Венесуэл дэх улс төрийн хямрал, газрын тосны баялгаас хараат эдийн засагтай улс цаашид хэрхэн хөгжих вэ гэсэн асуултыг тавив. Өөдрөг хөрөнгө оруулагчид эл эрсдэлтэй зах зээлд нэвтрэх боломжуудыг эрэлхийлж байгаа ч нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж байна. Тус улс газар зүйн давуу тал, хямд эрчим хүчээ эдийн засгийн өсөлт болгон хувиргаж чадах уу?
Газрын тосны асуудал
Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог дуулиантайгаар баривчилсны дараа тус улс цаашид улс төрийн төдийгүй эдийн засгийн утгаараа хэрхэн хөгжих вэ гэсэн асуулт хэзээ хэзээнээс илүү анхаарал татсан.
Венесуэлийг байгалийн баялгийн хараалын сонгодог жишээ гэж үзсээр ирсэн. Байгалийн асар их баялагтай тус улс хязгаарлагдмал нөөцтэй улсаас ч сул эдийн засгийн өсөлттэй. Тус улсын хувьд байгалийн баялаг нь хөгжлийн хөшүүрэг бус эсрэгээр чөдөр тушаа нь болдог. Учир нь газрын тосны салбараас олох орлогодоо ханасан засгийн газар нь бусад салбаруудаа хөгжүүлж, бүтцийн өөрчлөлт хийх сонирхол нь буурдаг. Улмаар мөнгөний урсгал нь үндэсний валютыг нь хэт чангаруулсны улмаас үндэсний үйлдвэрлэл нь өрсөлдөх чадваргүй болж, эдийн засаг нь түүхий эдийн салбараас хэт хараат болдог байна. Үүнтэй зэрэгцэн инфляцын дарамт нэмэгддэг аж. Баялаг нэг салбарт төвлөрснөөр авлигын таатай орчныг бүрдүүлж, улс төрийн тогтворгүй байдлыг үүсгэдэг. Эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн газрын тосны салбарын орлогын хуваарилалтыг хянахын төлөөх тулаан болж хувирдаг.
Венесуэлийн газрын тосны салбар гүн хямралд оржээ. Олон арван жилийн дутуу санхүүжилт, сул засаглал тоног төхөөрөмж, дэд бүтэц хоцрогдоход хүргэж, 1970-аад оны үед хоногт 3.5 сая баррель олборлож байсан бол өдгөө 1.1 сая баррель олборлодог болжээ. Үүний сацуу технологийн хүчин зүйлс бий. Нөөцийн ихэнх хэсэг нь Ориноко судалд төвлөрсөн байдаг бөгөөд хэт хүнд газрын тосны ангилалд ордог байна. Энэ нь техникийн хувьд хүндрэлтэйгээс гадна өртөг өндөр олборлолт юм. Ориноко сав газар дахь олборлолтын өртөг нэг баррель нь 80 ам.доллар болсон бол Канадад энэ өртөг 55 ам.доллар байдаг байна. Түүнчлэн, хориг арга хэмжээний дарамт болон мэргэшсэн хүний нөөцийн хомстол тус улсын PDVSA компанийг нийт хүчин чадлынхаа багахан хэсгийг ашиглахад хүргэжээ.

Кофе болон авокадо нь өсөлтийн тулах цэг
Венесуэл нь эдийн засаг, газар зүйн онцгой байршилд оршдог тул шаардлагатай нөхцөл бүрдсэн тохиолдолд маш түргэн хугацаанд сэргэх боломжтой. Карибын тэнгистэй хамгийн уртаар хиллэдэг тус улс Атлантын далайд шууд гарцтай бөгөөд Панамын суваг болон Хойд Америкийн томоохон зах зээлүүдэд ойр байрладаг. Өөрөөр хэлбэл усан тээврийн ложистик, олон улсын худалдааны хувьд төгс нөхцөл.
Газрын тосноос гадна тус улс Латин Америктаа байгалийн хийн хамгийн их нөөцтэй. Төмрийн хүдэр, алт, алмаз, нүүрс болон стратегийн чухал колтан, тори зэрэг ховор металлтай.
Мөн тус улсын байгаль, цаг уурын нөхцөл нь какаоноос авхуулаад кофе, төрөл бүрийн ногоо тариалахад туйлын таатай боломжтой. Өргөн уудам тэгш газар нь жилийн дөрвөн улиралд мал аж ахуй эрхлэх нөхцөлийг төгс бүрдүүлсэн байна.
Венесуэлийн нөөц боломжийг бүс нутгийнх нь бусад улстай харьцуулахад илүү онцгой тодорно. Тухайлбал, Колумб улс жимсний үйлдвэрлэлээрээ дэлхийд 15-т ордог бол Эквадор гадилын экспортоороо дэлхийд тэргүүлдэг. Гэтэл байгалийн ижил туйлын таатай нөхцөлтэй Венесуэл улс эдийн засгийн хориг арга хэмжээний улмаас зах зээлийн гадна үлдсэн. Гадил жимсний үйлдвэрлэл нь Колумбаас 4.6 дахин, Эквадороос 13.1 дахин бага.
Гадил, кофе, какаоноос гадна тус улс авокадо жимсний экспортоороо дэлхийд тэргүүлэх боломжтой. Эл төрлийн жимсний эрэлт 2012-2022 оны хооронд жилд долоон хувиар өсөж ирсэн. Энэ салбар нь өдгөө дэлхийн эдийн засгийн өсөлтөөс илүү хурдацтай хөгжиж буй салбар болоод байна.
Венесуэлд одоогийн байдлаар авокадог зөвхөн дотоодын хэрэгцээндээ зориулж үйлдвэрлэж байгаа ч хориг арга хэмжээ, хөрөнгө оруулалтгүйн улмаас тус салбар хөгжихгүй байна. Авокадогийн үйлдвэрлэлийн хэмжээ Колумбаас 8.6 дахин, Перу улсаас 6.9 дахин бага.

Газрын тосны бүүм болохоос өмнө кофе, какао нь Венесуэлийн нэрийн хуудас байжээ. Өдгөө эдгээр нь тус улсын экспортын багахан хувийг эзэлж, ажлын байраар хангадаг. Какаоны салбарт нийт гурван сая, кофены салбарт нийт 300 мянган ажлын байр бий.
Кофены үнэ дэлхийн зах зээл дээр дээд хэмжээнд хүрээд байгаа бөгөөд дээд зэргийн шоколадны үнэ мөн өссөөр байгаа энэ үед Венесуэл нь Африктай харьцуулахад өрсөлдөөнд асар их давуу талтай.
Нүүдэлчид ба жуулчид
Венесуэлийн 2800 км үргэлжлэх Карибын тэнгис дагуух эрэг дэлхий дээрх шилдэг наран шарлагын газруудын нэг тул аялал жуулчлал хөгжих туйлын таатай нөхцөл бүрдсэн. Гэтэл тус улсын энэ салбар мөн л уналтад орсон. Өрнөдийн жуулчид Венесуэлд болгоомжилсон байдлаар ханддаг. Харьцуулахад өнгөрсөн онд Колумбыг нийт 3.7 сая гаднын жуулчин зорьсноос 900 мянга орчим нь АНУ-ын иргэд. Венесуэлийн хувьд аялал жуулчлалын оргил үе нь 2013 онд тохиожээ. Тухайн онд тус улсад нэг сая жуулчин аялсан ба 2017 онд 429 мянган гаднын жуулчин бүртгэгджээ. Түүнээс хойш тус улс эл статистикийг хөтлөхөө больсон.
Дижитал нүүдэлчин гэгдэх амьдралын хэв маяг дэлгэрч байгаа өнөө цаг үед Колумб улсыг Global Digital Nomad Report шилдэг орнуудын нэгээр тодруулсан байдаг. Хэрэв хөгжингүй орнуудын дижитал нүүдэлчдийн хувьд Венесуэлийн эрсдэл буурвал Колумб, Эквадорын жуулчдын урсгалын тал хувь нь тус улс руу чиглэх нь гарцаагүй гэж шинжээчид итгэлтэй байна.
Аялал жуулчлал, үйлчилгээний салбар Венесуэлийн хувьд “шинэ газрын тос” болох боломжтой.

Цаашид хэрхэх вэ?
Шинжээчдийн үнэлгээгээр, Венесуэлд нийт 180 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт, бүтцийн томоохон өөрчлөлт хийж байж үйлдвэрлэлийн бааз суурийг сэргээх боломжтой. Ялангуяа, сүүлийн 20 жилд тогтвортой хөрөнгө оруулалт хийгдээгүй эрчим хүчний салбар. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп газрын тосны томоохон компаниудад хандан тус улсад 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахыг уриалсан. Мөн хилийн чанадад амьдарч байгаа долоон сая венесуэлчүүдийн хүчин зүйл. Тэдний хуримтлалын хэмжээ нь 10.6 тэрбум ам.доллароор үнэлэгдэж бөгөөд Венесуэлийн цагаачдын үүсгэн байгуулсан компаниуд Латин Америкт олон арван мянган ажлын байр бий болгожээ. Хэрэв тус улсад нөхцөл байдал өөрчлөгдвөл эх орноосоо явсан венесуэлчүүдийн хуримтлалын зарим хэсэг тус улсынхаа эдийн засагт эргэн ирж, компаниуд нь өөрсдийн салбараа эх орондоо нээх боломжтой.
Гэсэн хэдий ч нөхцөл байдал харьцангуй өөдрөг хувилбараар эргэнэ гэсэн итгэл үгүй. Венесуэл нь тусгаар байдлаа хөрөнгө оруулалт, шинэчлэлээр хэсэгчлэн солих магадлал өндөр байна гэж шинжээчид болгоомжилж байна.
Зарим ажиглагчдын ярьснаар, АНУ-ын зүгээс Венесуэлийн эдийн засгийн шинэчлэлд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулахыг хүлээх хэрэггүй л болов уу. Өдгөө 80 хувь нь Хятад руу урсаж байгаа газрын тос АНУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү очиж, ихэнх нь хөрөнгө нь АНУ-д үлдэнэ. Магадгүй, АНУ газрын тосны олборлолтыг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх, дэд бүтцийг нь сэргээхэд зориулж хязгаартай хөрөнгө оруулна. Ямартаа ч геополитикийн шууд сөргөлдөөнөөс зайлсхийхийн тулд Хятадыг шахаж гаргахаас илүүтэйгээр хөрөнгөний урсгалыг хуваах л асуудал тавигдах талтай. Харин АНУ-ын газрын тосны компаниудын хувьд арван жилийн хугацаатай төсөл нь АНУ-ын улс төрийн дөрвөн жилийн циклтэй зөрчилдөж байгаа нөхцөлд богино хугацаатай төсөл хэрэгжүүлэх нь дамжиггүй.
Венесуэлийг сэргээн босгох хөтөлбөр нь хялбар зам биш. Сүүлийн жилүүдэд газрын тосны олборлолтын тоног төхөөрөмжийн гол нийлүүлэгч бөгөөд гол хэрэглэгч нь Хятад болсон. Тиймээс Энэ бүх гинжин хэлхээг АНУ-гийнхтай нийцүүлэхэд их хугацаа, хөрөнгө шаардагдана.
Компаниудын хөрөнгө оруулалтыг татахын тулд урт хугацааны тогтвортой байдлын баталгаа хэрэгтэй бөгөөд үүний тулд Венесуэлийн эдийн засгийг бүхэлд нь реинжиниринг хийх шаардлагатай. Эрчим хүч, дэд бүтэц, газар тариалан, хүнс, ложистик, боомт, хөнгөн үйлдвэр, үйлчилгээ гээд бүхий л салбарыг сэргээн босгох шаардлагатай.

Сэтгэгдэл ( 0 )