Жижиг эдийн засагт мега төслүүд ихээхэн ач холбогдолтой. Том төслүүд хэрэгжиж эхэлмэгц эхэн үедээ гадаад валютын нөөц эрс нэмэгдэж, улсын төсвийн зарлага ба импортын хэмжээ хэвийн байдлаас үлэмж өсдөг жамтай аж. Эдгээрийн дараах шатанд инфляци, дотоодын үйлдвэрлэл өсдөг учир иргэдийн ажил эрхлэлтийн түвшин дээшилж, цалин хөлс ч нэмэгддэг боловч дийлэнх хүн амын бодит амьдрал хуучин хэвэндээ хоцордог бас нэг жам ёс ажиглагдаж байгааг гавьяат эдийн засагч Ц.Даваадорж илтгэлдээ дурджээ. Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ ДНБ-ий 20 хувиас дээш гарсан цаг үед эдийн засгийн тэлэлтийн савлагаа 10 хувиас дээшилдэг ба улсын төсвийн зарлага бараг 40 хувьд дөхөж очдог байна. Эдийн засгийн өсөлт 17 хувь хүрсэн 2011 онд импортын хэмжээ өмнөх 2010 онд 3,2 тэрбум ам.доллар байснаа гэнэт 2 дахин өсч 6,6 тэрбум ам.долларт хүрч, бараг 2014 он хүртэл өндөр түвшиндээ үлджээ. Өөрөөр хэлбэл манай импорт эдийн засгийн тэлэлтэнд өндөр мэдрэмжтэй, дагалдан түргэн өсдөг, харин хумилт агшилтын үед цаг хугацааны асар их, бараг 3-4 жилийн хожимдолтойгоор багасдаг нь төлбөрийн балансанд хүндрэл учруулж, үндэсний валютын ханшийг хэт унагаж хямралыг гүнзгийрүүлэх гол шалтгаан болдог гэж тэрбээр өгүүлж байна.
Нөгөө талаар том төслүүдийн хэрэгжилт элитийн ба далд эдийн засгийг тэтгэж өргөжүүлдэг жамтай аж. Монголын элитийн эдийн засаг дотоод хуримтлалын гол эх үүсвэр болж байгаа боловч нийт өрх аж ахуйн эцсийн хэрэглээний бүтцийг өрөөсгөл хэлбэртэй буюу ихэвчлэн импортод чиглэгдсэн хандлагатай болгодог байна.
Нийт иргэдийн хэрэглээ 2016 оны байдлаар ДНБ-ий бараг 60 хувь буюу 13 их наяд төгрөгийн түвшин хэмжээнд хүрсэн. Үүнээс цалин буюу цалинтай адилтгах орлого нь 6 их наяд буюу өөрөөр хэлбэл цалингаар амьдардаг хүмүүсийн оролцоо нийт иргэдийн хэрэглээний зөвхөн тал хагас нь болж байна. Ийм нөхцөлд жирийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн хөгжил дэвшлийн өвөрмөц концепци, үзэл баримтлал боловсруулах ажил нэн чухал.
Гадаад эдийн засгийн харилцааны огцом өргөжилт, том төслүүдийн хэрэгжилт үндэсний хуримтлалын боломж, потенциалыг нэмэгдүүлэх ЭЕРЭГ талтай. Харин СӨРӨГ тал нь эдийн засгийн салбаруудын хоорондох тэнцвэрт байдлыг алдагдуулдаг гэж тодорхойлж байна.
Тэгэхээр энд дурдагдаж буй Эерэг ба Сөрөг талуудыг харахад том төслүүдээс орж ирэх хөрөнгө мөнгөөр эдийн засгийн төрөлжилтийг нэмэх чиглэлд анхаарах ёстой гэсэн агуулга харагдаж байна.
Судлаачийн үзэж буйгаар цаашдаа макро эдийн засгийн тэнцвэрийг хангахын тулд хуримтлал, нөөцийн удирдлагыг сайжруулж, дотоодын нөөцөө зөв ашиглан экспортыг нэмэгдүүлэх, импорт орлуулах үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжихэд чиглэгдсэн бөгөөд эцсийн дүндээ макро эдийн засгийн нийт эрэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байгаа юм.
Эдийн засгийн хязгаарлагдмал потенциалтай манай орны хөгжил дэвшил ямагт шулуун динамикаар, өндөр хурдацаар явах ёстой гэдэг хүсэл фантазиас салмаар байна гэж Ц.Даваадорж эрхэм хэлжээ. Тэрбээр “Монголын эдийн засаг өөдлөх-уруудах буюу тэлэх, хямрах мөчлөгүүдтэй тулгардаг юм байна. Мөчлөгүүд доторх өсөлт, уруудалтын савлагааг багасгаж, ерөнхий дэвшлийн чиг хандлагыг дэмжих, баталгаажуулахын тулд эрсдлийн буюу тогтвортой хөгжлийн сантай болох шаардлагатай байна. Нөгөө талаар эдийн засгийн өсөлтийн гол үзүүлэлтүүд Монгол иргэдийнхээамьдралын түвшинг тууштай дээшлүүлэх зорилтод чиглэгдсэн бөгөөд үүнтэй нягт уялдсан хөгжлийн шинэлэг загварыг боловсруулах шаардлагатайг хэлж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )