Таиландын алдарт наран шарлагын газрыг 2021 он хүртэл хаана

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 10

АНУ-ын жүжигчин Леонардо ди Каприогийн гол дүрд тоглосон “Beach /Наран шарлагын газар/” киногоор илүү алдаршсан Таиландын Маяа тохой 2021 онд хүртэл хаалттай хэвээр байх гэнэ.

Пхи Пхи Лех арал дахь Маяа тохойг зорих жуулчдын тоо жил ирэх тусам улам нэмэгдэж, байгаль орчинд нь хохирол учирч байна хэмээн үзэж өнгөрсөн онд хаасан билээ. Энэ шийдвэр гарахаас өмнө Маяа тохойн наран шарлагын газарт өдөрт таван мянган жуулчин ирж амардаг байсан бөгөөд хүний хүчин зүйлсээс шалтгаалан тохойн усан дахь шүр ихээхэн хэмжээгээр устаж үгүй болжээ.

Тиймээс Таиландын эрх баригчид Маяа тохойн экологи сэргэтэл наран шарлагын газруудыг хаах шийдвэрээ хоёр жилээр сунгажээ.Өнгөрсөн жил хаагдсан тохой орчим хадны махчин загас үзэгдэх болсон гэнэ. Таиландын дархан цаазтай газруудын захиргаанаас мэдээлснээр, Маяа тохойг дахин нээсэн ч жуулчдын тоог хязгаарлах бөгөөд тохойн эрэг орчим завиа байрлуулахыг хориглох аж.

Маяа тохойн наран шарлагын газруудыг хаасан нь аялал жуулчлалаас амьжиргаагаа залгуулдаг айл өрхүүдэд хүнд цохилт болж байгаа тул тэдэнд зориулж амьжиргаагаа дээшлүүлэх талаар тусгай сургалтууд явуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top