Зээлээ хугацаанд нь төлөөгүй ААН-ийн зээлийг төлүүлэх шаардлага тавилаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 05 сарын 04

Хөгжлийн банк  арилжааны банкуудын санхүүжүүлэх боломжтой төсөлд бага хүүтэй зээл олгож байгааг нэн яаралтай зогсоож,  томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж байхыг Засгийн газраас Төлөөлөн удирдах зөвлөлд нь энэ долоо хоногт даалгалаа.  2012-2016 онд Чингис, Самурай, Евро бонд болон бусад эх үүсвэрээс аж ахуйн нэгжүүдэд зээл олгосонтой холбоотой асуудлаар банкны эрх бүхий албан тушаалтныг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, зээлээ хугацаанд нь төлөөгүй аж ахуйн нэгжүүдийн зээлийг төлүүлэх, шаардлагатай бол хуулийн байгууллагад хандахыг мөн  даалгав. Тэрчлэн  Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх, ажилдаа хариуцлагагүй хандаж, хууль, дүрэм, журам мөрдөж ажиллаагүй гүйцэтгэх удирдлагыг нэн яаралтай өөрчлөх, банкны менежментийг олон улсын туршлагатай багт хариуцуулах асуудлыг судлан шийдвэрлэхийг сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгалаа.

 Засгийн газрын 2019 оны 76 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг Хөгжлийн банкинд шалгалт хийж 62 зөрчил, дутагдал илрүүлсэн байна. Эдгээрийг арилгах, шалгалтын мөрөөр арга хэмжээ авах, шалгалтаар өгсөн санал, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр төлөвлөгөө боловсруулан ажиллаж, гуравдугаар улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг  мөн холбогдох сайд, Төлөөлөн Удирдах зөвлөлд даалгасан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top