Bloomberg: Венесуэлийн эрх баригчид ОХУ-д данс нээх үүрэг өгчээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 21

Венесуэлийн Засгийн газар үндэсний 50 компанийн удирдлагууддаа ОХУ, Турк, БНХАУ болон Энэтхэгийн банкинд данс нээж, эдгээр улс орнуудын нийлүүлэгчидтэй хамтарч ажиллахыг үүрэг болгосон талаар Bloomberg агентлаг мэдээлжээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр, тус улсын эрх баригчид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг компаниудын ахлах менежерүүдэд гадаадын банкинд данс хэрхэн нээх талаар сургалт явуулах амлалт өгч, бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэхгүй байхыг уриалсан байна.

Үүнтэй зэрэгцэн өөрийгөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарлаад буй Венесуэлийн парламентын дарга Хуан Гуаидо Швейцарын Ерөнхийлөгч Ули Маурертай Венесуэлийн Засгийн газрын Швейцарь дахь дансуудыг хаах боломжийг хэлэлцсэн тухай мэдээлжээ.

Үүнээс өмнө Венесуэлийн Үндэсний ассамблейн гишүүн Карлос Папарони Николас Мадурогийн Засгийн газрын хилийн чанад дахь данснуудын 80 хувийг хаасан гэж мэдэгдсэн. Түүний хэлснээр, сөрөг хүчин Португалийн Nuovo банкнаас Уругвайн Bandes банк руу мөнгө шилжүүлэхийг зогсоож чаджээ. Мөн газрын тосны “PDVSA” компанийн 80 сая еврогийн хууль бус шилжүүлгийг таслан зогсоож чадсан гэж тэрбээр мэдээлсэн юм.

Энэ оны нэгдүгээр сард Венесуэлийн сөрөг хүчний тэргүүн Хуан Гуаидо өөрийгөө Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч хэмээн зарласан. Түүнийг АНУ, “Лима” бүлгийн гишүүн орнууд /Мексик улсаас бусад нь/, Европын хэд хэдэн улс орнууд хүлээн зөвшөөрөөд байна. Үүнийг Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро “Төрийн эргэлт хийх оролдлого” хэмээгээд АНУ-тай дипломат харилцаагаа тасалсан билээ. Николас Мадурог ОХУ, БНХАУ, Турк, Иран, Болив, Куб зэрэг улсууд дэмжиж, байр сууриа илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top