Александр Винник цогцсыг нь дайсанд өгөхгүй байхыг Путинээс хүсэв

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 17

Грект баривчлагдсан Оросын иргэн Александр Винник Ерөнхийлөгчдөө хандан тусламж хүсчээ. «Известия» сонинд мэдээлснээр, тэрбээр Владимир Путинд хандсан захидалдаа өөрийнхөө нөхцөл байдлыг товч дурдаад, түүнийг хууль бусаар саатуулсан гэсэн байна. Винник түүний гомдлыг шүүх шийдвэрлэж өгөхгүй удаж байгаа учир өлсгөлөн зарлах хүсэлтэй байгаагаа ч бичжээ.

Тэрбээр Путинээс гэр бүлд нь анхаарал хандуулахыг хүсчээ. “Эхнэр маань хүнд өвчтэй. Хүүхдүүд өнчирч үлдэх нь. Би өмнө нь 100 гаруй хоног зарласан өлсгөлөнгөө үргэлжлүүлэх болно. Намайг шүүхэд аваачих хүртэл үргэлжлүүлэх болно” гэж Винник Ерөнхийлөгчдөө хандсан захидалдаа өгүүлжээ.

Тэрбээр мөн “Намайг нас барвал цогцсыг минь дайсанд өгөхгүй байхыг гуйж байна. Намайг христийн шашны зан үйлээр оршуулаарай” гэжээ. Оросын иргэний захидал Грек дэх Оросын дипломат төлөөлөгчийн газраар дамжин Москвад иржээ.

Грекийн шүүх энэ сарын 11-нд Александр Винникийг батлан даалтаар суллахаас татгалзсан билээ. Түүний өмгөөлөгч Тимофей Мусатов өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд мэдэгдэхдээ “Шүүх Винникийг АНУ-ын зөвшөөрөлгүйгээр үйлчилгээ үзүүлсэн аж ахуйн нэгжийг удирдсан гэж буруутгаж байгаа” гэжээ.

АНУ-ын эрх баригчид Александр Винникийг 2011 оноос хойш дөрвөн тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний биткоин угаасан гэж буруутгасан байна. Грекийн цагдаа нар өнгөрсөн 2017 онд түүнийг баривчилсан билээ. АНУ Грекийн эрх баригчидтай Александр Винникийг шилжүүлж авах талаар хэлэлцээ хийсэн удаа ч бий. Оросын иргэнийг 55 хүртэлх жилийн ял хүлээж байж магадгүй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top