Польшид монгол сум хүргэх итали бүсгүй Воронежид очжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 02

Монгол сумыг Польшийн Краков хотод хүргэхээр мориор аялаж байгаа Италийн аялагч, 40 настай бүсгүй Паола Жаконими энэ сарын 1-нд ОХУ-ын Воронеж мужийн Петропавловка тосгонд хүрлээ.
 


Сум гэхээр та гайхаж байна уу? Энэ бол нум сумны сум бөгөөд Паола Монголоос Краковт хүргэхээр Орос, Казахстанаар дамжин, хүнд хэцүү морин аялал хийж байгаа. Ямар учиртай сум болох, яагаад очих ёстой талаар танилцуулья.
 


Паола Жакомини бол Италийн хөдөө аж ахуйн эрдэмтэн. Тэр Монголын Эзэнт гүрний цэрэг Европ тивд довтолсон замыг давтан аялаж үзэхээр шийджээ. Ингэхийн тулд юу хэрэгтэй вэ? Мэдээж морь. Монголын морин цэрэг ойртон ирж байгааг сонссон Европ тив айн чичирч байсан тэр үеийг давтаад үзье. Энэ аяллаараа тэр Ази, Европын ард түмний дайн дайсагналалыг найрамдал нөхөрлөл болгон хувиргах нэгэн санаа агуулсан байлаа.
 


Ингээд Паола Улаанбаатарт 2018 оны тавдугаар сард ирсэн байна. 
 

"Би багаасаа уул хаданд аялах, морь унах дуртай байлаа. 13 жилийн дотор би 4500 км морин аялал хийсэн. Улаанбаатарт морины мал эмнэлгийн бичиг бүрдүүлэх гэж бараг сар болсон. Дараа нь хөдөө суманд очиж, хамгийн сайн мастераар нь сум хийлгэсэн юм. Энэ сумыг би Краковт аваачих ёстой" гэж Паола Жакомини ярьжээ.

Алс тэртээ 1241 онд монголчууд Польшийн Краков хотыг эзлэхээр дөхөн ирсэн байлаа. Хотын Гэгээн Мария сүмийн орой дээр бүрээчин цэрэг түгшүүрийн дохио хангинуулан үлээж байхад монгол харваач хүзүүнд нь харван алсан байдаг. Энэ үеэс өнөө цагийг хүртэл Краковт тэр бүрээчний үлээж байсан аялгуу эгшиглэж байгаа. Аялгуу бүтэн явдаггүй, яг тэр бүрээчин алагдах хүртлээ үлээсэн  хэсэг хүртэл тоглогдоод тасардаг байна. Паологийн зорилго нь энэ түүхийг өөрчлөн, сайн сайхнаар төгсгөх. Монголд хийлгэсэн энх тайвны сумыг харвах биш бүрээчинд дамжуулан өгөх явдал гэнэ. Дайн дуусаж, энх тайван цаг ирсэн гэдгийг Монгол, Польшийн ард түмэнд дуулгаж, хоёр орны ард түмнийг эвийн гэрээгээр холбох аж. Тэрбээр Краков хотын сүмийн орой дээр өдөр бүр тоглодог хөгжимчинд энэ талаараа захиа бичиж, монгол сум гардуулан өгөх гэж байгаагаа мэдэгджээ.

"Краковын иргэд миний энх тайванч санаачилгыг ойлгож, сайхан угтан авах байх гэж найдаж байна. Би хөтөлгөө морьтой аялаж байгаа. Монгол морь тэсвэртэй, аагим халуун, чичрэм хүйтэнг ч даван туулдаг. Нэгэнд нь би  Чегере (урагш, шулуун), нөгөө мориндоо Сustode (хамгаалагч) гэсэн нэр өгсөн. Хотод бараг ордоггүй, хөдөө майхнаа бариад, түүдэг асаана. Нутгийн иргэдтэй ярилцах дуртай" гэж тэр мөн ярьсан байна.

Паола 2018 оны хавраас хойш Монголоос Алтайн нуруугаар дамжин, ОХУ-д орж ирсэн. Дараа нь Барнаул, Оби дахь Камень, Новосибирск, Омск хотуудыг дайраад Уралын нуруугаар аялсан байна. Харин одоо ОХУ-ын Европын хэсэгт ирээд байгаа юм.
 


Итали бүсгүйг Петропавловка дүүрэг баяртай угтан авлаа. Паола сэтгүүлчдэд “Танай тосгон сайхан санагдаж байна. Байгаль нь сайхан, хүмүүс нь тусч юм. Шинэ Лиман тосгонд Ольга гэдэг бүсгүй надад талх, хиам, кофе гээд замын хүнс бэлтгэж өгсөн” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Solirold hariu(66.181.161.98) 2019 оны 06 сарын 07

Demjdeggumma gehed naa t1 bodloo uurtuu bailga iredui etree chinii buteej bgn hn bn gart bariulj nudend uzuulj chdku bol amaa tagla

1  |  0
soliorol(202.21.108.82) 2019 оны 06 сарын 07

hen ch 100% notolj chadahgui ertnii aman bolon huuduutai bichgen tuuhend itgeseer suuh uu.zugeer uragshaa harj saihan ireeduig hun turulhtun hamtdaa butee

2  |  6
Top