С.Эрдэнэбат: Сангийн сайд ард иргэдээ ТОМООР ХАР

2019 оны 03 сарын 15

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны /МҮЭХ/  дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай Татварын багц хуулийн шинэчлэлтэй холбоотой асуудлаар ярилцлаа.


-Татварын багц хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр   МҮЭХ-ны зүгээс  илэрхийлсэн байр суурь анхаарал татаж байсан. Ирэх даваа гарагт  эхлэх ээлжит бус чуулганаар багц хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Ер нь та бүхний хэлж яриад буй асуудал тусгагдах нь уу. Сангийн яам бол төсөлтэй холбогдуулж санал асуулга өрнүүлсэн, иргэдээ сонссон  гэж тайлбарлаж байгаа?

-Татварын хууль аль ч улс оронд хамгийн чухал суурь хууль байдаг. Төсөв бүрдүүлж, баялгийг дахин хуваарилах үйл явц татварын хуулиар дамжин хэрэгждэг.  Сангийн сайдаар ахлуулсан Ажлын хэсэг 2018 оны гуравдугаар сараас Татварын багц хуулийн төсөлд сарын хугацаанд санал асуулга авч байна гэдэг зүйл ярьсан. Олон нийтэд нээлттэй санал асуулга авч байгаа гэдэг нь сайшаалтай. Гэхдээ энэ суурь хуультай холбоотой санал асуулгыг ганц сарын хугацаанд, цахимаар явуулсан гэж хандаж буй нь учир дутагдалтай. Иргэд, аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийн боловсрол, татвар санхүүгийн мэдлэг, мэдээлэл хангалттай биш, өөр өөр түвшинд байдаг учраас, санал асуулгыг сарын хугацаанд явуулсан гээд буйг нь хангалттай гэж бид үзэхгүй байна. Хөдөлмөр эрхлэж буй 1.3 сая хүнийг төлөөлж хэд нь санал өгөв. Сангийн яамны веб сайт руу орж санал өгөх хэмжээнд мэдээлэл хэр сайн хүрсэн юм бол. Ажлын хэсгийн зүгээс аж ахуйн нэгж байгууллагууд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай бол нэлээн уулзсан байна лээ. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг  тодорхой хэмжээнд оролцуулсан. Манай байгууллагад хөдөлмөр эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдээс давхардсан тоогоор 1000 орчим санал ирснээс  60 гаруй саналыг нэгтгэж, Ажлын хэсэгт өгсөн.

-Иргэдээс ирсэн саналуудаас  хамгийн их давхардсан санаа оноо юу байв?  

-Зөвхөн цалингийн орлогоор амьдарч буй иргэдээс ирж буй саналуудын эхэнд Хүн амын орлогын албан татварын /ХАОАТ/ хөнгөлөлтийн асуудал байна. Ажил эрхлэгчдийн цалингаас сар бүр 10 хувийн татварыг ХАОАТ-т суутгадаг. 2006 оноос тэр 10 хувийн татвараас 7 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлж эхэлсэн байдаг. Уг шийдвэр гарснаас   хойш 12 жил өнгөрсөн байна. Инфляци, валютын ханштай  харьцуулаад үзэхэд энэ хугацаанд 7  мянган төгрөг 1000 төгрөгтэй л тэнцэх хэмжээнд болчихсон байгаа. Ер нь энэ татварын хөнгөлөлтийг үнэ тарифын өсөлттэй, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулаач, ийм хэрэгцээ  шаардлага иргэдэд байна гэдэг үүднээс МҮЭХ 2012 оны сонгуулиар улс төрийн намуудад саналаа хүргүүлж байсан. Үүнийг одоогийн эрх барьж буй нам Засгийн газрын Мөрийн хөтөлбөртөө оруулж байсан.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх орлоготой хүн гэдэг бол өөрийгөө чадан ядан  тэжээх хэмжээнд байгаа  гэсэн үг шүү дээ. Амьжиргааны баталгаажих доод түвшин 200 мянган төгрөг байгаа. Сарын цалин хөлсөөрөө амьдардаг иргэдийн хувьд татварын хөнгөлөлт гэдэг харахад бага юм шиг боловч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулчих юм бол, сард 32 мянган төгрөгийн  хөнгөлөлт үзүүлж болох тооцоолол гарч байгаа.

-Хуулийн төсөлд үүнийг хэрхэн тусгасан бэ?

-Хөнгөлөлт тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа. Гэхдээ яг л нөгөө тогтмол мөнгөн дүнгээрээ. 500 мянган төгрөг хүртэлх цалинтай иргэний 240 мянган төгрөгийн орлогоос татвар авахгүй байя,  260 мянган төгрөгөөс нь татвар тооцож авъя гэдэг байдлаар ярьж байна. Магадгүй, дахиад 5-10 жилийн дараа энэ 240 мянга төгрөг  чинь ханш унасан үед яг л хэвээрээ байж байдаг. МҮЭХ энэ талаарх саналаа  дахиж өгсөн.  Засгийн газрын Мөрийн хөтөлбөрт тусгасан саналаа төсөлд тусгаач ээ гэдэг саналаа өгсөн.

Мөн Нэмэгдсэн өртгийн албан татвартай  /НӨАТ/  холбоотой саналыг иргэд их хэлж байгаа. Зарим улс орнуудад Худалдааны татвар гэдэг нэртэй,   6-7 хувиар тооцон авч, буцааж өгдөг. Үүний гол мөн чанар нь  эцсийн хэрэглэгч төлж байгаа гэдгийг л ойлгох хэрэгтэй. Би нэг минут утсаар ярьсан ч,  нэг ширхэг талх авсан ч,  нэг киловатт эрчим хүч гүйлгэсэн ч  шууд 10 хувийг ногдуулаад өгчихөж байгаа. НӨАТ бол худалдааг ил болгох, татварын бааз суурийг өргөтгөх зорилготой татвар. 2 хувийн буцаалт  тийм л учиртай анх гарч ирсэн. НӨАТ-ын хувь хэмжээг багасгая гэдэг саналыг томоохон аж ахуйн нэгжүүд ч анх илэрхийлж байсан. 3 хувь болгоод, 2 хувийг нь иргэдэд буцааж өгье гэдэг санаа ч яригдаж байсан. Нийгмийн даатгалын шимтгэлийг жил бүр 0.5 хувиар нэмж байгаа юм чинь, иргэдийн хэрэглээг урамшуулах үүднээс НӨАТ-ын буцаан олголтыг 50 хувьд хүргэж болно шүү дээ. Тэгэхийн бол бүгд татвар төлдөг болно. Баримт өгдөггүй газраас бүгд шаардаж авдаг болно. Татвараас зугтдаг, хоёр баланс гаргадаг байдал арилна гэдэг үүднээс бид НӨАТ-тай холбоотой саналаа өгсөн. Буцаан олголтын хэмжээг нэмэх саналыг хүлээж авахгүй гэсэн нь Сангийн сайдын өөрийн байр суурь гэж бид харж байгаа. Бидний өмнөөс хууль баталж, төрийн түшээ хийж байгаа гишүүд үүнийг анхаарч үзэх хэрэгтэй. Энэ бол цэвэр нийгмийн захиалга. Сугалаа гээд нэг юм гаргаад ирсэн. Төрийн ажлыг сугалаагаар хийж болдог юм уу. Төр өөрөө сугалаа гаргана гэхээр арилжааны шинжтэй байгаа биз дээ.

Мөн манай зүгээс хадгаламжийн хүүгээс авах татварын талаар саналаа хэлж буй. Банкинд мөнгөө хадгалуулсан хүмүүсийн мөнгөнөөс шууд суутгаад авчихаж байгаа арга нь хүртэл буруу. Хувь хүмүүсийн мөнгө шүү дээ. Яагаад шууд суутгаж авч байгаа юм. Хүмүүсийн олонх нь багаар л хуримтлуулдаг. Ихэнх нь  хүүхдийнхээ хадгаламжид 20 мянга,  100 мянга, арай илүү боломжтой нь нэг, хоёр сая төгрөг л хадгалж байгаа. Зарим ахмадууд эрүүл мэнддээ хэрэглэе гээд тэтгэврийнхээ хэдээс цааш хадгалдаг бол залуу гэр бүлүүд байр,  машинтай болчихъё гээд урьдчилгаагаа бүрдүүлэх гэж хадгалдаг. Тэгэхээр ийм  жижиг хадгаламжаас татвар битгий ав аа. 10 сая хүртэлх төгрөгийн хадгаламжаас хүүгийн татвар авахгүй байя. 10 саяас дээшхи хадгаламжид  1-5 хувь,  100 сая төгрөг хүртэлх хадгаламжид  5-7 хувь, 100 саяас дээш бол 10-15 хувийн татвар авъя. Үүнийг яагаад хэлээд байна вэ гэхээр манайд 18 их наяд орчим төгрөгийн хадгаламж бий. Үүний 95 орчим хувийг нийт хадгаламж эзэмшигчдийн 2 орчим хувь нь эзэмшиж байгаа. 1 тэрбум төгрөгийн хадгаламжтай хүн энгийн хадгаламж эзэмшигчээс өөр, тусгай гэрээ хийж байгаа. Тиймээс  банкны зээлийн хүү буурахгүй байна. Хадгаламжийн хүүгийн татвар дээр уян хатан бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн саналыг бид өгсөн.

Бас нэг санал бол иргэдийн эрүүл мэндтэй холбоотой. Эрүүл мэндийн хувьд эрсдэлд орсон хүмүүсийн тухай мэдээллийг та бид сошиалаар, хэвлэлээр мэдээллээр байнга л харж байгаа.  Хавдар гэлтгүй хүнд төрлийн, зардал мөнгө их  шаардсан өвчнүүд маш их  байна. Тэр болгонд ямар их зардал гардагийг бүгд л мэднэ. Иргэд хүндхэн өвчин тусахад санхүүгийн эрсдэлд орж байна. Тэгвэл тэдгээр хүмүүсийн эмчилгээний зардлыг даасан, хандив тусламж өгсөн, эсвэл эмчилгээнд нь зориулж цалингийн зээл авсан ар гэрийнхэнд нь татварын хөнгөлөлт үзүүлдэг байя. Баримтаар нотлогдож байгаа 20 сая хүртэлх төгрөгийн эмчилгээний зардал дахь татварын 50 хувийг хөнгөлж өгч болно шүү дээ. Хүмүүнлэг  иргэний ардчилсан нийгэм байгуулна гэсэн зорилготой улс юм бол татварын бодлого нь иргэдээ хамгаалах, иргэдэд баялгийг шударгаар хуваарилах, орлого багатай, эрсдэлд өндөр өртөж байгаа ядарсан  хэсэгтээ ногдох татварыг тодорхой хэмжээгээр хөнгөлж өгдөг баймаар байна. Илүү орлоготой, ашигтай байгаа хүмүүсийнхээ татварын шатлалын асуудлыг ярих шаардлагатай. Ингэж байж дундаж анги бий болно. Нэг тэрбум төгрөгийн хадгаламжтай ч бай, 10 мянган төгрөгийн хадгаламжтай ч бай, чи хүүгийн орлогын татвар яг ижил 10 хувь төлнө гэдэг  улс орон  Монголоос өөр ховор доо. Олон улсын байгууллагуудаас ч бидэнд ийм зөвлөмжийг өгч байгаа. Танай улсад  баялгийн хуваарилалт гэдэг зүйл татварын  хуулиас чинь  болоод их холдчихоод байгаа юм байна. Танай томоохон аж ахуйн нэгж компаниуд гэхэд 8 жилд хоёр удаа өршөөгджээ. Ийм улс орныг ер нь сонсоогүй юм байна гэж хэлж байгаа. Манайд чинь хоёр сонгуулийн мөчлөгөөр нэг,  нэг удаа өршөөхдөө, 20-30 тэрбум төгрөгийн татварыг хөнгөлүүлчихсэн шүү дээ. Гэтэл өнгөрсөн 8 жилийн хугацаанд шударгаар хөдөлмөрлөж,  цалингаасаа татвар төлж байгаа хүмүүст ямар хөнгөлөлт, өршөөл үзүүлсэн юм бэ. Татвар шударга байх ёстой. Хамгийн гол зүйл нь баялгийг дахин хуваарилахдаа шударга хандах  ёстой. Төр их татвар авахдаа гол нь биш л дээ.

 

ЛИЦЕНЗ НАЙМААЛСНЫ ТАТВАРЫГ БУУРУУЛЖ БАЙГАА НЬ ХЭНИЙ ЛОББИ ВЭ?

 

-Багагүй хугацаа зарцуулж боловсруулсан төсөлд авах зүйл бас байгааг эдийн засагчид хэлж байгаа. Танай зүгээс хөрөнгө оруулагчидтай холбоотой асуудлаар хэлж яриад буй. Тодруулаач?

-Шинэчлэгдэж, өөрчлөгдөж байгаа сайн зүйлүүд байхын хувьд бий. Татварын тушаалтыг хялбаршуулж байгаа. Гэхдээ миний бодлоор аж ахуйн нэгж байгууллагуудыг ангилж үзэх хэрэгтэй. Зөвхөн тендер авахад зориулагдсан компанийг татвараар дэмжих хэрэгтэй юу. Х тайлантай байж байгаад гэнэт өчнөөн тэрбумын тендер аваад, гадаадаас баахан ажилчин оруулж ирдэг. Эсвэл улирлын чанартай, хэсэг хүмүүсийг бригадын системтэй ажиллуулаад, давхар давхар гэрээ өгөөд, дундаас нь мөнгө авдаг  компаниудад татварын хөнгөлөлт үзүүлээд байх юм уу. Гэтэл байнгын, олон мянган ажлын байрыг шингээж байгаа том компаниуд байна шүү дээ. Тэдгээрийг тусад нь илүү хөнгөлж үз ээ. Ажлын байраа тогтвортой хадгалж, ажилчиддаа орон сууцны дэмжлэг үзүүлж,  ажилчдынхаа цалинг нэмж,  эрүүл мэндэд нь анхаарсан учраас,  энэ хэмжээний орлогоос чинь татварын хөнгөлөлт үзүүлье гэж ханд л даа. Тэгэхийн бол компаниуд тогтвортой байнгын ажлын байртай байхыг хүснэ.  Гэтэл өнөөдөр яг шударгаар татвараа төлж байгаа нь хохироод, татвараа нуудаг, улстөрчдийг лоббидож өршөөлийн хууль гаргуулдаг, татвараа төлөхгүй цайруулдаг, захиалгын хууль гаргуулдаг байдал анзаарагдаад байна.

Эрх шилжүүлсний татвартай холбоотой асуудалд  эдийн засагчид ч, иргэд ч сэтгэл дундуур байгаа. Тухайлбал, газрын доорх баялгийг лиценз нэрээр зардаг асуудал байна. Манай газар нутгийн 70-аад хувь нь лицензийн эрхшээлд,  олигархиуд, цөөн бүлэглэлийн гарт орчихлоо гэж байна.  Гэтэл тэдний хоорондоо зарж наймаалсны дундаас авдаг 30 хувийн татварыг яагаад 10 хувь болгож байгаа юм. Яагаад 3 дахин буулгаж байгаа юм. Энэ хэний лобби юм бэ. Татварын хуулийн хэлэлцүүлгийн үеэр гадаад, дотоодын байгууллагын хүмүүс “лицензийн шилжүүлгийн татварыг бууруулж өгсөнд баярлалаа, талархлаа” гэж ярьж байна лээ. Лицензийн наймаагаар, далд бизнесээр хөлждөг  хүмүүсийн лобби байна гэж харж байгаа. Тэр хүмүүс яахаараа өргөдөл гаргаад л Монгол Улсын баялгийг авчихаж байгаа юм бэ. А лиценз нь яагаад байж болдоггүй юм бэ.  Төрийн мөнгөөр орд газрыг тогтоогоод авчихсан, гартаа оруулчихсан газрууд байгаа шүү  дээ. Тэр хүмүүс 10 сая ам.доллараар зарлаа гэхэд 30 хувь буюу 3 сая ам.долларыг татварт төлөх байсан бол 1 сая ам.доллар болж 3 дахин бага төлөх болох нь. Гэтэл тэр зөрүү болох 2 сая ам.долларыг  эрүүл мэнд, боловсролын салбартаа, утаагаа арилгахад зарцуулах ёстой. Гэвч хууль гаргаж хулгай хийнэ гэдэг бол хамгийн том луйвар. Үүнийг олон улсын байгууллагууд ч анхааруулж байгаа. Лиценз гэдгээр ард түмний, нийтийн өмчийг зарж байхад, татварын хуулиар тэднийг өөгшүүлж байгааг би сайн ойлгохгүй байна.  Татварыг бууруулна гэдэг чинь лицензийн наймааг дэмжээд байгаа хэрэг биш үү.

Мөн гадаадын хөрөнгө оруулагчдын ногдол ашигт ногдох ашгийн татварыг 4 дахин буулгахаар тусгасан байна. Тэгвэл дотоодын хөрөнгө оруулагчид яагаад гадаадынхнаас бага эрх эдлэх ёстой юм. Гадаадын нэг шар толгойтой нөхөр орж ирээд хөрөнгө орууллаа. Өөрийнхөө ногдол ашигт ногдох  20 хувийг татварт төлдөг байсан бол одоо 5 хувийг төлөх нь л дээ. Манай Монголын нэг бизнесмэн хөрөнгө оруулалт хийлээ. Тэр хүний ногдол ашигт ногдох татварыг яагаад 5 хувь, 3 хувь болгож болохгүй байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулалт  үр ашигтай л байх ёстой. Үр ашгийн гол үзүүлэлт нь татвар. Хэчнээн ажлын байр бий болж байна. Хэчнээн төгрөг татварт төлж байна вэ гэдгээр хэмжигдэх ёстой. Зарим татварыг  3-4 дахин хэт  буулгаж байгаа нь цаанаа маш том лобби явж байгаа хэлбэр юм.

Бас нэг анхаарал татаж буй зүйл бол 2 жил хүртэл татварын өрийг хойшлуулж болно гэж байна. Тэгвэл энгийн иргэд эрүүл мэнддээ мөнгө зарцуулах хэрэгтэй байна, байрныхаа лизингийг төлөхгүй бол хөөгдөх гээд байна, цалингаасаа өгдөг татвараа 2 жилийн дараа төлье өө гэж болно гэсэн үг үү. Энгийн иргэдэд  энэ хэзээ ч үйлчлэхгүй. Компани аж ахуйн нэгжид яг ямар тохиолдолд гэдгийг маш нарийн зохицуулахгүй бол, шинж чанарынх нь байдлаас ажиглаад, шийдвэрлэнэ гэсэн утгатай юм яриад сууцгааж байна. Энэ дунд чинь л жинхэнэ лобби, хулгай явна. Өнөөдрийн төлж байгаа 1 тэрбумын татварыг төлөхгүй 2 жилийн хугацаанд  эргэлдүүлж болох нь ээ.  Ийм хуулийн цоорхой гарч байгаа. Нэг талаас аж ахуйн нэгж байгууллагын татвар төлөх хугацааг тодорхой хугацаагаар хойшлуулж байгаа нь зөв. Гэхдээ үүнийг маш нарийн зохицуулахгүй бол хүн аль болохоор л татвар төлөхөө, хойш нь тавихыг  бодно.

-Орон сууц худалдан авсны хөнгөлөлт, чөлөөлөлтийн мөнгийг 10 сая төгрөгт  хүргэх талаар танайхаас санал яригдаж байсан...

-Уг нь МҮЭХ буцаалтыг нь ядаж 10 сая болгочих оо гэж байгаа юм. Дундаж байр 40-50 сая төгрөгөөс  дээш байна. 3 сая байсныг одоо 6 сая болгож оруулж ирж байгаа. Мөн бид ажил хөдөлмөр эрхлэгчдийн хувьд чухал асуудал болох хоол унааны мөнгөний талаар саналаа хэлж байгаа. Автобусаар ажилдаа ирж, буцаж байгаа хүмүүст  байгууллагаас нь 1000 төгрөг  өгдөг. Тэрнийх нь 10 хувийг ХАОАТ-т аваад явчихна. Дахиад 12 хувийг нь НДШ-д  явчихна. Ажил олгогч тэр хүнд автобусны 1000 төгрөг  өгснийхөө төлөө дахиад 12 хувийн НДШ төлнө. Мөн байгууллагууд  хоолны мөнгө гэж  2000, 5000 төгрөг гэхчлэн янз бүр өгдөг. Нэг талаас үүнийг тэтгэмж гэж ойлгож болно. Гэтэл үүнээс нь дахиад л 10 хувийн татвар авна. Хоол унаа гээд жижиг боловч иргэдэд хэрэгтэй орлогуудаас авах татварыг бууруулахгүй мөртлөө,  лиценз зэргийн татварыг хэд дахин бууруулаад байгаа нь татварын шударга шинэчлэл болж чадах уу гэдэгт эргэлзэхэд хүргэж байна. Үүнийг УИХ-ын гишүүд маань ойлгоорой. Хэн ямар татвар төлөх вэ гэдгийг тэр хүмүүс бидний өмнөөс шийдэж байгаа учраас, олон иргэн УИХ-ын гишүүдэд хандаж байгаа юм байна лээ.

- НӨАТ  хар захыг, далд мөнгийг  илрүүлэх ёстой. НӨАТ-ын эцсийн хэрэглэгч нь иргэн,  аж ахуй нэгж биш төр өөрөө болох ёстой гэж байгаа шүү дээ. Авлигын нөхцөл байдлаас харахад төр өөрөө   далд мөнгөний хар захын үүр уурхай болж харагдаад байдаг?

- Төр бол илүү их мөнгө л авахыг, илүү их мөнгөний эрх мэдэлтэй байхыг л тэмүүлдэг. НӨАТ-ын гол мөн чанар эцсийн гол ачааллыг үүрч байгаа хүн “би үүнийг худалдаж авсныхаа төлөө төрд  5 хувийг өгч, өөртөө 5 хувийг буцааж авна” гэдгийг ойлгох ёстой. Татварын байцаагчид хар захыг 100 хувь илрүүлж хэзээ ч чадахгүй.

Энгийн нэг иргэн нийт орлогынхоо 60-70 хувийг бараг татварт төлж байгаа шүү дээ. Цалин мөнгөө юунд зарцуулснаа тооцоод үзээрэй. Ганц жишээ хэлэхэд гар утасны нэгж авлаа гэхэд компани өөрийн өртгийнхөө 10 хувийг шууд бидэнд үүрүүлчихэж байгаа. Компанийн ашгийн татвар, орлогын албан татвар, үл хөдлөхийн татвар бүгд тэнд  шингэчихсэн байдаг.  Утасны нэгжинд сард төлж байгаа 10 мянган төгрөгийн  бараг 70 хувьд элдэв янзын татвар шимтгэл шингэчихсэн явж байгаа. Авсан НӨАТ-ынхаа талоныг үзэхээр нийт орлогынхоо 20, 30-хан хувьд л НӨАТ-ын падаан авч чадаж байгаа биз дээ. Бусад нь яагаад падаан өгөхгүй байна вэ гэхээр тэнд далд зах зээл, далд эдийн засаг байж байна. Тэгвэл НӨАТ-ынхаа буцаалтыг 5 болгочихъё. Тэгэх юм бол хүмүүс чинь нэхээд авдаг болно шүү дээ. Тэрбумын эргэлтийн хөрөнгөтэй ч татвар төлдөггүй. Орлогыг нь тодорхойлох боломжгүй гээд жилдээ 30 мянган төгрөгийн татвар төлдөг хэсэг байхад 500 мянган төгрөгийн цалинтай хүн сар бүр 50 мянган төгрөгийн ХАОАТ төлж байна. Орлогын ялгаа, татварын шударга бус байдал, далд эдийн засаг гэдэг чинь энд харагдаад байгаа учраас МҮЭХ татварын хуулийг нийт иргэдэд үнэхээр өгөөж өгөх үү гэдэг асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг, сонсгол хийх ёстой гэж үзэж байгаа. Гуравдугаар сарын 18 албан бусаар эрчүүдийн баяр гэж тэмдэглэн өнгөрүүлдэг өдөр. Иргэдийг баярлаж байхтай зэрэгцэн багц хуулийн төслийг хэлэлцсэн болоод гулсуулаад гаргах гэж байгаа бол эргээд хариуцлага нэхэх хүн маш олон байгаа. Иргэд төрөхөөсөө өмнө, үхснийхээ дараа ч татвар төлж байгаа шүү дээ. Татварын хуулийг Сангийн яамны гэдэг юм уу,  хэсэг бүлэг гишүүд ярьж байгаад дуртайгаа хасаад, нэмээд, шийдчихдэг байж болохгүй. Анхаарал татаж буй ийм ийм зүйлсийг яагаад оруулахгүй байгаа юм бэ гэдгийг Сангийн яамнаас асуухад тайлбарлаж чадахгүй байгаа юм.

-Шударгаар татвар төлдөг хүн бүрт төр олон боломж олгож байгаа гэж бодлого боловсруулагчид хэлээд байгаа...  

-Үнэхээр боломж олгож байгаа бол миний түрүүний яриад байгаа зүйлсэд анхаар л даа. Байгууллагаасаа өгсөн хоол унааны мөнгийг  хэмнэж, алхаад хүүхдэдээ талх аваад очдог айлууд зөндөө байгаа.  500 мянган төгрөгийн багахан цалингаа  хүргэж ядаж байгаа олон айл бий. Ганц өрөө байр авчихъя гээд цалингаасаа тав арван цаас хадгалж байгаа залуу гэр бүлүүд бий. Тэднийгээ л татварын бодлогоороо дэмжээд өг гэж хэлээд байгаа юм. Тэднийгээ дэмжих зүйл хийхгүйгээр татварын хуулийн шинэчлэл гэдгийн цаана их орлого олж байгаа чинээлэг хэсгийн татварыг хөнгөлөх, бууруулах зүйлийг ярьж болохгүй. Нөгөө баялгийн ялгаа чинь арилахгүй. Татвар төлөлтөд чармайж байгаа томоохон үндэсний аж ахуйн нэгжүүд байна.  Тэднийгээ ялгаж,  салгаж шийдвэрээ гаргая. Татвар ухаалаг байхгүй бол мэргэжлийн хуульчид  татварын хуулийн цоорхойг ашиглаж, ажилладаг шүү дээ.

 

ЁС ЗҮЙТЭЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ҮРГЭЭЖ БАЙНА

 

-Та түрүүн гадаадын хөрөнгө оруулагчидтай холбоотой татварын хөнгөлөлтийн асуудлыг ярилаа. Нөхцөл байдлыг харахад сүүлийн 6 жил хөрөнгө оруулалт тогтмол буурсан үзүүлэлттэй байгаа. Цаашид хэрхэн нэмэгдүүлэх вэ, хөрөнгө оруулалтын шинэ зураглал гаргахгүй бол болохгүй нь гэгдэж байгаа шүү дээ. Таны түрүүн хэлсэн хөрөнгө оруулагчдын ногдол ашгаас суутгах татварыг 4 дахин бууруулах тухай асуудал төрийн зүгээс хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд авч буй арга хэмжээний нэг хэлбэр болов уу?

-Бид олон улсын хөрөнгө оруулагчдыг татна гээд татварыг  дэлхийн жишгээс нь хэд  дахин буулгачихаж болохгүй байхгүй юу. Та нар Дани, Норвеги, Австралийг,   Орос, Хятадыг хар. Хөрөнгө оруулагчдаас авах ёстой татвараа авна, бид нар. Татвар өндөр байгаагаас хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байна уу, гэвэл үгүй. Манай төрийн байгууллагуудын авлигажсан, тогтворгүй байдлаас болоод хөрөнгө оруулагчид үргэдэг. Шат шатандаа маш их хүнд сурталтай. Зөвшөөрөл лиценз олгох гэхчлэн бүхий л шатанд хүнд суртал гаргаж, өөрсдийн үр ашиг, шахааны тухай бодож байдаг. Манай үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай гадны орнуудын худалдааны танхимуудын төлөөллүүд уулзаж байсан. “Танайд хөрөнгө оруулалт хийе гэхэд тэр дарга сайдтай очиж уулз, тэр гишүүнтэй уулз гэдэг. Очоод уулзахаар надад ямар ашигтай вэ. Хөрөнгө оруулалтын тэдэн хувийг надад өг” гэсэн утгатай зүйлийг хэлдэг гэдэг. Гэтэл гадны соёлтой, ёс зүйтэй хөрөнгө оруулагчид бол ийм хандлагыг,  хөрөнгө оруулсныхаа төлөө хэн нэгэн хүнд авлига өгөх ёстойг ойлгохгүй шүү дээ. Авлига,  хээл хахууль өгөх юм бол компаниудын нэр хүнд унадаг, бизнес нь эрсдэлд орох учраас, ёс зүйтэй хөрөнгө оруулагчдыг үргээгээд байгаа. Авлига, хувь  өгдөг,  манай төрийн түшээдийг хахуульддаг,  шахааг нь дэмжиж өгдөг  хөрөнгө оруулагчид бол  өшөө илүү шуналтаад, ногдол ашгийн татвар өндөр байна,  буулга гэж лоббидож байгаа. Үүнийг ялга,  салга л гээд байгаа юм.

-Хадгаламжийн хүүгээс авах татварын хэмжээг шатлалтай болгох санал хүргүүлсэн гэж та хэлсэн. Энэ нь эргээд банкны салбарын активт нөлөөлөх нөлөөллийн талаар ярих асуудал үүсэх байх. Хадгаламжийн хэмжээ өндөрсөх тусам хүүгийн татварын хэмжээ нэмэгдэх нь харилцагчид мөнгөө өөр газар байршуулахад бас нөлөөлж болох юм?

-Тэгж харж болох талтай. Гэхдээ өнөөдөр яагаад хөрөнгийн зах зээл хөгжихгүй байна вэ.  Хөрөнгийн өгөөж, хувьцааны ногдол ашгаас илүү банкинд мөнгөө  хадгалсан нь илүү эрсдэл багатай. Нийт иргэдийн хадгаламжийн 90 хувь нь ядаж 50 хувьдаа ногдож байх юм бол хадгаламжийн хүүгээс өндөр татвар авахыг бодох хэрэгтэй л дээ. Гэтэл өнөөдөр манайд баялгийн ялгаа хадгаламжаар л харагдаж байна.  Та нар бүх улс орнуудын татварыг үзээрэй. АНУ-д гэхэд орлогоос хамаараад, татварын 9 шатлал байгаа. Та нар санаж байна уу. Өнгөрсөн жил шууд ХАОАТ-ыг 25 хувь хүртэл өсгөсөн шүү дээ. Уул уурхайн салбарт ажиллаад, хоёр гурван давхар ажил хийгээд, хоёр гурван сая төгрөгийн цалинтай золгоод, дөнгөж нэг дундаж анги руу орох гэж зүтгэж байгаа хүмүүсийнхээ татварыг шууд нэмчихэж байгаа юм. Тэр нь буруу. Харин компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэг ажил хийгээд сард хорь, гучин мянган ам.долларын цалин авч байгаа хүмүүсийн цалинд ногдох татварыг нэмж болно шүү дээ. Дундаж цалин 1 сая 120 мянга төгрөг болсон гэж Үндэсний статистикийн хороо мэдээлсэн.  Тэгвэл 1 сая төгрөг хүртэл дундаж цалинтай хүмүүсийн татварыг огт авахгүй байя. Европын орнуудын татварын системийг судлаж үзэхэд, бага орлоготой хүмүүсээс татвар авдаггүй юм байна. Бага орлогоо өөртөө, гэр бүлдээ, үр хүүхэддээ зарцуул. Та цалингаараа бусад хүмүүсийг тэжээж,  улс орны ирээдүйн ажиллах хүч,  иргэдийг тэжээж байгаа учраас бага цалингаас чинь татвар авахгүй ээ. Харин та өндөр орлого олоод байх юм бол шаталсан татварууд авъя гэдэг юм байна.  Татварын гол мөн чанар энэ шүү дээ. Гэтэл манайд өндөр орлого олж байгаа хүмүүсийнхээ татварыг алсуураа буулгаад байна гэдэг нь цаашдаа баялгийн шударга бус хуваарилалтыг улам бүр нэмэгдүүлнэ.

-Баялгийн хуваарилалтыг шударга болгохын тулд анхаарах ёстой хувилбарууд  юу байна вэ?

-Баялгийн дийлэнх нь цөөнхөд төвлөрсөн байна. Иргэдээ хувьцаажуулах нь чухал гэдгийг хэлээд байгаа.  Эзэн нь эрсдэлд орох юм бол ямар байдалд орж байгааг та нар харж байгаа биз дээ. Тэгэхээр олон нийтийн компани болгочихъё л доо. “Эрдэнэт үйлдвэр”-ийг чи авна, би авна гэж байхын оронд 30 хувийг нь нийт ард иргэдэд өгчих. Тэгэхийн бол ард иргэд  тэнд хяналт тавина. Америк, Европын улс орнуудын жишгийг харахад компаниуд нь ажилтнууддаа хувьцаа олгодог. Тэгснээр  компанийн засаглалыг маш сайн болгосон байдаг.

 “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцааны 5 хувийг ажилчдад нь өгчих. Тэгэх юм бол тэнд байгаа  ажилчид  хэзээ ч тэр хүмүүсээр шахаа хийлгэж, өөрийнхөө ногдол ашгаас хулгайч нарт мөнгө өгөхгүй.  Манай том том банкууд, уул уурхайн компаниудын зарим нь ажилтнууддаа хувьцаа өгөөд эхэлчихсэн. Тэгэхээр ажилчид компаниа үр ашигтай байлгахын тулд ажиллаж байна. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа 1.3 сая хүн дор бүрнээ компанийнхаа багахан ч гэсэн хувьцааг эзэмшээд явах юм бол нийтээрээ хөрөнгөтэй болох боломжтой. Манай Монголчууд 1072 хувьцаа, ерэн оны цэнхэр, ягаан тасалбар гэдгээс өөр юм ярьдаггүй. Ерэн онд хүмүүс мэдээлэлгүй,  мэдлэггүй байсан учраас  хувьцааг нь цөөн хэдэн хүн талхны мөнгөөр хуураад авчихсан, өөрсдөө хөрөнгөжсөн. Одоо Засгийн газар ниргэсэн хойно нь  хашгирав гэгчээр юм яриад байгаа л даа. Төр өөрөө бүгдийг авна гээд л яриад байх юм. Төр авна гэхээсээ илүү иргэдэд өгчих өө. Иргэд чинь өөрсдөө хувьцаанаасаа ногдол ашиг аваад, хяналтаа тавиад явчихна.

-МҮЭХ-ноос тавьж буй саналуудаас Татварын багц хуулийн төсөлд тусгахгүйгээр баталвал яах вэ?

УИХ-ын  МАН-ын бүдүүн бүлэг, АН-ын хэдэн гишүүн, бие даагч гишүүд татварын хуулийг энэ чигээр нь баталсан тохиолдолд, дахиад л асуудлууд  яригдах байх. Бид шаардана. НДШ өсгөсөнтэй холбоотой тавьсан бидний шаардлага хэвээрээ байгаа. Яагаад өнөөдөр Татварын тухай хууль нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрээр орохгүй байгаа юм. Энэ хуулийг яг энэ байдлаар батлах юм бол баялгийн шударга хуваарилалтыг сонгодог утгаар нь реформ хийж өөрчилж чадахгүй. Олон нийт ч, эрдэмтэн мэргэд ч ийм итгэл үнэмшилтэй байгаа.  Би зарим гишүүдийг ойлгож байна. Сонгуулиар хандив энэ тэр авсан юм байдаг л байлгүй. Гэхдээ төр түмэн нүдтэй. Хүмүүс харж байгаа. Сайтад ганц сар төсөлт тавьчихаад,  олон нийтээс  санал авсан гэж болохгүй. Яагаад татвар  төлөх хүмүүсээс нь асуухгүйгээр шийдвэрлэдэг юм.  Сангийн сайд ард түмнээ томоор нь хар.  Бидний тавиад буй саналууд дахь татварын хөнгөлөлтийн бодлогыг дагаж гарах үнийн дүн  тийм ч их биш шүү дээ. 5 ам бүлтэй өрхийн нэг гишүүн ажил хийдэг.  1 сая төгрөгийн цалинтай байлаа гэхэд татварт нь 300 мянгыг нь өгөөд, өрхийн орлого 700 мянган төгрөг болж байна. Нийт 5 гишүүнд тэр мөнгийг хуваахад өрхийн нэг гишүүнд 100 гаруй мянган төгрөг л ногдож байна. Гэтэл амьжиргааны баталгаажих түвшинг  200 мянган төгрөгөөс доошгүй байхаар тогтоочихсон байгаа. Тэгэхээр тухайн айл гурван хүүхэдтэй байлаа гэхэд хүүхдээ хоол тэжээлийн хомсдолд оруулахуйц л дүр зураг харагдаж байна. Төр иргэдээ хамгаалах бодлого барьдаг бол өрхийн нэг хүнд ногдох орлого  200 мянгаас доош байгаа тохиолдолд татвар авахгүй байх бодлого барих хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.43.123) 2019 оны 03 сарын 17

Зөв ярьжээ. Бид татвараар мөлжүүлж ядуу хэвээр олигархиуд нь гар хөл болсон улс төрчдөөрөө хууль өөрсөддөө ашигтай батлуулдаг

0  |  0
Солонго(202.9.43.104) 2019 оны 03 сарын 17

Энэ сонин пост бичээд байгаа хүмүүсийг ойлгохгүй бна. Хувь хүний хоорондын өш хонзон байгаа бол тэрийгээ тусдаа ярилц. Эна хүн харин ч үнэн юм ярьж байна. Та бидний амьдралтай шууд холбоотой татварын асуудлыг зөв ярьсан байхад эсрэг юм бичээд байгаа та нөхдийг би хувьдаа гайхаж бна. Үйлдвэрчний чадварлаг залуу боловсон хүчин үнэндээ өнөөдөр нийгэмд ард иргэдийх төлөө хуулийн хүрээнд шударга тэмцдэр газат үйлдвэрчнээс өөи хаана ч алга л бна шүү дээ. Юм хийж бөйгаа хүнийг харлуулж цэцэрхэж суухын оронд ядахдаа тар сайтаар яваад байгаа санал асуулгыг нь бөгөлчихдөх болоосой юуч чадахгүй юмнууд л

0  |  0
Саруул(202.9.43.130) 2019 оны 03 сарын 16

Их мэдэгч гуай аль эрт яриад төсөлд нь тусгахын төлөс тэмцэхгүй яасын. Өргөн баригдсан хуөль яаж батлагддагыг энэ олон жил мэддэггүй хэрэг үү. Гэв гэнэт цэцэрхээд тхл тал тийш үсчээд, юу нь болохгүй байгаар тодорхой ойлгомжтой хэлж чадахгүй худлаа нуршаад. Дүр эсгэхээ боль зүгээр!

0  |  0
Иргэн(202.72.245.206) 2019 оны 03 сарын 16

Санал нэг байна. Юун их мэдэх бэ, хэрэг дээрээ хоосон толгой шүү дээ, дуртай зүйлээ л ярих болж дээ

0  |  0
Зочин(139.5.219.231) 2019 оны 03 сарын 15

Та татварын багц хууль батлагдах гэж байгаатай холбогдуулж санал онолоо бичжээ гэвч өөртөй чинь санал нийлэхгүй зүйл байна иймд нийт иргэд бизнесийнхэн гэж битгий бичиж бай

0  |  0
иргэн(66.181.161.11) 2019 оны 03 сарын 15

Ард иргэдээ юман чинээ боддоггүй уул уурхайн гадаад дотоодын олигхрриудад үйлчилсэн хууль байна лээ

0  |  0
Адар(183.177.100.4) 2019 оны 03 сарын 15

юм мэдэхгүйгээ мэддэггүй цэцэрхэгчдийн нэг нь энэ залуу байгаа юм даа. Амандаа орсныг д бураад байх юм.

0  |  0
Top