Ц.Даваасүрэн: Өөрсдийгөө аваад явчихдаг эрчим хүчний системтэй болно

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 16

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг 60.5 хувийн саналаар дэмжиж, Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүдээс сонирхсон асуултдаа хариулт авсан юм.


Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав хэлэлцүүлгийн үеэр “Ажлын байрыг аж үйлдвэрүүд бий болгодог. ЖДҮ-ийг хэрхэн хөгжүүлэх вэ. 1990 онд бидэнд аймаг болгонд цагаан идээ боловсруулах үйлдвэр байлаа. Аж үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд цахилгаан эрчим хүч, зам харилцаагаар хангах хэрэгтэй. Төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж байгаа нь сайн хэрэг. Харин эрчим хүчээр хараат байдлаас гарахад сайд нар дайчин бодлого гаргаж ажилламаар байна” гэхэд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Өнгөрсөн онд Засгийн газраас эрчим хүчний салбарт баримтлах дунд хугацааны бодлогыг баталсан. Ер нь нүүрсний станц шинээр дөрвийг барилаа ч бид хараат байдлаас гарч чадахгүй. Нүүрсний станц гэдэг 4-5 цаг галлаж байж асдаг. Тиймээс 100 МВт-ын батарей хураагуур авах асуудлыг хөндөж Азийн хөгжлийн банканд асуудлыг тавиад жигдрээд явж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулснаар бид эрчим хүчний хувьд бие даасан системийн суурь тавигдаж эхэлнэ. Нөгөөтэйгүүр хувийн хэвшлийнхэн дэд станцууд барьж байгаа байх. Харин тэр станцаа төрд шахна гэж байгаа бол хүлээж авахгүй. Энэ салбарт нарны станцуудыг хөгжүүлэхэд тодорхой дутагдал байгаа. Нар жаргахад эрчим хүчний дутагдал үүсдэг. Энэ дутагдлыг хаах эх үүсвэр байхгүй. Тиймээс Эрдэнэбүрэн зэрэг кноп дарангуут эрчим хүч нийлүүлдэг станцуудыг байгуулах хэрэгтэй. Мөн сүүлийн үеийн сайн технологи болох батарей хуримтлууртай болох. Нартай үед хуримтлуулаад оргил ачааллын үед түгээх технологийг нэвтрүүлэх нь чухал. Үүнийг системдээ нэвтрүүлж чадвал том дэвшил болно. Бид ОХУ-аас өдөр тутамдаа 70-80 МВт эрчим хүч авч байгаа. Хэрэв 100 МВт-ын хуримтлууртай болвол бид өөрсдийгөө аваад явчихдаг системтэй болно” гэсэн тайлбар хийлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top