Сайд Д.Сумъяабазарын хэлснээр Баялгийн сан 2018 онд амжиж байгуулагдсан байх учиртай. Гэвч сан алга. Харин сангийн тухай сэдэв баяжсаар байна. Гэхдээ өнөөдөр сангаас илүү тавигдаж яригдах ёстой гол асуудал бол аливаа санд хуримтлагдсан хөрөнгө мөнгийг эрх мэдэлтнүүд нь луйварддаг жишгийг халах асуудал гэдгийг тэмдэглэх хэрэгтэй юм. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийн мөнгө жинхэнэ ЖДҮ-чдээс нүүр бууруулсан үүх түүх хэдэн арваараа сөхөгдсөнтэй зэрэгцэн Засгийн газрын бусад тусгай сангуудад Сангийн яамнаас ШАЛГАЛТ хийсэн.
Тусгай сангуудад хийсэн шалгалтын дүн гарсан бөгөөд Засгийн газрын хуралдаанд танилцуулсны дараа хэвлэлийнхэнд мэдээллийг нээлттэй болгоно гэж Ч.Хүрэлбаатар сайд хэлнэ лээ.
Зарим санг нь татан буулгах шаардлага байгааг, том зургаараа бол бүгдийг нь ИЛ ТОД болгох хэрэгтэйг сайд онцлов. Мэдээж сангуудын хөрөнгийн зарцуулалт ил болох ёстой. Нэмээд хэлэхэд, эрх мэдэлтнүүд нөлөөллөө ашиглан луйвар хийдэг тогтолцоог халахад хаа хаанаа хандлагын томоохон өөрчлөлтөд бэлэн байх хэрэгтэй юм.
Эхэнд өгүүлсэн Баялгийн сангийн тухайд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэний хэлснээр Д.Сумъяабазар сайд, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамтаар Норвеги улсад очиж, Баялгийн сангийн жишээтэй газар дээр нь тулж танилцахаар болжээ. Уг нь Норвегийн сан манай тухайд шинэ сэдэв биш л дээ. Аль арван жилийн өмнөөс л дэлхийн баялгийн сангуудын сайн сайхан жишээнүүдээс эш татаж байхад Чилитэй зэрэгцэн эхэнд нь эрэмбэлэгдэж, яригдаж ирсэн билээ. Тэгэхээр манай нөхдүүд “Хуучин мөртлөө шинэ, шинэ мөртлөө хуучин” сэдэв болох Норвегийн Баялгийн санг өвч судлахаар шийджээ.
УУХҮ-ийн сайд өнгөрсөн жил хэлэхдээ “Ер нь манай УИХ-ын гишүүд, Засгийн газрын төлөөллүүд Норвегийн баялгийн сан, Эмиратын баялгийн сан гээд их явж танилцсан байдаг юм билээ. УИХ-ын гишүүд Норвегийн баялгийн сангаас жишээ татсан байдаг. Энэ нь Хүний хөгжил сан. Хүний хөгжил сан дээр хөрөнгө мөнгө татан төвлөрүүлж байгаад тэндээсээ зохицуулалт хийх хуулийн төслүүд явсан байдаг. Мөн Ирээдүйн өв сангийн хуулиа бас Норвегийн баялгийн сангаар жишээ татсан. Гэхдээ Баялгийн сан арай өөр зохицуулалтаар явна. Ер нь Демасек гэдэг бол Төрийн өмчит аж ахуй нэгжүүдийг бүртгэсэн бүртгэлийн хэлбэр. Норвегийн баялгийн сан гэхэд тусдаа зохицуулалтаар явдаг. Жишээ нь, 10 тэрбум ам.долларын өгөөж бий болж, хуримтлал үүслээ гэхэд Норвегийн баялгийн сан 9,7 тэрбумыг сан дээрээ татаж, үлдсэн 3 хувийг нь л засаг руугаа өгдөг. Тэндээс төсөв рүүгээ ороод үйл ажиллагаанд зарцуулагдаад явдаг. Харин 97 хувийг хуримтлал болгоод гадаадын хамгийн өндөр үнэтэй аж ахуй нэгжүүдийн хувьцааг худалдаж авдаг. Тэр нь бас хязгаарлалттай. Нэг хоёр хувиас хэтрүүлэхгүйгээр авдаг. Тухайлбал, Фэйсбүүк, Nestle-ийн хувьцааг ч юм уу худалдаж авдаг. 9000 аж ахуйн нэгжийн хувьцааг худалдаж аваад эхний топ 20 дотор өгөөжийг нь хардаг. Жилдээ 20-23 хувийн өгөөжтэй явж байгаа. Харин бид хуримтлалаа шууд эдийн засаг руугаа оруулаад, алдаа хийсэн шүү дээ. Үүнээс болж үнийн өсөлт явагдсан. Энэ бүхнийг Голланд өвчин гэж ярьсан. Тиймээс өнгөрсөн алдаагаа дүгнээд явах хэрэгтэй. Ер нь хязгаарлалтууд тавьж өгөх ёстой юм байна гэсэн бодол байгаа. Сангийн сайд, Ерөнхий сайдын хүрээнд ярьж зөв шийдлээр явах ёстой. Одоо бид орлогоо олчихоод үрэн таран хийж болохгүй. Ялангуяа халамжийн бодлого огт болохгүй. Бид хуримтлал бий болгож дэд бүтэц бусад салбарт хөрөнгө оруулалт хийж өгөх ёстой” гэсэн байдаг.
Сайдын хэлж ярьсан шиг алдаагаа ухамсарлаад, урагшилвал сайн хэрэг. Гэсэн ч түмний халааснаас гараад төрд данслагдсан хөрөнгө мөнгөний зарцуулалтыг хянах тогтолцоо, нөлөөллөө ашиглан мөнгө хөрөнгө луйвардсан этгээдүүдэд хариуцлага тооцдог жишиг тогтоогүй цагт Баялгийн гэх нэртэй сан мянга байгуулаад ч хэцүү гэдэг нь ойлгогдож байгаа юм. Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ улс төрөөс ангид сан байгуулж, стратегийн ач холбогдолтой ордуудын үр өгөөжийг иргэдэд хүртээнэ гээд байгаа.
Чухам харин тэр өгөөж гэдэг нь Хүний хөгжил сан гэх ӨРТЭЙ сангийн түүхийг давтахгүй гэх баталгаа байна уу гэдэг асуулт яах аргагүй дагаж байна.
Засгийн газар байгалийн баялгийн орлогоос хуримтлал үүсгэж, ирээдүй хойч үедээ өвлүүлж эхлэхийн тулд “Ирээдүйн өв сан”-д 1 их наяд төгрөг энэ жил хуримтлуулахаар төлөвлөсний тэн хагас нь Хүний хөгжил сангаас засаг засаг дамжин уламжлагдан ирсэн өрийг барагдуулах төсөөлөлтэй байгаа. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхнө гэдэг шиг ийм хандлагаараа л байвал, элдэв янзын нэртэй сан хэдийг ч байгуулаад энэ улс оронд бодит нэмэр дагуулах нь эргэлзээтэй. Үнэхээр л тэр Норвегийн ч юм уу, Чилийн ч юм уу, туршлагыг судлаад, өөрийн онцлогтойгоор хөрсөн дээр буулгах гээд байгаа л юм бол нэн тэргүүнд луйварчин хандлагадаа өөрчлөлт хиймээр байна. Мэдээж Баялгийн сан хэрэгтэй. Зэрэгцээд хандлагын өөрчлөлт ч хэрэгтэй байна.
Сэтгэгдэл ( 5 )
ХЭНИЙ СЭТГЭЛГЭЭГ ӨӨРЧЛӨХ ГЭЭД БАЙНА АА? НИЙГЭМ ЯМАР БАЙНА СЭТГЭЛГЭЭ ТИЙМ Л БАЙНА. МОНГОЛЫН АВИЛГАЛ ХЭЭЛ ХАХУУЛ, ХУЛГАЙ ЛУЙВАРТ ИДЭГДСЭН НИЙГЭМ СЭТГЭЛГЭЭГ ӨӨРЧЛӨХ ГАРЦ БОЛ УЛСАА ХӨГЖҮҮЛЭХ, ИРГЭДИЙГ АЖИЛТАЙ БОЛГОХ, ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЖ АМЬДАРЧ СУРАХ. МОНГОЛД ХАМГИЙН ГОЛ ЮМ НЬ ТӨРД АВИЛГАЧИД ЛУЙВАРЧИД ГАРСАН, ТЭД УЛСАА ХӨГЖҮҮЛЭХ СЭТГЭЛ ЗОРИЛГО БАЙДАГГҮЙ ?
Сэтгэлгээ бишээ, шударга ёс байхгүй бол мянган баялгийн сан байгаад ч нэмэргүй.
hudlaa hoshigruulj ideed HAM songuuld unalaa ideed zugtaana
Сангаараа ноёд баяжина, Цалингаараа иргэд өр тавина
Tegeheer setgelgeegee uurchlulttul bayalgiin sangaa baiguulah hereggui gesen ug uu hezee setgelgee uurchlugduh ve magadgui 20 jil 30 jil esvel 100 ch yam uu tuunees tsaash tegvel bayalgiin sangiin tuhai yariadach hereggui yam bish uu estoi erguu yam bichih yam aa