ТББ-ууд Ус бохирдуулсны төлбөрийг 50-60 хувь бууруулахыг эсэргүүцэж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 18

“Төлсөн Авснаа Нийтэл” эвслийн байгууллагуудаас маргааш УИХ-ын нэгдсэн чуулганаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан шаардлага тавьж буйгаа өчигдөр /2019,04,17/ мэдээллээ. Тэдний энэхүү шаардлага хоёр дахь удаагийнх юм. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг 2012 онд баталсан ч Засгийн газар дагалдан гарах журмыг батлаагүйгээс зургаан жил уг хуулийг хэрэгжүүлээгүй байна. Өнгөрсөн хугацаанд ус бохирдуулагчид нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй, ямар ч хариуцлага хүлээгээгүй тухай ТББ-ынхан мэдээлсэн юм.


Төрийн бус байгууллагуудын тавьж буй шаардлагад,

  • УИХ-ын гишүүд чуулганаар хэлэлцэж буй “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль”-ийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт дэмжсэн санал өгөхгүй байх,
  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2012 онд батлагдсан “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль”-ийг эргэж буцалтгүй хэрэгжүүлж, ус бохирдуулсны төлбөрийг 50-60 хувь бууруулах хуулийн төслийг УИХ-аас татаж авах,
  • Ерөнхийлөгч  Х.Баттулга “Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх тухай зөвлөмж”-ийг хэрэгжүүлэхийг ЗГ-т шаардах,  хууль батлагдсан тохиолдолд өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэсэгчлэн хориг тавих зэргийг багтаажээ.

ЖИЛД ЕСӨН ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ УС БОХИРДУУЛСАН ТӨЛБӨРӨӨС НЭХЭХ ЁСТОЙ

“Хөвсгөл далайн эзэд” ТББ-ын тэргүүн Б.Баярмаа "Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцүүлж, яаралтай батлахаар улайран зүтгэж эхэллээ. Бид одоо хүчин төгөлдөр байгаа Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг долоон жил хэрэгжүүлээгүй гэж Засгийн газар, БОАЖЯ-ыг “Хөвсгөл дайлайн эзэд” ТББ нь Захиргааны хэргийн шүүхэд хариуцагчаар татуулж, шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байдаг. Уг нэхэмжлэлээр үүсгэгдсэн хэргийг Захиргааны шүүх 2019 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр хянан үзээд бидний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн юм. Тийм байхад Засгийн газар, БОАЖЯ шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Маргааш 08:30 цагт шүүх хурал болно. Тус маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэлэлцэхгүй байхыг шаардаж байна. Одоогийн хуулиа биелүүлээгүй байж, ус бохирдуулсны төлбөрийг 50-60 хувиар бууруулах гэж буй явдлыг эсэргүүцэж байна. Дахиад 50-60 хувь бууруулна гэвэл Монгол орны усны нөөцөд маш их хэмжээний эрсдэл үүснэ. Нийтийн эрх ашгийн төлөө энэ хуулийг татаж аваад одоо байгаа хуулиа хэрэгжүүл. Одоогийн хэрэгжиж байгаа хуулиар жилд есөн тэрбум төгрөгийг ус бохирдуулсан төлбөрөөс нэхэх ёстой. Хэрвээ хуулиа долоо жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бол ойролцоогоор 63 тэрбум төгрөг улсын төсөвт орох байлаа. Гэтэл 50-60 хувь буурчихвал дөрвөн тэрбум төгрөгийг ус бохирдуулсны төлбөр гэж нэхэх болно.  УИХ дахь томчууд бохирдуулсан усныхаа төлбөрийг төлөх сонирхолгүй учир малчид, тариаланчдаар төлүүлэх гэж байсан. Бүрэн эрх нь дуусаж байгаа энэ их хурал Байгальд ээлтэй хууль нэгийг ч санаачилж батлаагүй байж хамгийн халтай уг хуулийг батлачихвал сонгогч, иргэд бид хэзээ ч уучлахгүй гэдгийг хатуу хэлж байна. Мөн манай улс бүх голын усны бохирдлыг судалж чаддаггүй. Усны бохирдлыг бүхэлд нь хянах тогтолцоог бий болгох шаардлагатай" гэлээ.  

“ТАН Эвсэл”-ийн гишүүн, “Ангир нүдэн Мөндөөхэй” ТББ-ын тэргүүн Я.Цэрэнханд "Уул уурхай, арьс ширний үйлдвэрлэлийн салбар усыг хамгийн их бохирдуулж байгаа. Өнгөрсөн зургаан жил ямар ч компани ус бохирдуулсны төлбөр гэж төлөөгүй. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлээгүйн улмаас улсын төсөвт 54 тэрбум төрөг төвлөрүүлж чадаагүйн хариуцлагыг бид нэхэж байна. Төлбөрийг багасгахын оронд бохирдуулсан усаа цэвэршүүлэх юм бол нөхөн төлбөрөөс чөлөөлдөг байх хөшүүрэг бий болгох хэрэгтэй. Маш сайн бодож хуулийн төлсөө өргөн барих нь зүйтэй" гэсэн бол, “ТАН Эвсэл”-ийн гишүүн, “Их бага баян шарга” ТББ-ын тэргүүн Л.Бор "Монгол орон усны бохирдолтой 20 орны нэг. 500 гаруй алтны уурхай үйл ажиллагаа явуулж байна. Уул уурхайн компаниуд хамгийн ихээр ус бохирдуулж байна. 2017 оны тооллогоор 100 гаруй гол горхи ширгэж, бохирдсон гэдэг судалгаа бий. Дээдлэх ёстой усаа бохирдуулж байгаа нь гэмт хэрэг” гэсэн юм.

“ТАН Эвсэл”-ийн гишүүн, “Бугат Заамар Бургаст Туул” ТББ-ын Гүйцэтгэх захирал З.Мөнхбат "Уул уурхайн нөлөөлөлд хамгийн их автаж байгаа сум бол Заамар. Одоо үнэхээр аймшигтай дүр зурагтай болсон. Голын голдрилыг өөрчилснөөр голын урсацын хурд өөрчлөгдөж, гол тасардаг аюултай. Ингэж тасарсан гол мууддаг юм байна. Ингэснээр хүн малын эрүүл мэндэд хүртэл сөргөөр нөлөөлж байна. Заамарт ам болгоноос булаг шанд урсдаг байсан бол одоо байхгүй. Ийм аймшигтай болгосон хүмүүсээс гуравхан сая төгрөг авах нь үнэхээр харамсалтай. Хуулийнхаа сайн мууг үзээгүй, хуулийнхаа үр дүнг хараагүй, амьдрал дээр болох болохгүйг нь мэдэхгүй байж ус бохирдуулдаг нөхдүүдийн лобби бүлгээр усны төлбөрийг багасгаж байгааг эсэргүүцэж байна. Усны төлбөрийг багасгаж усаа хайрлана гэж байхгүй. Төлбөр өндөр байх тусам усаа ариг гамтай хэрэглэнэ шүү дээ” хэмээлээ.

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг Улсын Их Хурал 2012 онд баталсан ч Байгаль орчин, аялал жуулчлалын яам уг хуулийг хэрэгжүүлэх журмыг батлаагүйгээс зургаан жилийн туршид хууль хэрэгжээгүй. Үүний улмаас улсын төсөвт 5.4 тэрбум төгрөг төлөвлөрүүлж, усны нөөц, чанарыг хамгаалахад зарцуулах боломжийг алдсан. Түүнчлэн улсын хэмжээнд байгаа нийт 130 гаруй цэвэрлэх байгууламжийн талаас илүүгийнх нь үйл ажиллагаа доголдол, эвдрэлтэй байгаагаас жилд 120 сая гаруй шоометр бохир ус байгальд шууд хаягдаж, Туул, Хараа, Орхон, Хангал зэрэг голуудыг маш ихээр бохирдуулж байгаа юм.

УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ Хуулийн зарим заалтаас:

5 дугаар зүйл.Төлбөр ногдох зүйл

5.1. Ус бохирдуулсны төлбөр төлөгчийн гаргасан дараах хаягдал усанд ус бохирдуулсны төлбөр /цаашид “төлбөр” гэх/

ногдуулна:

5.1.1. Хаягдал усны стандартад нийцүүлэн зөвшөөрсөн хязгаарын дотор байгальд шууд нийлүүлж байгаа хаягдал ус;

5.1.2. Ариутгах татуургад нийлүүлэх бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд агууламжийн стандартад нийцүүлэн ариутгах татуургад нийлүүлж байгаа хаягдал ус.

5.2. Хаягдал усны эзлэхүүн болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам, тооцоолох аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална.

6 дугаар зүйл. Төлбөр тооцох үзүүлэлт

6.1. Ус бохирдуулсны төлбөр тооцох үзүүлэлтийг дараах байдлаар тогтооно:

6.1.1. Хоногт 50 шоометрээс их хаягдал ус гаргадаг, эсхүл аюултай бохирдуулах бодис гаргадаг ус бохирдуулагчийн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг килограммаар;

6.1.2. Хоногт 50 шоометрээс бага хаягдал ус гаргадаг үйлдвэр, үйлчилгээний нэгж, хүн амын ахуйн хэрэглээнээс гарах хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисыг жишиг хэмжээгээр үнэлэн килограммаар;

6.1.3. Хаягдал усан дахь аюултай бохирдуулах бодисын хэмжээг граммаар.

8 дугаар зүйл.Төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх

8.1. Ус бохирдуулагчийг дараах нөхцөлд төлбөрөөс чөлөөлнө:

8.1.1. Хаягдал усыг усны чанарын стандартын хэмжээнд хүртэл цэвэрлэсэн хэмжээгээр;

8.1.2. Хаягдал усыг цэвэрлэж, эргүүлэн үйлдвэр, үйлчилгээнд ашигласан бол дахин ашигласан хэмжээгээр.

8.2. Хот, суурин газраас бусад газар оршин суугаа бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчийг төлбөрөөс чөлөөлнө.

8.3. Улсын болон аймгийн зэрэглэлтэй хот, суурин газрын ахуйн бохир усыг цэвэрлэдэг болон эрүүл мэнд, боловсрол, халамжийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагыг хаягдал усны стандарт, тогтоосон норм нормативыг хангаж ажил ласан тохиолдолд төлбөрөөс хөнгөлж болно.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top