Хэрэглээний зээлийн талаар ЭДИЙН ЗАСАГЧИД ингэж ярьж байна

2019 оны 03 сарын 19

2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаа 70 хувиас хэтрэхгүй байх, хугацааны хувьд 30 хүртэлх сар байх зохицуулалт хэрэгжиж эхэлсэн. Хэрэглээний зээлийг хязгаарласнаар иргэдийг өрийн дарамтанд орохоос урьдчилан сэргийлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад үр дүнгээ өгнө гэж Төв банкны зүгээс мэдэгдэж буй. Тэгвэл эдийн засагчид хэрэглээний зээлтэй холбоотойгоор илэрхийлсэн байр суурийг хүргэж байна.

Ж.Дэлгэрсайхан: Хэрэглээний хэт өсөлтөөр дамжсан эдийн засгийн халалтыг хязгаарлана

2016 оноос хойш эдийн засгийн өсөлт нэмэгдсэн, иргэдийн орлого өссөн, эдийн засаг дахь иргэдийн болон бусад талуудын хүлээлт өндөр болсон энэ үед хэрэглээний санхүүжилтийг хязгаарлах нь олон давуу талтай. Энэ хүрээнд нэгдүгээрт, хэрэглээний хэт өсөлтөөр дамжсан эдийн засгийн халалтыг хязгаарлах, хоёрдугаарт, хэрэглээнд хэт тулгуурласан эдийн засгийн мөнгөн урсгалыг багасгаж сүүлийн жилүүдэд зогсонги байсан бизнесийн зээлийн өсөлтийг дэмжих, гуравдугаарт, ипотекийн зээл болон бусад шалтгаанаар сүүлийн жилүүдэд огцом нэмэгдсэн өрхийн өрийн дарамтыг хязгаарлаж эрсдэлийг бууруулах зэрэг олон давуу тал бий болох боломжтой гэж үзэж байна. Бодлогын энэ арга хэрэгслийн өөр нэг агуулгын чухал ач холбогдол нь иргэдийн хэрэглээнд хандах хандлага сонголтыг илүү ухамсартай зөв сонголт болгоход хүчтэй нөлөөлнө. Учир нь иргэдийн хувьд томоохон шийдвэр гаргалтыг харьцангуй сэтгэлийн хөөрлөөр тооцоо судалгаагүй хийснээр зохисгүй хэрэглээ болон өрийн дарамтад орох эрсдэл байсаар байна.

 Ч.Хашчулуун: Санхүүгийн тогтвортой байдалд  хүндрэл учруулах эрсдэлтэй байсан

Хэрэглээний зээлийн энэ их өсөлт импортыг нэмэгдүүлж, валютын ханшид тодорхой хэмжээний дарамт учруулах болсон. Нөгөөтэйгүүр зээл өсөх энэ хандлага нь иргэдийн хувьд өрийн дарамтыг нэмэгдүүлж, хуримтлал үүсгэх боломж, нөхцлийг хязгаарласнаар дунд хугацаанд санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад ч хүндрэл учруулах эрсдэлтэй байсан. Тийм учраас хэтэрхий эрсдэлтэй байдал бий болохоос урьдчилан сэргийлэх, валютын ханшийн огцом хэлбэлзлээс хамгаалах арга хэмжээ авах шаардлага үүсээд байсан бөгөөд ОУВС-гийн зүгээс ч бас энэ талаар тодорхой зөвлөмж өгч байсан. Монголбанкны зүгээс хэрэглээний зээлийг хязгаарлах чиглэлийн арга хэмжээнүүд авч, хэрэгжүүлсний үр дүнд иргэдийн худалдан авах чадвар аажмаар сайжрах хүлээлттэй байна.

Эдийн засагч Б.Дөлгөөн: Нийт орлогынхоо 60-70 хувийг зээлдээ төлж байна гэсэн тоо бий

Өнөөдрийн нөхцөлд хэт их өсөөд байгаа хэрэглээний зээлийг бодлогын түвшинд хэр багасгаж, танаж чадах вэ гэдгээс 2020, 2021 онд ирж болзошгүй хямралыг амжилттай даван туулах эсэх нь хамаарна. Сүүлийн 2 жилд өрхийн зээлийн хэмжээ огцом нэмэгдсэн. Зээл авсан хүмүүсийн мэдээллийг шүүж үзвэл нийт орлогынхоо 60-70 хувийг зээлдээ төлж байна гэсэн тоо бий. Энэ юу гэсэн үг вэ гэхээр эдийн засаг эргээд ямар нэгэн байдлаар хямрахад өрх гэрүүд бэлтгэлтэй биш байна. 2018 онд тодорхой бодлого хэрэгжүүлсний үр дүнд 2019 оноос банкнаас иргэдэд гарах хэрэглээний зээлүүд хумигдах байх.

Эдийн засагч Б.Түвшинтөгс: Хэрэглээний зээл бизнесийн зээлтэй харьцуулахад илүү уян хатан, хурдан байдаг учраас өссөн

Сүүлийн 10 жилээр аваад үзэхэд банкуудын зээлийн багцад гарсан томоохон өөрчлөлт бол хэрэглээний зээл томоохон хувийг эзлэх болсон явдал. Одоогийн байдлаар нийт зээлийн 52 хувийг эзэлж байгаа нь үүнийг харуулж байна. Энэ хандлага цааш үргэлжлэх нь ихээхэн эрсдэл дагуулна. Учир нь манай нийгэм хадгалж хуримтлуулдаг биш харин ч хэрэглээг чухалчилдаг нийгэм болж төлөвших талтай. Хэдийгээр хуримтлуулах эсэх нь хувь хүмүүсийн зан үйлдэлтэй холбоотой боловч 2008/2009 оны санхүүгийн хямрал хэрэглээнд суурилсан тогтолцоо нь эрсдэл өндөртэй, санхүүгийн зах зээл нь гүнзгий хямралд өртөмтгий болохыг харуулсан. Тийм учраас, хэрэглээний зээлийг хязгаарлах бодлогын нөлөөг өрх гэр дээр аваад үзвэл хуримтлал бий болгохыг нь дэмжиж байгаад гол ач холбогдол нь оршиж байгаа. Өөрөөр хэлбэл, энэхүү арга хэрэгсэл нь урт хугацаандаа эдийн засгийн болоод санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангахад чиглэж байгаа гэсэн үг. Хэрэглээний зээлийг хязгаарлах нь бизнесийн зээлийг дэмжих, ханшийг тогтворжуулах зорилготой богино хугацаандаа нийцтэй хэдий ч энэхүү арга хэрэгслийн гол зорилго нь биш гэж харж байна. Түүнчлэн, хэрэглээний зээл бизнесийн зээлтэй харьцуулахад илүү уян хатан, хурдан байдаг учраас ихээхэн өссөн. Үүнд хязгаар тавьснаар эдгээр нь бизнесийн зээл болж хувирах шаардлага гарна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top