БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат дэлхийн ойн өдрийг угтан Ази номхон далайн орнуудын ойн тогтвортой менежмент ба нөхөн сэргээлтийн сүлжээ байгууллагын удирдах зөвлөлийн дарга Жао Шучоныг хүлээн авч уулзлаа. Тус байгууллага нь 2009 оноос эхлэн Монгол Улстай холбоо тогтоосон бөгөөд өнгөрсөн хугацаанд Монгол орны ойн салбарын хүний нөөцийг чадавхижуулах, хотын цэцэгжүүлэлт, Монгол орны ойн бүрхэвчийн өөрчлөлтийг судлах зэрэг чиглэлээр хамтран ажилласан юм.
Н.Цэрэнбат сайд уулзалтын эхэнд Монгол орны ойг хамгаалах үйлсэд хамтарч ажиллаж байгаад талархал илэрхийлээд цаашид ой хээрийн түймрийн эрсдлийг бууруулах, мод үржүүлгийн газрууд байгуулахад хамтрах, доройтсон ойг нөхөн сэргээх, элсний нүүдлийг бууруулах талаар туршлага судлах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тодруулбал, Дорноговь, Замын Үүд орчмыг ойжуулахын тулд цөл хээрийн бүсийг ойжуулах, томоохон нуурууд буюу Буйр, Ганга орчмыг элсний нүүдлэс хамгаалахад туршлага, дэмжлэг хэрэгтэй байгааг онцоллоо.
Ази номхон далайн орнуудын ойн тогтвортой менежмент ба нөхөн сэргээлтийн сүлжээ байгууллагын удирдах зөвлөлийн дарга Жао Шучон Монгол Улс тус байгууллагын идэвхитэй хамтрагч гэдгийг онцлоод цаашид Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн юм. Тус байгууллагын шугамаар Монгол Улсаас 16 оюутан БНХАУ-ын их, дээд сургуулиудад ойн чиглэлээр магистрын хөтөлбөрт хамрагдсан байна. Уг байгууллага нь олон улсын 5 байгууллагыг нэгтгэсэн, Бээжинд төвтэй юм.
Жил бүрийн 3 дугаар сарын 21-ний өдрийг НҮБ-аас Дэлхийн ойн өдөр болгон зарлаж, ойн салбарт тулгамдаж буй асуудлыг онцлон хэлэлцэж өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд “Ой ба боловсрол” уриатайгаар энэхүү өдрийг тэмдэглэх юм. БОАЖЯ-наас Дэлхийн ойн өдрийг угтан Ази номхон далайн орнуудын ойн тогтвортой менежмент ба нөхөн сэргээлтийн сүлжээ байгууллагын удирдах зөвлөлийн хурлыг энэ сарын 19-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Уг хуралд 26 орны 54 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд ойн салбарын асуудал хийгээд шийдлийн талаар хэлэлцэж байгаа юм.
Эх сурвалж: БОАЖЯ
Сэтгэгдэл ( 0 )