Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас 2019 оныг “Эрүүл, аюулгүй ирээдүйн хөдөлмөрийн төлөө” жил болгон зарлаад байгаа билээ. Үүнийг тохиолдуулан манай улсын хэмжээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” аяныг эхлүүлээд байна. Монголд найм дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус аяны хүрээнд аялал жуулчлалын салбарынхан нэгдэн “Эрүүл, аюулгүй аялал жуулчлалын төлөө” аяныг өрнүүлж эхэлсэн ба аяны нээлт өнөөдөр /2019.04.03/ “Ампер хаус”-т боллоо.
БОАЖЯ, Аялал жуулчлалын салбарын аж ахуй нэгж байгууллагууд, Төрийн болон ТББ, холбоод зэрэг байгууллагуудын төлөөлөгчид оролцсон тус арга хэмжээний үеэр энэхүү салбарт тулгамдаж буй олон асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох талаарх лекцийг Доктор, П.Энхтайван, ХАБЭМТ-ийн ХАБЭА сургалт хариуцсан мэргэжилтэн Х.Дарьсүрэн, “Нью жуулчин Турс” ХХК-ны ерөнхий захирал, Үйлчилгээний гавъяат ажилтан Ш.Нэргүй, Аялал жуулчлалын ур чадварын төвийн захирал О.Отгонбаяр нар зочдод танилцууллаа.
“Аялал жуулчлалын ур чадварын төв”-ийн захирал О.Отгонбаяр аяны талаар "Манай энэ арга хэмжээ аялал жуулчлалын салбарынхны ХАБЭА-ийн сарын аяны нээлт байгаа юм. Аялал жуулчлалын салбарт өнөөдөр маш их тулгамдаж байгаа, цаашид анхаарах гол асуудал нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал байсаар ирсэн. Энэ жил анх удаа Аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын ур чадварын төв хамтраад сарын аяныг эхлүүлж байна. Сарын аян маань мэдээж аялал жуулчлалын салбарынхныхаа анхаарлыг хандуулах, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ аюулгүй байдлыг мөрдлөг болгон ажиллах, аюулгүй байдал, эрүүл ахуйн зөв дадлыг хэвшүүлэхэд сарын аянд хийгдэх ажлууд чиглэж байна. Сарын аян маань өнөөдрөөс эхлээд албан ёсоор эхэлж байна. Нийтдээ зургаа, долоон ажил эхлүүлэхээр төлөвлөөд байгаа. Нэгдүгээрт аялал жуулчлал зохион байгуулагч эздийнхээ сургалтын зохион байгуулна. Мөн анх удаа аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэшсэн ажилтныг зочид буудал, жуулчны бааз, тур, оператерийн чиглэлээр мэргэшсэн ажилтныг бэлтгэхээр төлөвлөөд байна. Мөн аялал жуулчлалын салбарт хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг жуулчны баазын менежерүүд, аяллын хөтөч, жолооч нарыг бэлтгэх сургалт явагдана. ХАБЭА-н ажилчдын зөвөлгөөнийг мөн зохион байгуулна. “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо MNS OHSAS 18001:2012” стандартыг аялал жуулчлалын салбарын байгууллагуудад сурталчлах зэрэг ажлуудыг зохион байгуулна" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )