Капитал банк татан буугдсантай холбоотой АСУУЛТ, ХАРИУЛТУУД

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 04 сарын 09

Банк татан буугдсан тохиолдолд яах вэ?

Банк татан буугдаж, даатгалын тохиолдол бий болоход Хадгаламжийн даатгалын корпораци нөхөн төлбөр олгох банкийг сонгон шалгаруулсан. Сонгосон банкаар дамжуулан татан буугдсан банкин дахь хадгаламжийн даатгалд даатгагдсан харилцах, хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгогдоно. Нөхөн төлбөр олгох хугацаа 3 жил байна.

Даатгалын тохиолдол гэж юу вэ?

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 3.1.6-д зааснаар банк татан буугдсанаар даатгалын тохиолдол үүснэ. Даатгалын тохиолдол үүссэнээр татан буугдсан банкны хадгаламж эзэмшигчдэд Хадгаламжийн даатгалын корпораци даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүрэг хүлээнэ.

Капитал банкин дахь харилцах, хадгаламж даатгалд хамрагдсан уу?

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 14 арилжааны банк бүгд хадгаламжийн даатгалд хамрагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, аль ч банкинд байгаа таны эзэмшдэг 20 сая хүртэл төгрөгийн

•        Бүх төрлийн хугацаатай, хугацаагүй хадгаламжийн данс

•        Бүх төрлийн харилцах данс /цалин, тэтгэвэр, карт гэх мэт/

•        Бүх төрлийн гадаад валютын данс

хадгаламжийн даатгалаар хамгаалагдсан гэсэн үг юм.

Даатгалд хамрагдахын тулд хадгаламж эзэмшигч ямар нэгэн төлбөр хураамж төлөх үү?

Хадгаламжийн даатгалд хамрагдахын тулд та ямар нэгэн төлбөр хураамж төлөх шаардлагагүй. Таны харилцдаг банк тань хуульд заасны дагуу таны өмнөөс Хадгаламжийн даатгалын корпорацид хураамж төлдөг.

Даатгагдсан, даатгагдаагүй хадгаламжийн ялгаа юу вэ?

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар Хадгаламжийн даатгалын корпораци хадгаламж эзэмшигчийн тухайн банкин дахь төгрөг болон валютын нийт 20 сая хүртэл төгрөгийн хадгаламжийг нөхөн төлнө.

Даатгагдаагүй буюу 20 сая төгрөгөөс давсан дүнтэй харилцах, хадгаламжийг банкны эрх хүлээн авагч Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан дарааллын дагуу зээлийн эргэн төлөлт, хөрөнгийн борлуулалтаас хувь тэнцүүлэн барагдуулна. Хэрэв харилцагч 20 сая төгрөгөөс дээш хэмжээний хадгаламж эзэмшдэг бол тухайн харилцагчийн хадгаламжийн дансны 20 сая төгрөг нь даатгагдсан, үлдсэн хэсэг нь даатгагдаагүй бөгөөд эрх хүлээн авагчид нэхэмжлэл гаргана гэсэн үг.

КАПИТАЛ БАНКНЫ ХАРИЛЦАХ, ХАДГАЛАМЖИЙН ДАНС ЭЗЭМШИГЧИД НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ БАНКААР ҮЙЛЧЛҮҮЛНЭ.

Харилцагчийн мөнгийг хэрхэн эргүүлэн олгох вэ?

20 сая хүртэл төгрөгийн харилцах, хадгаламж Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар даатгагдаж, алдагдлаас хамгаалагдсан байдаг. Капитал банкны хувьд нийт харилцагчийн 99.5 хувь нь 20 сая төгрөгөөс доош хэмжээний төгрөг болон валютын харилцах, хадгаламжийн данс эзэмшдэг бөгөөд тэдгээрийн харилцах, хадгаламжийн нөхөн төлбөрийг  Хаан банкаар дамжуулан олгоно.

Дансанд Хаан банкны хүү, шимтгэлийн нөхцөл үйлчилнэ. Харилцах, хадгаламж эзэмшигчид харилцах, хадгаламжаа шилжүүлэн авч буй банкинд үргэлжлүүлэн эзэмших, хадгаламжаа цуцалж, мөнгөө бэлнээр авах, эсвэл сонгосон банкиндаа бэлэн бусаар шилжүүлэх зэргээр өөртөө хэрэгтэй аль ч сонголтыг хийж  болно.

Ямар хугацаанд даатгагдсан хадгаламжийн мөнгийг Хаан банк руу шилжүүлж дуусах вэ?

Бид БЭХА-гаас ирсэн мэдээлэлд үндэслэн харилцагч бүрийн нөхөн төлбөрийн тооцооллыг аль болох хурдан хийж нөхөн төлбөр олгох ажлыг эхлүүлэхээр зорьж байна.

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу нөхөн төлбөрийг ажлын 10 өдрийн дотор олгож эхлэх үүрэгтэй.

Даатгагдсан хадгаламжид харилцах данс орох уу?

Орно. Банкин дахь харилцах болон мөнгөн хадгаламжийн данс даатгалд хамрагдсан байдаг.

Хадгаламж эзэмшигчдийн мөнгийг нөхөн олгох үйл явц ямар хууль, журмаар шийдэгдэх вэ?

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, Хадгаламжийн даатгалын корпорацийн даатгалын нөхөн төлбөр олгох журам, Банкны тухай хууль зэрэг эрх зүйн актаар зохицуулагдана.

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу 20 сая хүртэл төгрөгийн хадгаламж, харилцах даатгагдсан. Даатгагдаагүй харилцах, хадгаламжийн төлбөрийг Банкны тухай хуульд заасан төлбөр барагдуулах дарааллын дагуу хөрөнгийн борлуулалт, зээлийн эргэн төлөлтөөс төлүүлэхээр банкны эрх хүлээн авагч ажиллана.

20 сая төгрөгийн нөхөн төлбөрт хүү, хүүгийн татварыг оруулж тооцох уу? Тооцох бол хэзээ хүртэл тооцох вэ?

Даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тооцохдоо хадгаламж эзэмшигч иргэний тухайн банкинд эзэмшиж байгаа нийт хадгаламжийн дүн болон гэрээний дагуу хуримтлагдсан хүүгийн дүнг даатгалын тохиолдол бий болсон өдрийн байдлаар нэгтгэж, татварыг хассан дүнгээс тодорхойлно.

Өмнө нь бүх харилцах, хадгаламжийг даатгалд хамруулж байсан. Одоо яагаад 20 сая төгрөгөөр хязгаарласан бэ?

2013 онд батлагдсан Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд даатгалд хамрах дүнг заасан.

ХОРИН САЯ ХҮРТЭЛ ТӨГРӨГИЙН ХАРИЛЦАХ, ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧИД ХААН БАНКНЫ ХАРИЛЦАГЧ БОЛОХ БОЛОМЖТОЙ.

Хаан банкны бүх салбараар үйлчлүүлэх боломжтой юу?

Харилцагчид Хаан банкны сонгосон салбараар үйлчлүүлэх боломжтой.

Дансаа шалгахыг хүсвэл ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

Хэрэв харилцагч иргэн бол иргэний үнэмлэх, гадаадын иргэн бол гадаад паспорт, эсхүл Монгол Улсад оршин суух үнэмлэхээр үйлчлүүлнэ.

Харин хуулийн этгээд бол:

–    Улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээний хувь,

•        Хуулийн этгээдийг төлөөлөгчийн хүчин төгөлдөр иргэний үнэмлэх,

•        Гадаадын иргэн бол гадаад паспорт, эсхүл Монгол Улсад оршин суух үнэмлэх,

•        Дансан дахь мөнгөн хөрөнгө захиран зарцуулах албан тушаалтанд эрх олгосон эрх бүхий этгээдийн итгэмжлэл,

•        Эсхүл тушаал, шийдвэрийг авчирна.

Гадаадад байгаа, эсвэл биечлэн очих боломжгүй бол яах вэ?

Даатгагдсан хадгаламж эзэмшигч дараах шаардлагын дагуу бичгээр гаргасан итгэмжлэлээр бусад этгээдэд өөрийн нэрийн өмнөөс банкаар үйлчлүүлэх эрх олгож болно. Үүнд:

•        Итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх;

•        Хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх;

•        Олгосон он, сар, өдрийг заах;

•        Нотариатаар гэрчлүүлэх;

•        Итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах.

Хаан банкинд хадгаламжаа тухайн нөхцөлөөр үргэлжлүүлэн эзэмших үү? Шинээр гэрээ байгуулах уу?

Даатгагдсан харилцагч одоо Хаан банкны харилцагч болох боломжтой. Харилцах, хадгаламжийг Хаан банктай хийх гэрээнд заасан нөхцөлөөр эзэмшинэ.

ХОРИН САЯ ТӨГРӨГӨӨС ДЭЭШ ДҮНТЭЙ ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧИД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАНА.

Даатгагдаагүй харилцагчдын мөнгийг ямар байдлаар олгох вэ?

Даатгагдаагүй хадгаламж эзэмшигчид банкны эрх хүлээн авагчид нэхэмжлэл гаргана. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар даатгагдсан 20 сая хүртэл төгрөгийн харилцах, хадгаламжийг Хаан банкинд таны нэр дээр шилжүүлсэн. 20 сая төгрөгөөс дээш дүнтэй хадгаламж эзэмшигчдийн 20 сая төгрөгөөс давсан мөнгийг банкны эрх хүлээн авагч Капитал банкны зээлийн эргэн төлөлт, хөрөнгийн борлуулалтын орлогоос Банкны тухай хуульд заасан дарааллын дагуу барагдуулна.

Мөнгөө олж авах хүртэлх хугацааны хүүг өгөх үү?

Үгүй. Даатгагдаагүй харилцах болон хадгаламжийн дансанд банкийг албадан татан буулгах шийдвэр гарсан өдрөөс эхлэн хүү тооцогдохгүй. Банкны тухай хуулийн дагуу банкинд эрх хүлээн авагч томилсон бол банкийг албадан татан буулгах шийдвэр гарснаас хойших хугацаанд банкны гүйцэтгээгүй мөнгөн төлбөрийн үүрэгт хүү, алданги, торгууль тооцохгүй. Харин даатгагдсан дүн Хаан банк руу шилжсэн өдрөөс эхлэн шинэчлэн байгуулах гэрээний дагуу хүү хуримтлагдаж эхэлнэ.

Үлдэгдлээ яаж тулгаж баталгаажуулах вэ?

Банкны эрх хүлээн авагчид хандснаар мэдээлэл авах боломжтой.

Мөнгөө шууд авч болохгүйн шалтгаан нь хуулийн  үндэслэлтэй юу?

Хадгаламжийн даатгалын хуулиар зөвхөн 20 сая хүртэл төгрөгийг даатгасан. Үлдэгдэл мөнгийг Банкны тухай хуульд заасан дарааллын дагуу барагдуулна.

Даатгагдаагүй хадгаламжийн төлбөрийг ямар дарааллаар барагдуулах вэ. Нэхэмжлэл өгөх үү?

Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар даатгагдаагүй хадгаламжийн төлбөр төлбөр барагдуулах дарааллын 5 дугаарт орно. Тус хуулийн 71 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэл хүлээн авах тухай зарласнаас 60 хоногийн дотор банкны эрх хүлээн авагчид нэхэмжлэл гаргана.

Банкны эрх хүлээн авагчтай холбогдох утасны дугаар хэд вэ?

Татан буугдсан банкны 1800-1912 лавлах утсаар холбогдоно.

Банкинд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд хэр их хугацаа зарцуулагдах вэ?

Банкны эрх хүлээн авагч нь банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах хугацааг мэдэгдэл гаргаснаас хойш 60 хоног байхаар тогтоож, томилогдсон өдрөөс хойш хоёр сарын дотор банкны санхүүгийн тайлан, данс мэдээлэлд бүртгэгдсэн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдэд мэдэгдэж, олон нийтэд мэдээлнэ. Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хүлээн авах эцсийн хугацаа өнгөрснөөс хойш 90 хоногийн дотор банкны эрх хүлээн авагч дараах шийдвэрийг гаргана. Үүнд:

•        Нэхэмжлэлийн шаардлага хүчин төгөлдөр эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ байвал шаардлагыг хүлээн авахаас татгалзах;

•      Банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн шаардлагын хэмжээг тодорхойлж, энэ хуульд заасны дагуу нэхэмжлэлийн дарааллыг тогтоох;

•       Банкийг албадан татан буулгах үүднээс банкны эрх хүлээн авагчийн цалин хөлс, зээлдүүлэгчийн нэрс, баталгаажсан нэхэмжлэл бүрийн үнийн дүн болон төлөх төлбөрийн нийт дүнг тусгасан татан буулгах арга хэмжээний төлөвлөгөө батлах;

•       Нэхэмжлэлийн шаардлага болон түүний баталгаажсан хэмжээний талаар нэхэмжлэгч этгээдэд мэдэгдэх.

Банкны эрх хүлээн авагч төлбөрийг татан буугдах банкны хөрөнгийн борлуулалт, зээлийн эргэн төлөлтөөс Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан дарааллын дагуу шийдвэрлэнэ.

Банкийг татан буулгахаас өмнө иргэний шүүхэд банкийг хариуцагчаар татан, нэхэмжлэл гаргасан байсан бол яах вэ?

Банкинд холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80.1.1-т заасны дагуу түдгэлзүүлнэ.

ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙГ ХААН БАНКИНД ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ОЛГОНО.

Тэтгэвэр болон халамжийн мөнгийг хугацаанд нь үргэлжлүүлж олгох уу?

Тэгнэ. Хаан банкинд тэтгэвэр, тэтгэмж авдаг харилцах данс шилжинэ.

Мөнгөө картаар авдаг бол яах вэ?

Хаан банкинд хүсэлт гарган, төлбөрийн карт шинээр нээлгэнэ.

ЗЭЭЛДЭГЧИД ГЭРЭЭНД ЗААСАН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ, ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨ ЗААСАН ХУГАЦААНД ТӨЛНӨ.

Зээлийн төлбөрөө хаана, хэрхэн төлөх вэ?

Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу төлдөг байсан дансандаа үргэлжлүүлэн төлбөрөө хийнэ. Цаашид ямар нэг өөрчлөлт гарвал танд мэдэгдэнэ.

Зээлээ төлөхгүй бол яах вэ?

Банкны эрх хүлээн авагч зээлийг төлүүлэх үүрэгтэй бөгөөд зээл төлүүлэхээр хуулийн хүрээнд бүхий л боломжит арга хэрэгсэл, тухайлбал шүүхэд хандах, барьцаа хөрөнгийг борлуулах хүртэл арга хэмжээ авна.

Зээлийн хүүг хуримтлуулахыг зогсоох уу?

Зогсоохгүй.

Капитал банктай цалингийн зээлийн гэрээтэй байгууллагууд яах вэ?

Байгууллагууд зээл төлүүлэхэд банкны эрх хүлээн авагчтай хамтран ажиллах шаардлагатай.

Хадгаламж барьцаалсан зээлтэй бол яах вэ?

Банкны тухай хуулийн 69.1.3-т зааснаар Хаан банкинд шилжүүлэх мөнгөний дүнг тооцохдоо нийт хадгаламжийн дүнгээс зээл, зээлийн хүүг суутгана.

Хадгаламж барьцаалсан зээлээс өөр зээлтэй бол яах вэ?

Зээлийн бүх гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа бөгөөд зээлдэгчид гэрээний дагуу зээлээ төлнө. Хугацаа хэтэрсэн зээлтэй бол Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.12-т заасны дагуу даатгагдсан хадгаламжийн нөхөн төлбөрөөс суутгана.

БАНКНЫ БУСАД ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР МЭДВЭЛ ЗОХИХ МЭДЭЭЛЭЛ

Интернет, мобайл банк болон пос машин, бэлэн мөнгөний машин хэвийн ажиллах уу?

Татан буулгах шийдвэр гарсан өдрөөс эхлэн зогсоно.

Төлбөрийн карт дахь мөнгөө ашиглаж болох уу?

Карт хаагдана.

Гадаад валют, үнэт зүйл, үнэт метал, эрдэнийн чулуу зэрэг хадгалуулсан зүйлээ хэзээ хаанаас авах вэ?

Банкны эрх хүлээн авагч буцаан өгөх үүрэгтэй.

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨРИЙН ТООЦООЛОЛ

Нөхөн төлбөрийн хэмжээ хэд вэ?

Даатгалын тохиолдол бий болоход Хадгаламжийн даатгалын корпораци хадгаламж эзэмшигчийн тухайн банкин дахь төгрөг болон гадаад валютын нийт 20 сая хүртэл төгрөгийн хадгаламжийг нөхөн төлнө (Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1). Нөхөн төлбөрийг зөвхөн төгрөгөөр олгоно.

Нөхөн төлбөрийн хэмжээг хэрхэн тооцох вэ?

Нөхөн төлбөрийн хэмжээг тооцож олгохдоо банкны татан буугдсан өдрийн байдлаарх хадгаламж эзэмшигч бүрийн харилцах, хадгаламжийн дансны үлдэгдэл дүн дээр гэрээний дагуу хуримтлагдсан хүүгийн дүнг нэмж, хэрэв тухайн банкинд хугацаа хэтэрсэн зээлтэй байвал тухайн зээлийг хүүгийн хамт хасч, үлдсэн мөнгөн дүнгийн 20 сая хүртэл төгрөгийг нөхөн төлнө.

20 сая ₮ ≥  [хадгаламж* + хүү] – [зээл** + хүү ]

* Харилцах болон хадгаламж

** хугацаа хэтэрсэн

Жич: Хадгаламж эзэмшигчээс хуульд заасны дагуу хувь хүний орлогын албан татварыг  банкны эрх хүлээн авагч суутгана.

Гадаад валютын хадгаламжтай тохиолдолд хэрхэн нөхөн төлбөрөө авах вэ? Тухайн гадаад валютаар нь авах уу, эсвэл төгрөгөөр авах уу?

Хадгаламж эзэмшигч та татан буугдсан банкинд гадаад валютын данстай бол банк татан буугдсан өдрийн Монголбанкны ханшаар төгрөг рүү шилжүүлэн тооцуулж, нөхөн төлбөрөө авна. /Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4/

Хэд хэдэн хадгаламжтай бол нөхөн төлбөрийг хэрхэн олгох вэ?

Хэрэв та татан буугдсан банкинд хэд хэдэн данстай бол таны бүх дансыг банкны татан буугдсан өдрөөр нэгтгэсэн, нийлбэр дүнгээс даатгалын нөхөн төлбөрийг тооцно.

Хамтарсан данстай тохиолдолд хэрхэн шийдвэрлэж нөхөн төлбөр олгох вэ?

Хамтарсан данс эзэмшигчдэд төлөх нийт даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ 20 сая хүртэл төгрөг байна. Хамтарсан данс эзэмшигчид хамт ирж /хамт ирэх боломжгүй бол итгэмжлэл авчрах/ нөхөн төлбөр авах шаардлагатай. Хамтарсан данс дахь эзэмшлийн хувь нь тэнцүү биш гэдгийг нотолсон баримт гаргаснаас бусад тохиолдолд хамтарсан данс эзэмшигчдэд нөхөн төлбөрийг тэнцүү хуваан тооцож олгоно. /Банкин дах мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4/

Хадгаламж эзэмшигч насанд хүрээгүй бол яах вэ?

Насанд хүрээгүй хадгаламж эзэмшигчийн даатгалын нөхөн төлбөр авах эрх тухайн хадгаламжийг бусад этгээдтэй хамтран эзэмшиж байгаагаар хязгаарлагдахгүй /Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5/ .

Хадгаламжийг өв залгамжлалын хэлбэрээр авах гэж байгаа тохиолдолд яах вэ?

Өв залгамжлалаар даатгалын нөхөн төлбөр авах тохиолдолд өвлөгч нь өөрийн нэр дээр хадгалуулсан хадгаламж, өвлөгдсөн хадгаламж тус бүрд даатгалын нөхөн төлбөрийг авна /Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 /.

Хадгаламжийн шилжсэн дүнг зөрүүтэй гэж үзвэл хаана хандах вэ?

Хаан банкаар дамжуулан Хадгаламжийн даатгалын корпорацид өргөдөл, гомдлоо гаргана.

Хадгаламжийн хугацаа дуусаагүй байгаа тохиолдолд хүүг хэрхэн тооцох вэ?

Монголбанкнаас банкийг албадан татан буулгах шийдвэр гарсан өдрөөр хуримтлагдсан хүүг ямар нэг торгууль, суутгалгүйгээр тооцно. Харин даатгагдсан харилцах, хадгаламжийн данс Хаан банк руу шилжсэн өдрөөс эхлэн тухайн банктай байгуулсан гэрээнд заасны дагуу хүү хуримтлагдана.

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ХАМРАХ ХҮРЭЭ

Бүх хадгаламж даатгалд хамрагдсан байдаг уу?

Даатгалд хамрагдаагүй хадгаламжийн төрлүүдээс бусад иргэн, хуулийн этгээдийн хадгаламж даатгалд хамрагдсан байдаг. Таны аль нэг данс даатгалд үл хамрагдах нөхцөлд багтсан тохиолдолд Танд даатгалын нөхөн төлбөр олгохгүй.

Тэгвэл ямар төрлийн хадгаламж даатгалд үл хамаардаг вэ? Яагаад?

Хадгаламжийн даатгалын тогтолцоо нь санхүүгийн мэдлэг боловсрол багатай жижиг хадгаламж эзэмшигч иргэдийг хамгаалах зорилгоор хадгаламжийн даатгалын санг бүрдүүлдэг. Тийм учраас санг зохистой зарцуулахын тулд зарим төрлийн хадгаламжийг хамруулдаггүй.

Дараах хадгаламж хадгаламжийн даатгалд үл хамаарна. Үүнд:

•        Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1-т заасан этгээдийн нэргүй, дугаарласан, эсхүл хуурамч нэрээр нээсэн данс,

1.      

•        Нэргүй хадгаламжийн сертификат болон бусад төрлийн нэргүй санхүүгийн      хэрэгсэл,

•        Нэрлэсэн үнээр эргэж төлөгдөхгүй хадгаламж,

•        Банкны хадгаламж,

•        Төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны   байгууллагын хадгаламж,

•        Эрүүл мэндийн, тэтгэврийн болон нийгмийн албан журмын даатгалын сан,

•        Банкны тухай хуулийн 3.1.2-т заасан банкны холбогдох этгээдийн хадгаламж,

•        Даатгалын тохиолдол бий болохоос өмнөх гурван жилийн хугацаанд банкны   санхүүгийн тайланд аудит хийсэн аудитор болон аудитын байгууллагын хадгаламж,

•        Монголбанкны хяналт шалгалтын тайлангаар банкны санхүүгийн байдал муудахад нөлөөлсөн, банкны үйлчилгээ авахдаа санхүүгийн давуу эрх эдэлсэн нь тогтоогдсон дор дурдсан хадгаламж эзэмшигчийн хадгаламж:

•        Гүйлгээний төрөл, эрсдэлийн түвшин, зээлдэгчийн төлбөрийн чадвар болон барьцааны төрөл зэргийг харгалзан үзэхэд бусад хадгаламж эзэмшигчээс онцгой нөхцөлтэй зээл авсан,

•        Банкны бусад хадгаламж эзэмшигчээс илт бага хүүтэй зээл авсан,

•        Даатгалын тохиолдол бий болох үед Монголбанкны статистик мэдээллээр хадгаламж эзэмшигчдийн авч байгаа хадгаламжийн дундаж хүүгээс 50 хувиас илүү хүү авсан.

•        МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

o        Хууль тогтоомж

o        Журам

o        Даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тооцох

o        Холбоо барих

o        Брошур

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mm(103.57.95.189) 2019 оны 04 сарын 09

hurdan munguu avmaar b.aa

1  |  0
Top