Энэ жил 380 жилийн тэгш ойтойгоо золгож буй улсын нийслэл Улаанбаатарт маань өдгөө 1,4 сая гаруй хүн аж төрөн амьдарч байна. Хотын хүн ам өсөхийн хэрээр эрчим хүч, ус, эрүүл мэнд, орон сууц, тээвэр, харилцаа холбоо, аюулгүй байдал гэх мэт амьдралын хэрэгцээнүүд нэмэгддэг. Эдгээр хэрэгцээг хангах нөөцийг илүү үр ашигтай ашиглахын тулд илүү ухаалаг стратегийг хэрэгжүүлэх шаардлагатай. Тухайлбал, дэлхийн улс орнууд хөгжлийн түвшнээ гэрэлтүүлгээр тодорхойлох нь бий.
ГУДАМЖ, ТАЛБАЙН ГЭРЭЛТҮҮЛГИЙН УРСГАЛ ЗАРДАЛД ЖИЛД 2,5 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛДАГ
Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 90 мянган гэрэлтүүлэг байх ёстойгоос өнөөдрийн байдлаар 70 гаруй мянган гэрэлтүүлгийн шон асаалттай байна. Гэрэлтүүлэг бүрэн асалтгүй байгаа нэг шалтгаан нь улсын болон гадаадын зээл тусламж, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар шинээр зам тавихдаа гэрэлтүүлгийг туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлдэг нь баталгаат хугацаанд нь гэрэлтүүлгийг хариуцах эзэн байдаггүйн нөлөө хэмээн нийслэлээс тайлбарласан. Хотын хэмжээнд зам, гудамж, талбайн гэрэлтүүлгийн урсгал зардалд жилд 2.5 тэрбум төгрөг зарцуулдаг байна. 2018 оны арваннэгдүгээр сард Нийслэлийн захирагчийн албанаас “Гэрэлтэй хот” аяныг санаачилснаар Нийслэлийн боловсрол, соёл, түүхийн дурсгалт газрууд болох МУИС, Спортын ордон, Гандан, МУБИС зэрэг 11 барилгын фасад гэрэлтүүлэг, Түүхийн дурсгалт Соёмботой хөшөө, Мэлхий хөшөө, Д.Нацагдорж, Ж.Батмөнх, Махатма Ганди, жанжин Ж.Лхагвасүрэн, Марко поло, зэрэг 11 хөшөөний гэрэлтүүлэг, Наадамчдын зам, Шаргаморьт Хандгайт чиглэлийн 13.6 км замын гэрэлтүүлгийн ажлыг хийж, засварлан 90-100 хувийн асалттай болгосон талаар Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр танилцуулсан юм.
Мөн орон сууцны 386, СӨХ-ны гадна 2,770 гэрэлтүүлэг, дотор талд 60,480, подвальд 27,700 нийт 90,950 ширхэг гэрэлтүүлгийг шинэчлэн сольсоноор хотын гэрэлтүүлэг 38 хувиар нэмэгдсэн байна.
ХОТ ХАРАНХУЙ ГУДАМЖНААСАА ХЭЗЭЭ ХАГАЦАХ ВЭ
Хэдийгээр нийслэлээс жил бүр хотын гэрэлтүүлгийг сайжруулах ажил хийж байгаа ч гэр хорооллын гэрэлтүүлэг төдийлөн сайжрахгүй байна. Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын 80 гаруй хувийг гэр хороололд төвлөрүүлж байгаа гэсэн ч иргэдийн гомдол тасрахгүй хэвээр байна. Магадгүй хотын хөдөө гэж нэрлэгддэг гэр хороолол өдрөөс өдөрт тэлсээр байгаа нь асуудлын гол байж ч мэднэ. Өнгөрсөн онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар төв зургаан дүүргийн гэр хорооллын гудамж замд 31,643 гэрлийн шон, 35 мянга орчим гэрэлтүүлэг байгаагаас асахгүй байгаа 742 гэрэлтүүлгийн шон толгойг солих ажил хийгдсэн нь сайн хэрэг ч хүрэлцээгүй, эвдрэл ихтэй, шөнөөр биш өдрөөр асдаг, алдаг оног гэрэлтүүлдэг гэх олон асуудал байгаа тухай иргэд хэлж байна. Төвийн дөрвөн дүүрэгт гэрэлтүүлэг харьцангуй сайн ч Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн газар нутаг нь том, хүн ам нь тархаж суурьшсан учраас гэрэлтүүлгийн ажил хийж байгаа ч нийтийг хамарч чадахгүй байна.
Оршин суугчдаас гэр хороолол гэрэлтүүлэг муутай, шөнө орой явахад хэцүү байна гэсэн гомдол үргэлж гардаг. Нэг саяас давсан нийслэл хотын иргэдийн дийлэнхийг буюу 60 хувийг гэр хорооллын оршин суугчид эзэлдэг. Тэнд амьдарч байгаа иргэд, бага насны хүүхдүүд бусадтай л адил аюулгүй, амар тайван амьдрах эрхтэй. Өвлийн улиралд утаагаар амьсгалж, угаадсан дээрээ хальтарч унах шахам тэмтчин гүйдэг тэдний харанхуй гудамжинд нь ядаж 10 метр тутамд гэрлийн шон байршуулах зайлшгүй шаардлагатай байна. Жишээлбэл, Япон улс хэдэн жилийн өмнөөс гэмт хэргийн тоогоо бууруулахын тулд хэрэгжүүлсэн хамгийн гол ажил нь гэрэлтүүлэг байсан гэдэг. Хотынхоо бүх дүүргийн гудамж талбайг гэрэлтүүлэгтэй болгосноор үр дүнгээ өгч гэмт хэргийн тоо нь мэдэгдэхүйц буурсан байна.
ГУДАМЖНЫ ГЭРЭЛТҮҮЛЭГ УЛБАР ШАР БАЙХ НЬ ИРГЭДЭД АЮУЛТАЙ
Ихэнх замын гэрэл улбар шар өнгөтэй байдаг, харин сүүлийн үед цагаан өнгийн гэрэл илүү түгээмэл болж буй нь цаанаа маш энгийн шалтгаантай. Тодруулбал, улбар шар гэрлийг үйлдвэрлэхэд илүү хямд байдаг аж. Ихэнх гудамжны гэрэлтүүлэгт өндөр даралтын натрийн ламп ашигладаг. Ингэснээр илүү бага цахилгаанаар илүү их гэрэл үүсгэж болдог. Ажиллах зарчим нь эдгээр ламп доторх их хэмжээний натри дундуур цахилгаан дамжих үед маш ихээр гэрэл гаргаж улбар шар туяаг үүсгэдэг байна. Ингэснээр цахилгаан хэмнэж, зардлыг бууруулдаг давуу талтай боловч замын хөдөлгөөнд оролцогч жолооч, явган зорчигч нарын хувьд ач холбогдол багатай юм.
Учир нь маш олон тооны судалгаа цагаан гэрэлтүүлэгтэй гудамж улбар шар гэрэлтүүлэгтэй гудамжнаас илүү тод харагддаг болохыг баталдаг. Гэрлийн хэмжээ нь яг ижил түвшинд байсан ч цагаан гэрэл нь илүү тод харагддаг байна. Үүнээс гадна гудамжны цагаан гэрэл жолооч нарын харах боломжийг улбар шар гэрлээс хоёр дахин илүү болгодог бөгөөд тормослох хугацааг 25 хувь бууруулж, самбаачлах чадварыг нь нэмэгдүүлдэг байна. Иймээс улбар шар гэрэлтүүлэг хямд боловч жолооч зорчигч нарын аюулгүй байдалд олон талын сөрөг талтай байдаг.
Сэтгэгдэл ( 0 )