Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт Азийн хөгжлийн банк /АХБ/ болон Азийн дэд бүтцийн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын сан Leading Asia’s Private Infrastructure Fund /LEAP/ хамтран анхны санхүүжилт олгох гэрээ байгуулагдлаа. Тодруулбал, төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд цахилгаан эрчим хүч нийлүүлэх 15 мегаваттын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц барих гэрээнд АХБ, LEAP, Тэнүүн гэрэл констракшн компанитай зээлийн гэрээ байгуулав.
Ази тивийн хувийн хэвшлийг дэмжих Канадын Цаг Уурын сангаас энэхүү төслийн анхан шатны санхүүжилтийг дэмжих техникийн туслалцааны буцалтгүй тусламжийг олгосноор АХБ-наас Монгол Улсын хувийн хэвшилд нарны эрчим хүчний чиглэлээр хийх анхны санхүүжилтийг эхлүүлэх боломжтой болсон юм. АХБ-ны Хувийн хэвшлийн үйл ажиллагааны газрын захирал ноён Майкл Барроу хэлэхдээ “Уг төсөл нь Монгол Улсын хуурай, хүйтэн уур амьсгалд тохируулан хувийн хэвшлийн боловсруулсан техникийн шийдлүүдийг хослуулж буйгаараа ихээхэн онцлогтой. Япон болон Тайланд улсуудын нарны цахилгаан станц барьж байгуулах, ажиллуулах дэвшилтэт технологи, үйл ажиллагааны туршлагыг дотоодод нутагшуулж байгаа нь төсөл амжилттай хэрэгжих нөхцөл болно.” гэв.
Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Хөшигийн хөндийд байрлах нарны цахилгаан станцын барилга угсралтын ажил хийгдэж дууссан бөгөөд тус станц нь Монгол Улсын эрчим хүчний нийт хэрэглээний 80 гаруй хувийг хангадаг Төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлнэ.
Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад жилд 22.3 сая киловатт цагийн цэвэр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, нүүрстөрөгчийн жилийн ялгаруулалтыг 26,400 тонноор бууруулна. Түүнчлэн, эрчим хүчний салбарын суурилуулсан нийт хүчин чадал дахь сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 2017 оны 12 хувиас 2023 онд 20 хувь, 2030 онд 30 хувьд тус тус хүргэх Засгийн газрын зорилтын биелэлтэд тодорхой хувь нэмэр оруулна. Эрчим хүчний цэвэр эх үүсвэр рүү шилжсэнээр Монгол Улсын хувьд цахилгааны импортыг багасгах, эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх, агаарын бохирдлыг бууруулах ач холбогдолтой. Монгол Улсын эрчим хүчний салбарт нүүрс ашигладаг цахилгаан станц давамгайлж байгаа бөгөөд тэдгээр нь нүүрстөрөгчийн нийт ялгаруулалтын 60 гаруй хувийг эзлэж байна.
TГК компанийн хувьцаа эзэмшигчид нь Тайланд Улсын Сермсанг Пауэр Корпорейшн Паблик Компани Лимитед, Япон Улсын Шарп Энержи Солюшнс Корпорейшн болон Монгол Улсын АМОЕ Солар ХХК ба Эс Эйч Энержи Солюшн ХХК юм.
Сермсанг Пауэр Корпорейшн Паблик Компани Лимитед компанийн Гүйцэтгэх захирал ноён Варут Туммаваранукуб, “Сермсанг Пауэр Корпорейшн компанийн хувьд энэ төсөл нь Ази тив дэх сэргээгдэх эрчим хүчний төслийн хөрөнгө оруулалтын томоохон түүхийг эхлүүлээд зогсохгүй экологийн хувьд ээлтэй, тогтвортой төсөл хэрэгжүүлэхэд чиглэсэн бидний үзэл баримтлалын нэгээхэн илрэл болж байна. Энэхүү түүхэн төсөлд маань АХБ-наас итгэл үзүүлж буй нь бидний хувьд нэр төрийн хэрэг мөн” гэсэн бол Шарп Энержи Солюшнс Корпорейшн компанийн Гүйцэтгэх захирал бөгөөд ТГК компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Тацуя Сато “Бид АХБ ба LEAP сангийн тусламжтайгаар энэхүү томоохон төслийг хэрэгжүүлэн, Монгол улсын төвийн бүсэд цэвэр эрчим хүч нийлүүлж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах үйл хэрэгт хувь нэмэр оруулах болсондоо туйлын баяртай байна” гэлээ.
Ази, Номхон далайн бүс нутагт АХБ-ны дэмжлэгтэй хэрэгжиж буй дэд бүтцийн төслүүдэд дутагдаж буй санхүүжилтийг нөхөх, тэдгээр төслүүдэд олгох санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготойгоор 2016 онд байгуулагдсан LEAP санг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА санхүүжүүлдэг бөгөөд үйл ажиллагааг нь АХБ-ны Хувийн хэвшлийн үйл ажиллагааны газар удирддаг.
Шарп Энержи Солюшнс Корпорейшн компанийн толгой компани болох Шарп Корпораци анх 1912 онд Япон Улсын Осака хотноо байгуулагджээ. Дэлхийд тэргүүлэгч электрон бүтээгдэхүүний үйлдвэрлэгч тус компани нь өөрийн шинэлэг, дахин давтагдашгүй технологийн тусламжтайгаар даян дэлхийн хүн төрөлхтөний соёл иргэншил, амар амгалан оршихуйд хувь нэмэр оруула зорилготой аж.
Сэтгэгдэл ( 1 )
Монгол орон жилийн 4 улиралтай тул монгол орны нарны эрчим хүчний газар зүйн тархалтын кадасторын зураглалыг ашиглах зайлашгүй шаардлагтай нь тодорхой юм.2003 онд ФТХ-нгээс 20-30 жилийн хэмжилтийн дүнгээр тооцож гаргасан Монгол орны нары эгц тусгалтай үед нарны эрчим хүчний газар зүйн тархалтын жил улирал,сарын кадасторын зураглалаас үзхэд өвөлд нарны ашилах боломжтой эрчим хүч зуныхаас 2-3 дахин багасдаг бөгөөд оргил цаг нь 4-5 цаг болдог.Гэтэл өвөлд эрчим хүчний хэрэглэгээ эрс өсдөг тул кадасторыг маш нарийн тооцох хэрэгтэй.