Зургаан жилийн өмнөх СААРАЛ түүхийг давтах ёсгүй!

2019 оны 03 сарын 18

ФАТФ буюу Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас гаргадаг СААРАЛ ЖАГСААЛТ-ын гадаа үлдэх эсэх асуудал энэ оны аравдугаар сард шийдэгдэхээр байгаа. Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн хэлэхдээ “Манай улс  саарал жагсаалтад орж болохгүй... Саарал жагсаалтад орчихвол яах бол гэдэг  асуудлаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Саарал жагсаалт ч гэлтгүй, цаашид бид аль болох эрсдэлтэй нөхцөл байдлаас хол байж, санхүүгийн салбараа, үйл ажиллагааг нь  илүү тогтвортой, нээлттэй байлгаж, олон улсын түвшинд харилцаж буй  түншүүдээ алдахгүй  явах хэрэгтэй. Энэ бидний маш чухал эрмэлзэл” гэж байсан.

Муу үнэлгээ авч, саарал жагсаалтад орох нь  дараах  сөрөг үр дагавартай.  
 

  • Монгол Улсын нэр хүндэд сөрөг нөлөөтэй
  • Монгол Улсын зээлжих зэрэглэлд нөлөөлнө
  • Банк санхүүгийн байгууллага хамгийн эхэнд мэдрэнэ
  • Корреспондент банкны харилцааны хүндрэлүүд
  • Гадаадын хөрөнгө, санхүүгийн зах зээлд хандах хүндрэлүүд
  • Гадаадын хөрөнгө оруулалтад нөлөөлнө

Манай улс өмнө нь саарал жагсаалтад орж байсан удаатай.  35 улс, хоёр бүс нутгийн холбоо бүхий нийт 37 бүрэн эрхт гишүүн, 31 ажиглагч байгууллагаас бүрдэн үйл ажиллагаа явуулж буй ФАТФ-аас гишүүн улс, орнуудын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн 40 зөвлөмж бүхий стандарт гаргаж, түүний хэрэгжилтэд Харилцан үнэлгээ хийдэг.

Харилцан үнэлгээ нь: Техникийн хэрэгжилт буюу хууль, эрх зүйн тогтолцоо болон үйл ажиллагааны зохистой хэм хэмжээний үнэлгээ, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны Үр дүнтэй байдлын үнэлгээ гэсэн 2 хэсгээс бүрддэг.

Манай улс анхны үнэлгээг 2007 онд хийлгэж байв. Тухайн үед ФАТФ-ын мөрдөгдөж байсан 49 зөвлөмжөөс 21-ийг биелүүлээгүй, 15-ыг хэсэгчлэн биелүүлсэн тухай дүгнэлт гарч, “муу” үнэлгээ авч байсан. 2011 онд Олон Улсын хамтын ажиллагааг хянах бүлэг (ICRG) –ээс Монгол Улсыг олон улсын хяналтад оруулах шийдвэр гарч, 2013 онд ФАТФ-аас Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулж байсан түүхтэй. Саарал жагсаалтад орох болсон үндэслэлүүд нь:

  • Эрүүгийн хууль, эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд хамаарах жагсаалтыг ФАТФ-ын зөвлөмжид нийцүүлээгүй
  • Мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой хөрөнгө, орлогыг хураан авах тогтолцоог бүрдүүлээгүй
  • НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн зохицуулалт тодорхойгүй байсан зэрэгтэй холбоотой байжээ.

Улмаар уг жагсаалтаас гарахын тулд манай улс  Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Мөн  “Террорист этгээдийн жагсаалтад оруулах, жагсаалтад орсон этгээдийн хөрөнгийн хөдөлгөөнийг зогсоох, хянах журам”-ыг баталсан.  Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиудад Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зохицуулалтуудыг нарийвчлан тусгаж нэмэлт өөрчлөлт оруулсан гэхчлэн арга хэмжээнүүдийг авчээ. Мөн Монгол Улсын эдийн засаг 2012-2013 онуудад өндөр өсөлттэй, хөрөнгө оруулалтын орчин эерэг, улсын зээлжих зэрэглэл сайн байсан зэрэг шалтгаанаас эдийн засагт учирсан бодит хохирол харьцангуй бага байсан. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх бодлогын түвшний хууль эрх зүй, урьдчилан сэргийлэх, удирдлага зохион байгуулалтын үе шаттай хариу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлжээ.

Тэгснээр 2014 оны зургадугаар сард Монгол Улс  ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас хасагдаж байлаа.

Харин үүнээс хойш гурван жилийн дараа 2017 онд манай улс хоёр дахь үнэлгээг хийлгэх үед  ФАТФ-ын 40 зөвлөмжөөс биелүүлээгүй-5, хэсэгчлэн биелсэн-15, ихэнхийг биелүүлсэн-15, биелүүлсэн-5 байв. Улмаар манай улсыг  “эрчимтэй хяналт”-д оруулсан юм. Зөвлөмжийг улс орон бүр биелүүлэх үүрэг хүлээдэг. Хэрэв  зөвлөмжийг биелүүлж чадахгүй, эсвэл биелүүлэхээс татгалзвал тухайн улс орныг “өндөр эрсдэлтэй” гэж дүгнэн хар эсвэл саарал жагсаалтад орсон тухай зарладаг. Манай улс одоогоор “өндөр эрсдэлтэй” гэж дүгнэгдсэн хэвээрээ байгаа.

Харилцан үнэлгээний Үр дүнтэй байдлын хувьд нийт 11 үзүүлэлтээс 2 үзүүлэлтийг хэрэгжүүлэх түвшин дунд зэргийн, 9 үзүүлэлтийг хэрэгжүүлэх түвшин доогуур гарсан.

Үр дүнтэй байдлын үнэлгээнээс 7 эсвэл түүнээс их үзүүлэлтийг доогуур эсвэл дунд зэргийн түвшинд хангаж байгаа тохиолдолд мөн “эрчимтэй хяналт”-д ордог, иймээс Монгол Улсын хувьд үр дүнтэй байдлын үнэлгээ муу байгаа нь тус хяналтад орох бас нэг шалтгаан болсон.

Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үнэлгээ доогуур гарсантай холбоотойгоор нөхцөл байдал ямар байгаа талаар Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дэд дарга Т.Дуламсүрэн ярихдаа:

- Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үнэлгээ доогуур гарсантай холбоотойгоор Америкийн банкууд Монголын банкуудтай төлбөр, тооцоо хийхдээ өндөр шаардлага тавьж эхэлсэн. Тийм учраас Америкийн банкууд руу төлбөр, тооцоо хийхэд цаг хугацааны хувьд нэлээд бэрхшээл гарч байгаа. Өөрөөр хэлбэл, хүлээн авагч буюу Америкийн банкууд тухайн гүйлгээний талаар маш их тодруулга авах, зарим гүйлгээг нэг сар хүртэлх хугацаагаар удаашруулж, шалгах зэрэг асуудал гарч байгаа. Тийм учраас Монголбанк, банкны холбоо, Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн мэдээллийн алба хамтран харилцагчдад зориулсан таниулах үйл ажиллагааг зохион байгуулсан...  Банк харилцагчаа таньж мэдэх ёстой гэдэг шалгуур мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тухай хуулинд бий. Үүний дагуу банк тухайн гүйлгээг ямар зорилгоор хийж байна вэ гэдгийг мэдэж байх ёстой. Тэр мэдээллийг асууж байгаа гэж ойлгож болно. Одоогоор Монголын банкуудад энэ мэдээлэл бүрэн алга байна. Тийм учраас шаардлагатай мэдээллийг харилцагчаасаа нэмж тодруулж байгаа. Энэ нь ялангуяа цаг хугацаа их шаарддаг. Тухайлбал, зарим нэг гүйлгээтэй холбоотой гэрээ, хэлцлийн эх хувийг шаардах, харилцагчийн хувьд гэрээний хувь нь тэр бүр бэлэн бус байх, байлаа гэхэд түргэн шуурхай гаргаж өгөхөөс цааргалах гэх зэрэг хүндрэлүүд байна” гэв.

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын саарал жагсаалтад орохгүйн тулд урьдчилан сэргийлэх бэлтгэл ажил ямар шатанд явж байна вэ? гэдэгт:

Монгол Улс саарал жагсаалтад орохгүй байхтай холбоотой бэлтгэл ажлуудыг сүүлийн 2 жилийн хугацаанд авч хэрэгжүүллээ. Энэ талаарх эхний тайлангаа нэгдүгээр сарын 31-нд илгээсэн. Есдүгээр сард бид дараагийн буюу үр дүнтэй байдлын тайлангаа гаргаж өгөхөөр, бэлтгэл ажил хийгдэж байна.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тогтолцоог шинэчлэх цогц бодлого юм.  Бид Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиа шинэчилсэн. Үүний дагуу 8-9 хуульд дагалдаж өөрчлөлт орсон. Тэгэхээр хууль эрх зүйн хүрээнд  хийх ёстой шинэчлэлүүдийг бүрэн биелүүлсэн гэж үзээд, тайлангаа хүргүүлсэн. Дараагийн удаад тухайн хууль журамдаа тулгуурлаж, ямар үр дүнтэйгээр ажиллаж байна вэ гэдгээ тайлагнах ёстой юм.

Үнэлгээг хийхдээ нэгдүгээрт хууль эрх зүй, заавар журмууд байна уу гэдгийг үздэг. Хоёрдугаарт, хууль, журам, заавруудаа хэрхэн биелүүлж байна вэ гэдгийг хардаг байгаа. Монголын хувьд хууль, журмын асуудал харьцангуй гайгүй. Хуультай холбоотой бүх шаардлагыг биелүүлсэн гэж үзэж байгаа. Харин хуулиа биелүүлэх, тухайн хуулийн дагуу хяналт, шалгалт хийх, хэрэг үүсгэх зэрэг нь нэлээд цаг хугацаа шаардсан асуудал юм.

Бид муу үр дүн гарахаас урьдчилан сэргийлээд бүхий л шаардлагатай арга хэмжээг авсан. Тийм учраас муу үр дүн гарна гэж бодохгүй байна” гэж байр сууриа илэрхийлээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top