
Цогтой галын
Илч бараадаж
Цоройн цаанаасаа
Унагасан лээ... гэж
Тохмон дээр саасан гал уураг
Толгойнх нь тушаа ойртуулбал
Цэв хүйтэн үр нь хэдэнтээ сорж
Зөв мэт толгойгоо өргөн цогнолзов
Омгийн зайран цамнан бууж
Ойртсон бузрыг түлхэн бөөлж
Отгийн булингарыг тунгаан дуудаж
Онго сүлдээ тамлан даллав
Гай дайрав
Лай дөтлөв
Эхийн тунамалд бөрт унаж
Элэнц хуланцын сүнс хилэгнэв
Үйлтэй хоёрыг эргэж ч харалгүй
Үнсэн дээр нь торойтол хаяж
Гарзны амыг лайтнаар таглаж
Галын тэнгэрийг авран тасдаж
Нар бүлэгнэн мандахаас өмнө
Гал дүлэгнэн асахаас урьд
Хүнд нойрын манан дундуур
Хөдөлтүгэй .... хэмээн айлдав...
Айлдлын утгыг анзаарав гэлтэй
Алаг эрээн үр нь эхийнхээ хөлийг орооно
Чимээ шуугиан гарах тоолон
Чивчирч улам чангарна
өрөвдөхийн сэтгэлээ давхар ачаалж
Заншлын дээсээр чивчиртэл татаж
Өвөр хуваасан хань нь хүртэл дүлийрч
Зайранг даган орхиж одов
Зүүдэнд ч багтахгүй хагацлын илд
Зүрхэн дээр мэслэн бууж
Зүхлийн урсгал шиг
Зүг тахьсан мөрөө чирч
Уур савссан
Буудал ханхайлж
Уулсын хөтлөөр
Нүүдэл давав
Утаа уугисан
Ганц оромж
Уулын суганд
Өнчин торойв
Эргэж нэг харах
Энэрэл хургасан нулимстай нүдгүй
Их нүүдэл “гайнаас”
Исгэрэх сум шиг дайжиж
Малын жимээс бусад нь
Дүн цагаан цас
Малгайлан орох дуртай гэдэг нь
Өдөр болгон бургаа
Амьдрал хэмээх “алаг нүдний”
Хөмсөгний гадаа хаягдсан
Амьд явах насны
Хөсөгний сүүлд гээгдсэн тэднийг
Харанхуй тойрно.
Хараал тойрно
Газардахын аранга тойрно
Ганцаардлын айдас тойрно
Унтаа араатан шиг нам гүм
Архирах цагтаа
Залгих юм шиг занал...
Уулсын дундах ажин түжин
Айдсын хорлол
Халиах юм шиг түгшүүр
Нар сар хөөцөлдөж
Гэрэл харанхуй химлэлцэнэ
Үр - могой
Хоногийн хэцийг
Гулгаж, цагираглаж давна
Эх – хүн
Хоногийн хэцүүг
Иөлхөж босож давна
Төө илүүхэн үр гаргасан ч
Төрсөн л болохоор эхийн бие нялх
Өлгий, бүүвэй хоёр хэрэгггүй
Өлзий бус “үр” нь танхи
Цагираглаж хэвтээ “үр” могойгоо эх харж
-Цоройн цаанаас унасан
Цоохор эрээн үр минь
Цогонд орчих вий гэж эмээнэ
Унтаж байгаа юм шиг
Удаан гэгч нь цагираглахад нь
Амандаа бүүвэй гиншиж
Айдсыг нь үргээн ганхана
Ангир уургаа сааж
Аман тушаа ойртуулна
Үйлийн үрийн харанхуй зайд
Үгсэж бас үзнэ.
Үр могой нь харин
Үсчиж хэнэггүй шавхчина
Хаа нэгэнтээ сураг алдрахад нь
Хань бодсон сэтгэл нь эзгүйрч
Ар өврөө самнан үгүйлж
Адсага хөмөө сөхчин эрнэ
Хоног тоолон могой томорч
“Хорхой” тойлон эх доройтов
Эрүү толгой хоёр шиг
Газар тэнгэрийн дунд
Эх үр хэмээгдэх
Хоёр “хэцүү” амьтныг
Хоолойг нь давах “хоол” мартжээ
Холдон холдсон “нүүдэл” мартжээ
Холбинзон асах “гал” мартжээ
Хомроглон эргэх чоно хүртэл мартжээ.
Ээлгүй тавилангийн хатууд
Эх улам туйлдаж
Хүйтний алга дэрлэн
Хэвтэрт орон атирчээ
Хөхний сүү нь ширгэж
Хөлөөсөө эхлэн хөрчээ.
Түлэх модондоо хөл хүрэхгүйд
“Галын бурхан” туйлдана
Балгах усандаа гар хүрэхгүйд
“Насны бурхан” харангадна
Бурхан цөөрсөн газар
Чөтгөр бүжиглэг гэж
Буйлсан цасан шуурга
Чих залхтал хөгжимдөнө
Амьдын сэжүүрээс зүүгдсэн
Ганц хар цэг
Алдууран алдан дэрвэж
Мөхлийн инээд хүргэнэ
- Биеэ барагдтал
Би энийг тэжээлээ...
Харь үр гэлгүй
Халуун сүүгээ цутгалаа
Өглөө... өглөө... гэхэд
Өнгөн нь цагаан болсонгүй...
Амьдрал чиний дунд
Ийм цөл байдаг аа...
Азгүй азгүй гэхэд
Ийм заяа байдаг аа...
Нуугаад уйлахад барагддаггүй
Нулимс байдагсан... алга...
Нутаг нутагтаа багтдаггүй
Хүмүүс байдагсан... алга гэж
Гавлаа цууртал эх гаславч
Ганцын заяа үржсэнгүй
Ижилтэй байхын тэнгэр хаяж
Ижий байхын “заяа” гээжээ.
Алаг эрээн үр нь
Амьсгал хөлдөс хүйтнээс дайжиж
Аманд нь шургаж бүлээцэх гэнэ
Аваад хаячихад хилэгнэнэ
Ширгэсэн хөхөө дэмий тэмтрэхэд
Ширүүн занд нь урь бууна
- Гарсан юм даа надаас гэж
Харсаар байж тураалтай биш гэж
Гараа эсгэж цусаа өглөө...
Сүнсийг нь хүртэл үргээсэн үр нь
Сүү цус хоёрыг ялгахгүй сорно
Өлсөх тусмаа нүд нь хурцдаж
Өөдөөс нь цоргитол ширтэнэ
Хөдлөх тоолонг нь хариулан дагаад
Хөвчөө тийрэх сум шиг гөвөлзөнө
- Миний зовлонг мэдмүү энэ гэлтэй
Мэндийн зөрөө шиг бодол цахилж эх баярлалаа.

* * *

Нар мандаж нялуурсан
Насны совин алдуурсан өглөө
Үлгэр домгийн өлсгөлөн могой
Үмх ч хоолгүй өлсгөлөн могой
Эрлэгийн элчтэй дэр хувааж хоносон
Эхийнхээ хөлд нойрссон “үр”
Эвхсэн биеэ хилэнтэй задалж
Унтаад сэрсэн нойрмог орчлонг бэргэтэл
Улайссан зэс шиг нүдээр сүлбэж
Эцсийн хоолондоо ам хүрч
Эхийгээ хөлөөс нь залгиж эхлэв
Хальж байгаа амь эргэх шиг
Халуу дүүгэн эхийн хөл бүлээцэв
Бүрэг барагхан ухаан орсон эх
- Би үртэй хүн юм аа гэж бодов
Биеэ эвхрээн улангасан залгих могой
Бэлхүүсийг нь хүртэл эхийгээ залгив
Хэсэгхэн эгшин харвасан хойно
Хэвлий нь бүлээн оргиход
- Өсгөөд өгчихсөн байхад
Өтлөхөд хөл хучдаг нь үнэн юм аа
Хувь тавилан хэрчиж заяасан
Хар эрээн үр минь гэж амандаа шившихэд нь
Өөрт нь хоргодсон эцсийн шүүс
Өрөөсөн хөхнөөс нь цийлэн сүү
Төмөр мэт толгой дээр нь дуссанаа
Төдхөнөө тэгээд ээдэв
Төгсөхийн их амирлан залгав
Халуун залуу насны нь дурсгал
Харын хар гэзэг, могойн завжнаас унжиж байв

 

 

Домгийн цагаан азрага
Над руу айсуй...
Дороос нь манарсан тоос ану
Үүл ажуу...
Дээрээ эзэнгүй эмээлийн
Гөлөм нь хийсэн айсуй...
Дэрвэж байгаа шалтаг ану
Салхи ажуу...
Буруу талын дөрөө нь
Хадтай харшин ханхийхуй
Бие жихүүцсэн домог шивнэсэн ину
Энэ ажуу...

 

***

 

АМЬДРАЛЫН БЯЦХАН ЗУРВАС

 
Зүрх зүрхэндээ багталгүй
Хэл гар хоёроороо цавчилдан байдаг
Зүүн хамар хашааны
Тэр гуайнх өчигдөр нүүлээ.
Тэдний буурин дээр
Тэдний,эндэхийн хөөрхөн жаалууд цуглан
Авгай нь нөхрөө шидэж хагалсан шаазангын хагархай
Ад юугаа тайлж амарсан хилэнгийн хэлтэрхийг эвлүүлэж
Сайхан айл болон тоглож байна.

 

***

 

СОЛОНГО БИЛЭЭ БИ

 

Ижийгээс минь асгарсан улаан бороо
Эцгийн минь зүрхийг норгож арилсны дараа
Голоон эгштэл хүлээсэн
Говь дээгүүр татсан
Нарыг зургаа хэрчсэн тоонотой гэр дээгүүр татсан
Намайг тэврэх гэж яарсан бүхний өвөр дээгүүр татсан
Солонго билээ би Эрхий ороох сур шиг хүний богинохон заяанд
Элбэг дутуу нь ялгаагүй амьдын эрээн зүүдэнд
Нэгэн үзүүр нь тэнгэрээс хөллөж
Нөгөө үзүүр нь газарт уллах
Зуурхан төдий татаад арилах
Зургийн алаг солонго билээ би

Хүн дээгүүр гишгэлсэн он жилүүдийн
Зуурын төдий босоо үзэгдэл
Хувилгаан бор газар хөх тэнгэрийн
Зугаа төдий хоосон чанар
Нумын бөгтрөг шиг болж ирээд чулуу жийж татсан
Нарны тал шиг болж ирээд цэцэг илж татсан
Оногдсон заяаныхаа ааг омог дээгүүр олойртож татсан
Олдохгүй хоёр буурлынхаа булшин дээгүүр бөхийж татсан
Эхлэх үзүүр нь сүүнд дүрээстэй
Эцэслэх үзүүрт нь нулимсанд дүрээстэй
Солонго билээ би

 

***

 

ЭДЛЭН

 

Үхэл бидэн хоёр
Эхийн тунамал дунд цуг үүссэн
Эсэнлэх тэр үүрээр цуг хашгирсан
Морины нуруунд
Хоёр талаас нь цуг ассан...
Айлд хоёулаа хамт бууж
Амрагийн уруулыг үхэл бид хоёр хувааж үнссэн
Зовлонгийн оромж миний толгой
Зоргоороо үхэлтэй дэр хувааж
Там диваажин хоёрын элч үхэл
Тал бие шиг минь хамт оршсон
Амьдын гал “аа” омгоороо
Үхлийг би дарладаг байсан
Алгуурхан тэр дотроос минь
Үгүй болоход минь дурладаг байсан
Би хэмээгч нэгэн бие
Бурхан чөтгөр хоёрын
Буйлж эзэгнэсэн эдлэн болсон
Намайг хүн болгож ургуулаад
Над дээр бас юм болгон тарьсан
Учрыг олохын дон над дээр ургасан
Ухаан ургасан
Урт амьдрахсан гэсэн тэнэг зөн ургасан
Үнэн сайхан ханийн өлмийд
Үхэж алдах хайр ургасан
Үрээ гэж санаа богшиж
Үйлээ эдлэх үүрэг ургасан
Хагацлын нулимстай жимс
Халуун сагсуу бодол ургасан
Хүнд байдаг юм болгоныг
Хүглийтэл над дээр тарьсан
Өөд болсны минь дараа
Өт мартахуй хоёр миний ургацыг хураана
Буруутай зөвтэй орчлонд би
Бурхан, чөтгөр хоёрын эдлэн явсны
Мөнх, мөнх бус хоёрын
Мөчөөрхөл тэгээд дуусна
Үхэл - Миний хамгийн хуучин хагацал
Үхэл - Миний ижийдээ очих томилолт...  (1999 он)

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.21.24) 2024 оны 02 сарын 20

Тэр үр могойг нь уншаачээ !!! Уран бүтээлч хүн хүнд дандаа аз жаргал хайрлах ёстой . Тэр ханьдаа бичсэн шүлгийн уншаачээ . Доромжлоод хаясан байгаа юм биш үү . Үүнийг шүлэг гэдэггүй юм .

0  |  2
Зочин(64.119.27.252) 2019 оны 02 сарын 06

Ум ма ни бад мэ хум Та агуу хүн байсан тантай уулзаж байгаагүй ч бүтээлийг чинь уншиж цэнхэр тв-ээр харж шүтэн биширч байлаа маш харамсч байна гүн эмгэнэл илэрхийльу

0  |  0
ум ма ни бад мэ хум(66.181.178.161) 2019 оны 02 сарын 06

одоо ингээд уншихад айхтар бичжээ.

0  |  0
зочин(59.153.113.254) 2019 оны 02 сарын 07

Ардын уран зохиолч Сүрэнжав, Бааст, ардын жүжигчин Хайдав, Уртнасан гуайг таалал төгсөхөд та нар яагаад ингэж худаа сүржигнэсэнгүй вэ? балиар муухай бялдууч, долигонорууд аа

2  |  2
Гүнээ хүндэтгэгч(122.201.24.234) 2019 оны 02 сарын 06

Шүлэгнүүдийг уяарч уншлаа Шүлэгчийг дурсаж уйлаж эмэгнэв. Бурханы бодь хутгийг олох болтугай! Зиндаа-д баярлалаа.

0  |  0
Top